Өндөр гэгээн ууц хөндөж буй нь

Цагаан сарын ерөөлийн хурал буюу Чойнпрүл жонга

Монголын буддын сүм хийдүүд цагаан сарын шинийн нэгнээс арван таван хүртэл Чойнпрүл Жонга хэмээх нандин ёс уламжлалт ном хурдаг. Үүний учир юун хэмээвээс Бурхан Шагжамүни хаврын эхэн сарын шинийн нэгнээс арван таван хүртэл өдөр бүр рид хувилгаан үзүүлсэн учир эдгээр өдрүүдэд рид хувилгааныг нь магтан дуулж ерөөл айлддаг болжээ. Түвд цастын оронд бол Богд Зонховын дэглэсэн Чойнпрүл Жонга ерөөл буюу бас Молом Чэнмо хэмээн Их Ерөөл хурдаг агаад Монгол, Түвдэд энэхүү хоёр хурлын дэг жаяг, горим сэлт адилгүй юм. Монголд дэлгэрсэн энэхүү Цагаан Сарын хурлыг Анхдугаар Жэвзүндамба Хутагт Өндөр Гэгээн өөрөө дэглэж, шинийн нэгнээс арван таван хүртэл хуруулснаар эдүгээг хүртэл энэ ёс уламжлал тасралгүй явж иржээ. Ийм учир Халх Жэвзүндамбын шашин буюу Монголын Буддын шашны нэр ч тэр үеэс алдаршсан аж.
Энэхүү хурал Гүрү Ёог буюу Лам Багшийн Ёогийн үүднээс Лам багш, ядам бурхад, баатар дагинас, номын сахиулсан нугуудад хуримын идээ зоог өргөх ба угаал болон мандал өргөх, хилэнцээ наманчлах тэргүүтнээр эхлэж Бурхан Багш болон Арван зургаан Архад ба эртний ихэс богд нарын гуч гаран магтаал уншдаг ба Ерөөлийн Хаан тэргүүтэй зургаан ерөөл айлддаг. Тэдгээрээс Бурхан Багшийн магтаал “Жачэн Цогнима” буюу Бурхан Багшийн рид хувилгааныг дурьдан магтсан “Агуу Их Хоёр Чуулгант Эх” хэмээх судрыг монгол ая дангаар аялгуулан айлддаг буй. Басхүү ерөөлийн төгсгөлд Маань татах ёс уламжлал ч бас Өндөр Гэгээний дэглэсний дагуу унзад лам суудал дээрээ босч зогсоод шахмал хоолойгоор “яанеиг” буюу нотын дагуу хүнгэнүүлэн татаж олонх лам нар түрлэг хийж өгдөг. Маань татах ёсонд хэд хэдэн янз буй агаад зөвхөн Монгол оронд дэлгэрчээ.
Шинийн нэгний рид хувилгааныг үзүүлсэн нь:
Салжал хаан бээр Бурхан багш дор илэрхий гайхамшигт зоог идээ өргөсөн дор машид таалаад шүдний чигчлүүрээ газар хатгасан төдийд их галбарваасан мод ургаж тэнд асан төрөлхийтэн бүгдийн эгээрэл хүслийг хангасан хэмээдэг. Галбарваас хэмээх нь “Эгээрлийг хангагч найлзуур мод” хэмээсэн утгатай. Эртний монголын уран зохиолд “Галбир зандан” хэмээн бас гардаг.
Өндөр Гэгээний багш Банчэн Лувсан Чойжи Жанцан Богдын айлдсан “Агуу Их Хоёр Чуулгант” хэмээх магтаалын шинийн нэгний магтаалд;
Хаврын эхэн сарын шинийн нэгнээ хаан Салжал бээр
Хамгаас илэрхий тахил өргөснийг таалаад шүдний чигчлүүрээ газарт хатгасан даруй
Есөн хүслийн галбарваас найлзуур модон гарч тэнгэр, хүмүүн бүгдийн
Ер эгээрсэн бүгдээр ханган, баясгалан лугаа талбисан дор мөргөмүй
хэмээн магтан айлджээ.