Ловон Бадамжунай

Ловон Бадамжунайн тарни

“Ум аа хум базар гүрү бадма сиди хум”

Энэ бол Ловон Бадамжунайн зүрхэн тарни юм.
Уг тарнийн утгыг өчүүхэн тайлваас:

“Ум аа хум” – нь гурван очирын тарни хэмээдэг.
“Ум” нь хамаг бурхадын лагшин буюу биеийн очир.
“Аа”нь хамаг бурхадын зарлиг буюу хэлний очир.
“Хум” нь хамаг бурхадын таалал буюу сэтгэлийн очирыг бэлгэддэг.
Түүнчлэн Ум нь амьсгал авах анир,
Аа нь амьсгал шингээх анир,
Хум нь амьсгал гаргах анирыг агуулдаг.
Амьсгал бүрээ ийнхүү мэдэрч бясалгавал түүний цаана орших амьдралын аугаа их эрчим оршихуйн мөн чанарыг ононо гэж үздэг.

“Базар” нь очир гэсэн үг бөгөөд эвдэршгүй мөнх, халиршгүй бат гэсэн утгыг илтгэдэг. Тэгш хэмт очир эрдэнэ нь хоосон чанар – гэгээн гэрлийг бэлгэддэг. Бүх юмс хоосон чанарын агаараас төрж,
хоосон чанарын агаарт оршиж,
хоосон чанарын агаарт уусдаг.
Зүйрлэвэл, тэнгэр огторгуйд байгаль ертөнц бүхэлдээ хамаарах мэт. Байгалийн тоо томшгүй үзэгдэл хэлбэр үүсч замхрах боловч тэнгэр өөрөө үүсэл, устлаас ангид мөнхөд орших. Түүнчлэн үнэмлэхүй гэгээн гэрлийн огторгуйг танисан бодгаль түүн лүгээ нэгдэж, хязгааргүйг эрхшээх нь очирын хутаг юм.

“Гүрү” бол гэгээрлийн замч багш гэсэн үг. Их хөлгөний ёсонд гүрү багш нь бурхан, бурхны хутаг олох ном, номын мөрөөр одсон хутагт гурван эрдэнийн хураангуй болдог. Мөн нууц тарнийн ёсонд ид шидийг соёрхогч ядам бурхан, бясалгалын замд хань болдог ханд дагинас, барцад саадаас хамгаалдаг номын сахиус хэмээх гурван дээд хүчний нэгдмэл цогц болдог.

“Бадма” нь бадамлянхуа цэцэг юм. Балчиг шавраас ургах атлаа үл хиртэх лянхуа цэцэг нь эгэл орчлонгийн амьдрал дундаас цэцэглэх атлаа шунал, хорсол, мунхгийн хирийг үл халдаах гэгээрлийг бэлгэддэг. Бурхан бүгд бадамлянхуан дээр залардгийн учир энэ юм.

Сиди нь ид шид гэсэн үг, Хум нь адистид хурайлсан тарни.Х үний оюун санаа хязгааргүй бөгөөд нөөц боломж нь шавхагдашгүй гэж Бурхны номд өгүүлдэг. Хамаг амьтныг нигүүлсэх бодь сэтгэл, үнэнийг таних билгүүн ухаанаар жигүүрлэн гэгээрлийн ертөнцөд халиваас ид шидийн гайхамшиг улам улмаар нээгдэх ажээ.

Энэхүү тарнийн тус эрдэм, утга учрын талаар Ханд Ишцожил хэмээх бүсгүй шавийнхаа асуултанд Бадамжунай багш ийн хариулсан байдаг:

“Энэ тарни эргэх дөрвөн цаг, амьдрах гурван мөчлөг аль ч үед өмөг түшиг чинь болно. Бодь сэтгэлийг өвөрлөж, ариун тангаргийг хичээж, чин зүрхний бишрэлээр урин дуудах аваас зүүдэн, сэрүүн алинд ч Бадамжунай би өөрийн биеэр заларч адислах болно. Харш муу бүхнээс хөө хуяг мэт хамгаалж, гундах үед чинь цог жавхлан нэмж, гуних үед чинь баяр баясгалан хайрлаж, харанхуй дунд гэгээн гэрлийг ургуулна. Хэдий чинээ гүн бясалгаж, чин сүжиглэнэ төдий чинээ тарнийн хүчийг мэдэрнэ. Дээд хүч нь энэ төрөлдөө солонгон биеийг эрхшээнэ. Дунд зэрэг нь үхэх агшинд эх, үр гэрлийн учралаар мөнхийн хутгийг олно. Адаглаад, зуурдын төрөлд одовч намайг танин учирч, дагшин оронд төрөх болно.

Базар гүрү хэмээх энэ тарни бол ганц миний зүрхэн тарни биш, дөрвөн тантар, есөн хөлгөний зүрхэн тарни. Наян дөрвөн мянган номын хураангуй. Гурван цагийн багш, ядам, бурхад, баатар дагинас, номын сахиусны зүрхэн тарни юм…” гэжээ.

Монголын их соён гэгээрүүлэгч Ноён хутагт Данзанравжаа очир хөлгөн нууц тарнийн их бясалгагч байсан бөгөөд оюун санааны багш нь Бадамжунай байжээ. Амин зүрхний чандмань эцэгтээ зориулсан дууллаас нь өлзийт энэ өдөр мянган галвын тоосыг нэгэн агшинд гөвөхийн ерөөл болгон толилуулъя.

Ум аа хум базар гүрү бадма сиди хум.

Баруун зүгийн огторгуйгаас
Бадам гэсрийн хүйснээс
Бадамжунай багш минь
Бадрангуй гэрлээр мишээмүй.

Эртний үйлсийн ерөөлөөр
Элэг зүрх минь долгисно.
Энэрсэн ачийг тань санаад
Эрхгүй сэтгэл тэмүүлнэ.

Төрөл цаг тутамдаа
Түгээмлийн эзэн таныхаа
Төгс гайхамшигт үйлсийг
Түгээн дэлгэрүүлэхийг хүснэм.

Өдөн дэвэлгээт шувуунд
Өндөр юуны даваа вэ.
Өөрийгөө шинжсэн хүнд
Орчлон юуны хол вэ.

Сайн, муу хэлэх нь
Хүний зоргоор байвч
Жаргал, зовлон хоёр нь
Өөрийн сэтгэлээс үүснэ.

Үнэнээр явж гэмээ нь
Үйлийн үр мэдэм зээ.
Хилэнц үгүй явбал
Хэн муулаад чадах вэ.

Тас шувууны дэвэлгийг
Тахиа яаж гүйцэх вэ.
Тангараг ариун дээдсийг
Тэмцэж хэн дийлэх вэ…

Аврал эрсэн амьтны
Аврал өмөг нь болоод
Агшин ч марталгүй таныгаа
Ашид зүрхэндээ саная.

Үхэх, төрөх юу боловч
Үржин богд минь болгоо.
Улигт сансраас гэтлээд
Удиянад учран жаргая.

 

Гурван сансрыг сүрээр дарах шидэт тарни.
Базар гүрүү тарнийн ач тус.

А. На за са ма та. Шам га ма. Базар гүрү дэва дагини хум.

Лам, ядам, дагина гуравт мөргөмүй. Ешей цожал хэмээх эмэгтэй би гадаад, дотоод, нууцын агуу их мандлыг өргөөд ийн айлгав: “Аяа, Бадамжунай багштан минь! Түвдийн ард олон бидний энэ ба хойтын агуу их тусыг бүтээсэн нэн их ач гавъяатан танаас илүү нь урд үл заларсан ба хойшид ч үл залрах тул номлон хайрласан бүтээлийн охь шим сургаалд чинь доорд мөхөс хүмүүн ч гэлээ надад эргэлзээ тээнэглэзээ үгүй. Ирээдүйн амьтан олон санаатай, ихэд догшин хэрцгий, дээдийн номд буруу үзэлтэй билээ. Ялангуяа нууц тарнийн номыг гүтгэн үгүйсгэх тэр цагт амьтан бүхэнд өвчин, зуд, мэс гурав дэлгэрч түүний дотор Хятад, Монгол, Түвд гурав түйвээсэн шоргоолжны үүр шиг болж хямран Түвдийн ард олон зовох цаг болно. Тэр бүхнийг засах аргыг та бээр нэг бус удаа айлдаж сургасан бөгөөтөл ирээдүйн шавь нарт бүтээх чөлөө зав үгүй, бүтээхийг бага сагаар оролдогсод нь их барцад саадтай тулгарах, амьтны үзэл санаа үл нийцэж бүтээлийн зай, явдал мөрийн тохироо үл бүрдэнэ. Няцаахад нэн бэрх тэр цөвүүн цагт зөвхөн Гүрүгийн бүтээл аргын дотроос Базаргүрүгийн тарнид итгэн дулдуйдваас ач тус нь юу буй ? Ирээдүйн мөхөс оюунт амьтны тусад айлдан хайрлахыг өчин гуйсугай.” гэсэнд Их багш зарлиг болов:
Ай, сүсэгт охин чиний өчин хэлсэн энэ үг үнэн билээ. Ирээдүйн тийм цагт амьтанд ахуй үес, алс хэтэд нь эргэлзээгүй тус болох тоо хэмжээгүй олон увдис, бүтээлийн аргыг ус, хад, огторуйн санд нуусан боловч муу цаг болох үед үйлтний арга ухаан, билиг дэмбэрэл бүтэх нь нэн бэрхтэй байна. Энэ бол амьтны буян барагдсаны шинж мөн.
Гэвч тэр цагт Базаргүрүгийн зүрхэн тарнийг их газар, аглаг хөдөө, уул хайрхан, гол мөрний зах, тэнгэр, чөтгөр, бүднэр олширсон газарт, тангараг сахисан тарничин, санваартан лам, сүсэгт эгэл хүмүүн, билиг төгссөн эмэгтэй тэргүүтэн хүмүүс агуу их сэтгэлийн үүднээс зуу, мянга, түм, бум, гольт (10,000,000), дүнчүүр тоонд хүргэн чадлын хэрээр тоолон урьж уншвал ач, тус хүч чадал нь санаа саванд үл багтна. Нутаг ус, зүг зовхис бүрт өвчин эмгэг, өлсгөлөн зуд, мэс гурав хийгээд цэргийн хямрал, жилийн гэм, муу ёр, хар шидийн аюул няцаагдах бөгөөд хур орж өнтэй сайн цаг ирж нутаг уснаа өлзий хутаг бүрдэнэ. Энэ болон хойт насандаа зуурдын хавцгайгаас гэтлэн дээд нь бодитоор, дунд нь бясалгалдаа, адаг нь зүүдэндээ надтай ахин дахин уулзаад газар, мөрийг үе дараалан гүйцээж Аявлин оронд арвисыг баригч хөвгүүд, охидтой хамт нэгэн суудалд суух нь дамжиггүй. Зуу зуугаар таслалгүй урин тоолвоос бусдын сэтгэлд нийцтэй болж идээ, эд, хөрөнгө хичээлтгүй өөрөө бүтнэ. Мянга, түмээр урин тоолвол бусдыг сүрээр дарж адистид, хүч чадал төвөггүй зөнгөөрөө бүтнэ. Бум, гольтоор нь тоолвол гурван орчлонг өөрийн эрхэнд оруулж гурван сансрыг сүрээр дараад тэнгэр чөтгөрийг боолчлон зарж дөрвөн үйлсийн алинд ч сааталтгүй болох бөгөөд амьтан бүхэнд аливаа хүссэн хэргийг нь бүтээж туслан чадах болно. Гурван гольт юмуу долоон гольт хүртэл тоолон уншиж чадвал гурван цагийн бурхадтай хагацашгүй болж тэнгэр, мангас, найман аймгууд бүгдээр надтай адил зарлигийг чинь сонсч, сургаалыг чинь магтан даатгасан үйлийг чинь бүтээж тэргүүн дээд нь энэ насандаа солонгон биеийг бүтээж, дунд нь үхэхийн аман дээр эх, хөвгүүний тод гэрлийг уулзуулж, адаг нь зуурдын ертөнцөд надтай уулзаж үзэгдэл нь өөрийн газар гэтэлж Аявлин оронд төрөөд хэмжээгүй олон амьтанд тусыг хүргэх болно. Ай, язгууртны охин минь, Базар гүрүү хэмээх нь зөвхөн миний зүрхэн тарни бус дөрвөн дандрын аймгийн ядам бурхад, есөн зэргийн хөлгөн, наян дөрвөн мянган номын цогцос тэргүүтний амин зүрх, гурван цагийн хамаг бурхад, лам, ядам, ханд, номын сахиусуудын зүрхэн тарни үүнд бүрдэж байдаг. Энэ тарнийг хэлсүгэй, үүнийг сайтар сонсогтун, тогтоож авагтун, урин уншигтун, бичин бүтээгтүн, ирээдүйн амьтанд үзүүлэн заагтун!

Ум аа хум базар гүрүү бадмаа сэди хум

Энэ шидэт тарнийг нэгэн удаа өгүүлбээс хэрэв үүнд хэлбэр дүрс бий болвоос замбуутивийн сав багадах бөлгөө. Үүнийг үзсэн, сонссон, санасан амьтан бүхэн арвисыг баригч охид хөвгүүдийн эгнээнд суух нь эргэлзээ тээнэгэлзээ үгүй. Хуурмаггүй үнэн “Базар гүрү”-гийн үгээр аливаа хүссэн бүхнээ зарлиг ёсоор олохгүй бол Бадамжунай би амьтныг хуурсан болох буйзаа. Хуурмаггүй нь магад тул зарлиг ёсоор үйлдэгтүн. Урьж тоолж эс чадагч хүмүүн туг хиурын үзүүрт хийсгэгтүн. Салхинд нь өртсөн амьтан бүхэн эргэлзээгүй гэтлэх болно. Эс бөгөөс мод, чулууны хавтгай дээр бичиж аравнайлаад замын хажууд дэлгэн тавибаас харах төдийд л өвчин, ад, түйтгэр арилах болно. Тэр газарт орших чөтгөр, мангасын гүйдлийг тасална. Хар цаасан дээр алтаар бичээд зүүвээс ад, зэтгэр, бүднэр хор хийж үл чадна. Үхсэн ч цогцосноосоо салгалгүй хамт хайлуулбал солонгон гэрэл гялалзуулсаар Энхжингийн оронд егүүдэн төрөх болно. Бичих, унших, урихын эрдэм цаглашгүй их. Ирээдүй цагийн амьтны тусад байгуулаад нуулаа би үүнийг. Хувьт, сайн үйлтэн хөвгүүн үүнтэй учрах болтугай. Самая жа жа жа буруу үзэлтнээс нуу !!! Жа жа жа тангарагт хүмүүнд даатган өг!!! Жа жа жа
Ловон Бадамжунайн тарни.
Гурван цагийн бурхан Гүрү багш эрдэнэ
Ид шид бүхнийг эрхшээгч Их амгалан жаргалан
Тотгор бүгдийг арилгаж, чөтгөр бүгдийг номхотгогч
Догшин хүчит тандаа зүрхэн угаас залбиръя.
Гадаад, дотоод, нууц барцад бүхнийг амарлиулж,
Санасан хэрэг аяндаа бүтэхийн адистид хайрла.
Дүй-сүм сан-жай гү-рү рин-бү-чэ
Ой-дүв гүн-даг дэ-ва чэн-бу шав
Бар-чид гүн-сэл дүд-дүл даг-ву зал
Сол-ба дэв-со жин-жи лав-дү сол
Чи-нан сан-ви бар-чид ши-ва дан
Сам-ба лхүн-жи дүв-бар жин-жи лов.
Ум аа хум базар гүрү бадма сиди хум
Базар гүрү тарнийн ид хүч.
Номыг дадуулагч нэгэн хүмүүний тухай бодит түүх.
(Базар гүрү тарнийг хичээнгүйлэн уншдаг байсан орчин цагт амьдарч байсан нэгэн хүмүүний тухай.)
Тайпей Бадмакара Буддын Нийгэмлэгийн Жамьян Доржэ Ринбүүчий үүний талаар өгүүлсэн билээ.
2006 оны 5 дугаар сар – Бадамжунай бурхны ариун орон болох Бутанд номыг дадуулагч нэгэн хараагүй хүн өөрийнхөө хэзээ үзэх цагийг урьдчилан мэдээд хөлөө завилан сууж бясалгасан байдлаар нирваан дүрийг үзүүлсэн байна.
Энэхүү түүхийг өгүүлэгч нь цаг хугацаа өнгөрөхийн эрхээр тэрхүү хүмүүний хэрхэн гэтлэсэн тухай нэг бүрчлэн хэлж болох зүйлсийг мартчих гээд байсан тул цаасан дээр тэмдэглэн үлдээсэн байна. Бичиг үсэгт сайтар тайлагдаагүй нэгэн байсан тул ихээхэн алдаатайгаар бичиж тэмдэглэж үлдээсэн ажээ. Ингэхдээ энэхүү түүхийн талаар олж сонссон, уншсан, үзсэн хэн ч байсан гэсэн Ловон Бадамжунайд итгэх итгэл, сүжиг бишрэл нь улам гүн болохын сацуу Базар Гүрү Друбтопын зургийг харснаар адистид ирэх, номын газар мөрт тань ахиц гарах болно гэж үзсэн байна.
Энэхүү гэгээрсэн хүмүүн нь Бутаны иргэн байсан аж. Түүнийг амьд сэрүүн байхад нь хүмүүс “Друбтоп” хэмээн дууддаг байсан нь гэгээрч номын мөн чанарыг оносон гэсэн утгатай ажээ. Үүнээс гадна тэрээр номын мөн чанарыг зөвхөн Базар гүрү тарнийг хичээнгүйлэн уншсанаар оносон тул түүнийг мөн Базар Гүрү Друбтоп хэмээн дуудаг байсан нь “Шидийг эрхшээсэн очирт багш” гэсэн утгатай болно.
Номыг утгыг ухсан Базар Гүрү Друбтопын үзэгдэх гаднах дүр төрх байдал нь хир буртагт баригдсан арчаагүй нэгэн мэт байсан боловч дотоод сэтгэлдээ болбоос хязгааргүй эрх чөлөөт гэтэлсэн нэгэн байв. Тэрээр Бутаны захын ядуусын хороололд амьдардаг хараагүй хүн байжээ.
Хүнд хэцүү амьдралыг туулсан энэхүү багш нь хожим Сангаа Тегчог Оселин Хийдийн Үржин Лам болон Жамьян Доржэ Ринбүүчий нарын тусламжтайгаар тус хийдэд уригдаж ирсэн бөгөөд түүнийг амьдралын сүүлийн жилүүдэд хийдийнхэн харж хандаж халамжилсан байна. Тэрээр буян хураах орон мөн байсан тул хийдийнхэн түүнийг асарч халамжилснаар цаглашгүй их буян хураасан байна. Тиймээс түүний амьдралын сүүлийн 10 жил нь аюулгүй агаад машид амгалан өнгөрчээ.
Базар Гүрү Друбтоп нь анх төрөхдөө сохор байгаагүй ажээ. Түүний хараа муудсан гол шалтгаан нь дайснуудынх нь зүгээс тарниар үйлдсэн хараалын үр дагавар байсан гэдэг. Хараагүй болохоосоо өмнө тэрээр Түвдийн уламжлалтын бонгийн шашны шүтлэгтэй тариачин эр байжээ. Тэр цаг дор тариачин эр Ловон Бадамжунайн гайхамшигт ид хүч мөн чанарыг ойлгодоггүй нэгэн байсан бөгөөд Гүрү Ринбүүчийгийн сургаалыг доромжлон дорд үзэх үзэлтэй болж, түүнийг элдэв муу үгээр гүтгэдэг байжээ.
Эргэж юм хардаг болохын тулд тэрээр олон эмч домч дээр очсон боловч тус болоогүй аж. Өөр арга чарга байхгүй байсан тул хараатай болохын тулд ямар номын үйл хийвэл зохилтой болох талаар ном үздэг хэдэн нөхдөөс бас зарим нэг багш нараас асуусан байна. Эцэст зарим багш нарын зөвлөж хэлсний дагуу Базар Гүрү (Ум а хум базар гүрү бадма сэди хум) тарнийг номыг дадуулах цорын ганц арга болгон уншиж эхэлсэн агаад эцэст нь ухаарлын гайхамшигтай түвшинд хүрсэн байна.
Друбтоп Базар Гүрү тарнийг уншиж эхлэх үед Бадамжунай бурханд итгэх итгэл нь өсөн нэмэгдэж эхэлсэн байна. Хараагүй хүн тул өдөр шөнө түүнд тийм ч их ялгаатай байгаагүй тул өдөр шөнийн турш хичээнгүйлэн тасралтгүй энэхүү зүрхэн тарнийг уншдаг байжээ. Базар Гүрү тарнийг нэг зуун сая удаа уншиж дуусах үед Друбтопын гартаа барьж эргүүлдэг хүрднээс нь тарниа уншиж эргүүлэх бүрт нь төсөөлж өгүүлэшгүй бал дусалдаг болжээ. Номын хүрд нь дотроо маани тарин бичсэн хуурай цаас хуйлан хийсэн байдаг тул завсарт нь байх өчүүхэн агаараас усны дусал ч гарах боломжгүй байтал бал дуслан гарах тийн тайлашгүй хачин сонин үзэгдэл хүрднээс нь гарч эхэлсэн байна. Энэ нь чухамдаа Базар Гүрү Друбтоп үнэхээрийн хичээнгүй чин сүсэг бишрэлээр тарни уншсаны үр дагаврыг нотлохын сацуу Бадамжунай бурхны адистид хязгааргүй гайхамшигтай болохыг харуулжээ. Үүний дараагаар тэрээр санаа амарч алгуурлалгүй Базар Гүрү зүрхэн тарнийг улам хичээнгүйгээр үргэлжлүүлэн уншиж Ловон Бадамжунай улам их сүсэг бишрэлээр мөргөн залбирах болжээ.
Базар Гүрү Друбтоп улмаар зүрхэн тарнийг 300 сая удаа уншиж дууссаны дараагаар зүүдэндээ Бадамжунай бурхны нигуурыг үзэн уулзаж бошиг хүлээж авахын сацуу төсөөлшгүй түвшинд номын мөн чанарыг онож ухаарсан байна.
Бадамжунай бурхан түүнд хандаж “Та хэрэв энэ өдрөөс хойш 7 жил амьдрах аваас таны нүд эдгэрч хараа орох болно. Таны хараагүй болсон шалтгаан болбоос та урьд нь бонгийн шүтлэгтэй байсан агаад та номын утгыг оносон олон багш нарыг элдвээр муулж, гутаан доромжилж байсны улмаас шүтэн барилдлагын төөрөлдсөн үзэгдэл гарахад хүрчээ. Та хэдийгээр өдгөө миний нигуурыг үзсэн боловч үйлийн үрийн түйтгэрийн улмаас таны нүд шууд хараа боломжгүй байна” гэж айлдсан ажээ.
Тиймээс Базар Гүрү Друбтоп хэдийгээр Бадамжунай бурхныг харсан боловч хараатай болж чадаагүй байна. Мөн өлзий дэмбэрэлтэй шүтэн барилдлагын үзэгдэл гаргахын тулд Бадамжунай бурхан нууцлаг байдлаар Базар Гүрү Друбтопыг номын тусгай малгай хийж өмсөхийг зөвлөсөн байна. Хараагүй Базар Гүрү Друбтоп хэний ч туслалцаа авахгүйгээр хүрэл ялтас ашиглан өөртөө малгай хийсэн байна.
Базар Гүрү Друбтопын дотоод ухаарал нь хэтийдсэн агаад Гүрү Ринбүүчийгийн адистидаар төрсөн ер бусын зөн билэгтэй байсан боловч хараагүй нэгэн байсны улмаас хэн ч түүнийг зүй зохистой харж хандаж халамжлахыг хүсэхгүй байв. Тиймээс тэрээр Бутаны Чим хэмээх мужийн нутгаар хэрэн хэсүүчилж хэсэг явжээ. Чим нутгийнхан түүнийг “Базар Гүрү Друбтоп” гэж нэрлэдэг байжээ.
“Бенза Гуру Друбтоп” нь Бадамжунай бурхнаас түүнд биечлэн дамжуулсан саад бэрхшээлийг арилгах нууц аргыг мэддэг байсан. Энэхүү аргыг ашиглан хүнд тусч болох бүх хүнд өвчин эмгэгийг эдгээх, тулж ирсэн гай гамшгийг хурдан арилгах боломжтой байжээ. Энэ арга нь онцгой боловч тийм ч их тохиромжтой бус байжээ. Энэхүү номын үйлийг хийхийн тулд тусгай төрлийн балин тахил хийж онцгой уншлага номыг товч хэлбэрээр уншсаны дараагаар Базар Гүрү Друбтоп нь хувцсаа тайлаад гурвалсан замын уулзвар дээр балинг аваачиж тавих ёстой байжээ. Энэхүү арга нь маш хүчтэй бөгөөд Друбтопын тусгайлан зориулж засал хийсэн хүн бүхний өвчин эмгэг нь эдгэрч тулгарсан саад түйтгэр нь үтэр түргэн арилдаг байжээ.
Үүнээс гадна хэн нэгэн “Базар Гүрү Друбтоп”-оос тусламж хүсэх бүрд түүний мэргэ төлөг хийх арга нь бусдаас өөр байв. Түүнд ямар нэгэн мэргэ төлөгчийн хэрэгсэл ашиглах шаардлагагүй, мөн тэр хүнээс олон зүйлийг хэлэхийг шаарддаггүй, харин тухайн хүний санаа зорилгыг мэдэж, гуйж хүсэж буй хүний оршин суугаа газар, хүрээлэн буй орчин, бүх юмсын талаарх буюу бусад төрлийн дэлгэрэнгүй мэдээлэл, түүний дотор хүсэлт гаргасан хүний илчлэхийг хүсээгүй хувийн нууц гэх мэт нарийн ширийн зүйлсийг нь үнэн зөв хэлж чаддаг байв. “Базар Гүрү Друбтоп” Гүрү Ринбүүчийгийн адистадын хүчээр бусдын оюун бодлыг мэдэх агуу их зөн билэгтэй болсон нь ойлгомжтой. Үүнээс үүдэн түүнийг “Друбтоп” хэмээн олон түмэн хүлээн зөвшөөрсөн байна.
“Базар Гүрү Друбтоп” нь дотоод нууц ухаарлыг олсон боловч энэхүү ид чадлаа өөрийнхөө амьдралын нөхцлийг сайжруулахыг оролдоход хүргээгүй байна. Тэрээр харин ядуурал, зовлон зүдүүрийг түүнд саад болж буй төвөг бэрхшээл гэж үздэггүй байжээ.
Түүний хувьд өөрчлөгдөөгүй зүйл нь Гүрү Ринбүүчийд хандан өдөр шөнөгүй залбирч Базар Гүрү зүрхэн тарнийг нь хүндэтгэл бишрэлээр уншсаар байсан бөгөөд паранирваанд (нирваан дүрийг үзүүлэх) орох хүртлээ Гүрү Ринбүүчийгийн зүрхэн тарнийг уншсан тоо нь 600 сая гаруй давсан байжээ.
Тэрээр бусдын адил өөрийн хичээл зүтгэл, гайхамшигт хариу үйлдлүүдийг олон түмэнд сурталчлах сонирхолгүй байсан бөгөөд үүний оронд “Базар Гүрү Друбтоп” нь хүмүүст ая зөнгөөрөө, санаатай бус гэнэтийн байдлаар тусладаг байжээ.
Тиймээс түүнийг мэддэг хүмүүсийн ихэнх нь түүний дотоод ухаарал ямархуу гүн гүнзгий түвшинд хүрснийг мэддэггүй байв.
Ихэнх хүмүүс түүний гадаад хэв маяг, хааяа саад бэрхшээлийг зайлуулах хаяа хийдэг зан үйл төдийгөөр зөвхөн зарим түвшний ид хүчийг олсон номыг дадуулагч байсан гэж үздэг байв. Тэрээр өөрийн хийсэн ихэнх нууц зан үйл, хариу үйлдлийнхээ учир шалтгааны талаар зөвхөн Үржин лам болон түүнд итгэж сүсэглэдэг дотны цөөн хэдэн найз нөхөддөө л өгүүлдэг байжээ.
Базар Гүрү Друбтоп буюу Шидийг эрхшээсэн очирт багш - Очирт Гүрү Шидийг эрхшээсэн багш
Тэрээр хэдийгээр шидийн хүчийг эрхшээсэн нэгэн байсан боловч өмссөн хувцас гадаад дүр төрхөө өөрчлөлгүй, ядуу зүдүү гуйлгачны дүрээр амьдарч хүмүүсийг өөрт нь өргөл өргөх, өмсөхийг хүссэн хувцас хэрэв байвал сольж өгөхийг зөвшөөрдөг байжээ. Хэдийгээр түүнийг “Саннггак Тегчог Осел Лин” хийдэд урьсан бөгөөд илүү сайн амьдрах орчин, нөхцөлтэй болох боломжтой байсан ч тэрээр хийдийнхээ хуучирсан буланд аж төрөх, шарласан дэрээ дэрлэж цоорсон бүтээлгээ нөмрөн унтахыг илүүд үзсэн ажээ.
“Базар Гүрү Друбтоп” нь зөвхөн бусдын өгсөн хувцас, хоол хүнсийг авдаг байжээ. Хэрэв хэн нэгэн мөнгөн дэвсгэрт, зоосыг өргөсөн бол тэрээр тарни уншиж, адислан үлээж, өргөл өгч буй хүндээ буцааж өгөхийн өмнө мөнгөө бүү ашигла, харин биедээ хадгалж өөрийгөө хамгаалах адислагдсан эд зүйл мэт хадгалж яв гэж захидаг байжээ. Нэг нь түүнд өмч эзэмших эрхийн бичиг өргөхөд ч мөн адил адислаад л буцаан өгсөн ажээ. Энэ нь “Базар Гүрү Друбтоп” аль хэдийн бүх эд баялгийг юу ч биш гэж үздэг байсан мөн хүсэл шуналгүй байсан болохыг нь харуулсан.
Энэхүү түүхийг бичигч нэг удаа тус хийдийн хамба лам Жамъян Дорж Ринбүүчийд хандан Базар Гүрү Друбтопт мөнгө өргөхийг хүссэн боловч Ринбүүчи ихэд инээж, “Базар Гүрү Друбтоп” мөнгө авахыг хүсдэггүй тул хэрхэн түүнд хэрхэн мөнгөөр өргөл өргөх билээ гэжээ. Хэрэв та түүнд хувцас эсвэл өөр зүйл өгөхийг хүсвэл тэр хүлээж авахгүй байж болох юм, эсхүл таныг өгсөн зүйлсийг зүгээр л адислаж, танд буцааж өгөх болно. Хэрэв та хоол хүнс өргөхийг хүсвэл сүм хийдээс түүнд хоол хүнс өгч байгаа тул таны санал болгож буй зүйл түүнд таалагдахгүй байж магадгүй юм. Ердийн иддэг хоолныхоо хажуугаар тэрээр өөр ямар ч хоол авдаггүй.” Энэ түүхийг бичигч үүнийг сонсоод тэрхүү шидийн хүчийг эрхшээсэн багш үнэхээр ямар нэгэн хүсэлгүй, хэрэгцээгүй амьдарч байгаа бөгөөд чухам хүндлэл, хүндэтгэл хүлээх ёстой зохистой нэгэн буяны садан болохыг гүнээ мэдэрсэн байна.
“Базар Гүрү Друбтоп” нь мөнх бусыг үзүүлэхээс долоон хоногийн өмнө Үржин хамба ламд “Би Бадамжунай бурхантай уулзахаар энэ ертөнцийг орхих гэж байна” гэж хэлжээ. Тэр үед хамба лам Друбтопыг эв эрүүл байгаа тул түүнийг зүгээр л тоглоом шоглоом хийж байна хэмээн боджээ. Хамба лам түүний хэлсэн зүйлд төдийлөн ач холбогдол өгөөгүй байна. Дараа нь “Базар Гүрү Друбтоп” хэд хэдэн лам найз нартаа “Үржин ламд төрөх, үхэхээс гэтэлсэн эрх чөлөө үгүй харин надад бол бий. Тэр миний юу хэлж байгаагийн утгыг ойлгохгүй байна… дармакая буюу номын бие болбоос үхлээс чанад, харин би дармакаягийн мөн чанарыг ойлгосон, миний хувьд үхэл гэж бодитой хэмээн ярих зүйл үнэндээ алга!”. Ямар ч сургуульд сураагүй боловсролгүй, мөн ямар ч дээдийн ном сургаал, судар, тайлбарыг судалж үзээгүй ч гэсэн “Базар Гүрү Друбтоп” Зогчингийн буюу Их Төгсгөлийн номонд нэвтэрсэн хүний хэлж чадах тийм зүйлсийг олонтоо өгүүлсэн байна.
Ямар нэгэн онцгой зүйл тохиолдоогүй байхад “Базар Гүрү Друбтоп” үхэх вий хэмээн санаа зовсон хэдэн лам нөхдөөс бусад нь Друбтоп үнэхээр өөрийн үхэх цагийг урьдчилан хэлж чадна, мөн тэрээр энэ хорвоог тийм амар амгалан, эрх чөлөөтэй орхиж чадна гэж бодоогүй байна. Долоон хоногийн дараа үүрийн гэгээн туяа тусах үед “Базар Гүрү Друбтоп” очирт суудлаар завилж суугаад сэтгэлээ номын агаарт маш амгалан тайван байдлаар уусгав. Энэ үед газар зөөлөн чичрэх нь мэдрэгдэж байжээ.
Түүнийг нирваан дүр үзүүлсний дараагаар ихэвчлэн эзгүй байдаг байсан хийдэд хүндэтгэл үзүүлэхийг хичээсэн 3000 гаруй хүн цугларчээ. Түүнийг нирваан дүр үзүүлсний дараагаар өдөр бүр үүр цайх үед гурван шувуу нисэхийнхээ өмнө биеийг нь тойрон гороолдог байжээ. Тэдгээр нь түүнд хүндэтгэл үзүүлж буй дагинасууд байсан байна.
“Базар Гүрү Друбтоп” нь Бадамжунай бурхны нигуурыг үзэн уулзсанаас хойш яг 7 жилийн дараа нирваан дүрийг үзүүлсэн нь түүний “хараа эргэж сэргэх” талаарх бошиг биелсэн юм. Учир нь одоо түүнд Гүрү Ринбүүчийтэй уулзахаар Зэс эрдэнийн өнгөт уулын орон уруу явахад нь саад болох бие махбод үгүй болно.
Энэхүү түүхийг бичигч нь их шидтэн, номын багш Гүрү Ринбүүчийгийн зүрхэн тарнийн ач тусын талаарх энэхүү ер бусын түүх нь хамаг амьтанд итгэл төрүүлж, Гүрү Ринбүүчийд итгэн залбирч, зүрхэн тарнийг нь тоонд хүргэн уншсаны үрээр эцэст нь түүнээс ялгалгүй ижил түвшинд гэгээрч зовлонгоос гэтлэх боломж байгааг хүмүүст сануулан уриалж байгаасай хэмээн хүсэж байгаа юм байна.
(Тэмдэглэл: Англи хэлний орчуулагч энэхүү түүхийг сонсоод ихэд бишрэл төрсөн тул Очирт Гүрү Шидийг эрхшээсэн багшийн энэхүү түүхийг илүү олон хүнд хүртээмжтэй болгохын тулд англи хэл үрүү орчуулахаар шийдсэн байна. Олж уншсан хүмүүст гүн сүсэг бишрэл төрөөд бусдад тарааж улмаар амьтан бүхний тусын тулд гэсэн сэтгэлээр Базар Гүрү тарнийг 100,000 удаа уншаарай. Энэхүү орчуулсан түүхийг олж уншсаны буянаар Базар Гүрү тарнийг уншихын ач тусыг илүү олон хүн олж мэдэх болтугай. Номыг дадуулж номын мөн чанарыг ухаарч ойлгох болтугай.)
Пүб Дорж Ван 2019 оны 1-р сарын 31-нд энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
Хамаг амьтны тусын тулд гэсэн сэтгэлээр Тамир овогтой Хишигт Монгол хэл үрүү өдөр шөнөгүй хөрвүүлсээр энэ өдөр дуусгах боломж олдов. 2022 оны 10 дугаар сарын 29. Билгийн тооллын шинийн 4. Намрын адаг цагаан нохой сарын долоон улаан хөхөгчин туулай өдөр.
Ум аа хум базар гүрүү бадмаа сэди хум