Балданлхам буюу Цогт төгөлдөр охин тэнгэр

Цэдор Лхам буюу Битүүний шөнийн хурал

Битүүний шөнөөс эхлэн хурж байгаа хурлыг ямар учиртай хийдэг вэ? Хүмүүсийн ойлгож буйгаар хуучин оноо үдэж, шинэ ондоо даатгал болгон хураад байгаа тэрхүү хурлын зан үйлүүдийг энгийн хүн байтугай зарим лам нар ч гэсэн жил болгон хурдаг нэг уламжлал төдийгөөр бодох өрөөсгөл тал бий. Энэ зан үйлийг бид сүсэг бишрэлийн үүднээс хүлээж авдаг.
Цагаан сарын хурал ном, зан үйл эхлэхээс өмнөх Битүүний өдрийн Лхамын Цэдор хурдаг. Цэдор гэдэг нь “Шинийн балин” гэсэн утгатай үг юм. Сар шинийн анхны балингаа Лхам бурханд өргөж байгаа тул Цэдорлхам гэж нэрлэдэг. Энэ нь хурлын зан үйлийн нэр болохоос Цэдорлхам гэдэг нэртэй бурхан гэж байхгүй. Хуучин оны төгсгөлийн өдөр буюу битүүнд Лхам бурханд даатган залбирч, нүглээ наминчлан, тахил өргөж, хангалыг нь уншиж шөнөжин хураад яг үүр цайхын үеэс, шинэ он уруугаа шилжлээ гэх үед шинэ жилийн даатгасан балингаа өргөх зан үйлийг Цэдорлхамын хурал гэнэ. Энэ зан үйл нийт бурхны шашинтан дотор аг тарнийн ёс дэлгэрсэн газар оронд машид дэлгэрсэн байдаг. Хийд орнууд энэ өдөр өөрийн сахиусаа тахих, голлон Лхам бурханд даатгал хийдэг юм.
Яагаад заавал Шинийн 1-нд Лхам бурханд залбиран даатгадаг вэ? Лхам бурхныг нийтийн сахиус гэж бүх орон хийд, урсгалууд хүлээн зөвшөөрдөг юм. Бурхан багшийн өмнөх гуравдугаар Одсүрэн бурхан ертөнцөд залран номоо номлож, амьтныг гэтэлгэх үест нэгэн гэгээрсэн бүсгүй сахиус болох тангараг тавьж, хүний нас 100 хүрч, цаг цөвүүрэх үед Шагжамүни бурхан залрах үед шашныг сахих сахиус болж, шашин амьтны тусыг бүтээе гэжээ. Шашин баригч дээдэс, шашин шүтэгч, сүсэгтэн олныг гай барцдаас сахин хамгаалах, үйлсийг тэтгэгч сахиус болно гэж тангараг ерөөлөө тавьсан байдаг. Бурхан багшийн үед энэ сахиус заларсан эртний түүх нь бурхны шашинтан нийтээрээ энэ сахиусыг гэж хүлээн зөвшөөрөх гол шалтгаан юм.
Лхам бурхан нь Дарь-Эх бурханаас үүсэл гаралтай. Дарь-Эх бурхад дотроос нас буян доройтсон, насны хишиг нь гомдсон, доройтсон тэр бүхнийг нөхөхийн тулд Цагаан Дарь-Эхийн дүрээр насны бурхан болдог. Мунхагийн эрхээр бид энэ орчлон хорвоод зовж, зовлонгийн үндсийг тарьдаг. Оюун ухааныг сэргээх, билиг оюуныг олохыг ойртуулах эгшигт охин тэнгэр буюу Янжинлхам бурхны дүрээр ч заларна. Тэгэхээр Янжинлхам бурхан бол Дарь-Эх бурханаас гаралтай. Энэ дээр эгшигт охин тэнгэр маань өөрөө тэр номхотгоход бэрх, харгис хэрцгий, мунхаг амьтныг сүрээр болон догшин дүрээр номхотгож, захиран энэ ном дор орж, хилэнц буруу муу бүхнээс нь сахин хамгаалахын тулд догшин дүр нь Балданлхам сахиус байдаг. Янжинлхам бурхны догшин дүртэй сахиус нь Лхам бурхан юм. Иймд Лхам бурхан бол Дарь-Эхийн догшин дүр юм. Энэ сахиусыг нийтээрээ ажил үйлсээ даатгах, хамгаалуулахын тухайдад тахин шүтдэг. Лхам нь ертөнцөөс гэтэлсэн сахиус бөгөөд 10 дугаар газрын бодисадва болно.
Лхам сахиусанд балин тахилыг хэзээ ч өргөж, даатгал мөргөлөө хийж болно. Тэгвэл яагаад Цагаан сарын шинийн нэгэнд нар ургахтай зэрэгцэн балин тахилаа өргөж, даатгал хийдэг вэ? Дандрын номонд айлдсанаар, энэ цаг үест Лхам бурхны хувилгаан дүр өөрөө ертөнцөд заларч, амьтанд тус үйлдэх, амьтныг болгоох торгон үе ажээ. Энэ цаг үе нь Шинийн 1-ний үүр цайх үес гэж бичжээ. Тиймээс энэ үеийг онцолж авч, шинэ оноо даатган балин өргөх ёстой юм. Лхам бурхны шилжих, хөдлөх, морилох цагуудыг шинжиж, тэрхүү торгон үест балин тахилаа өргөж, даатгалаа хийнэ гэсэн үг билээ. Лхам бурхан өөрөө болгоож байгаа хэдий ч, залрах, хөдлөх энэ үесийг нь тааруулж тахил өргөн, залбирвал илүү аньс ихтэй байдаг. Шинийн 1-ний өдөр Лхам бурхан илтэд өөрийн хувилгаан дүрээр бодитой залардаг үе нь юм. Энэ цагт сайтар хичээнгүйлэн даатгал залбирлыг талби гэдэг. Мөн сар бүрийн 29-ний өдөр Лхам бурхан залардаг. Орон хийд, сүсэгтэн олон Лхам бурхан болон түүний моринд идээ ундаа өргөдөг.
Яагаад орон хийдүүд энэ өдөр шөнөжин хурж хонодог вэ? Уншлага, хурлын тоог уншиж гүйцээхийн тухайтад юм. Лхам бурханд дэлгэр тахилга үйлдэн, жилдээ нэг удаа балин тахилаа хамгийн сайхан дэлгэр тавьдаг. Лхам бурхны чимэг сэлт, хүлэг унаа, эдэлж хэрэглэдэг зүйлсийг балин дээрээ тосоор урлаж, эсвэл “зурган ганзай” буюу тааллыг хангах бүхнийг зурганд байгуулан, тэр бүхнээ дэлгэн тавьдаг. Лхам бурханд даатгал хийхийн урьд ямар нэгэн ядам бурхны бясалгал бүтээлийг эхэлж хийх хэрэгтэй. Ядам бурхныхаа бүтээлийг эхэлж уншчихаад, дараа нь тахилга уруу ордог. Иймээс уншлага асар урт хугацаатай болдог. Үүр шөнөөр ирэх ёстой гээд л Лхам бурхандаа Шинийн 1-ний балингаа шууд өргөхгүй.
Тахилга зан үйлээ хамгийн дэлгэрээрээ, тухайн орон нутаг хийд, сүмүүд өөрсдийн боломж бололцоогоороо хэр дэлгэр үйлдэх вэ?
Тухайн оронд өөрийн хамгийн сайн идээ будаа, балин, тахил өргөдөг. Унаа луусыг нь хазаартай нь бэлтгэж, амьд юм шиг тосоор хийж тавих хэрэгтэй. Мөн бусад өмсгөл зүүлт, хуяг, дуулга, гавал аяга, тодов тэргүүтэй зүйлсийг машид дэлгэрэнгүй хийж, ингэж чадаагүй ч, сэтгэлдээ бүтээлээ гэж бодно. Тахилга зан үйлийг сэтгэлээр хувилгаж, бясалгалаар хийж болно. Хурал номоо дэлгэр уншихаас гадна уншдаг ая дан хөгжим тэргүүтэн хоршоод хэнгэрэг цохидог зантай. .
Лхам бурхан балин тахил өргөж, даатган залбирсны ач тус нь юу вэ?
Тухайн жилийг эрхшээж буй жилийн өнгө, жилийг дуустал амьтны тусыг сахих үйлсээ зохиох гэж заларч байгаа учраас тэр утгаар нь жилийн 365 хоногт энх тунх, сайн сайхан байх, санасан үйл, шашин, төрийн аливаа ажил, хувийн ажил, амьжиргаа, ном буяны үйл хэрэг ч гэсэн саадгүй хэмээн бэлгэдэж байгаа учиртай юм. Өргөж байгаа балин тахилгыг ч гэсэн зүгээр нэг гурил, тос өргөж байна гэсэн бодлоор биш, аг тарнийн ёсоор хувиргаж, самади бясалгал, тарни хоёроор хавсруулан, дээдийн мөн чанарт хувирган өргөж байна гэж бодох хэрэгтэй.
Энгийн хүмүүс гэртээ бурхан тахилаа засч, идээ будаа, зул хүжээ өргөн Лхам бурхан заларна хэмээн хаалга үүдэндээ мөс, өвс, ус тавьдаг. Ялангуяа, үүр цайхын алдад эртлэн босч, зүг чигээ гаргахын урд бурхандаа зул хүжээ мандаан, тахил идээнээсээ дээжлэн Лхам бурхнаа тахих хэрэгтэй. Шинэ ондоо энх тунх, сайн сайхан байх, ганцхан энэ насны, энэ жилийн үйлсийг даатгах биш, цааш цаашдын энэ насны бүх л хэргийн тухайд бодож, орчлон хорвоогоос гэтлэх, хорвоогийн зовлон бүхнээс сахиж хамгаалаач ээ хэмээн даатгалаа залбиран тавих хэрэгтэй.
Бид Лхам бурхан хийгээд бусад сахиус, ядам бурхдад балин тахилыг өргөдөг. Сахиус ядмууд өлсөөд цангаад явдаг зүйл бол биш. Бурхад тахилаар дутаагүй. Харин бид нарт тахил өргөсний буян дутдаг учраас өргөж байгаа юм. Зарим бурханд мах, архи өргөж болохгүй. Лхам бурханд өргөж буй балин тахил нь билиг билгүүний тахил юм.
Сахиус, бурхад, бодисадва, ханд дагинас нугуудын тааллыг баясгахыг тахил гэж хэлнэ. Бурхад юунд нь баясдаг вэ? Таны чин ариун сэтгэл, буяны үүднээс өргөвөл таалан хүлээж авна. Бурхны номонд өглөгөөр өөрөө баяждаг юм аа гээд номлосон байдаг. Сахил санваар ёс цаазыг сахиснаар аз жаргал, баяр цэнгэл ирдэг. Энэ насандаа бид нар сахил санваар сахиж, өөрийн чадлаар арван хар нүглийг ч гэсэн тэвчиж байгаа эдгээр бүхэн өөрт нь эргээд жаргал болж хойд насанд нь ирэх нь дамжиггүй. Өглөг өгч байгаа тэргүүтэн нь эргээд эд хөрөнгө болоод өөрөө баян чинээлэг байхын эх үндэс болж хувирдаг. Ингэхээр бид нар бүгдээрээ тэр сайхан баяр ёслолоор бусдад тодорхой хэмжээгээр туслах, нийгэм эдийн засаг хичнээн муудаж, доройтлоо ч нэг нэгнээ дэмжин тэтгэж байна аа гэдэг бол өглөгийн маш том чухал хэлбэр болно.
Хуучин ондоо алдаа эндээ юу байна, буруу үйл, хилэнц нүгэл юу хураасан байна тэр бүхнээ наминчилж, дүгнэж цэгнээд шинэ ондоо дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй, нүгэл хилэнц хураахгүй, өрөөл бусадтай муудаж сайндсан бол тэр бүхнийгээ өс хонзонгүй сайн сайхан цайлгаж байхын тухайтад Цагаан сар гэжээ. Шинэ ондоо муу муухай бүхнээ цайлгаад, сайн сайхан бүхнээ төлөвлөн бэлгэшээж ерөөгөөд дээр нь тэр өөрсдийн үйл хэрэгтээ шинэлэг зүйлийг гаргах хэрэгтэй.
Би архи дарс уудаг бол, архиа уухаа болино гэж амлах, эсвэл уудаг хэмжээнээсээ багасгана гэдэг ч юм уу. Муу муухай, буруу юм хийсэн бол энийг би давтахгүй юм шүү гэсэн бодол санаагаар шинэ оноо угтах нь жинхэнэ цагаан сар юм.
Гандантэгчэнлин хийдийн Дүйнхор дацангийн лам хуврагууд Цэдор Лхам хурж байна.
Цэдор Лхамын адислага буюу идээ зоог ариусгах хурал “Их Амгалант Хотол буяны Ордон“. 2021.02.11.

Цэдор Лхам тахилгын хурлын уриа Их бүрээ татах. 2021.02.11.

XVII Жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн сар шинийн “Цэдор лхам-ын хурал. 2021.02.11.

“Цэдор лхам-ын хурал. 2021.02.12. 1 цаг 52 минут.

“Цэдор лхам-ын хурал. 2021.02.12. 5 цаг 9 минут.

“Цэдор лхам-ын хурал. 2021.02.12. 6 цаг 11 минут.