Бурхан багш 33 тэнгэрийн оронд тэнгэрүүдтэй хамт

Энхжин (Диваажин)-гийн орноо төрлийг барих ерөөл Дээд орны үүдийг нээгч

Манзушир бурхны тааллаар даган тэтгэгдэж түүний зарлигийн зааварт тулгуурлан ханьцашгүй дээд Богд Зонховын зохиосон “Энхжин (Диваажин) -гийн орноо төрлийг барих ерөөл Дээд орны үүдийг нээгч” хэмээх оршвой.
Гайхамшигт зохиолоор баршгүй цогийг амьтанд хайрлах
Дурдсан төдийд үхлийн эзэн алсран орхих
Нигүүлслээр амьтдыг ганц хүүчлэн үргэлж таалах
Тэнгэр, хүний багш Цаглашгүй наст (Аюуш бурхан)-ад мөргөмүй.
Чадагчийн эрхэт Бурхан багш олонтой дурсаж
Дээд оронд бүрнээ сайтар магтан онцгойлсон
Энхжингийн оронд төрөх эл хэдэн ерөөлийг
Эрхгүй энэрэх сэтгэлийн гүнээс чадахаар өгүүлмүй.
Авах, гээхүйг мунхагийн зузаан манан түйтгэрлэнэ
Уурын мэсээр амгалант төрлийн амийг тастана
Орчлонгийн гянданд шунал хүслийн цалмаар хүлэгдэнэ
Үйлийн мөрнөөр ертөнцийн далайд эрхгүй хүргэгдэж
Өвдөх, өтлөхүйн мөнхийн давалгаанд сатааран зовсоор
Үхлийн эзэн аюулт матарын аманд орох
Үл хүсэх үүрэгт зовлонгийн ачаанд дарагдахуй
Авралаас хагацсан гаслант би бархирах дуугаар
Сэтгэлдээн ерөөл өргөн чадсан гэрч болохыг
Үгээгүйн садан, өөд татагч Цаглашгүй гэрэлт (Одбагмэд)
Хүчийг олсон Мэлмийгээр болгоогч (Жанрайсэг) ялгуусан хөвгүүд
Нөхөд сэлтэд ихэд бишрэн соёрхол айлтгая.
Тоолшгүй галавт бид бүхний тусын тулд
Дээд тааллыг үүсгэсэн тангаргаа үл умартан
Эрхэн жигүүрт (гарьд) тэнгэрийн замаар нисэх мэт
Ихэд нигүүлсэн хувилгаан хүчээр энд залраач.
Өвөр хийгээд бусдын гурван цагт барилдсан хоёр чуулганы далайдыг нэгэн зүгт нэгтгэсний хүчээр, үхэх цагт нэн ойртон оршихуйд би өөд тататгч Цаглашгүй гэрэлтийг ахмад хоёр хөвгүүн тэргүүтэй нөхдөөр хүрээлэгдсэнг илтэд үзэх хийгээд тэр цагт ялгуусан нөхөд сэлтэд зоригдсон буцалтгүй сайн сүсэг төрөөд амин судас тасрах зовлонгүй, орны хамт сүсгээ үл мартан дурдсаар үхэн егүүтсэн дариуд ялгуусны найман хөвгүүн хувилгаан хүчээр ирэн Энхжингийн оронд одох замыг ямарчлан үзүүлсэнд шүтэн эрдэнийн бадмаас их хөлгөн язгуурт, оюун хурц ямагтад төрөх болтугай.
Төрсөн дариуд тогтоол, дияан, зоригдол үгүй бодь сэтгэл, барагдах үгүй авхаалж тэргүүтэй эрдмийн чуулган үлшгүйг олох хийгээд ханьцашгүй багш Цаглашгүй гэрэлт тэргүүтэй арван зүгийн ялгуусан хөвгүүн сэлт бүгдийг баясган үйлдээд их хөлгөний зарлиг ишийг үнэн ариун хүртэх болтугай.
Тэдгээрийн утгыг ямарчлан дотроо багтаан (сайтар онох) агшин нэг нэг бүрд машид хэтэрсэн (тоолшгүй) бурхны оронд рид хувилгаанаар төрвөлгүй зорчоод бодьсадвын аугаа их явдал бүгдийг бүрнээ төгсгөн үйлдэх болтугай.
Ариун оронд төрсөн ч буцалтгүй хүчит нигүүлсэлээр өдөөгдөн төрвөл үгүй рид хувилгаанаар ариун бус оронд зонхилон очоод амьтан тэдэнд өөр өөрийн хувьд нийцсэн номыг үзүүлснээр ялгуусны сайшаасан ариун мөрд оруулан чадах болтугай.
Гайхамшигт тэдгээр явдлыг үтэр төгсгөн үйлдэх үүднээс хязгааргүй амьтны тусад ялгуусны хутгийг амар хялбар олох болтугай.
Хэзээ нэгнээ хуран үйлдэх нас (амь)-аа орхиход
Далай мэт нөхдөөр хүрээлэгдсэн Цаглашгүй гэрэлтийг
Нүдний мөрд ил тодорхой үзэн хараад
Сүсэг, нигүүлсэлээр миний үндэс дүүрэх болтугай.
Зуурдын үзэгдэл ургаж эхлэх тэр дариуд
Эндүүрэлгүй мөрийг ялгуусны найман хөвгүүд үзүүлснээр
Энжингийн орноо төрөн хувилгаан бие дүрсээр
Ариун бус орны амьтанг өөд татах болтугай.
Тэр мэтийн дээд хутгийг эс олсон төрөл бүгдэдээ ч ялгуусан шашны иш, онолд асар ариун сонсох, санах, бясалгахуйг бүтээх шүтээн (төрөл) ямагтыг олох болтугай.
Шүтээн тэр нь ч өндөр язгуурын долоон эрдмийн чимэг лугаа үл хагацах болтугай.
Тэр мэт ахуй үе бүгдэд ч урдын оршихуйг ямар мэтчлэн дурсах төрлөө санахыг олох болтугай.
Төрөл бүгдэд даяар орчлонг шимгүйд үзэн, гэтлэхүйн эрдмээр сэтгэл булаагдсан санаагаар өдөөгдөн ялж төгс нөгцсөний сайтар зарлигласан номхотгол (винай) номд машид гаран үлдэх болтугай.
Машид гарсан цагт ч өчүүхэн гэм уналаар ч үл халдан сахилын цогцыг эцэст хүргэн зохиохуйн үүднээс их бодийг олсон аяга тахимлага (гэлэн) Үл хямрагч (Минтүг бурхан) мэт болтугай.
Бас төрөл бүгдэдээ “Машид нисваанистах”
… [Зовлон хийгээд зовлонгийн шалтгаан муу үйл, үндсэн ба гишүүн хорт сэтгэл мөн тэдгээрийн хүчээр орчлонд эрхгүй эргэлдэх ёс]
“Машид амарлихуй” -н
… [Ашдын амгалан хийгээд түүний шалтгаан муу сэтгэл, муу үйлийг тэвчин хагацсан хорихуй, хорихуйг олох зам мөр мөн тэдгээрээр хэрхэн гэгээрэлд хүрэх ёс]
ёсыг ямарчлан сайтар оноод эцэст нь хүргэх гишүүнд номын үг, утгыг хоцроолгүй үл мартан барих хотол төгс тогтоолыг олох болтугай.
Өөрөө ямар мэт тогтоосончлон бусдад үзүүлэхэд төрвөл үгүй машид ариун авхаалжийг олох болтугай.
Бас төрөл бүгдэд “Зориглон явах” тэргүүтэй дияаны олон үүд хийгээд “Махан нүд” тэргүүтэй “мэлмийн эрдэм”-үүд, хувилгахуйн оронг мэдэх тэргүүтэй “илт мэдэхүй” бүгдийг олох лугаа үл хагацах болтугай. Бас төрөл бүгдэд авах, гээхийн орон бүгдийг өөрийн хүчээр ялгаж чадах аугаа их билгүүнийг олох болтугай.
“Машид нисваанистах”, Машид амарлихуй” -н нарийнаас нарийн хэсэг бүгдийг үл холин ямар мэтчлэн ялгаж чадах саруул билгүүнийг олох болтугай.
Үл мэдсэн, буруу бодсон, эргэлзэх санаа төрсөн дариуд хоцроолгүй хориж чадах түргэн билгүүнийг олох болтугай.
Бусдын ялган зааглаж чадаагүй номын үг, утганд торох үгүй орох гүн билгүүн олох болтугай.
Товчдоо цалгайрсан билгүүний гэм бүгдээс хагацсан билгүүнээр эрхэм зарлигийн үг, утгыг ялгахад арганд мэргэн билгүүний үүднээс бодьсадвын явдал бүгдийн эцэст хүрсэн гэтэлгэгч Зөөлөн эгшигт (Манзушир бурхан) мэт болтугай.
Тэр мэт их, саруул, түргэн, гүн билгүүнийг амар хялбар олоод хувьтанг тэтгэн барих, буруу өгүүлэхүйг мохоон дарах, мэргэдийн баяслыг дэгжээх гишүүнд ялгуусны эрхэм зарлиг бүгдэд судлан номлох, хэлцэх, туурвихад мэргэний чанадад хүрэх болтугай.
Бас төрөл бүгдэд өөрийн тусыг голчлон бариж сэтгэн үйлдэх, бодьсадвын аугаа их явдалд зүрхшээн шантрах санаа бүгдийг хориод бусдын тусыг чухалчлан авч дээд чин зоригийн чанадад хүрэн арганд мэргэн бодь сэтгэлийн үүднээс бодьсадвын явдал бүгдийн эцэст хүрсэн гэтэлгэгч Эрх баялагт Мэлмийгээр болгоогч (Жанрайсэг буюу Аръяабал бурхан) мэт болтугай.
Бас төрөл бүгдэд өөр хийгээд бусдын тусад ороход шулам, тэрсүүд, чанадын тэмцэгч бүгдийг даран үйлдэхэд мэргэн аргын хүчийн үүднээс бодьсадвын явдал бүхний хязгаарт хүрсэн гэтэлгэгч Нууцын эзэн (Очирваан бурхан) мэт болтугай.
Төрөл бүгдэд залхуурлыг тэвчсэн хичээнгүйгээр бодийн явдлыг бүрэн төгсгөн үйлдэхдээ анхан таалал үүсгэснээс эхлэн агшин төдий ч алгасарал үгүй аугаа их хичээнгүйн үүднээс их бодь (Төгс гэгээрэл)-ийг олсон ханьцашгүй Шагжийн хаан (Бурхан багш) мэт болтугай.
Төрөл бүгдэд бодийг бүтээх саад бие, сэтгэлийн өвчин бүхнийг даран үйлдэхэд алдрыг нь өгүүлсэн төдийгөөр бие, хэл, сэтгэлийн эвэршээл бүгдийг амарлиулж чадах амгаланд ажирсан Оточийн хаан (Манал бурхан) мэт болтугай.
Бас төрөл бүгдэд ямар мэт хүссэнчлэн насны эцэст хүрэхэд алдрыг нь өгүүлсэн төдийгөөр цаг бусын үхэл бүгдийг дарж чадах ялгуусан Цаглашгүй наст (Аюуш бурхан) мэт болтугай.
Насны саад гарахад ойртвол аврагч Цаглашгүй наст дөрвөн үйлсийн алинаар засахтай нийцүүлэн машид үзүүлсэн лагшин дүрийг харах хийгээд харсан дариуд насны саад хоцроолгүй машид амарлих болтугай.
Алинаар засахтай нийцүүлж үзүүлсэн лагшин дүрийг ч итгэлт Цаглашгүй наст мөнд таниад үнэн магад бат сүсэг төрөн түүний хүчинд шүтэн төрөл бүгдэдээ ялгуусан Цаглашгүй наст буяны садан (номын багш)-г бодитоор зохиоход үл хагацах болтугай.
Бас төрөл бүгдэдээ ертөнц хийгээд ертөнцөөс хэтийдсэн эрдэм бүгдийн үндэс их хөлгөний бэлгэ төгөлдөр буяны садангаар баясахчлан даган тэтгэгдэх болтугай.
Даган тэтгэгдэх цагт ч буяны саданд харилтгүй бат сүжигийг олон бүх талаас баясгах ямагтыг үйлдэх болтугай.
Үл баясгахыг агшин төдий ч үл бүтээх болтугай.
Буяны садан увдис хийгээд даган үзүүлэх бүгдийг бүрэн гүйцэт увдислах болтугай.
Тэдгээрийн утга бүгдийг ямар мэтчлэн сайтар оноод бүтээснээр эцэст нь хүрч чадах болтугай.
Хилэнцийн садан хийгээд хилэнцийн нөхрийн эрхэнд агшин төдий ч үл явах болтугай.
Төрөл бүгдэдээ үйлийн үрд итгэсэн сүжиг хийгээд магад гарахуй, бодийн сэтгэл, асар ариун үзэл бүгдийг сайтар оноод шамдалгүй ухаарал үргэлж тасралгүй төрөх болтугай.
Төрөл бүгдэд бие, хэл, сэтгэлийн үүднээс буяны үндэс хэдий чинээ үйлдсэн бүгд бусдын тус хийгээд асар ариун бодийн шалтгаан ямагт болтугай.
Хэдий хүртэл дээд чадагч (бурхан)-ийн өндөр хутгийг
Илтэд бүрэн олоогүй тэр хүртэл би
Ариун сайн мөрийг бүтээх төрлийг олоод
Машид гарах ба төрлөө санах болтугай.
Тогтоол, авхаалж, дияан, зөн, рид хувилгаан
Хязгааргүй эрдмийн их санг барих хийгээд
Тэнсэх нөхөргүй билиг, нигүүлсэл, хүчийг олоод
Бодийн явдлын эцэст үтэр хүрэх болтугай.
Цаг бус үхлийн ёр тэмдэг үзэгдэх
Тэр дариуд итгэлт Цаглашгүй настын лагшинг
Тодорхой үзэн үхлийн эзнийг омогдон дарж
Үхэшгүйн арвис баригч хутгийг олох болтугай.
Төрөл бүхэнд итгэлт Цаглашгүй наст бээр
Дээд хөлгөний саданг бодитоор зохиосны хүчээр
Ялгуусны сайшаах сайн мөр ямагтаас
Агшин төдий ч үл буцах болтугай.
Амьтныг тэвчин огоорч өөрийн тусыг горилох
Оюун бодол хэзээ ч үл төрөх хийгээд
Бусдын тусыг бүтээх ёсонд үл мунхран
Мэргэн аргаар өрөөлийн тусыг онцгойлон автугай.
Миний нэрийг өгүүлэх хийгээд дурдах төдийгөөр ч
Хилэнцэт үйлийн үрээр энэлэх амьтан бүгд
Хотол төгс амгалангийн цогийг машид эдлээд
Дээд хөлгөнд зорчих шатаар өгсөх болтугай.
Ялгуусан хөвгүүний намтар цадигийн хэсэгхэн хувийг
Жишиж үйлдсэнээр бодьсадвын явдал бүгдийн саад
Хоцроолгүй амарлин зохилдон цогцлох сэлт бүхэн
Сэтгэлд санасан төдий түүгээр бүтэх болтугай.
Шагжийн эрхэт (Бурхан багш) ба өөд татагч Цаглашгүй гэрэлт хийгээд (Одбагмэд бурхан)
Үл ялагдагч (Майдар бурхан), Зөөлөн эгшигт (Манзушир бурхан), Нууцын эзэн (Очирваань), Мэлмийгээр болгоогч (Жанрайсэг)
Амгаланд ажирсан нөхөд сэлт, хуурмаг үгүй шүтэн барилдлагын
Үнэн хүчээр эдгээр ерөөл үтэр түргэн бүтэх болтугай.
“Бусдад хорлолгүй явдал
Шүтэлцэн оршихуйн үзэл” -ийг шимээ болгосон чадагчийн эрхэт Бурхан багшийн судар, тарнийн шашны охь шим Шар малгайтны шашныг үндэслэгч Богд Зонховын туурвисан Энхжингийн оронд төрөх ерөөлийг Түвд, Монгол мэргэдийн эмхэтгэн зохиосон Түвд үгийн тайлбар толь сэлтэд тулгуурлан Түвд эх номын үг, утгыг Монгол хэлэнд хэвээр нь буулгах гэж хичээн Сэра хийдийн адаг шавь, хуврагийн дүрсийг баригч, залхуу хойлог Эрдэнэ Гүндээ Түвд хэлнээс орчуулав.
Алдаа эндэгдэл гарсан бол бурхан бодьсадва болон мэргэн уншигч та бүхэн хүлцэн соёрхоно уу.
Дашрамд дурдахад:
Ер нь бурхны ариун оронд төрнө гэдэг маш өндөр эрдэм чадлыг эрхшээсэн байх ёстой болов ч Диваажин буюу Энхжингийн орон нь эгэл жирийн төрлөхтөн ч төрж болох ариун орон тул Бурхан багш болоод олон мэргэд дээдсүүд машид таалан сайшаасан орон юм. Мөн энэ оронд төрөх ерөөл залбирлыг ч олонтой зохион туурвисан байдаг.
Энхжингийн оронд төрөх аваас Аминдава буюу Одбагмэд (Цаглашгүй гэрэлт) бурхантай бодитоор учирч түүнээс их хөлгөний номыг сонсож эх болсон 6 зүйл хамаг амьтны тусыг бүтээх бодьсадвын цаглашгүй дээд их эрдмийг баттай олж чадах орон хэмээн Бурхан багш болоод мэргэд дээдсүүд судар шастирт зарлигласан байдаг.
Тиймээс Энхжингийн оронд төрөх нь машид чухал бөгөөд Энхжингийн оронд төрөхийн тулд 4 гол шалтгааныг бүтээх ёстой хэмээжээ. Тэр 4 шалтгаан нь юу вэ? гэвэл:
1. Цаглашгүй гэрэлт бурхан болоод түүний орших Энхжингийн орны төрх байдлыг судар шастираас мэдэн авч бясалган бүтээн буцалтгүй их сүсгийг төрүүлэх.
2. Асрал энэрэл Бодь сэтгэлийг бясалгах. Бүр сайн бол бодьсадавын санваар авч сахих.
3. Тэрхүү сүсэг бишрэл, бодь сэтгэлээр сэдэгдэн мөргөл, тахил, наманчлага, даган баясал, сануулан дурдах, соёрхол айлтгах, зориулга ерөөл гэх буян хурааж хилэнц арилгах 7 гишүүнт үйл тэргүүтэй зөв сайн үйлд шамдах.
4. Өөрийн хураасан буян бүгдээ Энхжингийн оронд төрөхийн тулд нэгэн үзүүрт ариун цагаан сэтгэлээр зориулан ерөөх эдгээр дөрөв нь юм.
Мөн билгийн тооллын сар бүрийн шинийн 15 нь Цаглашгүй гэрэлт бурхны дүйцэн буюу билигт өдөр билээ.
Цаглашгүй гэрэлт бурхны тарнийг тоолохдоо:
Ялж төгс нөгцсөн, түүнчлэн ажирсан, дайснаа дарагч, үнэхээр төгссөн бурхан Цаглашгүй гэрэлтэд мөргөмүй.
Ум ами дэва хри.
Буян үүгээр түргэнээ би
Цаглашгүй гэрэлтийн хутгийг олоод
Нэг ч амьтанг үл хоцроон
Түүний хутагт хүргэх болтугай.
Үүгээр хураасан буяны хүчээр 14-р Далай лам тэргүүтэй багш дээдсүүдийн өлмий батжин, үйлс нь дэлгэрч ялангуяа Умраас умард зүгийн шашин, амьтны өмөг түшиг, оюун санааны удирдагч Халх Жэвзүндамба хутагтын 10-р дүр арслант ширээнээ түргэн заларч, лагшин насны хамаг саад бүхэн амарлин, судар тарни гүн ухааны номлолд угт нь тултал суралцан мэргэдийн манлай болон тодорч Бурхан багш лугаа ижил шашин, амьтны аугаа их тусыг бүтээн, зохиол үйлс нь огторгуйн хязгаар хүртэл дэлгэрэх болтугай.
Нийт эх дэлхий тэр дундаа Монгол орны сав, шим бүхэн амар амгалан байж, оюун санаа эрдэм мэдлэг хөгжил дэвшил бүхэн хотол төгс болохын өлзий хутаг орших болтугай.
Орчуулан, эмхэтгэсэн: Чиндамани