Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Хүрээмаралын сан оршвой

1990 онд Бурхны шашин ахин сэргэх чөлөө учрал бүрдсэн тэр цагт хүрээ хийдүүдэд бага залуу насандаа шавилан сууж асан эрдэмт лам хуврагуудаас өдрийн од мэт цөөн мэргэд үлдэж, монгол номын мэргэдийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээсэн билээ. Дээдийн номын эрдэм увьдаст миний биеийг хөтлөн жолоодсон цаглашгүй ачит их багш, хэргийн тухайд алдрыг нь дурдваас Байдрагийн хүрээнд бага наснаасаа шавилан сууж, Бандида гэгээний эрдэм увьдисаар гийсэн Чимэдбадам хэмээх эгэлгүй эрдэмт хуврагаас надад өвлөгдөн ирсэн судар номын дунд нэр нь тодорхойгүй, төгсгөл нь байхгүй 4 цаас гар бичмэл ном байсан нь энэхүү Хүрээмарал, Цоржбулаг, Баянжаргалантын уулнаа оршсон Орны тэнгэрийг баясган тахих судар байлаа. Эртний гар бичмэл судрууд дүрмийн хувьд алдаа мадагтай хуулбарлагдсан байх нь хаа нэг тохиолддог бөгөөд энэхүү сударт буй алдааг нь шүүж, монгол хэлнээ засварлан хөрвүүлсэн болно. Харин Түвд уншлагыг үйлдэхэд үг хэллэгийн хувьд зөрчигдөхөөргүй байсан, мөн эх сурвалжид үзэг хүргэх нь зохисгүй байх тул тэр хэвээр нь хэвлүүлэн гаргалаа.
Судрын орчуулга
Намо гүрү ваяа.
Энд орны тэнгэрийн соёрхол талбихыг хүсвээс ариун газарт тулсан ширээн дээр Орны тэнгэрийн балин хөх бадмын үрлээр тойруул. Баруун талд нь цэвэрхэн саванд улаан үнээний тос, цагааны сүүнд хольсон Лусын эмт үрлийг цэвэр усанд найруул. Зүүн талд нь цагаан сэржим, өмнө нь хоёр уст ойрын тахил сэлт бас бус тост гурил, цай, архи, сүү, тарагны дээж ба идээ ундааг хилэнц үгүй ариун бөгөөд элбэгээр бэлдэж, элдэв анхилам үнэрт ариуслын эд нугуудыг ч бэлтгэ. Аврал сэтгэл тэргүүтэнг урьд нь талбиад, өвөр ямагт аль нэгэн ядам бурхны омгоор тахил, балин, ариусгалын эд нугуудыг сагнан ариусга.
Хоосны агаараас өөр өөрийн нэр үсэг анхан дуслаас хайлснаас гарсан Орны тэнгэр нөхөр сэлтийг баясган үйлдэгч тахил, балин, сангийн эд, жансиг санаагаар багташгүй газар хийгээд завсрын гэгээ, огторгуйн энгээр дүүрэх болов хэмээн санаад Ум сарва бид…тэргүүтэнг 3 удаа унш. 6 тарни 6 мутарлагаар адислаад үнэн хүчийг өгүүл.
Хум. Машид жавхлан үзэсгэлэнтэй агаад сэтгэл булаам уулс
Хад, мод, цэцэг, хүрхрээ ус олноор чимэгтэй бөгөөд
Хүн, мал, араатан, гөрөөс, жигүүртэн шувуу
Хамаг олон амьтан шадарлан амьдарсан
Хотол эрдмээр баялаг орон дэлхий үүний
Эрхэт их Хүрээмарал, Цоржбулаг хийгээд
Эрхэмлэж ялангуяа Баянжаргалант уулнаа
Их тэнгэр Юлха бээр голлон оршоод
Тэнгэр, лус, шивдаг, найдаг, савдагийн чуулган
Өвөр тусын хаана оршсон ахуй орноос
Өөр өөрийн чимэг зүүсгэл, дүр байдал, уналга сэлт
Өмөг нөхөд сэлтээр рид хувилгаанаар үүнээ ажраад
Өвөр тусын хүссэн суудалдаа оршин соёрох.
/Хэмээн урин залж суудал өргө. Тахил өргөх нь:/
Аяа. Орны их тэнгэр нөхөд сэлт дор
Бодитой бэлтгэж, сэтгэлээр хувилгаснаас гарсан
Өлмий сэрүүцүүлэгч, тавиг ус, цэцэг, хүж хийгээд
Үнэрт ус, гэгээн зул, зоог идээ, хөгжмийн чуулган
Хүслийн таван эрдэм сэлт тахилын чуулганаар огторгуйг дүүргэж
Хонь, ямаа, морь, үхэр тэргүүтэн мал сүрэг ба
Хээрийн гөрөөс, араатан, жигүүртэн шувууд ба
Илд, жад, сум тэргүүтэн мэсийн язгуур
Эрээн солонго мэт элдэв торгон даавуу
Гурван цагаан гурван амттанаар хольцуулсан зоог балин
Амт, шим төгөлдөр элдэв зүйл идээ, ундаа
Архи, айраг, сүү, тараг, цай тэргүүтэн ундааны язгуурыг
Арвис тарниар адислан арвижуулан өргөмүй
Орны тэнгэр нөхөд сэлтэд өргөсний шүтэн барилдлагаар
Шороо ухаж, чулуу ховхлон, мод тасалж, ус булингартуулсан
Зээр гөрөөс авлаж, хараал зүхэл, хиншүү хярвас тавьсан
Зохисгүй муу үнэрт хилэнцийн идээгээр тахисан тэргүүтэн
Өөрийн сэрэмжгүй явдлын өөнтөг, гэм буруу бүхэн
Өвөр чанараас ариун номын агаарт ариусах болтугай.
Үйлс хэргийг даатгах нь:
Аяа. Орны тэнгэр нөхөд сэлтэд үйлсийг даатгах ану
Егүүзэр би хийгээд тахил эрдмийн нөхөд сэлт ба
Орон зүг үүнээ агч төрөлхийтэн нугуудыг
Үргэлжид сахих бөгөөд асрал энэрэлээр тэтгэн зохио
Хүмүүн малын өвчин хижиг, гал ус, аянга, мөндөр
Хүмүүн ба хүмүүн бусын ойр хөнөөл бүхэн амирлаад
Үндэс язгуур, насны цог, яруу алдар, эд баялаг ба
Үрийн шим тэргүүтэнг дэлгэрүүлэн арвитгаж зохио.
Омог төгс нугууд бишрэл үйлдэхүйд санасан хэргийг нь бүтээж
Огоот сав шим бүхний эдлэлийг эрхэнд хурааж
Хүмүүнд өвчин ад, эд малд дээрэм хулгайг үйлдэгч
Хөнөөлт араатан сэлт дайсан тотгорыг тоосон товрогло.
Соёрхол тахилыг Орны тэнгэр нөхөд сэлт дор өргөсний
Сайн буянаар үргэлж сахин тэтгэх бөгөөд
Аливаа харшлах нөхцөл бүхнийг амирлуулж
Аясаар зохилдох нөхцөл бүхэн хоцролгүй бүрдэж
Амар жаргалангийн хотол төгс чуулган гарах болтугай.
Шивдаг дорма өргөж, буян хишгийн даллага авахыг хүсвээс бусад сударт гарсан мэт үйлд. Тэндээс орны тэнгэр нөхөд сэлтийн дээр огторгуйд ялж төгс нөгчсөн Шагжтүв, Лүванжалбуу, Минтүгба, Дорсэм нугуудад оршсоны лагшны хувиас рашааны гэрлийн урсгал бууснаар орны тэнгэр нугуудын бүх биеээр дүүрч гурван үүдний хилэнц түйтгэр гэм унал түүний үр зовлон ба див бузар, ариун бус бүхэн ариусан арилснаар сэтгэлийн үндэс номын лагшны амгалан лугаа төгөлдөр болсноор санаад дээр тодорсон бурхдын тарни ба зуун үсэгтийг юу бүтсэнээр урьсны төгсгөлд,
Онцлон энэ мэт үйлдсэн буяны хүчээр
Орны тэнгэр нөхөд сэлт бээр
Хилэнц түйтгэр, зовлон, бузар див бүхнийг
Хоцроолгүй арилган ариусгах болтугай.
Хойшид тэнгэр хүмүүний биеийг олох ба
Ханьцашгүй дээдийн ном лугаа учирснаар
Өвөр тусын хоёр тусыг бүтээн үйлдэгч
Үлэмж дээд хутгийг олох болтугай
хэмээх тэргүүтэн зориулга ерөөлийг үйлд. Сансар нирвааны цог учрал тэргүүтэн хүсэл соёрхолын сүүлд,
Харьяат орны тэнгэр нөхөд сэлт та нугууд
Миний үйлдсэн алимад тахил өглөг үүнээ
Харшлан эндүүрч, түгшүүлсэн бүхнийг хүлцэн соёрхсоноор
Машид баясаад өөр өөрийн орноо залрагтун
хэмээн залран соёрхохыг үйлдсэний сүүлд, өлзийг өгүүлэх бөгөөд цэцэг…/өргө/……..