Бурхан багш хуврагийн гараас атгаж буй нь

Бардо тойдол буюу Сонсгоод тонилгогч

Бардо тойдол 1-р хэсэг
Бардо тойдол 2-р хэсэг
Хүн үхлийн дараах 49 хоногт юуг туулдаг вэ?
Энэ удаа үхлийн дараах 49 хоногийн тайллыг өгүүлсэн “Бардо Тойдол” хэмээх ховор нандин судрыг толилуулж байна. Энэ судар нь хүний оршихуйн нууцад хүрэх түлхүүр юм.
“Бардор Тойдол” -ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.
Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ сударт тэмдэглэснээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”-оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.

Чикая бард буюу үхлийн мөчийн бард:

Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч.
Энэ үед доорх үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ ? хэмээвээс бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана.
Нэг бол халуу оргиж нэг бол хүйт даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ. Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /үйлийн үр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /төрөл хувирах/-ийг харж мэдрэхийг хичээ.
Хамгийн сүүлийн амьсгалаа авахгүй. Үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс, бас битгий ай, энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла, энэ бол аугаа их боломж…
Хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм.
Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн Дхарма Кайя үйлийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг Энэ байна гэж хүлээж ав. Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр.
Түүнийг олж хараад, танин мэдэж чадвал үнэн хэрэгтээ чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, үхэл амьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм.
Хоёр дахь шат:
Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн Бардад шилжихийн өмнө хоёрдогч гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ.
Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна.
Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг ч сонсоно. Өөрийн орхисон бие махбодио, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсноо мэдэрнэ. Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирнэ.
Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хүлээж авснаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ.
Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түүнд бишрэн мөргө. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикайя Барда 3-5 хоног үргэлжилнэ.

Хонид бард буюу кармуудын хий үзэгдлийн бард:

Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь Чикайя Бардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бүү ай, битгий яар, анхаарал болгоомжтой бай.
Чи үхсэн өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март.
Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч, ойлгож, хүлээж авч чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовлонгийн өөр ертөнц үрүү унаж мэднэ. Бодлогогүй мэдрэмжээсээ болгоомжил.
Ингээд Хонид Бардад шилжсэний дараах өдрүүдийг дараалан өгүүлье.
Нэг дэх өдөр.
Гурван өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгджээ. Бүх юмс өөрчлөгдөж, чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ үзэж, сонсч байгаагүй зүйлээ сонсох болно.
Аль алиных нь эх үүсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгээрэх боломжтой.
Эхний өдрийн энэ газар бол Цагаан Бадда-Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээн авна тэр Бардагийн аугаа их өвчин зовлонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг.
Хоёр дах өдөр.
Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл үрүү бүү хар.
Муу үйл уур уцаар чинь чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий.
Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг.
Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгын өнгөөр үзэгдэнэ. Дорнын ялагдашгүй Төгс Будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрлээс нүд гялбан бууруулж, хүн айдаг болохоор ийнхүү хар гэрлийг дагана. Энэ мөчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй, ирээдүй уруу хөтөлнө гэсэн үг.
Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг дага сонго.
Гурав дэх өдөр.
Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу өмнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.
Дөрөв дэх өдөр.
Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт захирагддаг өрнө зүг ноёрхоно. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда-Амитаба хүлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ.
Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нүглээ наминчлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачина. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго.
Тав дахь өдөр.
Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн Будда-Амогасидхи буюу Чин зоригт, гүйцэлдүүлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай, зоригтой хүлээж ав.
Зургаа дахь өдөр.
Бүх тэнгэрлиг тэмдэгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа.
Энэ зургаа дахь өдөр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна. Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт байхгүй.
Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж, өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал үгүй өөр ертөнц үрүү унана.
Ийнхүү бурхантай өөрөө өөртэйгөө нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Зургаа дахь өдөр бол өөрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сүүлчийн өдөр юм.
Долоо дахь өдөр.
Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ. Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжнэ. Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ.
Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй уруу тэмүүлбээс олон зовлонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бүү ай, хамт бүжиглэ. Тэднээс туслалцаа, өглөг гуй. Өөртөө гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд, түүнд хувил чи чөлөөлөгдөнө.
Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ ? гэвэл, хурц тод нар, анхилам хүжийн үнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма Кайяд хүрнэ.
Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол-ыг унших шаардлагагүй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хүн төрөлхтөнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбхог Кайяд хүрнэ.
Хэрвээ Сидна Бардад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирман Кайя төвшинд байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдарлаа үргэлжлүүлэн, хөгжин дэвших боломж байдаг.
Хонид Бардад байх 8-14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмой.
Хонид Бардын амьд тэмдэгүүдийг таньж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад төрөх нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухамсар сэргэж, нэг мэдэхэд чи байна.
Чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтэй хөдөлнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Бардад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл итгэл найдвар, ирээдүйн билэгдлүүдээс төрсөн болоод тэр. Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Бардын хүнд бэрх, урт удаан зам.
Хонид Бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм.
Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бүү март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хүчээр дуртай газраа очиж, дуртай зүйлээ үзэх чадвартай.
Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи бүх ертөнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгүй.
Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тэд чамайг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна.
Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс /сүнснүүд/ Сидна Бардад 22 хоногийг өнгөрүүлдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх төрөх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй.
Сидна Бардад үзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ.
Дахин төрөл авах гэж бүү яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовохын тулд төрвөл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно.
Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана.
Чи өөрөө энэ толинд хараад л үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бөгөөд бие чинь дороо бүтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ.
Чи бүгдийг ухааран ойлготол, чи өөрөө өөрийгөө шүүж байгааг, энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь үргэлжилнэ.
Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ.
Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч Бардын ертөнцөд хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул, өвдөхийн зовлон жинхэнэ юм.
Нүгэл буянаа дэнслүүлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдана гэж мэд.
Дахин төрөхдөө зургаан ертөнцийн хаана нь ч төрж болно. Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ.
Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц.
Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц.
Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц.
Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтдын ертөнц.
Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц.
Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц.
Үүнд: Өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас.
Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурхны замыг засахаар өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэх чадвараа орхилгүй мэндлэх нь бий.
Хэрэв өчүүхэн төдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа, дэлхий дээр орхисон зүйл, эд юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бүү хэл, чи тамын ертөнцөд төрөх тавилантай ч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай.
Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал. Энэ зургаан ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж, амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод.
Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга байдаг. Үүнд:
Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүүцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ.
Эр эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахад бэлэн байсан умай хаагдана.
Мөн эр эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хөндийрөн, хүсэл таашаалаа багасга.
Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэр ч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно.
Хэрэв мөн л урьдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн “өөр” дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл, тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч, өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана.
Умайг сонгох нь:
Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээгтүн. Нэн тэргүүнд чи төрөх тивийнхээ тэмдгийг олж үзнэ.
Хэрэв дорнод тивд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд тивд төрөл авах болбол гоёмсог орд харшийг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрнө тивд төрөх болбол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч, итгэл бишрэл сул тул бүү ор.
Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрье гэвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр.
Хэрэв амьтдын ертөнцөд төрөл авъя гэвэл манан, утаанд умбасан гүнзгий нүх, агуйнууд харагдана битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүүц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хүч, түүний тоо томшгүй хүчдэл шуурга үүсгэнэ. Энэ бол Кармын шуурга.
Чиний ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зүг үрүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, өмнө чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина.
Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгүй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхдад залбирч мөргө.
Дахин төрөлт.
Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд, эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна.
Хэрэв дэлхий дээр төрөл авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой. Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс.
Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчид бурхны тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгүй бол мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд.
Нэг мөчид түүнд шингэ. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртэйгөө дөрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мөчид аугаа их хүч орно. Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн өндөр сүм дуган бүхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч, хүсвэл бурхан болно.
Үүгээр үхэгсдийг чөлөөлж, амьдыг сургагч Бардын тухай сургаал өндөрлөмой.
Сонсгоод хэмээх гэтэлгэгч судар.
Нөгчих үед гэгээн гэрлийг таниулах нь
Аяа, … язгуурт хүү минь! Хүний ертөнцөд амьдрах хугацаа чинь дуусаад эдүгээ сайн мөрийг эрэх цаг чинь боллоо. Шороон махбод усанд шингэх үед балчиг харагдана. Усан махбод галд шингэх үед утаан үзэгдэл ургана. Гал махбод хийд шингэх үед оч бутарна. Хий махбод сүнсэнд шингэх үед зулын гэрэл мэт туяа тодорно…
Анхаарлаа сайтар хурцал. Амьсгал тасрахын алдад чиний ухаан санаа огторгуй мэт хов хоосон, сав саруул, хязгааргүй уудам, хиргүй тунгалаг болно. Тэр бол оршихуйн мөн чанар – гэгээн гэрэл юм шүү. Өөрөө өөрийгөө хүртэн мэдэх ухааны цэлмэг хоосон агаарт чи хэзээ ч төрөөгүй, хэзээ ч үхэшгүйг мэдэрнэ. Үгээр илэрхийлэх аргагүй энэ гайхамшигт төлөв бол Хотол төгөлдөр бурхны мөн чанар билээ. Бүү эргэлз, бүү түдгэлз, бүү ай. Өөрийн ухаанаар бурхны оршихуйг таньж, эргэлзэж эмээх зүйлгүй, нэгэн үзүүрт сэтгэлээр түүнд уусан нэгдэгтүн.
Хэрвээ түүнийг сэхээрэхгүй бол чи биеэс хальсан хойно нас барснаа ч мэдэхгүй гайхаж цочирдоно. Амраг садныхаа уйлан гашуудахыг сонсоод үймэрч бачимдана. Далд нуугдаж байсан үйлийн үр чинь сэргэж, дадал зуршлын эрхээр элдэв хуурмаг үзэгдэлд автах болно. Хар дарсан зүүд мэт аймшигт эрлэгийн үзэгдэл ургахаас өрсөж сэхээрэх хэрэгтэй.
Тунгалаг хоосон гэгээн гэрлийг сэхээрэх юм бол чи ямарваа хэлбэр дүрд уягдалгүйгээр шууд гэтлэх болно. Энэ нь чамд хэцүү байгаа бол гэгээн гэрлийг өөрийн шүтэн дээдэлдэг бурхны дүрээр харахыг хичээ. Усны мандалд туссан сарны гэрэл мэт тодрох түүнийг өөрөөс тусдаа гэж бүү сэтгэ. Чухамдаа чиний цэвэр ариун мөн чанар бөлгөө. Хэрэв чамд шүтдэг бурхан үгүй бол хязгааргүй энэрэл хайрын биелэл – Арьяабал бурхныг бясалга. Өмнөө тодрох бурханд чинхүү итгэлээр уусан нэгдээрэй.
Мөн чанарын зуурдыг таниулах нь
Нөгчих үед сэрж чадаагүй бол биеэ орхисон сүнс чинь хий үзэгдэл мэт тэнүүчилнэ. Үр сад хийгээд амраг нөхдөө үзэвч тэд чамайг үзэхгүй. Тэдний яриаг тодорхой сонсовч чиний дууг цаадуул чинь сонсохгүй тул уй гунигт автах вий. Бодит биегүй чамд байх, суух газар олдохгүй, элдэв дуунаас цочиж, гэрлээс айж, өнгө дүрснээс зүдэх буй заа. Гэхдээ чи энэ үед сэхээрч чадах юм бол үнэмлэхүй цэвэр ахуйд эх, хөвгүүн учирсан мэт нэгдэх боломжтой. Тийнхүү нэгдвээс нарны гэрэлд харанхуй сарних мэт сансрын үзэгдэл замхрах болно.
(Зуурдын зургаан төрөл бий: Төрлийн зуурд, зүүдний зуурд, дияаны зуурд, нөгчих үеийн зуурд, мөн чанарын зуурд, сансрын буюу төрөл авах зуурд. Эдгээрээс сүүлчийн гурав нь үхлийн ертөнцөд хамаарна. Нөгчих үеийн зуурд нэгэнт өнгөрвөл мөн чанарын зуурд биежих болой.)
Анхааралтай сонс. Энэ ертөнцөөс хагацагч нь чи ганцаараа биш. Төрсний эцэст үхэж, ирсний эцэст буцах жамтай тул энэ төрөлдөө шунан хоргодох хэрэггүй… Мөн чанарын зуурдад төрөх үзэгдэл бүхнийг зүүд мэт ойлго. Харагдах өнгө, дүрс, сонсогдох дуу чимээ бүхэн чиний сэтгэлийн агаараас гарч байгаа болохоор айдас хүйдэст бүү авт. Айж сандрах юм бол чи хар дарсан зүүдний ертөнцөд улам бүр хөл алдана. Биеэс хагацах цагт нүд гялбам хурц гэрэл тодорч ирээд хаврын зэрэглээ мэт жирвэлзэх буй заа. Тэр бол чиний мөн чанарын өнгө гэрэл юм. Тэр гэрлийн дотроос хоосон чанарын дуу дуурьсах нь мянган лууны хүрхэл мэт аймшигтай сонсогдож магад. Түүнийг өөрийн мөн чанараас гарах аялгуу хэмээн сэхээрч бүү ай, бүү сандар. Мах, цусаар бүтсэн биегүй чамайг дуу, гэрэл, өнгө, дүрсийн аль нь ч хорлохгүй. Чиний бие бол хий сэтгэлийн бие учраас үхэл эндлээс ангид гэж ухаар.
Нас нөгчөөд хэсэг хугацаанд чи юу ч мэдэхгүй явж магад. Гэнэт ухаан сэргээд, “Юу болов оо?” гэж эргэн тойрноо тэмтчих байх. Өөрийгөө биет ертөнцөөс нэгэнт ангижирсныг ойлгож, тайван хүлээцтэй бай. Үймэрч хямрах юм бол бүх юм буруудна. Чи мөн чанарын зуурдад байна. Энд хүртэж буй бүхэн чиний сэтгэлийн хувилгаан юм. Цэвэр мөн чанараа сэхээрэх боломж бурхдын дүрээр тодрох тул анхаарлаа хурцлах хэрэгтэй…
Амарлингуй бурхдын дүр тодрох цагт хурц тунамал гэрэл мянган нарны гал мэт тусч ирнэ. Тэр бүхнийг чи өөрийн зүрхэн төвөөс ургасан гэгээн тэмдэг хэмээн ухаар. Тэдгээр хурц гэрлээс үл айн, баясан биширч залбирвал хамаг гэрэл нь чамд шингэж, бурхан болох болно.
Билгүүн ухааны хурц гэрэлтэй хамт зургаан зүйл амьтны бүдэг гэрэл төрж ирнэ. Хэрэв чи өөрийн ариун чанарын хурц гэрлээс айгаад, сүүмийх гэрэлд баясан дурлавал зургаан зүйл амьтны аль нэгэн биеийг аваад орчлонгийн хүрднээс гэтлэх цаггүй болно. Иймээс энэрэл хайр, билгүүн ухааны хурц тод гэрэлд нэгэн үзүүрт зорин залбиртугай…
Амарлингуй бурхдын дүрээр тодорсон ариун чанарыг сэхээрч амжилгүй өнгөрвөл хилэнт догшидын дүр ургах болно. Хэтэрхий аймшигт үзэгдэлд өөрийн эрхгүй айх вий. Айснаас болж зуурдын хавцалд төөрөх тул анхаарал сэрэмжээ хурцлах хэрэгтэй…
Өөрийн сэтгэлийг л танихгүй бол бүхэл галвын туршид далай мэт судар, дандрыг уншиж судлаад, мэргэн ухаантан болсон ч бурхан болохгүй. Өөрийн сэтгэлийг илт танивал нэгэн тарнийн ганц оньсоор бурхны хутгийг олъюу.
Сансрын зуурдыг таниулах нь.
Аяа, … чи анхааралтай сонс. Нэгээс таван хоногт үхэтхийгээд сэрэхэд сүнс чинь улам тодорхой болж, урьд амьд байсан шигээ бодитой сэтгэл төрөөд эрхтэн бүхэн бүрдсэн мэт санагдана… Ухаан сэтгэл чинь мах цусаар бүтсэн биеэсээ хагацсан тул Сүмбэр уул, байшин барилга, хад чулуу юунд ч торолгүй нэвт яван чадах. Нэгэн агшинд хаа хүрэхийг хүсвээс тэр даруй тэр газраа хүрэх болно. Энэ нь бясалгалаар бүтсэн рид хувилгаан биш, заяаны хүчнээс бүтсэн хувилгаан буюу. Тиймээс ачит багшаа дурдан бясалгаж, Арьяабал бурханд залбиртугай. Ингэвэл чи юмс үзэгдлийг ариун тэнгэрийн нүдээр үзэх болно.
Өөрийн хань ижил, үр хүүхэд, садан нөхөддөө сэтгэл хоргодох нь тусгүй тул хичээн хорьтугай. Чамайг үйлийн хий үзэгдэл үлдэн хөөснөөр сүнс чинь орших оронгүй болсон тул шувууны өдийг салхинд хийсгэх мэт хийн морийг хөлөглөн тогтож ядна. Үүнийг бодитой зовлон гэж бүү сана. Чиний сэтгэлд өдөр шөнөгүй, цаг үргэлж тэнгэрийн заадас мэт зурвас цагаан зам дөчин есөн хоног хүртэл үргэлжлэн үзэгдэх болно.
Тэр цагт үйлийн үрийн догшин салхи тэсэхийн аргагүй араас тууж, их аюулт харанхуй өмнөөс угтана. Аймшигт чөтгөр, араатан амьтад элдэн хөөж, уул нурах, далай давалгаалах, түймэр шатах, шуурга хөдлөх мэт элдэв үзэгдэл, дуу гарах болно. Тэдгээрээс айж, нуугдах газар эрэхийн цагт өмнө чинь ёроолгүй гүн улаан, цагаан, ногоон өнгөтэй гурван нуур байх бөгөөд түүнд унаж үхэх мэт сэтгэгдэл төрнө. Энэ нь чиний уур, тачаангуй, мунхаг гурав болой. Үүнийг сансрын зуурд мөн байна хэмээн мэдээд Арьяабал бурхан, багш гурван эрдэнийг дуудаж, “Аюулт муу заяанд унахаас аварч хайрла” хэмээн чин сэтгэлээр залбиртугай.
Амьд ахуйдаа буян билиг үйлдэж явсан бол эд баялаг, элдэв зүйлийн жаргалан чамайг угтаж авна. Хүсэл хийгээд зовлон, жаргалан юуг ч үл хайхран, гагцхүү багш гурван эрдэнийг сэтгэлдээ бясалган залбир. Биеэсээ хагацсаны эрхээр сэтгэл чинь тогтворгүй болж, нэг газар сууж үл чадан сүнс чинь долгисох болно. Энэ үед сэтгэлээ бат тогтвортой баригтун. Ингэж эс чадвал чи үр садныхаа хайлан уйлалдах дууг сонсох буюу эд мал, хөрөнгө, хүүрэндээ хоргодох сэтгэл төрж, гутан гашуудаад өөрийн хүүрэнд есөн удаа хүртэл орохыг сэтгэнэ. Орж чадахгүйд гаслан гунихарч хад чулуу, өвс мод, эрэг ганган дор нуугдах сэтгэл төрөх нь сансрын зуурдын чанар буюу. Чи өөрийн биеийг эрэх хийгээд шунан тачаахыг тэвчиж хоосон чанарын агаарт бат нот агуултугай…
Дотоод бурхнаа танихгүй, бясалгал хийхгүй алгасарбал эдүгээ чиний хамт төрсөн тэнгэр амьд ахуйдаа үйлдсэн буяны чинь хэмжээгээр цагаан чулуу, хамт төрсөн чөтгөр хилэнц хийсний хэмжээгээр хар чулуу аваад тус тус угтаж ирнэ. Хэрэв чи буян хийсэн бол цагаан чулуу нь их, нүгэл хилэнц хийсэн бол хар чулуу нь их байна. Тэр цагт чи маш ихээр айн чичирч, би нүгэл хийгээгүй гэж худал хэлбэл тусгүй болно. Учир нь эрлэгүүд толь дэнсэндээ үзэж, чиний буян хилэнцийг илт мэдэх буюу. Тэндээс эрлэгүүд цалам уяагаар хүзүүнээс чинь боомилж, төмөр дэгээгээр эгэмнээс чинь гогодож чирээд хүзүүг чинь огтлох, зүрхийг сугалах, гэдсийг цувуулах, тархийг бяцлах, цусыг уух, махыг идэх, ясыг чинь хэмхлэвч үхэхгүй. Биеийг чинь хэдэн хэсэг огтчин хуваасан ч ахин дахин эдгэж, хэмжээлшгүй зовлон амсана. Тиймээс чулуу авч ирэхэд айж сандарч, булзаж мэлзэх гэж бүү оролд.
Чи сэтгэлийн биет болсон тул алах, хэрчих, огтчих боловч үхэхгүй. Энэ бүх үзэгдэл өөрийн сэтгэлээс үүдэлтэйг ухаар. Сэтгэлийн бие хоосон чанарт бөгөөд аливаа үзэгдэх эрлэг чөтгөр, аймшигт дүрс зэрэг нь бодитой бүтээгүйг мэдэж, Оршихуйн нэгдмэл чанар – Махамутрын дияаныг бясалгатугай. Үзэгдэл, хоосон хоёр нь салшгүй чанартайг гүн гүнзгий ухаар. Ухаарч чадвал дөрвөн биеийг огоот туулсан бурхан болох нь магад. Энэ цагт алгасарвал эцэс төгсгөлгүй зовлонгийн балчигт унах болно. Тэр мэт бясалгалыг мэдэхгүй бол бурхан, ном, буяны саданд чин сэтгэлээсээ биширч, их нигүүлсэгч Арьяабал бурханд сүсэглэн залбиртугай.
Эдүгээ чиний сэтгэлд нэгэн эгшний төдийд зовлон хийгээд жаргалан чавхны чулуу мэт үсэрч ирэх тул уурлах, тачаах хоёрыг хатуу тэвч. Хэрэв чи дээд язгуурт төрөх бол өндөр язгууртны өнгө үзэгдэнэ. Чиний араас өглөг тахил үйлдэхэд зориулж, олон амьтны амь тасалбал чамд ариун бус эндүүрэх сэтгэл үүсч, догшин уур төрснөөр тамд унах болно. Өөрийн ард үлдсэн эд таваарт хоргодоод түүнийг бусад хүмүүс эдлэхийг үзээд чи хармын хар сэтгэл, шунал тачаал төрүүлбэл там, бирдийн орны аль нэгэнд төрөх вий. Иймээс эдлэх эрхгүй болсон эд юмсаас сэтгэлээ даруй чөлөөл. “Тэр бүхнийг би вээр багш гурван эрдэнэд тахил болгон өргөе” хэмээн бат сэтгэтүгэй. Бас хойно хоцорсон ураг садан, үр хүүхэд, дотно нөхөд чинь нүгэл хилэнц эс холилдсон цагаан номын үйлс, буян хөгжөөхийг үзээд түүнд дуршин баясвал эвэршээлт муу заяанд уналгүй, эрхэм дээд язгууртанд төрөх болно. Амьд ахуй цагтаа үйлдсэн буян, ухаарсан номоо дурдан бясалга…
Энд сэхээ оролгүй доош унах аваас зургаан зүйл амьтны гэрэл ургана. Үйлийн хүчээр аль оронд төрөх бол түүний гэрэл үзэгдэнэ. Тэнгэрийн гэрэл бүдэг цагаан, асурын гэрэл бүдэг ногоон, хүний гэрэл бүдэг шар, адгуусны гэрэл бүүдгэр бараан, бирдийн гэрэл бүүдгэр улаан, тамын гэрэл сүүмгэр утаа мэт өнгөтэй.
Эдгээрийн аль нэг нь ургах цагт Арьяабал буюу дотоод ядам бурхныг бясалгавал төрлийн хаалгыг хаах болно. Ингэж эс чадвал сансраас үл гэтлэн, умайд орох учраас умайн үүдийг хаах увдисыг мэдэх хэрэгтэй.
Умайн үүдийг хаах арга.
Нэгдүгээрт: Хармын хар сэтгэлийг тэвчин багшаа эцэг, эх ядам (дотоод арга билгийн нэгдэл) болгон бясалгаад “Би эдүгээ сансрын зуурдад төөрч явна. Аварч хайрла” хэмээн залбир. Энэ үеийн шинж нь ус хийгээд толин дотор чиний өнгө дүрс үзэгдэхгүй бөгөөд биеийн сүүдэр үгүй болсон байна.
Хоёрдугаарт: Чамд эр, эм лүгээ тачаадах сэтгэл төрөх болно. Энэ үед тачаах сэтгэлийг тэвчин, гүрү багшаа бясалган мөргөөд, сэтгэлээрээ тахил өргөж, чин бишрэлээр номд баясах сэтгэл төрүүлбэл умайн хаалгыг хаах болно.
Үүгээр хааж эс чадвал (3-рт): Уур, тачаалыг хариулах увдисыг мэдэх хэрэгтэй. Уур тачаалаас болсон дөрвөн зүйлийн төрөлт байна. Үүнд: Өндөгнөөс төрөх, умайнаас төрөх, хувилж төрөх, чийг дулаанаас төрөх. Өндөгнөөс төрөх хийгээд умайнаас төрөх хувь адил буй.
Тэр цагт эр, эм хоёр хурьцалдахад уур, тачаалын эрхээр умайн хаалгаар ороод адгуус, шувуу, хүн тэргүүтний аль нэгэнд төрнө. Хэрэв эр төрөл бөгөөс өөрт эр сэтгэл төрнө. Эцэгт догшин уур төрөөд, эхэд харам хийгээд тачаангуй сэтгэл төрнө. Хэрэв эм төрөл бол өөрт эм сэтгэл төрнө. Эцэгт тачаах бөгөөд эхэд уурсан эмгэнэх сэтгэл төрнө. Улмаар үр тогтох хоромд түр зуур тэгш баясгалан төрөөд, сүнс нь бие лүгээ нөхцөнө. Тэндээс бие гүйцэж, төрөх цаг болсноор мунхагийн чанараар элдэв зүйлийн зүдүүр эдэлнэ. Тийм учир уур тачаал, хармын сэтгэлийг тэвчиж, Багш хийгээд дотоод (ядам) бурхныг бясалгаарай. Үүгээр умайн хаалгыг хаах болно.
Дөрөвдүгээрт: Дээрх аргуудыг умартан умайд орохыг завдвал хуурмаг илбэ мэт увдисаар хаах хэрэгтэй. Сансрын зуурдад чиний үзсэн элдэв аймшигт үзэгдлүүд нь бодит мөн чанаргүй, зүүд зэрэглээ мэт билээ л. Худлыг үнэн хэмээн баримталж, илбийг бодит хэмээн эндүүрвэл орчлонд төөрөн өнө удаан хугацаанд элдэв зовлонгийн балчигт унах болно.
Энэ мэт хамаг үзэгдэл нь үзэгдэвч усанд туссан дүрс мэт, сонсогдовч цуурай мэт, баригдавч зүүд мэт хуурмаг хэмээн нэгэн үзүүрт сэтгэлээр бясалгаж чадвал умайн хаалгыг хааж чадна. Үүгээр хааж чадалгүй бас дахин умайд орохыг завдвал үүсэл, устлаас ангид гэгээн гэрэл, арилсан сэтгэлийг бясалгаарай. Хэрвээ үйл түйтгэрийн хүч ихэдсэнээр умайг хааж чадахгүй бол төрлөө зөв сонгох аргыг хичээ. Эдүгээ аль төрөлд төрөх бөгөөс түүний шинж тэмдэг ургана. Анхааралтай бай…
Замбуу тивд төрөх бол сэтгэлд зохистой сайхан байшин үзэгдэнэ. Түүнд орж болно. Тэнгэрийн оронд төрөх бол элдэв зүйлийн эрдэнэсээр бүтсэн ахуй хийгээд сэтгэлд зохистой орд харш үзэгдэх болно. Түүнд зохисоор хичээн ортугай. Асур нарын оронд төрөх бол балар ширэнгэ хийгээд галын хүрдэн эргэх үзэгдэнэ. Түүнд бүү ор. Адгуусны оронд төрөх бол хадны хөндий, газрын нүх, харанхуй будан манан үзэгдэнэ. Түүнд бүү ор. Бирдийн оронд төрөх бол хувхай хоосон цөл, өндөр ганга эрэг, харанхуй тив үзэгдэх болно. Тийш хэрхэвч бүү ор. Тамд төрөх бол муу заяаны гаслах дуун сонсогдох ба хав харанхуй тив, хар байшин, улаан байшин тэргүүтэн үзэгдэнэ. Түүнд яавч бүү ор.
Чи өөрөө үл орохыг санавч үйлийн эрлэгүүд хойноос хөөж, амь таслагч эрлэгүүд өмнөөс хөтлөх ба харанхуй манан, улаан шуурга, аянга нүргээн, хур бороо, догшин мөндөр тэргүүтнээс айж, буруулах сэтгэл чамд төрнө. Айснаас болж хаа нэг газар нуугдвал чөтгөр шулмын биед төрөх шинж болно. Түүгээр аль нэг доорд биеийг аваад элдэв зовлонг цаглашгүй эдлэх тул хамаг муу бүгдийг үнсэн товрог болгогч ядам бурхдыг сэтгэлдээ үүсгэ. Тэдгээрийн адистид хийгээд нигүүлсэхүйн хүчээр чи эрлэгийн яргачнаас ангижирч, умайн хаалгыг хаах болно.
Аяа, бас самадийн бурхад нь бясалгалын хүчээр төрьюү. Бирд хийгээд чөтгөр шулмын бие, наян мянган ад тэргүүтэн хамаг дурын бие нь зөвхөн сэтгэлийн чанарт болой. Тэр цагт хоосон чанар Махамутрын утгыг санан, Арьяабал бурхныг бясалгаснаар төгс жаргалангийн биет туулсан бурхныг олох болно. Хэрвээ гэтлэх мөр буруудан орчлонд эргэн төрөх болбоос өөрийн аль таалсан ариун оронд дуршин санаад, нэгэн үзүүрт сэтгэлээр баясан биширвээс тэр орондоо төрөх болно.
Тэгж чадалгүй, умайд зайлшгүй орох болбол умайн хаалгыг сонгох нэгэн увдис бий тул анхааралтай сонс. “Аяа, би хамаг амьтны тусын тулд Загарвардын хаан ба номын үндэст, хиргүй язгуурт, их сүсэгт эцэг, эхийн шидэт хөвгүүн болон төрж, хотолд туслан явах буянт биеийг авсугай” хэмэн дурших сэтгэлээр ерөөн зорь. Орох хэвлийгээ тэнгэрийн хязгаарлашгүй орд болгон адислаад, арван зүгийн бурхан бодисадва нар болон Арьяабал бурханд залбирч “Авшиг хайрлана уу” хэмээн хүсээд ор. Тэр үед муу зуршлын эрхээр умайг сонгохдоо эндүүрэх нөхцөл гарах вий. Сайныг муу, мууг сайн хэмээн эндүүрэх тул сайнд үл шунан, мууг үл голон алагчаалах үзлээс ангид тэгш сэтгэлийн чанараар онох хэрэгтэй…
“Зуурдад сонсгоод гэтэлгэгч” энэ номыг зохих ёсоор нь шүтвэл маш гүн буюу. Хэзээ ч үхэж магадгүй тул энэ номыг уншин бясалгах аваас үхэх шинжээ илт мэдэх увдистай болно. Амьд тэнхлүүн цагтаа үгийг нь тогтоож, утгыг нь сэтгэлдээ шингээн бясалгавал ач авралыг илэрхий үзнэ.
Бардо тойдол судар /Монгол бичгээр/.
Бардо тойдал - Бард тойдал - Бардо тойдол - Бард тойдол - 1-р хуудас
Бардо тойдал - Бард тойдал - Бардо тойдол - Бард тойдол - 2-р хуудас
Бардо тойдал - Бард тойдал - Бардо тойдол - Бард тойдол - 3-р хуудас
Бардо тойдал - Бард тойдал - Бардо тойдол - Бард тойдол - 4-р хуудас