Сүмбэнцацал хайрхан

Сүмбэнцацал хайрхны сан

Сүмзэншичэл хэмээгч ууланд оршигч Шивдагт Ариусгал тахил өргөх ёсон, хүссэн хэрэг өөрөө бүтэгч хэмээх оршвой
Одоогийн Жаргалант сумын нутагт орших эл хайрханг нутгийн ардууд Сүмбэн цацал хэмээн нэрийддэг юм. Энэ хайрхан Жаргалант сумын төвөөс зүүн урагш 12 км зайтай, далайн түвшнээс дээш 2044 м өндөрт, 46.57’48” Х.Ө. 99.34’30” З.У солбицолд оршино. Тус хайрхныг Чин сүжигт номун ханы хийдийн зүүн дацангийн лам нар тахидаг байжээ. Үүнийг шадар өлзийт гүндүнбэ Чагдаржав, хэяа Жамбалжав нар дуртгасны учирт бурхны тойн Сумади Авхяшасанадуаза бээр найруулвай хэмээсэн нь Чин сүжигт номун хан Лувсанжигмэддамбыжанцан /1829-1882/ гэгээнтний самгарди нэр болно. Энэхүү сударт Сүмзэншичэл буюу “Тэнгэрийн орд харш, амирлангуйн уйлга” уулын илт онохуй ёсыг уран гоёмсогоор дүрслэн, монгол нутгийн онгон тансаг байгалийг магтан бичжээ. Хурмаст их тэнгэр Жажин, Невандагва хийгээд лам, ядам, баатар, дагинасыг урин залж, адистид бүтээлийн балын хурыг буулган нутаг орон хамаг орны эзэд лус, савдгийг ариусгал тахилгаар ханган баясгаснаар ялгуусны шашин дэлгэрч, нутаг орон ган, зудгүй дэлгэр баян болж, аврал эгээрлийг эрсэн хэн бүхнийг харгуй зам, хээр хөдөө, нутаг орон алинаа оршивч нөхөрлөн ивгээж байхыг даатгасан байна.
Судрын орчуулга
Намо гүрү шри вира ваяа.
Энд Сүмзэншичэл хэмээх уулнаа оршигч Шивдагт сан тахил өргөхийг хүсвээс тахил балин, жансиг, талхмал, сэржим, цай, архины дээж, сангийн эдийн чуулганыг үйлдэж, авралын сэтгэлийг урьд нь талбиж, очирт Ямандагийн омог лугаа төгсөөр сан ариусгалын эдийг Христигээр ариусгаж, Сувавагаар судалж, хоосны агаараас эрдэнийн сав дотор сангийн эд, тахил балин, тангарагийн эд, Жансиг зэрэг цувиралгүй баясгалант тахилын үүлсээр тэнгэрийн мөрийг дүүргэх болов.
Ум Аа Хум хэмээн гурвантаа өгүүл.
Хум.
Өмнө маргадын өнгө төгс ногоон зүлэг дурайсан
Өндөр болоод жавхлан үзэсгэлэнт уулын үзүүр оргилд
Өвч цагаан цасан шанх тоорцог төгс асаасан
Үзүүр завсраа долоон алтан уулын эрхист
Өнгө алагласан элдэв олон тансаг цэцэгсийн
Цоморлиг цомцог найгалзан зөгийн дуун дуурсаж
Цоглог элдэв гөрөөс инагш чинагш мөчөөрхөлдөн мөргөлдөж
Цаг зүг бүхнээ найман үе гишүүн жавхлантайяа төгссөн
Хүрхрээ ус, найлзуур мод, цагаан галуу, ангир тэргүүтэн
Хамаг хэлийн усны шувуудын дуун эгшиглэсэн
Таван зүйл эрдэнийн чанарт хад чулуун завсар
Тансаг шимийн эм ба билэг төгс ариусгалыг дүүргэснээр
Цаг зүг бүхэнд үзэсгэлэнт хаан түшмэдийн ёс мэт
Өчүүхэн олон уулсыг орчин тойрноо хүрээлэн сөгтгөсөн
Өлзий хутаг буяны бэлэг бумантай уйлгалсан эд баригчийн эрхэм
Өлзийт Сүмзэншичил жавхлан үзэсгэлэнтэй оргилд
Өрлөг эрхт тэнгэр хурмаст Жажин, Невандагва тэргүүтэн
Өөр өөрийн нөхөд сэлтээр тодорч илхнээр оршигтүн.
Аугаа дээд огторгуйгаас лам, ядам, бурхад
Аюулгагч баатар дагинас шашны сахиусан далай
Ашид зарлиг сонсогч үйлчин нөхдийн чуулган далай сэлт
Адистид, шид бүтээлийн балын хурыг буулган соёрх.
Хувирашгүй их амгалангийн дээд орноос
Хуурмаггүй лам, ядам, дагинас, номын сахиусныг
Хэтэрхий шид бүтээлийг хайрлахын тухайд урин залмуй.
Хоромхноо энд заларч ас асын суудалд баясан оршигтүн .
Тус тус өөр өөрийн ариун дээд орноос
Тэнгэрийн эрхт хурмаст, Жажин тэргүүтэн шивдаг
Түдэлгүй хувилгаан хүчээр үүнээ залраад
Тангараг лугаа ялгал үгүй батад орш.
Хотол сайн их амгалангийн тийн цэнгэл үйлийг
Хотол сайн тахилын үүлсэд тэнсэлдүүлж
Хотлыг гийгүүлж энгээр ариулсан тахил зоог, жансиг
Хотол мэт гурван цагааныг үлэмж ариун санаагаар өргөе.
Асар анхилам үнэр төгс тэнгэрийн арц, агь тэргүүтэн
Асар олон сайн үнэрт буман хүжис сангийн эдийг
Асар дүрэлзэх тунгаамал алтан мэт бадарсан галд
Асар шатаасны утаан үүлс тэнгэрийн мөрийг бүрхсэнээр
Асар удирдан хотлыг хураагч язгуур үндэсний ламыг ариулмуй
Асар олон хот мандал бурхдын чуулганыг ариулмуй
Асар ариун хүчин төгс дагинасыг хоцроолгүй ариулмуй
Асар удирдагч шашны сахиусан далай сэлтийг ариулмуй.
Алин нэгэн шүтэх аваас есөн хүсэл бүхнийг соёрхогч
Аливаа хувилгаан хүчээр ханиас хагацсан
Алимад шашинг тэтгэгч Жажин, Невандагва
Алинд оршигч тэнгэр, лус, шивдагийг ариулмуй.
Басхүү Цогт хайрхан, Модот ухаа тэргүүтэн
Бүхий л орчин тойронд хүрээлэгч олон жижиг уулсад
Батад оршигч тэнгэр, лус, шивдаг хэдүй хүртэл
Барагдашгүй ариун тахил тэнгэрийн мөр бүрхсэнийг өргөе
Машид ханган үйлдэгч ариусгал тахилыг болгоож
Машид хэтэрхий лам, ядам, шашны сахиусан нугууд
Машид хэтэрхий адистид, шид бүтээлийн хур буулгаж
Машид олон амьтны тус амгаланг арвитган зохио.
Үл хөдлөгч газарт оршин уул дарагч нөхөд сэлт ба
Үл барагдах аугаа хүчинг эрхшээгч шивдаг нугууд
Үл дуусах агуу их ариусгал тахил үүнийг болгоож
Үл мятрах их хүчин, үнэн өмгийг үүсгэгтүн.
Ялгуусны шашин нийт ба ялангуяа
Ялгуусан хоёрдугаарын шашин өргөжин дэлгэрч
Ялгуусан бүхний дүрт ламын өлмийн лянхуа батдаж
Ялгуусны шашин, өглөгийн эзний нас буяныг арвитга.
Ба бүрний хүсэл эрдэм нөхөд сэлтийн
Барцад саад, өвчин, ад хамгийг амирлуулж
Баялаг мал сүргийг дайсан, хулгай зуд турхан
Башир араатан чоно, гарзын ам бүхнээс сахин зохио.
Аман хишиг, насны цог учрал арвидан дэлгэрч
Амь бие, аугаа хүчин, хийморь доройтсоныг бадруул
Алимад сансар нирвааны цог учрал сайн чуулганыг
Авралт ном бүтээл зохилдохын нөхцөлд хураан зохио.
Харгуй зам, суурин нутаг, хээр хөдөө алинд одож, суувч
Хүчирлэн ханьсан зохиогтүн, тангарагтны далай мину,
Хураангуйлбаас би тэргүүтэн дээдийн номыг бүтээгчдийн
Харшлах нөхцөлийг арилган зохилдох нөхцлийг бүтээгтүн .
Хэмээн сан тахил зоогийг өргөснөөр…Ум та бээр амьтан…тэргүүтнээр соёрхол үйлдээд, өлзий хутгаар эцэст чимээрэй. Үүнийг шадар өлзийт гүндүнбэ Чагдаржав хэяа Жамбалжав нар дуртгасны учирт бурхны тойн Сумади Авхяшасанадуаза бээр найруулсан үүгээр тэтгэж, шашин амьтны тусыг үйлдэх болтугай.