11 тэргүүнтэй Арьяабал буюу Жанрайсэг

Эцэг эхийн ачийг хариулах ёсон хийгээд нөгчигсөд дор маань дуртгах эгшиг дуун хэмээгдэх оршив

Гүнтэн гэгээн Гончигдамбий-Донмэ зохиожээ.
1. Авралт Судар тарнийн сайн зам мөрөөр
Ачит эцэг эх зургаан зүйл амьтан бүхнийг
Адаг ёроол нь үл үзэгдэх орчлонгийн далайгаас
Аварч дээш татагч буянт багшид сөгдмү.
2. Тэвчил онолын хамаг эрдмийг дүүргэсэн Бурхны гэгээн
Тэнэг мунхагийн харанхуйг гийгүүлэгч зул Дээдийн ном
Тэнэж төөрөхөөс ангижирах замыг заагч нөхөр хувраг
Тэдгээр амьтны аврал итгэл бологсод авран соёрх.
3. Эх зах нь үл мэдэгдэх өнө эртийн цагаас
Энэ сансарт усны хутгуур хүрдэн мэт эргэхүйд
Эцэг эх минь эс болсон амьтан хаана ч үгүй
Ээ, тэр цаг бүрт намайг аминаасаа ч илүү хайрлажээ,
Эрхэм тэр ачийг нь номоор хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
4. Арван сарын турш ахуй биедээ хадгалан тээсээр
Амь биеийг төрүүлж, биеийн илчээр нөмөрлөн дулаалж,
Ая яруу эгшгээр бүүвэйлж, энэрлийн мишээлээр харж,
Ариун мутраар хянамгайлан тэвэрч, хөхүүлэн тэжээж,
Амрах нойр, амтат хоолоо хугаслан, эрдэнэ мэт хамгаалсан
Аяа, тэр ачлалыг нь номоор хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
5. Аюулт өвчинд баригдахуй, үр минь өвдөхөөр би өвдөөсэй гэх,
Амь насаа алдан шахамдахуй, үрийнхээ өмнөөс би үхье гэх,
Алаг нүдний цэцгий мэт, амин биеийн зүрхэн мэт,
Ашид үргэлж хайрласаныг одоо санахуй зүрх тэсэшгүй,
Алмай нялх цагт үүнийг санаж сэрсэн нь даан ч үгүй.
Агуу тэр ачлалыг нь номоор хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
6. Тамир дорой нялхаас өсгөж, хүмүүний зэрэгт хүргэв,
Тансаг дээд номыг бүтээх чөлөө учралт биеийг өгөв,
Тахиж шүтэхүй зохист эрдэмт багштай учруулав,
Тавтай жаргаланг өршөөгч шашны үүдээр оруулав,
Тааруулж, энэ хойдын сайн буян бүхэнд золгуулав.
Тангараглаж, тэр бүх ачлалыг номоор хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
7. Алжаах зовлон, амьтны муулах үг, адаг муу хилэнц,
Ай, тэр бүгдийг үл тоон, ахуй биеийг тамтартал
Арай чарай хураасан эд баялаг буй хамаг бүхнээ
Адаг тоосны төдий ч үлдээлгүй үр наддаа өгч,
Ашдын хэргийг нь бүтээлээ дээ гэж баярлан суусан
Аяа, тэр ачлалыг нь номоор хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
8. Зүдэрч бүтээсэн эд баялгаа үр бидэндээ үлдээгээд,
Зөрүүнд нь олсон хилэнцээ үүрсээр, тэд минь одоо,
Зургаан язгуур амьтан, зуурд ертөнцийн хаана нь
Зовж, жаргаж яваа алин болохыг хэн бээр мэдэх,
Зоог идээ, зол жаргалыг араас нь илгээх аргагүй,
Зорьж гагцхүү номоор ачийг хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
9. Элэг бүтэн сууж, эрхэм баяраар бялхаж, эд баялаг тэгширч,
Энх тунхаар амьдарч, эдүгээ одоо тэтгэж өргөх минь гэтэл,
Эрлэг үхлийн эзэн гэнэтээр халдаж ирээд, хагацуулж биднээс салгаад,
Ээрэм зуурдын хавцгайд эрхэм тэднийг минь хөтлөн одоход,
Эрхэм цагаан буянаас өөр эгээрэх тус горь юуг ч дагуулах аргагүй,
Эл түүний учирт номоор ачийг хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
10. Өөрт эргэх хариу ачлал үрсээс ирэх нь ховор ч гэлээ
Өнө эртээс орчлонд учралдаж хагацаж явсаны сэжмээр
Өрөвдөх сэтгэл багатай араатан, жигүүртэн тэргүүтэн ч
Өөрийн үр зулзгаа асран хайрлах зөн аяндаа үүсдэг,
Өнөөх тэр жамаар олон төрөлд ачаар тэтгэн энэрчээ,
Өнийн тэрхүү ачлалыг номоор хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
11. Төрж, үхэхийн жамт эхлэл хязгааргүй энэ орчлонд
Төөрөгч тэдгээр амьтад ээлж ээлжээр эх минь болж л,
Төлжүүлэн тэтгэгч уураг сүүгээр тэжээж, өсгөн асарсан нь,
Түрхрэгч их далайн уснаас ч үлэмж олонтаа хэмээн
Төлбөрөлтгүй мэдэгч Бурханы гэгээн айлдсан нь үнэн,
Төдий тэр их ачлалыг номоор хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
12. Олоход бэрхтэй чөлөө учралт хүмүүн биеийг олсон ч гэлээ
Ор гагцхүү бидний тусад хүмүүний насыг хилэнцээр бараад
Оочин цоочин хураасан эд баялгаа эдэлж жаргасан ч юмгүй,
Онц сайн туст дээдийн номыг бүтээхийн хувь золыг ч ололгүй,
Огоорч энэ төрлөөс буцаж, араас туслах буяны горийг наддаа үлдээжээ
Одоо тэднийхээ ачлалыг номоор хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
13. Эрхэм дээд Бурхадын лагшин, зарлиг ном, суварга шүтээнийг босгож, тахиж л,
Энгүй эрдэмт багш, хуврагийн аймагсыг өргөн хүндэлж, залбирал тавьж,
Эрхин тарнийн зан заншил, тарни урилга, судар уншсан хийгээд
Эргэл мөргөл, бусдад тус хүргэж, үгээгүйд өглөг өгч тэнхрүүлсэн тэргүүтнээр
Эл хураасан буян юу буй бүхнээ тэднийхээ тусад зориулнам,
Эгээрч тэр их ачлалыг нь номоор хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
14. Ариун санваарыг сахиж, олон номыг сонсож, орон хийдэд шавилсаны
Ариун цагаан үйлсийг адгийн хилэнцтэй холилгүй,
Алдар нэрийг ч хүсэлгүй, гагц туслахыг зорьж,
Анхаарч бүтээсэн, арилсан гурван чанарт буяны үрийг
Амьдрагч зургаан язгуур амьтан, эцэг эхийн тусад зориулъя.
Агуу их ачлалыг нь номоор хариулах болтугай.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
15. Ахуй гурван ертөнцийн ямар ч тансаг жаргал нь
Адаг эцэстээ ашиг юу ч үгүй, зүүдний найр хурим адил.
Авралт гурван эрдэнэ минь, нигүүлсэнгүйн үнэн их хүчээрээ
Аюулт муу заяанаа төрөх үүдийг таглан хааж соёрх.
Аврах нь хуурмаггүй үнэн Багш эрдэнэ минь мэд,
Ариун шүтээн дандарсын бурхад болгоо,
Асар их гэрэлт Амитаба, Аръяабал тольд,
Ариун амгалангийн нирваанд удирдан соёрх.
хэмээсэн үүнийг нь хичээнгүй төгс равжамба Гончигсамдүваас “Эцэг эхийн ачлалыг хариулах ёс”-ны нэгэн ном хэрэгтэй байна хэмээсэн лүгээ ер өөрөө асар ариун нэгэн номыг бүтээе хэмээхүйд ахуй энэ биеийг төрүүлж өсгөсөн эцэг эхдээ ачлалын хариуг барих ёс нь эрхэм дээд мөн болох тулд эрхэм тэднийгээ дурдан санаж байхын тухайд болоод насан нөгчигсөд дор ч Маань буян дуртгахын хэрэг тэргүүтэн буй санагдсан хүчит сэтгэлийн эрхээр ийм нэгийг бичвээс туслах мэт санагдаж, Тойн хувраг Гончигданбий-Донмэ нэрт бээр найруулан өгүүлсний бичээч нь аграмба Гончиг-Гунгаа болно.