Жанрайсэг Жанрайсиг

7 гишүүн, мандал өргөх шүлэг болон Жанрайсэг бурхны бясалгалтай уялдуулсан маань

Буян хураах дээд арга 7 гишүүн, мандал өргөх шүлэг болон Жанрайсэг бурхны бясалгалтай уялдуулсан маани тоолох аргачлал.
Юуны өмнө бэлтгэл зургаан номыг хийнэ.
(Хэрэв боломж байхгүй бол заавал бэлтгэл зургаан номыг хийх албагүй. Доор адаг хэсэгт товч бичсэн аргачлалаар маань тоолж болно)
1. Оршин байгаа газраа цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ бурхан бодисадва тэргүүтэй авралын орон болсон дээдс богдыг урин залах гэж байгаа сэдлээр цэвэрлэх юм. Цэвэрлэж байх үедээ “Тоосыг тэвчив, хирийг тэвчив” хэмээх үгийг амандаа уншина.
2. Бурхан шүтээнд тахил өргөнө.
Бурхан шүтээн байсан ч, байхгүй байсан ч гурван цаг, арван зүгийн хамаг бурхдад тахил өргөж байна хэмээн бодон өөрийн боломжиндоо тааруулж тахилыг өргөнө. Бүр боломжгүй бол адаглаад ганц аяга ус, хуруу дайны арц, хүж ч уугиулж болно.
3. Тохьтой суудалд биеэ засан сууна
Өөрийн биед тохьтой суудалд нуруугаа цэх, толгой тэгш, шүд амаа зөнд нь орхин, харцыг хамрын үзүүр харагдах хэмжээнд буулган, зүүн гарын алган дээр баруун гарын алгыг дээш харуулж хүйсний доохон талд агуулж, завилж сууна.
4. Гурван эрдэнийн чуулганы орныг үүсгэн, сэдлээ засна.
Өөрийн өмнийн огторгуйд Жанрайсэг бурхныг үүсгэн
Сэтгэлийн гэм бүгдийг барж эрдэм бүгдийг төгссөн бурхан эрдэнэ
Хамаг муу сэтгэлийг сөнөөсөн сэтгэлийн эрдэм дээдийн ном эрдэнэ
Хорлох сэтгэлээс бүрэн хагацсан үлэмж төрөлхтөн хуврага эрдэнэ буюу гурван цаг, арван зүгийн хамаг гурван эрдэнийн мөн чанартай Жанрайсэг бурхан оршиж байна гэж бодон
Аврал одуулж, бодьсэтгэл үүсгэх нь: (утгыг бодон тайван уншина)
“Бурхан, ном хийгээд чуулганы дээдэд
Төгс гэгээрэх хүртлээ би итгэе.
Өглөг тэргүүтэй үйлдсэн буянаараа би
Амьтан бүгдийн тусад бурхан болох болтугай.” Хэмээхийг гурван удаа уншин Гурван эрдэнэд аврал одуулж, эх болсон 6 зүйл амьтан бүгдийн тусад бурхны хутгийг олох бодьсэтгэлийг үүсгэнэ.
Тэгээд Цаглашгүй дөрвөн сэтгэлийг бясалгах нь: (утгыг нь бясалган тайван уншина)
Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа учрах болтугай. Яагаад учирч болохгүй гэж. Би учируулж үйлдэе. Тийн үйлдэхэд гурван эрдэнэ та бүгд намайг адислан соёрх.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаан лугаа хагацах болтугай. Яагаад хагацаж болохгүй гэж. Би хагцуулж үйлдэе. Тийн үйлдэхэд гурван эрдэнэ та бүгд намайг адислан соёрх.
Хамаг амьтан зовлон үгүй амгалан лугаа хэзээ ч үл хагацах болтугай. Яагаад хэзээ ч үл хагацаж болохгүй гэж. Би үл хагацаан үйлдэе. Тийн үйлдэхэд гурван эрдэнэ та бүгд намайг адислан соёрх.
Хамаг амьтан зовлонгийн шалтгаан болсон хол, ойрд барин шунаж, уурлах хоёроос хагацан сэтгэл энэрэл тэгш орших болтугай. Яагаад оршиж болохгүй гэж. Би өөрөө оршин үйлдэе. Тийн үйлдэхэд гурван эрдэнэ та бүгд намайг адислан соёрх. Хэмээхүйг гурван удаа уншина.
Тэгээд “Оюун судлахуйн найман бадаг”-ийг мөн уншина.
Хүслийг хангагч чандмань эрдэнээс
Үлэмж тусыг хамаг амьтанд
Бүтээх санаагаар би эзлэгдэн
Ашид тэднийг эрхэмлэн баримуй.
Хаана ч хэнтэй нөхөрлөсөн цагтаа
Хамгаас өөрийгөө дарууд барьж
Өрөөл бусдыг чин сэтгэлээр
Өөрийн оройд дээдлэн баримуй.
Явдал бүртээ сэтгэлээ шинжин
Зүдээгч бодол төрсөн даруйд
Өвөр, бусдад хорлох тул
Хүчит аргаар эртнээс буцаая.
Муу авирт амьтан хийгээд
Хилэнцийн хатуу зовлонгоор дарагдахад
Эрдэнийн сантай учирсан адил
Машид баясан эрхэмд баримуй.
Алинд би тусласан эсвэл
Их горьдлогоор харсан зарим
Үлэмж зохисгүйг үйлдсэн ч тэднийг
Дээд саданд барих болтугай.
Бусдууд надад атаархан мөчөөрхсөөр
Гүжирдэн, доромжилж зүхсэн тэргүүтний
Ялагдлыг өөртөө хүлээн авч,
Ялалтыг тэдэнд өргөн барья.
Товчдоо үйлдэл, санаа алинаар
Тус, амгаланг амьтдад өргөмүй.
Эхийн хорлол, зовлон бүхнийг
Нууцаар өөртөө татан авая.
Тэдгээр бүгдийг ч найман номын
Атгаг хирээр эс халдаан
Юмс бүгдийг илбэнд мэдсэнээр
Зуурал хүлээснээс гэтлэх болтугай
Үүний дараа бэлтгэл 6 номын тав дахь хэсэг.
5. Буян хураах 7 гишүүнийг үйлдэнэ
(утгыг бодон тайван уншина)
1. Ялгуусан, бодьсадва бүгд дор мөргөмүй.
2. Бодит, төсөөллийн тахил бүхнийг өргөмүй.
3. Эхлэлгүй цагаас хураасан хилэнц бүхнээ наманчилмуй.
4. Төрөлхтөн бүгдийн ариун буянд даган баясмуй.
5. Номын хүрдийг амьтан бүгдэд айлдан соёрх
6. Орчлонг хоосортол бурхад бүгд эгнэгт оршооч
7. Буян бүхнийг төгс гэгээрэхүйн шалтгаанд зориулмуй.
6. Мандал өргөх.
Мандал өргөхдөө доорх шүлэгт гарж байгаачлан машид тунгалаг зах хязгааргүй усан далайн дунд сүндэрлэсэн эрдэнийн Сүмбэр уул, түүний дөрвөн талд дөрвөн тив, уулын үзүүрт хоёр талд нар, сар чимэн гэрлээрээ усан далай, сүмбэр уул, дөрвөн тивийг улам гэрэлтүүлэн үзэсгэлэнтэй болгож буй мэт доор шүлэгт гарч байгаачлан төсөөлөн бодож ертөнцийн энэхүү орон бурхны арилсан ариун орны мөн чанартай боллоо хэмээн бодож тэрийг чуулганы орон Гурван эрдэнэд өргөнө.
Газар орныг хүжээр утаан, цэцэгсээр чимэн
Сүмбэр уул, дөрвөн тив, нар сарыг
Ариун орны чанарт хувилган бурхдад өргөмүй
Амьтан бүгд ариун орны амгаланг олох болтугай.
Ум а сарва дата гада идам гүрү радна мандала хам ниръяа даяа ми.
Одоо Жанрайсэг бурхны бясалгалын үүднээс маань тоолох болно.
Жанрайсэг бурхны бясалгал.
(утгыг бодон тайван уншина)
Гурван эрдэнэд итгэл одуулмуй.
Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэн
Гэгээрлийн хутагт хүргэх хүсэлт
Бодийн сэтгэлийг үүсгэн үйлдмүй.
Өөрийн оройд лянхуа, саран дэвсгэрд
Ачит язгуурын багш лугаа
Ялгал үгүй хутагт Арьяабал
Нэгэн нигуур, дөрвөн мутарт
Эхний хоёроор алгаа хавсран
Доод баруунаар болор эрхи
Зүүнээр лянхуа цэцэг барьсан.
Хоёр өлмий очироор завилан
Бэлгэ, үлгэр бүрэн төгссөн
Цагаан саран адил лагшин
Тэнгэрийн хувцас, эрдэнийн чимэгт.
Зүрхнээ орших Хун үсгээс
Гэрэл цацран бурхад бүгдийг
Урин залж өөртөө шингээв.
Аврал бүхэн чуулсан чанарт
Хирээс хагацсан эрдмийн сан
Багш танд бишрэн мөргөмүй.
Бүхэнд сайн тахилаар тахимуй.
Гэм алдлаа наманчлан боомлоё.
Гурван нууцын зохиолд баясмуй.
Гүн, дэлгэр номыг айлдаач
Зуун галавт хөдлөшгүй оршооч.
Буянаа төгс гэгээрэлд зориулмуй.
Тааллын “Хри” үсгэн эрхээс
Гэрэл цацран ертөнцийг ариусган
Амьтан бүхнийг цэцэгт Арьяабалын
Дээд хутагт хүргэн үйлдэв. (хэмээх энэ хэсгийг бясалган “Ум мани бадмэ хун” -ыг олон удаа уншина. Дуусаад)
Гэтэлгэгч дээд багш Арьяабал
Танаас өөр аврал үгүй ээ.
Бодийн хутгийг олох хүртэл
Их энэрэлт тааллаар бариач.
Үнэн зүрхнээс соёрхол айлтгаснаар
Багш та гэрэлд уусан
Лагшин, зарлиг, тааллын адислалаар
Гурван үүдийг адислан соёрхлоо.
Буян үүгээр түргэнээ би
Цэцэгт Арьяабалын хутгийг олоод
Нэг ч амьтанг үл хоцроон
Түүний газарт хүргэх болтугай.
Бодийн сэтгэл их эрдэнэ
Төрөөгүй нугаадад төрөх болтугай
Төрсөн бүгдийнх үл доройтоод
Улам дээшид арвижих болтугай.
(Энэхүү Жанрайсэг бурхны бясалгалыг 14-р Далай лам зохиов.)
Дээрх аргачлалаар өглөө, өдөр, үдээс хойш, орой гэсэн 4 тунгаар маани тоолох бол бэлтгэл зургаан номыг бүгдийг хийлгүй нөхцөл байдлаа харж хийх ёстойг нь хийнэ. Түүнээс доош бүгдийг өглөөний хэсэг мэт уншина.
Хэрвээ дээрх мэт дэлгэрэнгүй хийх боломжгүй бол
Аврал одуулж, бодьсэтгэл үүсгэн, цаглашгүй дөрвийг бясалгах үгийн утгыг бодон тайван уншина. Түүний дараа
“Гэмээр эс халдсан цагаан лагшинт
Ялж төгссөн бурхнаар оройгоо чимсэн
Нигүүлсэлийн мэлмийгээр амьтан бүгдийг болгоогч
Хутагт Арьяабал дор сүсэглэн мөргөмүй.”
(Хэмээхүйг уншаад Жанрайсэг бурхнаас гэрэл цацран эх болсон зургаан зүйл амьтан бүгдэд тусан тэд бүгдийн тэргүүлшгүй цагаас хураасан хамаг хилэнц, түйтгэр, муу авьяас сэлт бүхэн амирлаж бурхны хутгийг олж байна хэмээн ахин ахин бодон мааниа тоолно. Тоолж дуусаад)
“Буян үүгээр түргэнээ би
Цэцэгт Арьяабалын хутгийг олоод
Нэг ч амьтаныг үл хоцроон
Түүний хутагт хүргэх болтугай. Хэмээн ерөөл тавина.
Ийн дуусаад адагт нь хураасан буянаа зориулах нь чухал. Эс зориулах аваас буян шамшигдах аюултай. Тиймээс хураасан буян бүгдээ эх болсон зургаан зүйл хамаг амьтан амгалан оршихын тухайд эхлэн зориулж. Түүний дараа амьтан бүгдийг амар амгаланд хүргэх дээдийн ном дэлгэрэхэд зориулна. Түүний дараа өнөө цагт дээдийн номыг түгээн дэлгэрүүлж буй дээдэс бүгдийн оройн эрдэнэ 14-р Далай багш тэргүүтэй шашныг баригч дээдэс мэргэдийн өлмий батжихад зориулна. Түүний дараа өөр өөрийн хүссэн хэрэгтээ зориулан буянаа зориулаарай.
Орчуулж, нэмэн эмхэтгэсэн: Сэра хийдийн адаг шавь Чиндамани