Жанрайсэг Манзушир болон Очирваанийн хамт

Эх, эцгийн хойдод зориулж маань тоолох тэргүүтэй буян үйлдэхэд хавсран уншлага болгох шүлэглэл оршвой

(Гүнтан Данбийдонмэ)

Чанадад хүрэхүй, нууц тарнийн сайн мөрөөр
Эх, эцэг зургаан зүйл амьтан бүгдийг
Зах хязгаар үгүй орчлонгийн их далайн
Чанадад татагч багш садан бүгдэд сөгдмүй.
Онол, тэвчлийн эцэст хүрсэн төгс бурхан
Мунхаг харанхуйг арилгагч зул дээдийн ном
Эндүүгүй мөрийн дээд нөхөр хувраг сэлт
Хоцроолгүй амьтны итгэл бүхэн авран зохио.
Эхлэл хязгаар тулах үгүй эрт цагаас
Орчлонгийн орноо усан тээрэм мэт эргэхэд
Эх, эцэг минь болоогүй амьтан нэг ч үгүй ээ
Тэдгээр цагт ч амьнаасаа илүү энхрийлж байжээ.
Цаглашгүй их ачийн хариуг нь хэрхэн хүргэх вэ?
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Арван сарыг дүүртэл биедээ тээн, төрүүлж
Өдөр, шөнө бүхнээ илч дулаанаар тэвэрч
Яруухан бүүвэй, энэрэлт зөөлөн мишээлээр угтан
Арван хурууны үзүүрт бөмбөрүүлж, сүүгээрээ тэжээн
Нойр, хоол, хувцас бүхнийг аминчлан сахисан
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Намайг өвдөхөөс өөрөө өвдөхийг буцалтгүй сонгох
Намайг үхэхээс өөрөө үхэхийг эргэлзэлгүй сонгох
Нүдний цөцгий, амин зүрх мэт хайрласан
Цаглашгүй их тэсвэрийг тань хэн ч давшгүй.
Үр зулзагадаа омог дээрэнгүй хандахыг мэдэхгүй
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Өчүүхэн дорой өт адилыг хүн болгож
Номыг бүтээх чөлөө, учралт шүтээнийг өгөн
Бэлгэ төгс дээдэс багшийн дэргэд хөтөлж
Амгалангийн гарвал сургаал номын үүдэд оруулж
Энэ, хойдын сайн амгаланд үндсийг хатгасан
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Аръяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Хилэнц, зовлон, муу үг, бусдын дайралтыг
Үл тоогоод нэгэн шамдалаар махаа бартал
Хураасан эд, баялаг хөрөнгө байгаа бүхнээ
Үлдээл үгүй үр наддаа тушаан өгснөөр
Ашдын зорилгоо бүтээсэн мэт ханан баясах
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Бүтээсэн өв, эдлэл бүхнээ надад өгсөн ч
Хураасан хилэнц унал бүхнээ өөртөөн үүрээд
Зургаан зүйл, зуурдын орон алинаан одоо
Жаргал, зовлонг яаж амсахуйг хэн мэднэ
Идээ, эдийн дээдийг араас нь хүргэх боломжгүй ч
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Хамтдаа ханьсан инээж наадан, амьдрал дэвжихэд
Үүрд цугтаа нэгнээ түших горьдлого тээхүйд
Зуурд үхлийн эзэн элч эрхгүй салгана.
Танихгүй зуурдын төрөлд ганцаар будилан төөрөхөд
Цагаан буянаас ангид өөр нөхөргүй болох
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Ачийн тусыг хариулж чадах боломж хомс ч
Орчлонд ахин олон удаа тэнэсний авьяасаар
Шувуу, гөрөөс, араатан гээд амьтан бүхэн
Өөрийн үрд асрал хайр нь эрхгүй төрдөг
Тийм ёсоор тоолшгүй удаа ачлан тэтгэсэн
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Төрж, үхэхүй нь эцэс, төгсгөлгүй энэ орчлонд
Амьтан бүр эх минь болон тэжээн өсгөжээ
Уулгасан сүүг нь хураан цуглуулж хэмжих аваас
Их далайн уснаас ч үлэмж их хэмээн
Бүхнийг болгоогч Бурхан багш үнэхээр айлджээ.
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Олохуй бэрх чөлөө, учралт хүний биеийг
Олсон ч бидний тусад амьдралаа хилэнцээр барж
Хураасан эдээ амгалан эдлэх зав нь хомс
Дээдийн номыг бүтээх боломжийг ч эс олжээ.
Ачийн хариуг бүтээх үүрэг надад буухуйд
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Лагшин, зарлиг, тааллын шүтээн босгон тахиж
Багш хийгээд хуврагийн аймагт хүндлэл үзүүлж
Тогтоол тарни, судар номыг амаар уншиж
Эргэл, мөргөл, амь дархлах, ядууст өглөг
Үйлдсэн буян бүхнээ тэдний тусад зориулмуй.
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Ариун суртахуун, номд суралцахуйн сайн хөрсөнд
Хилэнц лугаа үл холилдсон ариун хөрөнгийг
Нэр алдар үл хүссэн туслах сэтгэлээр
Бүтээн суулгах гурван хүрдний ариун буянаа
Эх, эцэг зургаан зүйл амьтанд зориулмуй.
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд Хутагт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх!
Гурван орчлонгийн төгс эдлэл алин бүхнийг
Шим тусгүй зүүдний жаргал мэт үзэн
Гурван эрдэнийн таалал нигүүлслийн үнэн хүчээр
Муу заяа, орчлонгийн үүдийг хаан соёрх (үйлд).
Зоригдол орон гаслант амьтдыг нигүүлсэн болгоо (үз).
Тэднийхээ ачийг номын ачлалаар хариулъя би.
Хуурмаггүй аврал багш, гурван эрдэнэ болгоо!
Дөрвөн дандарын идам бурхдын чуулган болгоо!
Цаглашгүй гэрэлт хийгээд авралт Арьяабал болгоо!
Зоригдол орон Гэтлэхүйн хутагт татан соёрх.
Хэмээх үүнийг сүсэг, хичээл төгөлдөр равжамба Гончогсамдүв эцэг, эхийн ачийг хариулах арга ёс хэрэгтэй байна хэмээсэн бөгөөд ер нь өөрөө ариун номыг бүтээж чадвал төрүүлсэн эцэг, эхийн ачийг хариулах хамгийн дээд арга мөн ч түүнд сануулахын тухайд болон нас барагсдад маань тоолох тэргүүтний үед оюун санааг зөөллөн ижилсүүлэх ийм нэгэн зүйл байвал тустайд үзэн тойн Гончогданбийдонмэ шууд өгүүлсэнг үсэглэж бичсэн нь аграмба Гончог гунгаа болно.
Орчуулсан: Эрдэнэ Гүндээ.