Чогжүмүнсэл буюу Арван зүгийн харанхуйг арилгагч

Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацангийн лам Ч. Бямбажаргал – Чогжүмүнсэл буюу Аян замын ерөөл

Чогжүмүнсэлийн хураангуй оршвой.

Дэн ог чогцам шүгви санжайла
Чагцал жавчи дагжаг гардо ян
Дажаг чомгүн мэ чү жансан сог
Жигба гүнжов самдан лхүндүв шог.
Монгол хэлээр:
Дээд доод зүг бүхэнд оршигч бурхан дор
Сүслэн мөргөж аврал одуулмой
Бид бүхний аль явсан, газар бүхэнд ч
Дайсны хулгай дээрэм, гал ус,
Араатан тэргүүтэн аюул бүгдээс гэтлэж
Сансан хэрэг сэтгэлчлэн бүтэх болтугай.
хэмээн үүнийг зүг алинд ч одвоос 3 буюу 7 ба 10 удаа уншваас хүссэн хэрэг бүхэн нь бүтэх болой… хэмээжээ.
Далайчойнхор Ван Тариатын Хүрээ

 

Чогжү мүнсэл буюу аян замын ерөөл.

Авралт бурхан, ном, бурсан хувраг болоод
Ачит лам, ядам, баатар, дагинас бүхнээ
Ариун сүжгээр мөргөж магтаал тахилыг өргөюү
Ашид бид бүгдийн хотол бүлийг өршөө.

Дөрвөн зүгт явж найман зовхист одлоо ч
Гурван эрдэнэ дээдэс аян замыг минь ивээ.

Ядам бурхдын чуулган
Явдал мөрийг минь ивээ.

Эрхт номын сахиуснууд
Эргэлтгүй мөрийг минь ивээ.

Ягчис сангийн эзэд
Ямагт мөрийг минь ивээ.

Эсрүн хурмаст тэнгэр
Эгнэгт мөрийг минь ивээ.

Гадна арвисын сахиуснууд
Гай гамшгаас ивээ.

Ловон үндэсний сахиуснууд
Лай ланчгаас ивээ.

Эцгийн үндэст сахиуснууд
Энх тунх явуул.

Буяны садан тангарагтнууд
Буруу зөрүүг хариул.

Ээл язгуурын сахиуснууд
Эндэл ослоос сэргийл.

Уул усны эздүүд
Учрал мөрийг хамгаал.

Аяны бид бүгдийг
Аль зүг үрүү одлоо ч
Урдаас минь аварч хайрла.

Суухад суурь бат нүүхэд мөр эгц
Явбал үдэж өршөө
Ирвэл угтаж өршөө.

Эрхэлсэн худалдаа хожоотой
Эгээрсэн хэрэг бүтэмжтэй
Залбирсан бид нөхдийн заяасан хүчин болж
Дайсан тотгор бүгдийг тоосон товрогт хийсгэ.

Сүслэгч хүмүүнд энэлгээгүй
Сүрэг малд гарзгүй
Ургац тариаланд мөндөргүй
Улс аймагт гамшиггүй
Зохис бусыг амирлуулж
Захисан үйлсийг гүйцээ.

Ахуй үест тохиох
Алдас доройтол арилаад
Агуу заяа хишиг, нас буян арвижаад
Санасан хэрэг бүгд
Шамдалтгүй аяндаа бүтэж
Шар малгайтны шашин
Сааралтгүй дандаа бадраг.

Дэлхийн эздийн сэтгэлд
Дээд бодийн таалал
Төрөөгүй нь түргэн төрж
Төрсөн нь сацран дэлгэрч
Өнөд үл доройтохын
Өлзий хутаг орштугай.

 

Бурхан багшийн айлдсан Чогжү мүнсэл буюу Хутагт арван зүгийн аюул бүхнийг сайтар арилгагч хэмээх их хөлгөний судар.
Бурхан багшийн айлдсан энэхүү судрыг Монголчууд
зүүн,
өмнө,
баруун,
хойд үндсэн дөрвөн зүг,
зүүн хойд,
зүүн өмнө,
баруун өмнө,
баруун хойд завсрын дөрвөн зүг,
тэнгэр
газар буюу дээд доод зүг эдгээр арван зүгээс ирэх, хүмүүнд учрах аливаа аюул осол, саад зэтгэр, харшлах шалтгаан бүхнээс аварч өршөөхийг даатган уншиж, айлтгаж ирсэн.
ЧОГ – зүг
ЖҮ – арван
МҮН – аюул, мунхаг
СЭЛ – арилгагч буюу аврагч гэсэн утгатай.
Арван зүгийн аюулаас гэтэлгэгч судраас:
Арван зүгийн харшлах шалтгаан бүхэн амарлих хийгээд
Арван зүгийн аюулаас аварч, өлзий хутгийн үг үүнийг өгүүлэх болой.
Зүүн зүгээс нисваанис бүхэн хөдлөхийн аюулаас аварч хэрэг тусыг бүтээх
Өмнө зүгээс харанхуй мунхаг сэтгэлээс үүсэх аюулаас аварч
Баруун зүгт одоход учрах саад тотгорыг арилган хэрэг тусыг бүтээх
Хойд зүгт явах суух хэрэг бүхнийг бүтээж, саад тотгорыг няцаах
Зүүн хойд зүгт шулмын аймгийг дарж, хэрэг үйлсийг бүтээх
Зүүн өмнө зүгт одох хэрэг үйлийг бүтээж, барчид саадыг арилга
Баруун өмнө зүгт эдийг дэлгэрүүлэх хэргийг бүтээж, саад тотгорыг арилга
Баруун хойд зүгт одох үйлийг бүтээж барчид саадыг арилга
Дээд тэнгэр зүгт зорьсон хэргийг бүтээ, учрах саадыг арилга
Доод зүгт эрдмээр нэн чимж, эргэлзээг таслагч түүнээ мөргөмүй
Доод зүгийн хэрэг бүхнийг бүтээж, хишиг буяныг хайрла…
Хэмээн арван зүгийг тэтгэгч бүхэнд залбирал талбин, үйлсээ даатгадаг учиртай.
Хол замын тээвэр хийдэг, аян замд амралт зугаалгаар яваа хүмүүс, хөдөө орон нутгийн иргэд болон хэн хүн ч үйлсээ даатган, элдэв саад зэтгэрийг амарлиулахын тулд өөрсдөө унших, сүм хийдэд айлтган уншуулдаг, адис аврал нь санаанд багтамгүй аврал их, тус түргэнтэй ном юм.
Бурхан багшийн айлдсан Арван зүгийн аюулаас гэтэлгэгч судрын адистидээр аваар осол, цаг бусын үхэл, аливаа гай зэтгэр амарлих болтугай.