Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Хөвших хайрхны сан тахилга

Занжал Дорждагзалд ариусгал тахил өргөх ёс, хиншүүний өнгө урвуулах сэлтээр Занжалыг баясгах тахилын үүлэн хэмээгч оршвой
Занжалыг баясах тахилын үүлс хэмээгч энэ судар нь, Дайчин вангийн нутаг буюу одоогийн Баян-Овоо сумын нутагт буй Хөвшихийн тээг хайрхны сан тахилгын ном юм. Тус судрыг Хутагт номт төрд оюунаар орогч, дээд уудам нутгийг тэтгэгч, хүмүүний эрхэт Анван дайчин ван бээр төрийг өнө удаан оршоох тухайд Зүүн сонгинотын оронд төрсөн тойн дүрст гаачин лам Лувсандамбийням хувилгаанд дурдан хүссэний урмаст Гачин лам бээр Пандэчойнхорлин хийдэд зохион найруулжээ. Энэхүү сударт Хөвших хайрхны их улаан хадан балгаданд догшин улаан албин Занжил Дорждагзал хийгээд түүний хатан нууцын эх Одварма, их түшмэл Равдандүддүл сэлт олон нөхдийг урин залж тахил зоогийг өргөн, элдэв анхилам цэцэг, ариусгал утаан үүлс, гурван мянган ертөнцийг гийгүүлэгч зул, рашаан ус, яруу хөгжмийн дуугаар тааллыг нь баясган үйлс хэргээ даатгажээ. Эдгээр их сахиусан тэнгэрүүдэд даатган өргөснөөр газар лусын хорлол хөнөөл, элдэв хижиг өвчин, ад тотгор, хар хэл амыг буцаан эд малын гарзын үүд хаагдаж, амь нас, цог хийморь аливаа бүхэн өөдлөн дэлгэрч, аян зам алс хээр одохуйд аюул осол бүхнээс хаацайлан тэтгэж, гурван өдөр араас харуулдан, гурван шөнө урдаас тосон манаж байхыг алгасралгүй биелүүлэхийг сануулан дурджээ.
Судрын орчуулга
Намо гүрү Базардара яа. Очирдарад мөргөм үү.
Энд Занжал Дорждагзалд сан тахил үйлдэхийг хүсвээс, ариун болоод сэтгэлд зохист оронд цагаан, улаан зандан, даль, агь, арц тэргүүтэн элдэв сайн модны язгуур ба элдэв торго, элдэв үр, элдэв эрдэнэ, сайн идээ, цай элдэв бүхнийг тост гурил лугаа хольж, элдэв арвин сангийн эдийг ширэн буюу зэс саванд утаагүй галд шатаа. Авралын сэтгэл, цаглашгүйн бясалгалыг урьд нь одуулахын үүднээс, Өвөр ямагт агшин зуур Цогт дээд цэнгэлгээнт морин лагшинд босов хэмээн сана. Өвөр ямагт Ядам бурхны омгийг батад барь.
Сангийн эдийг адистидлах нь;
Ум базра амрида гүндалиди хана хана хум пад. Ум сува вашүда сарва дарма сува вашуда хум. Донба недү жүр. Хоосон чанарт болов. Хоосны агаараас Врүм үсгээс гарсан эрдэнийн агуу их ужим сав дотор Ум Аа Хум үсэг хайлснаас гарсан сангийн утаан үүлс, есөн хүслийн барагдашгүй бэлэг гарахын их сан ба бодит ялгамжит хутагтын эдлэл, тангарагтан Занжал нөхөр сэлт өөр өөрийн ямар мэт хүссэн горилыг ханган амгалан ялгамжтайг үүсгэн үйлдэгч үйл үйлдвэр лүгээ төгс болов. Огторгуйн сангийн тарни ба Агдүг, Чагдүг-ээр адислан үнэн хүчийг өгүүл.
Аяа. Аугаа өндөр сүр жавхлант уужим их улаан хаданд
Аюумшигт цусан далай хямарч улаан хуй эрчилсний дунд
Асар үзэсгэлэнт орны дээд ширэн өргөөнөөс
Албин хаан Занжал Дорждагзал ажран соёрх.
Баясгаланг үүсгэгч нууцын эх Одварма хийгээд
Бошго зарлигийн их түшмэл Равдандүддүл
Зарлиг сонсогч нөхөд чуулганы далай сэлтийг
Залбиран сүслэх сэтгэлээр урин залмуй ажран соёрх .
Мянган дэлбээт баясгалангийн цэцэг элдэв өнгөөр дэлгэрч
Машид анхилам утаан үүлс тэнгэрийн мөр бүрхэн жигдэрч
Зулын гайхамшигт эрхис гурван мянган ертөнцийг гийгүүлж
Зандан, гүргүмийн үнэр халдсан рашааны урсгал долгисч
Тэнгэр, хүмүүний сайн идээ ундаа уул мэт овоорч
Тэнгэрийн хөгжмийн яруу дуун өөрөө дуурсаж
Баяслыг машид үүсгэгч сэтгэлд зохист элдэв дүрс
Бийби хөгжмийн олон чавхдасаар охин тэнгэрийн хуруу бүжиж
Сайн умдааны машид анхилам далай уйлгалж
Сац бас дээд амт төгс тэнгэрийн элдэв идээ
Сэтгэлд зохист эерүү зөөлөн хүрэлцэхүйн дээд тэргүүтэн
Бодитой бэлтгэж сэтгэлээр машид хувилгасан
Балин тахил, тангаргийн эд, жансигийн чуулган эдгээрийг
Бишрэхүйн дээдээр Занжал, Далха нөхөр сэлтэд өргөе,
Баясан таалж бүхий даатгасан үйлсийг бүтээгтүн
Ялангуяа Занжал нөхөд чуулганы далай нугуудыг
Ямагт баясгах сангийн эд алимад сайн бүхнийг
Галбын галын өмөгт ханьцах өглөг идэштийн дотор
Галдаж шатаасны утаан үүлс үхэлгүйн мөр дүүрсэн үүнийг
Баатар цог төгс Занжал Дорждагзал хийгээд
Баясгаланг үүсгэгч нууцын эх Одварма
Үйлсийг зохиогч зарлигийн түшмэл Равдан дүддүл
Үнэн зарлигийг сонсогч нөхөд чуулган сэлтэд өргөе.
Болгоон зооглосноор шашин ба шашныг баригчийг тэтгэн
Бас ялгамжлан арвис тарнийг баригч нөхөр сэлт дор
Барцад хорлол үйлдэгч хижиг өвчин, ад тотгор
Бусармаг чинад хараал зүхэл муу тарнийн турхираас
Буруу онолтны хэл ам, дайсны хэрүүл тэмцэл өс хонзон
Бусад гадаад, дотоод, нууцын ойр хөнөөлийг хоцролгүй
Бушуу түргэн амирлуулан буцаахын үйлсийг зохио.
Амь нас хийгээд хишиг буян, цог учрал, хийморь сүлд
Аугаа хүчин, яруу алдар, язгуур үндэс, хүрээлсэн нөхөд
Алин зохилдох нөхцөл, хотол чуулган, есөн хүслийг
Алиныг ч хоцроолгүй дээш дээшид өрнүүлэн зохио.
Хүссэн хэргийн тухайд ба бүрнийг хаа одовч
Хол чанагш явахад үдэж, инагш ирэхүйд тосож
Хавцгай зам, халил газар, живэх ус тэргүүтэнд одохуйн цагт
Хамгаалан тэтгэгтүн, хүчин соёрхогч сүлдэн тэнгэр минь
Товчилбоос орон суурин, аян зам, хээр хөдөө гуравт
Товтой гурван өдөр харуулдан, гурван шөнө манаж
Үргэлжид нэгэн үзүүрт сэтгэлээр батлан даатгасан үйлсийг
Үл алгасран, үл алгасрагтун, үтэр түргэнээр ямагт бүтээгтүн.
Хэмээн аль хүссэн үйлсийг даатгаж Занжал нөхөр сэлт машид баясаад өөрийн орон шүтээнд залрагтун. Дахин наашид би бээр урин залахын цагт үтэр түргэн заларч үйлс хэргийг зохион соёрх. Ажран соёрхох дор өлзий хутгаар эцэст нь зуунтаа үйлд. Бас үүгээр хиншүү хярвас тавихыг хүсвээс ямааны өөх, бойгар, улаан зандан, арцыг талхлан хольж хиншүүний эдийг галд шатаа. Адислах үед сангийн утаан үүлс хэмээхийг хиншүүний утаан үүлс гэх ба машид баясан сангийн сайн эд алимад бүхнийг гэхийг машид баясан хиншүүний сайн эд алимад бүхнийг хэмээн үг хувирган бусад үгийг дээрхи мэт үйлдэж бүтээх болой хэмээн Занжал Дорждагзалд сан тахил өргөх ёс хиншүүний үнэр лүгээ сэлтээр Занжалыг баясах тахилын үүлс хэмээгч энэ нь, гайхамшиг гарсан олон эрдмээр машид баялаг буян хишгийн хүчнээр илтэд Хутагт номт төрд оюунаар орогч, дээд уудам нутгийг тэтгэгч, хүмүүний эрхэт Анван дайчин ван бээр тэнгэр лүгээ хир үгүй төрийг өнө удаан оршоох тухайд Зүүн сонгинотын оронд төрсөн тойн дүрст гаачин лам төрөл нэр Лувсандамбийням бээр хүмүүний эрхэт түүний хурал Пандэчойнхорлинд найруулав.
Ихээс их дээд Үзүүлэгч ханьцаш үгүй
Илт номын эзэн наран ялгуусны адистидээр
Илбэлт шимнус ба тотгор, хорлогч дайсанг амирлуулж
Энх цогт орны өдөр шөнө өлзий хутаг оршиг.
Машид ханьцашгүй үнэн дээд номын төвд
Мадаггүй үнэн дээдийн номын рашааны адистидээр
Муу нисваанисын зовлонгоор энэлэгч дайсанг амирлуулж
Мөнхөд цогт орны өдөр шөнө өлзий хутаг оршиг.
Эрдэмт хувраг эрдэнийн цогийг бадраагч эх
Эрхэм ялгуусны хөвгүүний тустай үнэн адистидээр
Эргүү гэмийн нөхцлөөс ангижирсан буяны чуулган арвидаж
Энх цогт орны өдөр шөнө өлзий хутаг оршиг
Тэр мэт ариусгал тахил өргөснөөр та нугууд
Тэрслэн харшлах нөхцөл бүхнийг амирлуулж
Тэнцэн зохилдох нөхцөл бүхнийг хоцроолгүй бүтээгтүн
Тун ялангуяа хур усан бууж, үр жимс, тариан шим дэлгэрч
Дацан энэ ямагтыг мөнхөд сахин тэтгэж зохио .
Онц чухаг дээд гурав, тэнгэр лусын ид хүчнээр
Орон үүнд хүн малын өвчин гуниг хийгээд
Орчих цагийн хямрал эцэслэн, урин хилэн амирлаад
Огоот цог учрал дэлгэрэн амгалан жаргалангийн баяр хурим үүстүгэй.