Чин сүжигт номун хан Лувсанноровшийрав

Эрхт тэнгэр Хурмастад сан тахил өргөх ёсон, хүссэн хэрэг гарахуйн сэтгэлчлэнгийн эрдэнэ

Чин сүзэгт номун хан Лувсанноровшаравын зохиосон “Эрхт тэнгэр Хурмастад сан тахил өргөх ёсон, хүссэн хэрэг гарахуйн сэтгэлчлэнгийн эрдэнэ” хэмээгч судар
Чин сүжигт номун хан Лувсанноровшарав гэгээнтэн “Дүвтавринжүнгийн лхантав” хэмээх 7 боть сүнбумыг Түвд хэл дээр номлон зохиосон бөгөөд түүний доторхи Амны “Ха” үсгийн хоёрдугаар ботид буй 32 нэрийн 342 цаас номын дотроос “Эрхт тэнгэр зуун өглөгтөд сан тахил өргөх ёсон, хүссэн хэрэг бүхэн гарах сэтгэлчлэнгийн эрдэнэ” хэмээх 6 хуудас бүхий судрыг энд орууллаа.
Эл номын тухайд 1981 онд доктор Б. Ёндон асан “Монголчуудын Түвд хэлээр бичсэн уран зохиолын тойм” өгүүлэлдээ Халхын Өндөр гэгээний үед “Өндөр гэгээний дотнын шавь Лувсанданзанжанцан /1639-1704/, Ширээт цорж Лувсаншива, Чин сүзэгт номун хан Лувсанноровшарав /1701-1768/, анхдугаар Дарба бандида Лувсансодовжамц /1637-1702/ зэрэг нэрт эрдэмтэд гарч, эд нар Түвд хэлээр янз бүрийн сэдэвтэй зохиол бичсэний дотор зан үйлийн яруу найраг, магтаал зэрэг уран зохиолын зүйлс ч цөөн бус байна хэмээн тэмдэглээд, эдний дотроос жишээ болгож Чин сүзэгт номун хан Лувсанноровшаравын зохиосон “Эрхт тэнгэр Зуун өглөгтөд сан тахил өргөх ёсон, хүссэн хэрэг бүхэн гарах сэтгэлчлэнгийн эрдэнэ” хэмээх Хурмаст тэнгэрийг тахин баясгах шашин зан үйлийн судрын дотроос нь Хурмаст тэнгэрт өчин гуйсан нэг бадаг шүлгий нь эш татан тэмдэглэсэн байна.
Судрын орчуулга
Ашдын аврал болсон чухаг лам хийгээд
Авралт ядам дээд гурав бүхэн дор
Асар бишрэн сөгдөөд Эрхт тэнгэр дор
Ариусгал тахил өргөхүйн ёсыг бичиг дор үйлдэе гэсэн байна.
Омог сэтгэл үүсгэх нь:
“Өвөр ямагт нэгэн агшинд цогт Мутартаа очирт хар хөх лагшин, нэг нигуур, хоёр мутарт болов. Баруун мутарт очир далайж, зүүнээ зүрхэндээ дигзүв зохиосон, догшин хилэн бүхэн төгссөн, баруун хөлийг хумиж, зүүнээ жийснээр оршив хэмээн сана. Ариусгал эд нүгүүдийг Амрида- гаар ариусгаж, сувава-гаар судал. Хоосон чанарт болов. Хоосны агаараас ариусгал эд нугууд өөр өөрийн нэр үсэг анхан дуслаар чимэглэгдэн хайлснаас гарсан тэнгэрийн эрхт Хурмаст, дөрвөн Махаранз нөхөр сэлтийг баясган үйлдэх тангарагийн эд, тахилын үүлэн цогц санаанд багташгүй болж, тэнгэрийн эрхт, Хурмаст, дөрвөн Махаранз нөхөр сэлтийн залрахуйн мөрд гарах бөгөөд дэлгэрэх болов. Огторгуйн сангийн тарни, мутарлагыг үйлдэж, тахил өргөн, Агдүг чагдүг тарниар адислаж, дэндов-ыг өгүүл”.
Ум. Ариусгал эд, тахил балин, гадаад, дотоод, нууцын
Тангарагийн эд, жансигаар Үхэлгүйн мөрийг дүүргэж
Цувиралгүй билгийн рашааны их далай
Самандбадрын тахилын үүлс жигдрэх болов Ум Аа Хум хэмээн гурвантаа өгүүлнэ.
Аяа. Сүмбэр их уулын оргил үзүүр
Асар тийн ялсан Намбаржалын харшаас
Хурмаст тэнгэр, хатан, хөвгүүд сэлтээр
Хөлбөрөл үгүй үүнээ ажиран соёрх.
Гучин гурван тэнгэр нугууд хийгээд
Тэнгэрийн хөвгүүд, охид тэргүүтэн
Тэнгэрийн зардас олон нөхөд сэлтээр
Тахилын орон үүнээ ажиран соёрх.
Юлхор срүн ба Пагжэйбуу хийгээд
Жанмисан хийгээд Намтойсрай тэргүүтэн
Эрхэм дөрвөн Махаранз нөхөр сэлтийг
Энэ орноо урин залмуй, ажиран соёрх.
Өмнийн огторгуйд хурмаст тэнгэр ану
Өнгө лагшин улбар шар, очир барьж
Даамай бат орон их цагаан зааны дээр
Далай их нөхөд чуулганы төвд оршин соёрх
Хишиг буяны цаглашгүй хүчин төгс
Хувилгааны элдэв эрхшээлийг хайрлагч
Хан тэнгэрийн эрхт Хурмаст дор
Гурван үүдний бишрэлээр мөргөн сөгдөе.
Мянган мэлмий төгс Гоушига
Үхэлгүйн эрхт хатан Чимэдванму
Сайтар ялан үйлдэгч хөвгүүдийн чуулганд
Сүжиглэн магтаж, алга хавсран мөргөмүй
Гандирсын чуулганд эрхшээлийг олсон
Гайхамшигт маргадын өнгөт, их хаан
Төгс бивагийн аялгуунд баясан хөгжигч
Төгөлдөр цогт Оронг сахигчид мөргөмүй
Дүлбумын чуулганд эрхшээлийг олсон
Дуртмал хөх өнгөт, хүчит баатар
Бадрангуй хувилгаан илдийг эзэмшигч
Баатарлаг хүчит Үлэмж төрөлтөд мөргөмүй
Усанд цэнгэгч лусын чуулганд эрхшээлийг олсон
Улбар өнгөт, тэсэшгүй хүчит эрдмийг эзэмшсэн
Эрдэнэт суврага, могойт цалам тэргүүтнийг барьсан
Эрхэмсэг догшин Сайн бус мэлмийтэд мөргөмүй
Ягчисын чуулган сэлтэд эрхшээлийг олсон
Ялгуугсан алтан өнгөт, эрхэм дээд удирдагч
Яруу алдрын дуаз ба эрдэнээр бөөлжигч хулганатай
Ялдам мишээсэн Тийн сонсогчийн хөвгүүнд мөргөмүй
Хурмаст тэнгэр дор ариусгал тахил өргөхүйг хүсвээс, хоёр уст ойрын эдлэл, хөгжим, төрийн долоон эрдэнэ, найман тахил тэргүүтэн тахилын эд хийгээд цагаан арвайн талхаар хийсэн том цагаан бөөрөнхий балин, дөрвөн Махаранз тэнгэрийн өргөлийн балин, 3 цагаан, 3 амттаны гурилан чимар, алтан ундаан сэржим, цайн өргөл, архины өргөл тэргүүтэн элдэв зүйл идээ ундааны өргөлөөс гадна очир хуяг, дуулга, илд жад, нум сум, биба, цалам, шийдэм тэргүүтэн тангарагийн эд, нүднээ үзэгдэх жансиг нүгүүдийг аль элбэг арвин олдохоор нь бэлтгэ. Ариун сайн сав дотор улаан цагаан зандан, арц, агь тэргүүтэн үнэрт хүжсийн элдэв зүйлийг шатаан уугиулж, рашаанаар сүрч.
Аяа. Эрдэнээс бүтсэн уужим саванд
Хоёр уст ойрын тахил, хөгжим ба
Хүслийн таван эрдэм, төрийн долоон эрдэнэ
Өлзийт найман тэмдэг тахилын чуулганыг
Орныг дүүргэн өргөх болой, эгүүнийг болгоож
Шид бүтээлийг хоцрол үгүй хайрлан соёрох.
Цай, архины дээж алтан ундаан сэржим
Эрхт тэнгэрийн рашааны ундааг өргөмүй
Эгүүнийг болгоосноор номт төрийн хүссэн хэргийг
Ихэд шамдал үгүй өөсөөн бүтээн зохио.
Гурван цагаан гурван амттаны талхмал ба
Зуун амт төгөлдөр идээний дээд хийгээд
Цувиралгүй амгаланг хайрлагч балинг өргөе
Эгүүнийг болгоосноор цог учралыг дэлгэрүүлэн зохио.
Тийн ялсан сайн харшийн найлзуур модон
Эрдэнийн гуу сангийн хумх нугуудыг
Тэнгэр хурмаст нөхөр сэлт дор өргөмүй.
Эгүүнийг болгоосноор хүссэн хэргийг бүтээн соёрох.
Хангинах сүх, илд, нум сум хийгээд
Хурц үзүүрт жад тэргүүтэн мэсийн язгуурыг өргөе.
Эгүүнийг болгоосноор амирлангуй, дэлгэрүүлэх, эрхийн, хатуу
Эрхэн тийн дөрвөн үйлсийг бүтээн зохио.
Их заан зургаан соёот хийгээд
Эрдэнийн эмээл хазаарт цагаан морь ба
Эрхэм цагаан үхэр, хонь, ингэн тэмээг өргөе
Эгүүнийг болгоосноор эдэл малыг арвитган зохио.
Яруу бива хөгжим, илд, цалам ба
Яруу алдрын дуаз, нэүлэ хулганыг
Ялгуусан дөрвөн Махаранзад өргөе
Эгүүнийг болгоосноор хүчин учралыг дэлгэрүүлэн зохио.
Цагаан мөндөр, хяруу, зуд турхан тэргүүтэн
Цагийн хямралыг үгүй болгон зохио.
Үргэлжид алгасралгүй ханьсан нөхөрлөж
Сахин тэтгэж, зохион соёрох.
Дээдийн ариусгал элдэв хүж, гурилан талхмал
Дэлгэрэх үр, элдэв торго, таван шимийг
Дэгжүүлж шатаасны утаан үүлсээр огторгуйг бүрхээж
Тэнгэрийн эрхт хан Хурмастыг ариусгая
Хатан Чимэдванмуу эхийг ариусгая
Хөвгүүн Жалжэд нөхөр сэлтийг ариусгая
Гучин гурван тэнгэрийн орныг ариусгая
Оронг сахигч Юлхорсрүн нөхдийг ариусгая
Үлэмж төрөлт Пагжэйбу нөхөр сэлтийг ариусгая
Тэгүүнчлэн Жанмисан нөхөр сэлтийг ариусгая
Тийн сонсогчийн хөвгүүн Намтойсрайг ариусгая
Тэнгэрийн зардас олон нөхдийг ариусгая
Хамт төрсөн тэнгэр нугуудыг ариусгая
Хамаг орны тэнгэр, шивдагийг ариусгая
Сан тахил агуу их үүнийг болгоосноор
Шашин дэлгэрэхийн шид бүтээлийг соёрх.
Саар өвчин амирлуулах шид бүтээлийг соёрх
Насан цог дэлгэрэхийн шид бүтээлийг соёрх
Адуу мал, гуу сангийн шид бүтээлийг соёрх
Алив хүссэн шид бүхнийг хайрлан соёрх .
Аяа.
Бүхэн төрөлхтний амгалан жаргалан гарахуйн орон
Бурхны шашныг дэлгэрүүлэх хийгээд
Үүнийг баригч дээдэс төрөлхтний
Өлмийг бататгаж үйлсийг дэлгэрүүлэн зохио.
Үймэх, тэмцэх, муу санаа, мундар явдал тэргүүтэн
Үл зохилдохын нөхцөл бүхнийг амирлуулан зохио
Нас буян, цог учрал, яруу алдар ба
Насад эрхшээл хүчин, язгуур үндэс сэлт
Номт төрийн сайн чуулган бүхнийг
Нотод шинийн саран мэт дэлгэрүүлэн зохио.
Гурван орны хамаг төрөлхтөн хийгээд
Есөн хүслийн төгс эдлэл, цог учрал
Сансар нирвааны сайн чуулган хоцролгүйг
Саарал үгүй эрхэн дор хураан зохио
Шашныг баригч, шашны өглөгийн эздэд
Босох дайсан ба хорлох тотгор
Боомтлох шимнус хийгээд зэтгэрлэх барцадыг
Хатуу цаазаар гэсгээн цээрлүүлэн зохио.
Гань миний учир явдал хийгээд үйлдэх мөр дор
Газар зүг хаана одож, хаана суувч
Гагц тэнгэрийн эрхт, Зуун өглөгт нөхөд сэлтээр
Гаравч, оровч алгасалгүй сахин тэтгэж зохио.
Аяа. Тэнгэрийн эрхт зуун өглөгт хурмаст ба
Асар дөрвөн их Махаранз та нөхөд бээр
Авирд тэнгэрийн нүдээрээ үзэж
Ашид тэнгэрийн чихээрээ сонсож
Илт хорлосон нь бус боловч
Илэрхий хорлохын сэтгэлээр хорлон үйлдсэн, хорлохыг завдсан
Босуул дайсан, оргуул хулгай, тонуул дээрэм тэргүүтэн
Хотолд буруу хийгээд зөвийг илтэд ялган зохиож
Хойногүй одоо ямагтад гэсгээгтүн, гэсгээгтүн
Үл зохилдох муу нөхцөл дайсныг буцаагтүн
Харшлах нөхцөл, барцад саадыг хариулан соёрх оо
Аяа. Дээр үгүйн үнэмлэхүйн хишиг
Энэ өдөр үүнээ иртүгэй
Бүхнээ хуурмаг бүгдэд ургахуйн хишиг
Энэ өдөр үүнээ иртүгэй
Хүрднээр орчуулагч хааны цог хишиг
Энэ өдөр үүнээ иртүгэй
Тийн сонсогчийн хөвгүүний эдийн хишиг
Энэ өдөр үүнээ иртүгэй
Тэнгэр хийгээд лус, хүмүүний хишиг
Энэ өдөр үүнээ иртүгэй
Арван зүгийн хотол чуулганы өлзий хишиг
Энэ өдөр үүнээ иртүгэй
Цог төгс ламын өлмийн лянхуа батдаж
Цаглашгүй эх болсон олон амьтан бүхний
Гэмт түйтгэрийг хоцролгүй арилган сэлбэрүүлж
Гурван лагшны хутгийг түргэнээ олох болтугай.
Тэнгэрийн эрхт зуун өглөгт Хурмаст бээр
Та бид бүрний үйлсийг зохиогтун зээ
Цааш өөрийн орноо заларсан хэдий боловч
Нааш урихуй цагт үтэр морилон зохио.
Аяа. Язгуур үндэсний ламын өлзий хутаг орштугай
Адистид шид бүтээлийн өлзий хутаг орштугай
Авралт ядам бурхдын өлзий хутаг орштугай
Аугаа шид бүтээлийн өлзий хутаг орштугай
Ариун номын сахиусны өлзий хутаг орштугай
Алив барцад арилахуйн өлзий хутаг орштугай
Ариун тэнгэр, шивдагийн өлзий хутаг орштугай
Зохилдох нөхцөл бүтэхүйн өлзий хутаг орштугай
Зорих шамдах хийгээд эрэхүйн хэрэг үгүйгээр
Сэтгэлчлэнгийн эрдэнийн ариун найлзуур модон
Сааргүй амьтны горилыг ханган зохиогоод
Санасан хэрэг бүтэхүйн өлзий хутаг орштугай.
“Тэнгэрийн эрхт хурмастад сан тахил өргөх ёсон хүссэн хэрэг гарахуйн сэтгэлчлэнгийн эрдэнэ” хэмээгч энэ нь Эсрүн хүмүүний дүрст хүчний хүрдээр орчуулагч Чингис хааны угсаа язгуурт мэндэлсэн бөгөөд чухаг дээд гуравт цуцалтгүй сүжиг төгс тэргүүтнээр дээдэст сайшаагдсан эрдмээр илт өндөр хос ёсны айлдлын мэлмий төгс, хүч учрал хотол төгс чуулсан хүмүүний эрхт хоёрдугаар Жанжин хошой чин ван Цэнгүнжав бээр энэ мэт нэгэн хэрэгтэй хэмээн зарлигаар шаардсан дор шүтэж, тэнгэрийн тойн “Сүмади-мани-пражнья” бусад нэр Манзушир дээдсийн зарлиг ишээр Чин сүзэгт номун ханд нэршсэн бээр Гэдүншаддүвданбапэлбилинд найруулсны бичээч нь гүшри цорж Гунгааринчин болой. Үүгээр ч ялгуусны шашин өргөжин дэлгэрч өнөд орших болтугай.