Бурхан багш 33 тэнгэрийн оронд тэнгэрүүдтэй хамт

Эхийн ачийг хариулсан судар оршвой

Наму Арьяабал хутагт
Нүдээр үзэгч ихэд нигүүлсэх хонсум бодьсадвад
Үнэнхүү сүсгээр наманчилмуу
Ум мани бадмэ хум
Авралын дээд гурван эрдэнэд
Алгасалгүй сүсгээр бишрэн залбирмой
Лам минь ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Ариун цагаан хэвлийдээ арван сар өргөж
Ахуй их биеэ сулартал явж
Арай ядаж нярайлсан ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Амьтай амьгүй хэвтсэн биеийг минь арван хуруугаараа хашин авч
Аятай зөөлөн хучлага зулж амтат шар уургаа шимүүлсэн
Алтан лянхуа мэт ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Цоорхой гэдсийг минь цавуу шөрмөсөөр боож
Битүү хүйс болгосон
Билэгт ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Цангинах дуунд минь цочин авч хөхөө шимүүлэн
Цогт хүслийг хангагч
Ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Хангинах дуунд минь
Гавшгайлан сэрж хөхөө шимүүлсэн
Цогт хүслийг хангагч ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Атирсан шөрмөсийг минь
Алгаараа илж тэнийлгэсэн
Амарлихуйяа ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Хумиралдсан чихийг минь
Хуруугаараа татаж тэнийлгэсэн
Дэлгэрэнгүй ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Цоорхой зулайг минь илж цул яс болгосон
Цогт янчил эрдэнэ мэт
Ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Цав сугыг минь нурахад минь цагаан сүүгээ сааж
Цаглашгүй хөрст болгосон
Цагаан лянхуа мэт ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Харш шалтаг болж хамар амнаасаа нус гаргаж хайлан орилоход
Хоол ундаас зайлж хоёргүй сэтгэлээр лам гурван эрдэнээ ном дор шүтэж
Зэтгэрийг арилгасан, их хатуужилт ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Хөхөө шувуу мэт хүнгэнэхүйд минь
Хөхднөг авч хөхөө шимүүлсэн
Хөөрхий ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Хэлхсэн сувд мэт гучин дөрвөн шүдийг минь ургуулсан
Ургамал наран мэт
Ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Хөрсгүй улаан маханд юмчин цагаан хөхний сүүгээ дусааж
Төрвөлтгүй цагаан арьс оруулсан
Удвал цэцэг мэт ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Хүрэл хонх мэт хангинахад минь
Хөлбөрөн ирж хөхөө шимүүлсэн
Хүлцэнгүй ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Хөх ус мэт нүдэнд минь хөхний сүүгээ дусааж
Хан чандмань мэт нүдтэй болгосон
Хас эрдэнэ мэтийн ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум.
Хүйтэн салхинд элэгдэхэд минь
Эмгэнэн ирж өөрийн биедээ тэвэрч дулаацуулсан
Гал молор мэт ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Бээрч хэвтсэн биеийг минь
Биедээ авч хөхөө шимүүлсэн
Баатар дагинасын ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Баас шээсэндээ холилдсон балчир нялх биеийг минь
Арчин цэвэрлэж таван махбодын хүчин төгс болгосон
Бадамлянхуа мэт бадрангуй ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум.
Хонгор галуу мэт гонгиноход минь
Холбилзон ирж хоёр хөхөө хорстол шимүүлсэн
Хутагт ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Хамар амыг битүүрч хэвтэхэд минь
Амаа үмхэлж амьсгалуулсан
Амраг ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Атгахан муу биеийг минь арчсан толь мэт болгож
Удалгүй өсгөн тэнцүүлсэн
Ариун дээд ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Бузар түйтгэр болоход минь
Бурхан тэнгэрт залбирч суусан
Авралын орон болсон ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Толгойгоо даалгүй хэвтэхэд, түргүүлээ унахад түргэлэн тэмцэн ирж
Дүгрэг суудал засаж төвшин сайхнаа суулгасан
Төв ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Хурдан босохыг хичээж өндөлзөж байхад минь
Өвөр дээрээ авч босгож цоройлгуулсан
Цогт дагинасын ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Хол газар явъя гэж хоёр өвдгөөр мөлхөж явахад минь
Хурдлан барьж хоёр сарвуунаас хөтөлж явуулсан
Ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Сөхөлтэй малгай өмсгөсөн
Сөөхий гутал өмсгөсөн
Сүрт бүсийг бүслүүлсэн сөлт дагинасын ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Гал нурмыг мэдэлгүй хүрэхэд минь
Гялбалзан яарч авсан
Гайхамшигт ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Аргал модыг мэдэлгүй аван идэхэд минь
Айн догдлон ирж авсан
Амраг ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Худаг усыг мэдэлгүй хүрэхэд минь
Хурдан бүргэд мэт шүүрэн авсан
Ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Аяа асран асралтай тэтгэж хүн болгосон
Ачит ээжийн минь ачийг хариулах болтугай
Ум мани бадмэ хум
Айх ичихийг мэдэлгүй хэлэхүйд минь
Алалдан явж сургасан ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Алдал нүглийг танилгүй хэлэхэд минь
Айлган таниулсан ачит ээжийг минь авран соёрх
Ум мани бадмэ хум
Асран тэтгэж авралын дээд ламд минь мөргүүлж
Эзэд ихэст минь учруулж
Эрхэм сайн нөхөрт минь таниулсан
Эрдэнэт моринд минь мордуулж хүний жишигт болгосон
Эрхэм ачит ээжий минь ачийг хариулах болтугай
Ум мани бадмэ хум
Аян алба хоёрт мордоход минь
Амин зүрхээ хөдөлгөж уйлан хайлан
Аль учирсан хүнээс хүүгээ сурж
Ахуй бүх сэтгэлдээ энхрийлэн суусан
Элдвээр хайлан гаслан явсан ачийг чинь хариулах болтугай
Ум мани бадмэ хум
Асран тэжээсэн ачийг санан санан залбирсны буянаар
Арван зүгийн бурхан адиститлэж
Ариун дээд Сугаваадын оронд
Авид бурхны хутгийг
Үтэр түргэнээ олж хувилан төрөх болтугай
Ум мани бадмэ хум
Түүнчлэн ач үрийн зургаан зүйлийн
Хамаг амьтны орныг арилган гэтэлгэж
Сансрын нирваанд сааталгүй төрүүлэх болтугай
Ум мани бадмэ хум
Чухаг дээд эрдэнийн авралаар эх болсон
Хамаг амьтныг ханган ивээж хурднаа хоосон чанарыг олох болтугай
Ум мани бадмэ хум
“Буддын бясалгал ба сэтгэл судлал” номын “Эхийн ачийг санах” хэсгээс…

V Далай ламын туурвисан “Эхийн ачийг хариулсан судар оршвой” хэмээх бүтээлийн сонгодог хуучин орчуулгаар дамжуулан хүргэж байна.