33 тэнгэрийн орны үзэсгэлэнт охид ба Сундарананда - Самжтай адил

Ураг бүрэлдэх тухай судар

Самгарьд нэр нь Сундарананда хэмээн алдаршсан архад бөгөөс угтаа Бурхан багшийн эцэг нэг эх ондоо дүү нь юм. Бурхан багшийн хамаатан садангууд бүгд гэгээрлийн зам мөрд санаа шулуун орсон хэдий ч гагц Сундарананда л ертөнцийн амьдралд сэтгэл хоргодсоор байжээ. Түүний цаад шалтгаан нь тэр удаж төдөлгүй хаан ширээ залгамжлаж их эрхийг атгах байснаас гадна хамгийн гол нь Сундари нэрт хорвоод хосгүй сайхан эхнэртээ сэтгэл хоргоддогоос болсон аж.

Нэгэн өдөр Бурхан багш түүний гэзэг үсээ үргээж гэлэн сахил залаад гэгээрлийн зам мөрд орох ерөөл тавилан бүрэлдсэн болохыг рид хувилгааны хүчээр олж мэдээд бадар барихаар шалтаглан гэрт нь очсон аж. Зарц нь гадаа Бурхан багш бадар барихаар ирсэн гэдгийг дуулгахад Сундарананда яаран гарахаар завдтал Сундари хатан нь «Битгий удаарай! Наад энгэсгээ хатахаас өмнө орж ирэгтүн!» гээд духан дээр нь энгэсэг түрхээд явуулсан нь тэр хоёр хичнээн янаг дотно байсныг илтгэх буй за !

Сундарананда Бурхан багшийн өмнө сөгдөн мөргөхөд түүнд сахил хүртэн буяны ариун замд орох цаг тохиол болсныг дуулгажээ. Энэ нь түүний хувьд маш хүнд туссан бөгөөд эцэс сүүлд нь зоригоо хөвчлөн «Оройн дээд Бурхан минь ээ! Олдой миний хувьд арван цагаан буяны зам мөрд орно гэдэг олдошгүй ховор завшаан мөн. Гэхдээ сувд шиг гэгээн ариухан Сундари нэрт гэргийгээ орхиод явна гэхэд үнэхээр тэвчишгүй болохыг та эрхбиш болгоон үзнэ буй за!» хэмээн өгүүлжээ.

«Сувд шиг гэгээн ариухан Сундари чинь тэгэхээр тэр модны мөчир дээр сууж байгаа өрөөсөн нүд сохор эм самжнаас хэр зэрэг үзэсгэлэнтэй юм бэ дээ?» хэмээн Бурхан багшийг асуухад Сундарананда хариуд нь: «Түүнийг минь тэр хөгшин сохор самж лугаа адилтгаж яахин болох билээ?» гэжээ.

Бурхан багш рид хувилгааны хүчээр түүнийг дагуулан гучин гурван тэнгэрийн орноо очиход гоёмсог сайхан хувцас чимэг бүхий гувай сайхан тэнгэрийн хүмүүд эр эмээр хослон цэнгэлийн манлайг эдлэж байхыг үзжээ. Гэвч нэгэн гоёмсог ордон дотор гагц үгээр зураглахын аргагүй үзэсгэлэнтэй сайхан охид л байхыг хараад «Энэ ордонд яагаад ганц ч эр хүн байдаггүй билээ?» хэмээн Сундарананда тэднээс хэрэг болгон асуужээ. Түүний хариуд нэгэн тэнгэрийн охин «Бурхан багшийн эцэг нэгт Сундарананда хэмээгч залуу эр номын ариун зам мөрд шамдаж далай буян хураасны үрээр манай тэнгэрийн оронд төрөх заяа тавилантай тул бид түүнд үйлчлэхээр ийнхүү хүлээж байгаа юм.» хэмээн хариулжээ. Түүнийг сонссон Сундарананда машид ихээр баярлаж Бурхан багшийн дэргэд буцан ирээд тэр тухай өгүүлэв. Бурхан багш түүнээс «Эдгээр тэнгэрийн охидын үзэсгэлэн гоог Сундаритай харьцуулваас ямар санагдаж байна даа?» хэмээн асуухад Сундарананда ихэд ичингүйрсэн янзтай «Замба тивийн оронд хардаг сохор эм хөгшин самж лугаа ижил санагдав.» гэж хариулсан гэдэг.

Сундарананда Бурхан багшийг дагалдан гучин гурван тэнгэрийн орноос буцан бууж ирсэн даруйдаа гэлэн сахил хүртэж гэгээрлийн үйлнээ шамдах болжээ. Гэвч удалгүй хамт суудаг гэлэнгүүд түүнээс илт зай барих болсныг тэр ажиглав. Тэгээд өөрийн бөл ах болох Анандаас түүний учрыг асуухад «Тэр аргагүй шүү дээ! Та нарын явах зам мөр ондоо болохын учир тэр юм. Чиний хувьд гагцхүү тэнгэрийн төрөл авч тэнд жаргал цэнгэл эдлэх зорилгоор номын үйлнээ шамдаж байгаа бол тэдгээр гэлэнгүүд төрөлгүй ном буюу нирвааны хутагт суралцаж байгааг мэдсүгэй!» хэмээсэн гэдэг. Сундарананда даруй Бурхан багш дээр очиж тэр учрыг айлтгахад хэсэг зуур бодлогоширч байснаа түрүүчийн адил рид хувилгааны хүчээр тамын оронд дагуулан аваачжээ. Тэнд нүгэлт амьтад эсэн бусын аймшигт эрүү тамлалыг амсаж байгааг энд дурьдахын аргагүй нүд халтирам харагдаж байсан гэдэг. Харин нэг тостой тогоонд эрлэгийн элч нар гал өрдөх боловч түүнд чанагдан шийтгэл хүлээх хүн үгүйг гайхаж «Яагаад гагц танай тостой тогоонд чанагдах нүгэлтэн байхгүй байгаа юм бэ?» хэмээн Сундарананда асуужээ. Түүний хариуд нэг эрлэгийн элч «Бурхан багшид эцэг нэг, эх ондоо Сундарананда нэрт дүү байдаг юм. Тэр тэнгэрийн оронд төрөл авч тэнд эдлэх буянаа дуусахаар урьд өмнө үйлдсэн нүгэлт үйлийн эрхээр манай тамын оронд төрөх тул бид түүнийг гэсгээхээр ийнхүү хүлээж байгаа юм даа!» хэмээн хариулжээ. Энэ хариуг сонссон Сундарананда айхын ихээр аюуж Бурхан багшийн дэргэд буцан хүрч ирээд усан нулимсыг горхи мэт урсгах зуур гэгээрлийн үйлнээ сэтгэл шулуудан орохоор шийдсэнээ өгүүлжээ.

Сундаранандагийн сэтгэлийг уран аргаар ийнхүү номхруулсаны дараа Бурхан багш түүнийг өөр бусад 500 гэлэнгийн хамт дагуулсаар идээн өгөгчийн хотол баясгалант цэцэрлэгт очоод нэгэн номыг айлдсаны нэр нь «Бурханы айлдсан ураг бүрэлдэх тухай судар» болой. Түүнд өгүүлсэн бүхэн ураг бүрэлдэх тухай орчин үеийн анагаах ухааны тайлбартай яв цав нийцэж байдаг нь гайхалтай. Ер нь дээр өгүүлсэн Сундаранандагийн тухай үйл явдлууд бүгд тэрхүү сударт өгүүлсэн байдгийг дурдсугай! Ер нь эхийн хэвлийд ураг хэрхэн бүрэлддэг тухай мэдлэг орчин үеийн хүмүүсийн хувьд төдийлөн шинэ сонин зүйл байхаа больсон хэдий ч 2500 жилийн өмнө Бурхан багш эм гормоны ялгарал болон түүний физиологийн үүрэг ураг бүрэлдэхэд ямар нөлөөтэй болохыг эндүүгүй айлдаж байсан гэвэл гайхалтай санагдаж байна уу? Гэхдээ мэдээж хэрэг «гормон» гэж айлдаагүй тухайн үедээ тохирсон тусгай нэр томъёогоор өгүүлсэн гэдэг нь мэдээж юм. Ганжуурын дунд багтдаг энэ гайхалтай судрын орчуулгад манай эртний гүүш нар уг үгийг хэрхэн оноосныг нарийвчлан ухачлаад гаргаж ирвэл «гормон» гэдэг үгийн эртний монгол нэрийдэлтэй эдүгээ бид танилцаж болох юм аа.

Ураг бүрэлдэх явц, нэгэнт бүрэлдсэн ургийн хөгжлийн мөчлөгүүдийг долоо долоо хоногоор нарийвчлан тайлбарласан нь бас л гайхалтай байж таарна. Үхсэн амьтны сүнс зуурдын биет хэлбэрээр 49 хоногийн хугацаанд бардын орноо зорчиж байдаг тухай дийлэнх хүмүүс дуулж мэдсэн байх аа. Тэр хугацаанд шинээр ямар төрөл авах хэлбэртээ дүйцсэн хэлбэртэй хий биет маягаар оршиж байдаг аж. Тэнгэрийн болон хүний төрөл авах зуурдын биет нь хүчтэй алтан гэрэл цацруулан явдагийн зэрэгцээ толгой нь эгц дээш чиглэсэн байвал тэнгэрийн орноо мадаггүй төрөх нигууртай байдаг. Харин хүн болон мал адгуусан төрөл авахаар байвал хөндлөн маягтай зорчин яваагаас мэдэж болдог тухай уг сударт айлджээ. Харин толгой нь уруу харсан янзтай зорчиж яваа зуурдын биет ямар төрөл авахыг уншигч та төвөггүй таамаглаж байгаа биз дээ? Тийм ээ! Тэр бол тамд унах шинжийг илтгэдэг гэнэ шүү!

Эмэгтэй хүний биед эм гормон дутагдсан үед үр тогтож ураг бүрэлддэггүйн сацуу тухайн хүний биед ямархуу сөрөг өөрчлөлт гардаг тухай нарийвчлан өгүүлсэн нь орчин үеийн анагаах ухааны тайлбартай яв цав нийцэж байгаа нь нэн гайхамшиг. Бас эрхэм дээд язгууртай эр эмийн ойртон янаглах үед эхийн хэвлийд орсон муу заяат зуурдын биет ураг болон бүрэлдэх хувь дутмуй. Харин урьдын сайн ач буяны үрийг тээж яваа зуурдын биетийн хувьд нүгэлт муу үйлээр замнагч эр эм хоёрын үр болон заяах боломж байдаггүй тухай уг сударт нарийвчлан өгүүлсэн нь сонин.