Жанрайсэг

Эхийн ачийг хариулах залбирал

V Далай ламын айлдсан:

Эхийн ачийг хариулах залбирал.

Аврал дээд гурван эрдэнэ дор
Алгасалгүй сүсгээр итгэн залбиръя.
Ариун цагаан хэвлийдээ
Арван сар тээж,
Ахуй бүх биеэ шаналган зовоож,
Арай ядан нярайлсан
Ачит ээж мину
Ум мани бадмэ хум.
Амьтай амьгүй хэвтсэн биеийг минь
Амь оруулж,
Арван хуруугаараа хашин авч,
Ангир шар уургаа шимүүлсэн
Асралт ээж мину
Ум мани бадмэ хум.
Цангинах дуугий минь
Чагналзан босож шимүүлэн,
Цээлхэн бүүвэйн эгшгээрээ
Аргадан тайтгаруулсан,
Цоорхой гэдсийг минь
Чанга шөрмөсөөр боож,
Хүйс болгосон
Хүслийг хангагч чандмань ээж мину
Ум мани бадмэ хум.
Хонгинох дууг минь гарах бүрийд
Хурдлан ирж шимүүлсэн,
Хумилдсан шөрмөсийг минь тэнийлгэж,
Хулайсан чихийг минь дэлгэсэн
Ачит ээж мину
Ум мани бадмэ хум.
Цоорхой зулайг минь илбэж
Яс болгосон,
Суга цавийг минь нурахад
Сүүгээ сааж арьс болгосон,
Чухам л учрахад бэрх
Цаглашгүй ачит ээж мину
Ум мани бадмэ хум.
Хөхөө шувуу мэт гангинахад минь
Хөл алдан ирж шимүүлсэн,
Хэлхсэн цагаан сувд мэт
Гучин хоёр шүдийг минь ургуулсан,
Хөрсгүй улаан маханд минь
Хөхний сүүгээ сааж илбээд
Хөвөн цагаан арьс болгосон
Хөөрхий ээж мину
Ум мани бадмэ хум.
Хүрэл хонх мэт гонгиноход минь
Хөлбөрөн ирж шимүүлсэн,
Хөх усан нүдэнд минь сүүгээ дусааж,
Цөцгий хар нүд болгосон
Удамбар цэцэг мэт
Учрахуй бэрх ээж мину
Ум мани бадмэ хум.
Хүйтэн салхинд энэлэхэд минь
Элгэндээ тэвэрч дулаан болгосон,
Бархирч хэвтэхэд минь
Багтартлаа гүйж ирээд шимүүлсэн,
Балай хэлгүй биеийг минь
Бахдам аятай хэлд оруулсан
Элбэрэлт ээж мину
Ум мани бадмэ хум.
Баас шээсэндээ холилдоход минь
Уяхан гараараа арчин цэвэрлсэн,
Балчир нялх биеийг минь
Таван махбодын хүчин төгсгөсөн
Бадам лянхуа цэцэг мэт ээж мину
Ум мани бадмэ хум.
Хун галуу мэт ганганахад минь
Хурдлан ирж шимүүлсэн,
Хамар битүүрч хэвтэхэд минь
Хавигнан яаран ирж,
Амаараа сорон авч,
Амьсгал авахуулсан ээж мину
Ум мани бадмэ хум.
Арчсан толь мэт тунгалаг сэтгэлээр
Уйдалгүй өсгөн дэгжүүлж,
Бузар тотгор хоёроос гэтэлгэх гэж
Бурхан тэнгэр хоёртоо залбирч
Авралын орны эх дагинас болсон
Ачит ээж мину
Ум мани бадмэ хум.
Тэргүүн нь цээжиндээ дийлдэж,
Гэдрэг түрүүлгээ унахад минь
Төгрөг суудал засч,
Төвшин суулгасан ээж минь.
Хурдан босох гэж өндөлзөхөд минь
Өвөр дээрээ босгон цомцойлгосон
Цогт дагинас ээж мину
Ум мани бадмэ хум.
Хол газар явъя гэж
Хоёр өвдгөөрөө мөлхөхөд минь
Эвийлэн ирж,
Хоёр суганаас минь өргөн
Хөтөлж алхуулаад,
Сүлд малгайг минь өмсгөн,
Сүрт бүсийг минь бүсэлгэж,
Сөөхий гутлыг өмсгөсөн
Энэрэгч эх дагинас мину
Ум мани бадмэ хум.
Гал нурам хоёрыг
Мэдэлгүй хүрэхэд минь
Ганганан ирж авсан
Гайхамшигт ээж минь.
Аргал мод хоёрыг мэдэлгүй
Аван идэхэд минь
Амнаас шүүрэн авсан
Аврагч эх дагинас минь.
Айх цочих зэрэгт минь
Нөмөрлөн ирж авсан
Ачит эх дагинас мину
Ум мани бадмэ хум.
Хад эрэг хоёрыг
Харалгүй хүрэхэд минь
Халаглан ирж авсан
Хайрт ээж минь.
Худаг ус хоёрыг
Мэдэлгүй хүрэхэд минь
Хуруут бүргэд мэт шүүрэн авсан
Ачит ээж минь.
Асран тэжээж, борго ходоодтой болгосон
Ачийг тань би хариулах болтугай.
Ум мани бадмэ хум.
Аян хэрэг хоёрт мордоход минь
Амин зүрхээ хөдөлгөн хайлж,
Аль үзсэн хүнээс
Асууж хөвүүнээ сураглан,
Ахуй бүх сэтгэлдээ
Элмэрэн санаж,
Элдэвчлэн гасалсан ээж таныхаа
Ачийг хариулах болтугай.
Ум мани бадмэ хум.
Айх ичих хоёрыг
Мэдэлгүй хэлэхэд минь
Асран донгодож сургасан
Ачит ээж минь.
Алдаа нүгэл хоёрыг
Танилгүй явахад минь
Алгадан сургасан
Элбэрэлт ээж таныхаа
Ачийг хариулах болтугай.
Ум мани бадмэ хум.
Эрхэм дээд багшид мөргүүлж,
Элгэн төрлийг минь таниулж,
Ээлт нөхдийг минь мэдүүлж,
Эрийн зэрэгт оруулж,
Эрдэнэт хүлэгт мордуулж,
Хүн болгосон ачийг тань
Хүү би хариулах болтугай.
Ум мани бадмэ хум.
Эрхэм үйлсийн буянаар,
Эх хүү болсон ерөөлөөр
Эрхт Арьяабалын оронд хамт төрж,
Энэ их ачийг тань хариулах болтугай.
Ум мани бадмэ хум.
Ачит ээж таныхаа
Асран тэтгэсэн ачийг
Санан санан залбирсан буянаар
Арван зүгийн гэгээн бурхад
Адислан ивээж,
Ариун дээд энхжингийн оронд
Хамтаар төрж,
Хамаг амьтанд туслах болтугай.
Ум мани бадмэ хум.
Эрхт гурван эрдэнийн авралаар
Эх болсон хамаг амьтныг
Хотол бурхад ивээх болтугай.
Хоёргүй бодь сэтгэл төрөх болтугай.
Хоосон чанарыг хурднаа олох болтугай.
Ум мани бадмэ хум.