Тарни

Тарни нь санскритаар “Мандара” гэсэн үг бөгөөд “ман” гэдэг нь сэтгэл билгүүн буюу дотроо багтаасан билгүүн, “дара” гэдэг нь аврах, нигүүлсэхүй сэтгэл гэсэн үг бөгөөд нийлээд сэтгэлийг аврах буюу арга билиг хослон барилдах мөн чанартай ажээ. Тарни бол гэгээрэлд хүрсэн бурхдын нинж асралын сэтгэл, хоосон чанар, арга билэг нэг цогц болж кодлосон ном юм.
Хүмүүний бие сэтгэлийг 84 мянган нисванисын муу сэтгэл хорлож байдаг. Үүнийг мэдсэний үндсэн дээр түүнийгээ ариусгах, арилгах хамгаалах ерөндөг болсон 84 мянган судар тарнийн номыг бурхан багш айлдсан. 84 мянган судар номонд нисванисын хүсэл тачаалын ерөндөгт номлогдсон 21 мянга, уур хилэнгийн 21 мянга, мунхагийн 21 мянга, энэ гурав нийлсэн 21 мянган судар номыг номлосон байдаг.
Уламжлалт анагаах ухаанд өвчин бүгдийг үүсгэж буй тоолшгүй олон шалтгаан бий боловч хураан авч үзвэл ганцхан шалтгаан байх бөгөөд энэ нь би үгүйн утга сэтгэлийг онож таньж мэдээгүй, мунхаг нисванисын сэтгэл юм. Мунхаг нисванисын сэтгэл нь өвчин бүгдийн гагцхүү шалтгаан болдог.
Тарнийн мөн чанарт нинж асрал, арга билэг, хоосон чанарын бүх ном багтсан юм. Тарнийг эгэл хүн зохиож чадахгүй. Харин гэгээрэлд хүрсэн бурхдын нинж асралын сэтгэл, хоосон чанар, арга билэг нэг цогц болж кодлосон ном юм. Бурхдын тарнийг номлоход замбуулингийн ертөнц дээр байгаа хэл авиа бүгдийн дотроос санксрит хэлийг хамгийн тохиромжтой гэж сонгож авсан байдаг.
Бурхны айлдсан код авиагаар үр дүнг нь гаргаж чадах санскрит хэл авиаг сонгож тарнийг санскритээр уншдаг. Хэрвээ тарнийг санскрит дуудлаганаас өөр дуудлага авианд оруулвал тухайн тарнийн гуравны хоёр хувийнх нь хүч чадал байхгүй болно гэсэн айлдвар бий.
Монголчууд “Тарнийг монголчлоод өгөөчээ. Одоо орчин цаг шүү дээ.” гээд байгаа нь хүч чадал, адис жинлавыг нь багасгаад өгөөч гэсэнтэй адил зүйл шаардаж байна.
Өвчин тус бүрт тусгайлсан ид шидийн мөн чанартай тарни байдаг. “Тарни нь таван мэдрэхүйгээр хүний бие махбодь, оюун санаанд нөлөөлөн, таван махбодийг тэнцвэржүүлж аливаа бие махбодийг эдгээж байдаг. Болзошгүй муу зүйлээс сэргийлж хамгаалах арга нь судар тарни.” гэж ойлгуулдаг байна. Тарнийг эгэл хүн зохиож чадахгүй. Харин гэгээрэлд хүрсэн бурхдын нинж асралын сэтгэл, хоосон чанар, арга билэг нэг цогц болж кодлосон ном” хэмээн тайлбарласан байдаг. Тарнийг тоонд нь хүргэж, тооноос нь ахиулан уншиж, бясалгаж, бясалгалын хүчийг үүсгэн, нинж асралыг, хоосон чанарыг онож мэдсэнээр тарни эмчилгээг хийдэг байна.
Судар тарнийг хүмүүс амьдрал ахуйдаа хэрэглэхдээ юуны өмнө түүний увидас, лүн, ван жинанг авах учиртай юм байна. Тарнийн хүч бүрдэхэд бодисын чадал, тарнийг тоонд нь хүргэх, тарнийг бясалгалын хүчийг үүсгэж, цаг үргэлжид оюун санаандаа тогтоон, хадгалж явбал тарнийн хүч аяндаа буй болж өөр хийгээд өрөөл бусдын тусыг бүтээдэг байна. Бурхдын номлосон тарнийн ухааныг өөрийн мөн чанараар нь хүргэж чадах хэл зүйн ухаан дотроос санскрит хэл хамгийн тохиромжтой бөгөөд тарнийн увидасыг 100 хувь амилуулдаг байна.
Тарнийг зөв дуудлагаар нь унших ёстой. Гадуур хүмүүс хэлж заншсан эсвэл уншдагаараа тарнийг бичээд байдаг нь буруу юм. Тарнийг зөв дуудаж уншихгүй бол хүч чадал, адис нь буурдаг хэмээн айлдсан байдаг аж.
Тарни уншихын есөн тус эрдэм.
Гарчэн ринбүүчи бээр Доржпүрэвийн номын хүрээнд тарнийн есөн тус эрдмийг тайлбарлан айлдсан юм. Аль ч ядам бурхны үүсгэлийн зэргийг бясалган дадуулахдаа арилсан бие, арилсан хэлний үүднээс үйлдэж тарни урин уншсанаар эдгээр есөн ач тусыг үзэх болно. Ерөнхийдөө бол бид юмс үзэгдлийн илбэ мэт мөн чанартайг бататгахын тулд тарнийг уншихдаа гэрэл цацруулах, тахил өргөх гэх мэт дүрслэн бодохтой хослуулан уншдаг.
Тарнийг ийнхүү ойлговоос зохино:
1. Тарни бол ядам (бурхан). Тарни бүр нэг ядам бурхны илэрхийлэл юм. Бурхан бүхэн хамаг амьтны тусыг үйлдсээр байдаг.
2. Тарни бол тахил. Үүсгэлийн зэргийн үед бясалгахдаа: Зүрхний хүрдэнд эргэж буй тарнийн эрхсээс машид их гэрэл цацран гэрлийн цацраг тус бүр тахилын охин тэнгэр болно. Тэдгээр зуу зуун мянга мянган тахилын тэнгэрсийн нэг нь тав, тэр нь дахин тав таваар хувилсаар огторгуйг дүүргэнэ. Тэдгээр олон тахилын тэнгэрсүүд бээр мөн огторгуйгаар дүүрэн бурхдад элдэв янзын тахилуудыг өргөмүй.
3. Тарниар түйтгэрийг арилгана. Тарнийн эрхсээс дахин машид их гэрэл цацрахад гэрлийн цацрагууд амьтан бүрт хүрснээр тэдний хилэнц түйтгэрийг ариусгана. Тэрхүү түйтгэр нь “би”-д барихуй бөгөөд тарниас цацрах гэрэл нь бодь сэтгэлийн гэрэл туяа юм. Нигүүлсэл хайрын гэрлээр “би”-д барихуйн мөсийг хайлуулах нь яг л нарны халуун илчэнд цас хайлах мэт.
4. Тарни бол шид. Гэрлийг эргүүлэн хурааж ядам бурханд шингээнэ. Түүгээр бурхдын адистэд ирлээ, өөрийн бие хэл сэтгэл гэгээрсэн бие, хэл, сэтгэл боллоо.
5. Тарни бол адистэд. Тарни уншсанаар асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл төрдөг нь ядам бурхны тааллын адистэд юмаа.
6. Тарни бол мандал. Үүсгэлийн зэрэг төгөлдөржсөнөөр тарнийг ганц хэлсэн төдийгөөр ч хот мандлыг урин авчирна. Үүсгэлийн зэргийн уншлага номыг бүтэн унших ч шаардлагагүй болно.
7. Тарни бол бурхны үйлс. Амирлуулах, дэлгэрүүлэх, хатуу болон хураах дөрвөн үйл бүгд тарнийг бүтээснээр бүрдэнэ.
8. Тарни бол хүслийг гүйцээгч чандмань эрдэнэ. Бүтээвээс зохих бүхэн тарниар бүтмой.
9. Тарни бол номын агаар. Бид ядмыг бясалган тарнийг хангалттай тоогоор унших үед ягшмал бодлууд тасарч, тогтож хэвшсэн үзэл ойлголтуудаас чөлөөт болж сэтгэлийн байгаль төрхийг хоосон чанарын байдлаар үзнэ. Тэр цагаас сэтгэл ч номын агаар, тарни ч номын агаар болно. Тарни хэрхэн хэвшмэл бодлыг тасалдаг вэ? гэхээр тарни бол “дуу авиа-хоосон чанар” юм. Бусад дуу авианууд хүсэл шунал зэвүүцэл зэрэг элдэв барин тачаахаас гардаг.
Эдгээр есөн тус эрдмүүд нь тарни уншсаны үрээс гарна. Аль ч ядам бурхны тарни бүгд адил. Энэ бол Гүрү ринбүүчийн үг болой.

Тарни, дээдийн номыг унших ёс

Сэрдог номун хан Лувсанчүлтэмийн зохиол “Удиртгал дөрвөн их хөтөлбөр”-ийн нэг “Дорсэмгомдой”-н хөтөлбөрт тарни унших ёсыг айлдахдаа буруу уншихын найман гэмээс хагацаж зөв унших ёстой хэмээсэн байна. Буруу уншихын найман гэм нь:

1. Тарнийг хэтэрхий хурдан унших

2. Хэт удаан

3. Хэт чанга дуугаар

4. Хэт сул дуугаар

5. Тарни уншиж байх үед бусадтай ярих

6. Аливаад алгасрах

7. Эгшиг үсгүүдийг уншихгүй гээх, орхих

8. Тарнийн дуудлагыг доройтуулах

зэрэг нь буруу уншихын найман гэм нь болно.

Эдгээр найман гэмээс хагацаж зөв унших талаар “Бүнсанги шүйби жүд” номонд:

Тарни унших үед хурдан удааныг тохируулж тааруулан

Дуугаа хэт чанга биш, дэндүү сул биш жигдхэн

Утгыг санаж, ярих болон аливаад сатаархыг тэвчиж

Үг, эгшиг, тарнийг гүйцэд тод хэлж уншина хэмээн айлдсанчлан уншиж буй тухайн тарнийхаа үг, утгыг сайтар санан унших аваас тарнийг уншсаны буяныг хурааж, тарнийн эрдэм, хүч чадал өөрт шингэх болно.

https://www.facebook.com/groups/348142228882379/permalink/1161686067527987/

https://www.facebook.com/groups/673416023350594/posts/108