Эзэн Чингис хааны сан тахилга – Чингис хааны талбайд
Сан гэдэг бол “ариулан тахих” хэмээсэн утгатай үг юм. “Эзэн сан” гэдэг бол “Далд эчнээ биднийг байнга харж толилон суугаа Чингис хааныг ариулан тахина” гэсэн утгатай үг юм. За юугаар тахих, яаж ариулах вэ? Энэ ямар учиртай зан үйл вэ? гэдгийг өнөөдөр 60 дээш настай хүмүүс бол сайн мэднэ ээ. Бага залуус бол бараг мэдэхээ больж байна аа. Сан тавих гэж нэг зан үйл байлаа. Арц болоод ариун үнэртэн, хүж ч болтугай уугиулна аа. Тэгээд тэр санг лам хүн уншсаны хойно гараа өргөн суган доогуур бүсэлхийгээр 3 тойруулж ариулна. Энэ ямар учиртай вэ? гэвэл үнэр идэштэн хэмээх энэ орчлон ертөнцөд бидэнтэй зэрэгцэн оршиж буй нүдэнд үл үзэгдэх амьтад хийгээд бурхдыг хооллож ундалж баясгаж байгаа хэрэг. Мөн түүгээр үл барам өөрийн үнэрлэх мэдрэхүйгээр дамжуулан амгаланг ч эдэлж байгаа болно. Монголчууд Чингис хааны тахилгыг хийхдээ маш том гал ноцоодог. Тэнгэр тулам их утаа гаргаж тахилга хийдэг байжээ. Жишээ нь: Чингис хааны шүтээн хөргүүдийн зохиомж нь маш их утаа гаргаж, тэр утаагаар дамжин тэнгэрээс Чингис хаан Очирваань бурхан болоод Хурмаст тэнгэр тэргүүлэн 9 өрлөг, цэрэг жанжнуудтайгаа бууж ирж байгаа гэсэн зохиомжтой зурдаг байсан байна. Тахилгын ерөнхий зарчим нь шөнө галаар, өдөр утаагаар тахилга хийж байсан байна. Шөнө одны тахилга хийнэ. Өдөр сүлдний тахилга хийнэ. Мөн энэ тахилгын галын үнс болоод нурмыг авч хадгалдаг ёс ч байсан байна. Тэгэхээр “Эзэн сан” бол өнөөг хүртэл бөө мөргөлийн хуучин уламжлал хийгээд буддын шашны шилдэг хосломол зан үйлийн гол уншлага болж ирсэн яг монгол шашны зан үйлийн гол номын нэг юм. Ер нь Монголчууд Чингис хааныг нэг хором ч мартсангүй. Харин түүнийг бурхан болгож, зан үйлүүд нь монголын шашин болжээ.
Доорх зураг бол цуглуулагч С. Гансүхийн цуглуулга дахь “Улаан нигуурт Чингис” хэмээх шүтээнчилсэн хөрөг бөгөөд сангийн утааг гайхамшигтай ойлгомжтой зурсан зураг юм.
Их эзэн Чингис хааны сан оршвой.
Хум.
Эгэлгүй их цогт Очирваанийн хувилгаан
Эрхэт тэнгэр болж ертөнцийг илбэн тохинуулагч
Эзэн Чингис хэмээн зүг бүрт алдаршсан
Их хаан хатад, нөхдийн хамтаар морилж хайрла.
Ээлт Бор Тохойн эрхэм сайхан нутагт
Эрдэнэт бурхны шашин, номч мэргэдийг ивээж
Ирмүүн дөрвөн үйлсийг урвалтгүй еэ бүтээгч
Итгэлт номын сахиус увш хаан заларч хайрла.
Идээ шүүсний дээж, айраг дарсны охийг
Их хаан тандаа цэнгэл болгон өргөе.
Очирдарын гэгээн Агваанжамц хийгээд
Орь дээд хувилгаан Цанъянжамц тэргүүтэн
Язгуур, уламжлалын багш богдсын бошгод зохирсон
Ялгуун тангараг юугаа марталгүйеэ болгоо.
Ариун номч егүзэрийн үйлсийг бүтээх лүгээ
Ард олон, сүм хийдийг ивээж хайрла.
Өлзий хутагт их хөлгөн хийдийг ялангуяа болгоож,
Үнэн бүтээлчин нугуудын эгээрлийг ханган соёрх.
Өглөгийн эзэн сүжигтний үндэс язгуурыг бататгаж,
Өнөр өтгөн, энх баялаг байхын үйлсийг зохио.
Зээ.
Лам гурван эрдэнийн адис ивээлийг
Энд эдүгээ хишиг болгон хурайлъя.
Дээд тэнгэр бүгдийн хотол чуулганыг
Энд эдүгээ хишиг болгон хурайлъя.
Доод лус бүгдийн эд эрдэнэсийг
Энд эдүгээ хишиг болгон хурайлъя.
Завсар зүгийн загарвардын хаан язгуурыг
Энд эдүгээ хишиг болгон хурайлъя.
Ялангуяа Чингис хааны хүч баялгийг
Энд эдүгээ хишиг болгон хурайлъя.
Товчдоо сансар, нирвааны сайн чуулган бүхнийг
Энд эдүгээ хишиг болгон хурайлъя.
Өлзий хутгийн эрчист энэ нутагт
Үлэмж дээд буян хишгийн чуулган
Соронзон гүрээр төмрийг эрхшээх мэт
Баясгалант аясаар барцадгүй түгэх болтугай.
Алтан хэвэлт, Хөх хоолойт, Хүрдэн гарт,
Агуу хүрээт хүрдэн эргүүлэгч тэргүүтэн
Энэ сансар ертөнц дэх илт өндөр чуулганы
Элбэг баян цог учралыг хоцроолгүй хайрла.
Сайн зурхайт тэнгэр нарын рашаан ундаа,
Сан ихт лусын хаадын оройн чандмань,
Сааршгүй эрхэт хан төрийн долоон эрдэнийн
Саруул сайхан цог учралыг хоцроолгүй хайрла.
Эрдэнэ шүхэр, алтан загас, эвдэршгүй хумх,
Энхэр лянхуа, цагаан лавай, өлзийт зангиа,
Ялгуусан тэмдэг, ялгуун хүрдэт найман тахилын
Яндашгүй их цог учралыг хоцроолгүй хайрла.
Ашдын мөрд хөтлөгч Ариун идээтийн хөвгүүн бээр
Амгалан жаргалын үүдэн өлзийт бодист адислаж,
Бэлгэ дэмбэрэл зохилдсон найман ариун эдийн
Билгүүн их цог учралыг хоцроолгүй хайрла.
Өвчингүй эсэн мэнд, өтлөхгүй урт насан,
Үгүйрэлгүй элбэг баян, мохохгүй суу залиар
Санасан хэргээ бүтээж, сайхан бүхнийг хүртэх
Сааршгүй цог учралыг хоцроолгүй хайрла.
Хум.
Багш ядам гурван эрдэнэ лүгээ,
Баатар дагинас номын сахиус лугаа
Ялангуяа Очирваанийн бурхад чуулсан
Ялгалгүй багш нөхөд тандаа өргөмү.
Алтан ундаа – сэржим үүнийг болгоо.
Ая тааваараа болгоож гэмээ нь
Өөрийн болоод өглөгийн эздийн
Өвчин ад, хулгай зэлгий, дайсан зэтгэр тэргүүтэн
Харшлах шалтгаан бүгдийг хариулж хайрла.
Хатуу үйлийг түргэн зуур бүтээж соёрх.
Зүг сахигч, орон тэтгэгч найман аймаг хийгээд
Дөрвөн махбод тэнгэрийн чуулган, гараг одод болоод,
Сар, жил, хоног, цаг, суудал, мэнгэний эзэд,
Савдаг шивдаг бүхнээ сэржим өргөе, болгоогтун.
Өөрийн минь болоод өглөгийн эздийн
Өвчин ад, хулгай зэлгий, дайсан зэтгэр тэргүүтэн
Харшлах шалтгаан бүгдийг хариулж хайрла.
Хатуу үйлийг түргэн зуур бүтээж соёрх.
Энэхүү санг заавал лам хувраг, сүм хийдэд гэлтгүй орон гэртээ арц уугиулан хүн өөрөө уншиж байх боломжтой юм.
Эзэн Богд Чингис хааны сан тахилга оршвой.