Дамдинчойжил

Чойжоо дүгжүү

Гандантэгчэнлин хийд гавж, шунлайв Гантөмөр багш – Чойжоо дүгжүү номыг тайлбарын хамт.

Чойжоо дүгжүү

Монголын сүм хийдүүд сар бүрийн 29-ны өдөр бурхан багшийн өмнө бурхны шашныг сахих ам авсан арван хангал догшдыг тахин баясгаж, хүсэл эгээрэл, хэрэг үйлсээ даатгадаг, их буяны өдөр өнөөдөр тохиож буй.
Эдгээр бурхдын мөн чанар хэдийгээр энэрэл нигүүсэл мөн боловч шашны дайсан, хорт нисваанисыг дарахын тухайд догшин дүрийг үзүүлсэн арван их бурхдыг тахил шүтээний оронд урин залж, уншлага урилга, яруу эгшгийг өргөн баясгаж үйлсээ даатгаж, хамаг амьтан амгалан жаргалантай байх улмаар нэгээхэн амьтан бээр ч үл хоцрон бүгдээр бурхны хутгийг олж сэхээрч гэгээрэхийг даатган үйлддэг зан үйл, хурал уншлага юм.
Арван хангал хэмээх бурхад нь:
Хорин есны сахиус буюу арван хангалыг өглөө 7 юмуу 8 цагаас бүтэн өдрийн турш олон лам нар хурж орой 19, 20 цагийн үед гадаалдаг.
Арван хангал хурахын урд өдөр хурал хийдийн тахилч лам нар тус бүрийнх нь таалдаг тус бүрт нь зориулсан тахилыг бэлдэх ба онцлог хурлын балинг Чойжилын дүгжү хэмээх балингийн хамтаар хийж бэлтгэнэ.
Эхлээд дээрх арван бурхдыг тахил өргөлийн оронд урин залах бөгөөд тахилгын зан үйл дараах хэсгүүдээс бүрдэнэ.
1. Ондог буюу Илт онох хэмээх тухайн бурхан ямар дүр байдалтай, ямар үйлийн тухайд ямар зэр зэвсэг, уналга хэрэгсэл, туслах нөхдийн дагуулан заларч буйг дүрслэн төсөөлсөн хэсгийг уншина.
2. Жандэн хэмээх хамаг амьтны тусын тулд энэрэл нигүүслээр тахилын оронд залрахыг даатган урин зална.
3. Шагба хэмээх залран ирсэн дээрх бурхдын өмнө алдас унал, гэм нүглээ наминчлан залбирч хойшид алдас уналыг үл үйлдэхээ өчин залбирч тангараглана.
4. Гансо хэмээх дээрх залсан бурхдынхаа тааллыг хангахын тухайд таалдаг идээ, эд зүйлсийг нь өргөнө.
5. Гүллэх буюу шавдуулан дуртгах нь хүсэл эгээрлээ даатган, түргэнээ бүтээхийг даатган сануулан айлтгана.
6. Дайв буюу дээрх бурхдын зүрхэн тарнийг хамаг амьтны тусын тулд амгалан жаргаланг даатган уншина.
7. Магтаал буюу дээрх бурхдын эрдэм үйлс, энэрэл нигүүсэл, хүч чадлыг магтан уншина.
8. Ансол буюу тус тусын оршдог оронд нь эргүүлэн залах бөгөөд хамаг амьтны тусын тулд хэрэгтэй үес, урин залахад нигүүслээр үл уйсан түргэнээ заларч байхыг гуйн залбирч уншина.
9. Даш буюу өлзий хутгийг үгс, сайны ерөөлийг айлтган уншсанаар арван хангал тахих зан үйл өндөрлөнө.
Гүл хэмээх хурал уншлагын тавдугаар хэсгийн хойно Эрлэг номун хан буюу Дамдинчойжоо бурхны хүч чадал, адис авралд шүтсэн хамаг амьтнаа учрах 64-н төрлийн гай зэтгэр, өвчин ад, хэл ам тэргүүтэй үл зохилдох зүйлийг арилгаж амарлиулахын тухайд нийт лам нар хурж, балин гарган тусгайлан бэлдсэн галд муу цээр бүхий зүгт шатаадаг. Энэ үест мөргөлчид сүсэгтнүүд ихэд сүсэглэн залбирч үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, түмэн олныг даатган залбирдаг.
Сүсэгтэн хүмүүст дээрх догшин бурхад яагаад ийм хэрцгий дүр байдалтай, энэрэл нигүүсэхүйн чинадад хүрч бурхны хутгийг олж гэгээрсэн атлаа яагаад ийм догшин хэрцгий нүд амаа эргэлдүүлэн, араа шүдээ ярзайлгаж, цус гоожсон хүний гавлыг хэлхэн зүүсэн зэрэг нь гайхмаар санагдах нь зүй юм.
Хангал догшдын мөн чанар нь хамаг амьтныг энэрч хайрласан, өчүүхэн төдий ч хор үл хүргэх хэмжээгүй энэрэл нигүүсэл юм. Гэсэн хэдий ч ийм догшин дүр байдлыг үзүүлсэн нь шашны дайсныг даран сөнөөхийн тулд ийм дүрийг таалсны учир тэр болой.
Бурхны шашны дайсан гэж хэн бэ ? Бөө мөргөл, Христ, Муслим, Хиндү, Шинто юу ?
Бурхны шашны дайсан нь аливаа шүтлэг бишрэл, хувь хүн, итгэл үнэмшил бус бөгөөд шунал, уур хилэн, атаа хорсол зэрэг хүний сэтгэлд орших 84000 хорт сэтгэл юм. Хэрэв тэдгээрийг дүрсэлж үзүүлбээс чөтгөр шулам, ад зэтгэр зэрэг хамаг амьтныг хорлогчдын дүр ургана.
Чухам ийм учир энэрэл нигүүсэл, билиг ухааны бурхан Манзушир Ямандага, энэрлийн дээд Жанрайсиг бурхан Махагала, хамаг амьтныг цор ганц хүү мэт энэрэн нигүүлсэгч Дарь-Эх зэрэг арван бурхад энэрэл нигүүслийн эрхээр, хамаг амьтанд туслах сэтгэлээр догшин дүрийг таалж чөтгөр шулмын дүрд урваж хувирах хорт нисваанисыг дарахын тулд догшин дүрийг үзүүлсэн байдаг ажээ.
Сэтгэл ариун бол ертөнц ариун гэдэг. Арван хангал хурж буй буяны өдөр бурхан шүтээндээ зул хүжээ өргөн, тарни маань уншиж, өгөөмөр энэрэнгүй сэтгэлийг үүсгэн бусдыг энэрч нигүүлсэх сэтгэлээ дэвжээвээс зохистой.
Багш дээд Махагала ялгалгүй түүнд
Бишрэнгүй ихээр би итгэмүй
Би бээр хамаг амьтны
Буртаг нисваанисыг арилгах болтугай.