Бурхан багш - шавь нар болон дөрвөн Махаранзын хамт

Шашин бадрах ерөөл

Доор хөрвүүлэн бичсэн ерөөл нь Бурхан багш төгс гэгээрэлд хүрсэн өөрийн амьдралыг зураглан хамаг буянаа тэрхүү гэгээрлийн зам мөрийг түгэн дэлгэрэхэд зориулсан ерөөл билээ.

Шашин бадрах ерөөл.

(Бурхан багшийн айлдсан шашин дэлгэрэх ерөөл)

Машид болгоогч, Оройн охь, Бүхнийг аврагч
Орчлонг эвдэгч, Алтан чадагч, Гэрэл сахигч
Тэнгэрийн их тэнгэр Шагжийн чадагч гоудам
Долоон баатар бурхад дор сөгдөн мөргөмүй.
Амьтны тусад өмнө би
Алин бэрхшээлийг туулсан хийгээд
Өөрийн амгаланг орхисон түүгээр
Шашин өнөд бадрах болтугай.
Би, өмнө нь өвчтөний тулд
Үгүйрсэн амьтанг аврахын тухайд
Өөрийн амжиргааг бүрнээ орхисноор
Шашин өнөд бадрах болтугай.
Хүү хийгээд охин, эхнэр
Эд, заан, морин тэргээ ч
Эрдэнэт бодийн тухайд орхисноор
Шашин өнөд бадрах болтугай.
Би, бурхан, өөрөө ялагч
Сонсгогч эр, эм хийгээд
Арш нугуудыг тахин үйлдсэнээр
Шашин өнөд бадрах болтугай.
Олон живаа галав бүрт
Элдэв зовлон амссан хийгээд
Бодийн тулд сонсохуйг эрснээр
Шашин өнөд бадрах болтугай.
Би, сахил хийгээд дүр ёс
Бэрхшээлийг өнөд туулан чадаж
Арван зүгийн бурхдыг тахиснаар
Шашин өнөд бадрах болтугай.
Би, урьд хичээл төгөлдрөөр
Үргэлж батжин, чанадыг дарсан
Амьтан бүгд гэтлэхүйн тулд
Шашин өнөд бадрах болтугай.
Хүлцэнгүйн авирыг үргэлж шүтэн
Амьтны мунхаг бодол цөвтсөн
Амьтны мууг хүлцэн үйлдсэнээр
Шашин өнөд бадрах болтугай.
Самади, тийн гэтлэх, дүрс үгүйн
Гангын элсний чинээ дияаныг
Бясалгалсан миний тэр хүчээр
Шашин өнөд бадрах болтугай.
Билигийн тухайд би урьд
Ойд бэрхшээлийг туулан шүтээд
Олон шастирыг чухалд үзүүлснээр
Шашин өнөд бадрах болтугай.
Нигүүлслийн шалтгаанаар мах, цус
Амжиргааг бүрнээ орхисон хийгээд
Эрхтэн, жижиг хэсгээ өгснөөр
Номын ёс арвижих болтугай.
Би урьд хилэнцэт амьтдыг
Асралаар илт боловсоруулж үйлдэн
Гурван хөлгөнд машид хүргэснээр
Номын өглөг дэлгэрэх болтугай.
Би урьд аргыг мэдээд
Муу үзлээс амьтанг гэтэлгэж
Ариун үзэлд хүргэж үйлдсэнээр
Ном машид арвижих болтугай.
Би, амьтанг дөрвөн хураалтаар
Мунхаг бодлын галаас гэтэлгэсэн
Арвидах хилэнцийг би ялсанаар
Миний нөхөд өнөд орштугай.
Би, бусад тэрс үзэлтэнг
Үзлийн үерээс гэтэлгэн үйлдээд
Үнэн үзэлд хүргэсэн тул
Миний нөхөд үргэлж биширтүгэй.
Өнөд шашин арвижих болтугай.

 

Амьтан бүгдийн тусад ерөөлийн утгыг бясалгаж уншин ерөөх нь гэгээрлийн зам мөрд дуршил хүсэл арвижих мөн тэрхүү зам мөр ертөнцөд дэлгэрэх нэгэн шалтгаан болох ба ерөөл бүгдийн дундаас гэгээрлийн зам мөр дэлгэрэх ерөөлийг хамгийн эрхэм, аугаа их буяныг хураах ерөөл гэдэг тул олноороо буян хураахад тустай учир уншин ерөөж байх нь нэн чухал.