Бурхан багш шавь нартайгаа

Эцэг эхийн ачлалыг хариулахад бэрх хэмээх гэгээн сургаал оршвой

Ачлалт эцэг эхийн буян заяа үр хойчийн төрөлд түм живаа дахин дэлгэрэн түгэх болтугай.
Эцэг эхийн ачлалын хүчир бэрхийг дахин давтан ойлгуулахад зориулсан Бурхан багшийн гэгээн сургаал:
1. Ачит эцэг эхийн ачлал хайр гэгч далай мэт гүн, огторгуй мэт уудам, булаг мэт дундаршгүй арвин болой
2. Эрдэнэт хүний бие олж төрөөд эцэг эхийн гүн ачлалыг умартаж үл болно
3. Үр хүүхэд төрүүлж тэднийгээ асран халамжлах нь эргэх хорвоод ээлжлэн тохирох жам ёс мөн
4. Эрт үеийн уламжлал гэгч эрт ба өдгөөд хүртэл бий
5. Хүн болгохын төлөө хүү охиноо элбэрэх нь чухал зүйл мөн
6. Элбэрэлгүй хүн бол тэнгэрийн ялаас хэзээ ч мултарч үл чадна
7. Гэр хотлоорын эрдэм, билгээс элбэрэлт хүн төрдөг юм
8. Араатан жигүүртэн ч үрээ тэжээн хөхүүлэх ачлалыг мэддэг
9. Эцэг, хүү 2 бол угаас яс махны төрөл байдаг юм
10. Бэр нь хадам эцгээ хүндлэхгүй бол ямар хүнийг хүндлэх вэ?
11. Тэжээн бойжуулах ачлал бол албадлага биш хувь тавилан юм
12. Хүн луу болохыг хүсэх нь хоосон санаархал төдий юм
Энэ 12 бадаг бол эхний гүн утга бүхий сургаал юм. Эцэг эхийн ачийг хариулах шиг хүчир бэрх юм хорвоо ертөнцөд хаана ч байхгүй.
Бурхан багш ой модтой чимээ аниргүй амар түвшин бөгөөд нум хэлбэрийн тусгай хүрээлэнгийн ордноосоо морилон Да Би Чиу хэмээх товцогт хоёр мянга таван зуун хүнтэй, гурван түм найман мянган их бодсадва нарын хамт даяанчлан очжээ. Нэгэн өдөр Бурхан багш дүү нараа дагуулан өмнө зүгт явж байв. Бурхан багш замын хажууд байсан нэгэн хүний хувхай ясыг гэнэт харж хөдлөлгүй зогсч дээд үеэ эрхэмлэн хүндэтгэж, бие мэхийн таван махбодоор газар тэврэн хэвтэж энэ хувхай ясанд хичээнгүйлэн ёслон мөргөв. Дээд үеэ эрхэмлэн хүндэтгэсэн энэ удаагийн явдлыг олон дүү нартаа тайлбарлан хэлээгүй тул тэд нар аль дээд үеэ энэ мэтээр хүндэтгэсэн юм бэ? хэмээн асуусанд бурхан бодсадва даруй энэрэнгүйгээр хариулан үзүүлсэн нь:
– Аяа бэрх, та нарын асуусан чинь маш сайн. Та бүгдээрээ миний гүйцэтгэгч нар билээ. Харин гэрээсээ гараад даяанчаар яваад их удсан байна. Энэ бол нэгэн овгор шороон дахь хувхай яс юм. Магадгүй бидний дээр үеийн өвөг дээдэс болно. Эсхүл ямар ч газрын хүн гэсэн олон төрлийн өвөг дээдэс. Эцэг эхдээ мөргөхгүй хүн даанч байна гэж үү? Чухам ийм учраас би энэхүү ногоон эх нутагтаа маш хичээнгүйгээр залбиран түүнд мөргөлөө.
Бас цааш нь үргэлжлүүлэн хэлсэн нь:
– Аяа бэрх, одоо та нар энэхүү овгор шороон дах хувхай ясыг 2 хэсэгт хуваагтун. Хэрэв эрэгтэй хүний яс бол түүний гадна талын өнгө нь цагаан багөөд адилтгавал хүнд байдаг. Харин залуу эмэгтэй хүний яс бол гадна өнгө нь хар бөгөөд хөнгөн байдаг.
– Аяа бэрх, эрхэм хүн дахин асуусанд, эрэгтэй эмэгтэй хүн ертөнцөд амьдарч байхдаа өмсөх дээл нь цөм адилгүй байдаг. Жишээ нь: эЭрэгтэй хүн толгойдоо нар салхины малгай /олон янзын/ өмсөж, биедээ урт цамц өмсөн дээлээ бүсэлж, урт түрийтэй гутал өмсөнө. Хувцсаа бүрэн тэгш чимж хувцаслана. Нэг удаа л хармагц эрэгтэй хүн гэдгийг шууд танина.
Эмэгтэй хүн энэ ертөнцөд амьдарч байхдаа баясгалантайгаар анхилам сайхан үнэрт энгэсэг, оо түрхэнэ. Биедээ даль арц, хүжний үнэрт ус цацаж, бүх биеэ чимэглэн, баясгалант сайхан царайгаар угтдаг. Хүн хармагц эмэгтэй хүн гэдэг нь тодорхой танигдана. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс цус, мах, ясаараа ялгаатай бөгөөд хүний нас барсны хойно цөм адил хувхай яс болон хувирч ямар ч ялгаагүй мэт болдог. Гэтэл их ялгаатай ажээ.
Бурхан бодсадва үүний хүчир бэрхийг өгүүлэн ялган зааварлаж, эрэгтэй хүн ертөнцөд амьдарч байх хугацаандаа үргэлж бурхны сүм дуганд орж, гарч бурхны номын тайлбар, сургаал, ач тусыг сонсож бурханд хичээнгүйлэн мөргөл хийж арга, увидас, хуврагийн гурван эрдэнэд залбиран бурхны номыг уншуулж, энэ төрлийн сайн сайхан ногоон зам мөрийг олж авсан тул түүний үхсэний хойно яс нь ариун цагаан хаш мэт болно. Харин биеийн хүндийн жин нь маш их байдаг болой. Эмэгтэй хүн ертөнцөд амьдарч байхдаа янаг хайрын сэтгэлд автагдан живж, номын дууг сонсох, бурханд мөргөх нь хязгаарлагдмал бөгөөд хүүхэд төрүүлэн, хүү охиноо бойжуулах, энхрийлэн хайрлаж, хөхөө хөхүүлэн цагаан сүүгээрээ тэжээдэг. Тэрхүү тэжээсэн сүү нь хүүхдийн цус болон хувирна. Нэг хүүхдийг тэжээн хөхүүлсэн сүү нь 768 кг-аас дээш сүү хөхүүлсэн байна. Иймээс эхийн бие төдийчинээ турж эцэж, яс чөмөг нь хүртэл хорогдон хомсдохоор барахгүй үхсэний дараа түүний ясны гадна талын өнгө нь хар бөгөөд жин нь самбай мэт хөнгөн байх нь олон байдаг юм.
Аяа бэрх, эрхэм бурхан бодсадвагийн үгийг сонсож хүүхэд төрөх нь дотоод сэтгэл, зүрхийг хутгаар огтолсон мэт зовлонд учруулан тэсвэрлэшгүй өвчлүүлж, 2 нүдний нулимс мэлмэрэн унадаг юм хэмээн уяран охилон хэлсэн нь:
Эрхэм дээдсээ, энэрэлт эхийн буянт эрдмийн ачлалыг хэрхэн ойлгож, яаж хариулах бэ?
Бурхан бодсадва аяа бэрх хэмээн өгүүлсэн нь:
Та нар чив чимээгүй миний хэлэхийг сонс. Эх хүн бие жирэмсэн болж, 10 сарыг өнгөрөөн дуустал хязгааргүй их зовиур зүдгүүрийг эдлэн шаналан амьдардаг юм шүү.
1 дэх сардаа: Хүүхдийн үр хөврөл үүсч эхийн саванд өвсөн дээрх шүүдрийн мөхлөг шиг наалдан өтгөрдөг болой. Энэ нь хүүхдийн хувь заяаны эхлэл юм.
2 дахь сардаа: Ерийн нэгэн хэсэг, эсгэлэн тос мэт бөөм бүрэлддэг ажээ.
3 дахь сардаа: Дотроо элдэв бүрэлдвэр бүхий бөөрөнхий цогц болон царцан тогтоно.
4 дэх сардаа: Эхийн хэвлийд арай гэж хүний жижигхэн дүрс бүрэлдэн тогтоно.
5 дахь сардаа: Эхийн хэвлийд хүүхдийн чухал эрхтэн толгой, 2 гар, 2 хөл буй болно.
6 дахь сардаа: Хүүхдэд 6 зүйлийн цэвэр амьсгалын нүх сүв нээгдэнэ. Энэхүү 6 зүйл бол чих, нүд, хамар, ам, хэл, сэтгэл, мэдрэл болой.
7 дох сардаа: Хэвлий дэх хүүхэд өсч 360 хэсэг ясны үе бас 8 түм 4000 шар үсний сүв бий болдог юм.
8 дахь сардаа: Хэвлий доторхи хүүхдийн толгой тархи зэрэг боловсорно. 2 нүд, 2 чих, хамрын 2 нүх, нэг ам, хошного, шээсний сүв зэрэг цөм нээгдэнэ.
9 дах сардаа: Хэвлий дэх хүүхэд 2 гар, 2 хөлөөрөө үргэлж хамаа намаагүй өшиглөн гол таслах шахан тарчилгаан зовооно. Тэрчлэн уул мэт хөдөлж, унтах, идэх, уух, босох, суух, явахад хүнд хэцүү зовлон зүдгүүр учруулдаг
10 дах сардаа: Хэвлий дэх хүүхдийн бүх эрхтэн нэг нэгээр бүрэлдэн гүйцэлдэж, төрөхөд бэлэн болсон байх бөгөөд 10 сар болмогц эх нь өвдөж, хэвлий дэх хүүхэд хэвтэшнээсээ бууж хүүхэд төрөхөд эхийн умайнаас гол, горхи мэт цус, ус холилдон урсана. Хэвлий дэх хүүхэд урсаж байгаа ус, цусны хамтаар хялбархан доошилж гар, хөлөө эвхмэгц амархан төрдөг байна. Төрсний дараа ч зовлон багатай тэнхэрдэг.
Гэвч хүндрэлтэй төрж, зовж зүдрэх явдал цөөнгүй. Хүндрэлтэй төрөгсөд бол хүүхэд нь хэвлийг гар, хөлөөрөө өшиглөх, нудрах, маажих зэрэгт эхийн гэдэс, сав суулганы махыг мянган хутгаар огтлон авч, түмэн сумаар харвасан мэт сэтгэлд мэдэгдэн бууж тэсвэрлэхүйеэ бэрхээн зовон тарчилж, тэрхүү их зовиур зүдгүүрийг хүлцэнгүйгээр шүд зуун тэсвэрлэн давж гарах нь үхээд боссонтой адил байдаг байна. Энэ мэтээр эхээ түмэн давхар зовоож төрсөн үр хүүхэд эхийн ачийг өчүүхэн ч мартаж үл болно.
Хүн зэрлэг араатан, жигүүртэн амьтдаас их дээгүүр болохоо байнга санаж явах ёстой. Одоо нэг алхам дэвшиж, задлан шинжлэхэд энэрэлт эхийн ачлал арвин их гүн зузаан буянт их өршөөл хайрыг дахин өгүүлэх нь:
1 дүгээрт: Эх хүний хүүхдээ дахин дахин эргэн харж, хайрлан хамгаалж, энхрийлэн өсгөдөг энэрэнгүй их хайр аа!
2 дугаарт: Эх хүн туйлын хүнд зовлон зүдгүүрийг эдэлж төрүүлсэн үр хүүхдээ ямагт энэрч байдаг энэрэнгүй их хайр аа!
3 дугаарт: Эх хүн тарчлан зовж байж хүүхдээ төрүүлсэн хойно түүнийг өсгөн бойжуулахын хүнд зовлонгоос огтхон ч ухарч няцалгүйгээр хайрлаж байдаг энэрэнгүй их хайр аа!
4 дүгээрт: Хүүхэддээ хамгийн сайн сайхан үнэр, амттаны хоол өгч тэжээн торниулсан энэрэнгүй гүн их хайр халамж аа!
5 дугаарт: Эх хүн төрүүлсэн хүүхдээ амар түвшин унтуулан нойрсуулахын төлөө дуу хураан, чанга гишгэлгүй, хүйтэнд хөрч, нойтонд норохыг үл хайхран зүтгэсний энэрэнгүй их хайр халамж аа!
6 дугаарт: Эх хүн ямагт хүүхдээ ариун цэвэрч, сайхан байлгахын тулд бохирыг нь цэвэрлэж, хирийг нь угааж, халуунд халж, хүйтэнд хөрч даарч зүдэрдэг эь гүн их хайр аа!
7 дугаарт: Алс хол яваа хүүхдээ эх нь мөрөөдөн санаж дэргэд нь байхсан хэмээн хүсч хайрын нулимсаа асгаруулан уйлан дуулж байдаг энэрэнгүй их хайр халамж аа!
8 дугаарт: Эх хүн төрүүлсэн үр хүүхдээ зовлонд учрахуйд хязгааргүй өрөвдөн хайрлаж шаналан тарчилж уйлан хайлж суудаг нь гүн их энэрэнгүй хайр халамж аа!
9 дүгээрт: Энэрэлт эх төрүүлсэн үр хүүхдээ энхрийлэн хайрын сэтгэл нь үүрд ноцон бадарч байдаг нь гүн их энэрэнгүй хайр халамж аа!
Бурхан бодсадва эцэг эхийн аугаа их ачлал хайрыг наминчлан залбиран магтаал айлдсан нь:
1 дүгээр магтаал: Үр хөврөлийг хамгаалах өршөөл хайр: Хүн ертөнцөд хүний биеийг олж төрөхөд маш хэцүү бөгөөд олон дахин эргэлдэн тойрч байж арай гэж хүний биеийг олж аав ээжид заяагдаж эхийн хэвлийгээр дамжин хүн болж төрнө. Таван сар болоход эхийн гэдсэн дотор хүний 5 цул 6 сар бүрэлдэнэ.
Зургаан сар болоход 6 гайхамшиг буй болж нүд, чих, хамар, ам, хэл, оюун ухааны үүд нээгдэнэ. Эхийн хэвлий дэх хүүхэд өдрөөс өдөрт хүндэрч эхийн бие нь газар хөдөлж, салхины аюул учирч байгаа мэт сэтгэгдэл төрөн, гэдсэн дэх хүүхдээ бодож бие нь өдрөөс өдөрт ядарч доройтох ба өөрийн биеэ арчлахаас түүртэж, гоё сайхан дээл хувцсаа тайлан далд хийж хадгална. Мөн биеэ гоё сайхан явахаа үл тооно.
2 дугаар магтаал: Төрөхийн зовлонг хүлээх гүн хайр:
10 сар хөл хүнд байгаад сарыг нь гүйцээж хүүхэд төрөхийн өмнө эх хүний бие хүнд өвчин туссан юм шиг дөрвөн мөч нь тэнхээ чадалгүй болж, өдөр болгон толгой эргэж нүд эрээлжлэн ялангуяа сэтгэл санаа нь тогтуун бус болж төрөхөд хэцүү санагдавч хүүхдээ эрүүл мэнд төрүүлье хэмээн санаа зовж үргэлж зүрхшээн найз нөхөддөө миний хамгийн их айж байгаа зүйл бол өөрөө энх мэнд төрөхөөс гадна эрдэнэ мэт хүүхдийн амь насыг чөтгөр шулмасаас хамгаалан бойжуулах явдал юм хэмээн ярьдаг болой.
3 дугаар магтаал: Хүүхдээ төрүүлээд амрахаа мартах өршөөл хайр:
Эх хүн хүүхдээ төрүүлэхдээ асар их хүч тэнхэн алдан тамирдаж таван цул зургаан сав нь тасран салж байгаа мэт тарчлан зовж хэсэг зуур бүрэг, бараг болон ухаан алдаж өөрийн хүүхдийн төлөө яг хонь нядалж байгаа юм шиг маш их цус булгийн ус шиг урсан гардаг байна. Ингэж хүүхэд төрүүлэхийн зовлонгоос амьд гарсан эх хүн сэхээрэн ухаарах үедээ: Юуны өмнө хүүхэддээ хайр хүрч энх мэнд төрсөндөө сэтгэл нь баясч нялх үрээ элгэндээ тэвэрч нүүрэнд нь инээмсэглэл тодорч саяхан төрөхдөө хичнээн их өвдөж зовсоноо мартаж нэг хэсэг хугацаа өнгөрөхөд дахин бие нь өвдөж эхэлдэг байна.
4 дүгээр магтаал: Аав ээж зовлонгоо мартан, жаргалаа ярьдаг энэрэл хайр:
Аав ээж хүүхдээ далай мэт ихээр хайрлах халамж нь өдөр шөнийн ялгаагүй, хөмсөг зангидан уурлалгүй үүрдийн хайр халамж нь үнэхээр дүрслэхийн аргагүй зузаан юм. Зөвхөн хүүхэд нь халуун дулаан байвал өөрөө өлсөж даарсан нь сэтгэл нь амарч хүүхдийн баяр жаргалыг өөрийн баяр цэнгэл хэмээн бодож баясгалан төгөлдрөөр санаа нь амардаг байна.
5 дугаар магтаал: Дахин хатааж, даруй норох өршөөл хайр:
Эх хүн үрээ үл ялих зүйлд ч хайрлаж байдаг. Хүүхэд нь шөнө орон дотроо шээж хөнжил дэвсгэрийг норгодог. Энэ үед эх нь өөрөө нойтон дээр нь хэвтэж хуурай дээр нь үрээ хэвтүүлэн хуурайлдаг бөгөөд нойтон дээр нь унтахдаа бэрхшээл гоморхох сэтгэл үл төрнө. Харин хүүхэд нь сайн унтаж байвал өөрөө даарч бээрсэн ч өчүүхэн төдий ч харшлахгүй байдаг. Эх хүний 2 хөх бол хүүхдийн ивээлт ордон бөгөөд халуун бүлээн илчийг өгч эрүүл чийрэг бойжуулдаг юм. Эх хүний 2 гар бол хүүхдээ наран, салхинаас хамгаалдаг юм. Эцэг эх бологсод хүүхдийн идэж уух, унтаж амрах байдлыг анхааран шинжиж байдаг. Харин хүүхдийн өсөлт бойжилт, бие нь сайн түргэн торниж байвал эх хүний сэтгэл нь ханаж өөр ямар ч зүйлийг хүсч шаардаггүй.
6 дугаар магтаал: Эх хүн хүүхдээ хөхүүлж өсгөх гүн их хайр халамж аа:
Эх хүний ач гавьяа бол газар дэлхий лугаа адил хамаг бодисыг боловсруулан амьдруулдаг бөгөөд олон хүүхдээ асардаг. Эцэг эх бологсдын сэтгэл санаа, хайр халамж ч цөм адилхан байдаг. Эцэг эх төрүүлсэн үрээ ямар ч муухай байсан хэзээ ч муухай гэж боддоггүй, гар хөл муу боловч сэтгэл санаа нь хүүхдээ гэж улам зовж, голох нь байтугай улам ч илүү хайр халамж үзүүлэх бөлгөө. Учир нь хүүхэд нь эцэг эхийн элэг зүрх мэт байдаг тул хайрын сэтгэлээ байнга догдлуулж, үнэхээрийн их хайрлан халамжилдаг тул эхийн ач гавьяа үлэмж агуу их болохыг дээдлэн хүндэтгэ.
1-2 минут уншигдана.
7 дугаар магтаал: Угааж цэвэрлэх өршөөл хайр:
Эх хүн уул нь алтан мөчир навч шиг биетэй бөгөөд лянхуа цэцэг мэт сайхан царайтай, оюун ухаан нь дэлгэр хөгжингүй, хөмсөг нь ува модны шинэ ногоон навч шиг, царай нь улаан ягаан өнгөтэй, залуу насны цог жавхаа бадарсан байдаг боловч цаг үргэлж хүүхдийн төлөө сэтгэл санаа зовж, цэцэг мэт сайхан царайнд нь орчлонгийн үрчлээ нугачаа сууж, дун цагаан хоёр гар нь хүүхдийн бохир буртгийг угаасаар байгаад арьсны гэмтэл болон яр шархаар дүүрдэг байна. Хөөрхий бөгөөд хүндэтгэлтэй хүний сэтгэл үр нь хүүхдийн төлөө эрдэнэ мэт залуу насаа өнгөрүүлж үүний гайгаар царай дүүрэн ядаргаа болон хоцордог юм.
8 дугаар магтаал: Хол явахад нь санаа зовох гүн их хайр халамж аа:
Хайрт хүн дэлхий ертөнцөөс ангижирч одоход хүний сэтгэл санаа зовж элэг зүрх эмтэрч байгаа мэт зовдог билээ. Тэрчлэн хайрт хүү нь харь газарт хол явахад нь энэрэлт эх нь сэтгэл ихэд зовдог юм. Мөн үрээ орон нутгаас гарч уул усыг гаталж явахад эцэг эх нь хүүхдээ бурхандаа даатган залбирч эсэн мэнд явж нэгэн өдөр боловч даруй түргэн ирэхийг хүсэн залбирч мөргөдөг байна. Гэтэл зарим хүүхэд хэдэн жилээр чимээ сураггүй алга болоход эцэг эх нь өдөр шөнөгүй саравчлан бараа харж нулимсаа асгаруулан нүүрээ угаадаг. Ой шугуй доторх хүн гөрөөс хүүхдээ алдсан мэт охилон зовниж элэг зүрхээ эмтэрлэж санаж, хүний сэтгэлийг уяруулдаг байна.
9 дүгээр магтаал: Эцэг эх хүү охидоо хөөрхийлөх гүн их хайр халамж аа
Эх хүний элбэрэл хайр гүн зузаан байдаг. Хүүхдэд нь зовлон тохиолдмогц энэрэлт эх нь өдөр шөнөгүй бурхан тэнгэрт залбиран даатгаж хүүхдийн минь зовлон над дээр иртүгэй гэж мөргөдөг байна. Үүнийг бодож үзэхэд эх хүний хайр хичнээн агуу их болох нь тодорхой. Хүүхдүүд гэрээс гарч хол явахад эх хүний хайр сэтгэл түүний хамт явж хүүхдээ даарч, бээрч, өлсөж, ундаасах зэрэг зовлон тохиолдохоос айж байдаг. Хэрэв хүүхдээ ямар нэгэн бяцхан зовлон амссан гэж сонсвол эх нь хоол ундгүй үргэлж сэтгэлийн зовлонг эдэлж тайван сууж чаддаггүй болно.
10 дугаар магтаал: Эцэг эх нь хүүхдээ өрөвдөх гүн их хайр халамж аа
Эцэг эхийн санаа сэтгэл бол нар сарны гэрэл шиг өнө үүрд газар дэлхийг гийгүүлж байдаг. Эцэг эхийн сэтгэлд хэзээ ямагт хүүхдээ хайрлаж, түүнийг хаана ч явсан үргэлж хамт байдаг. Ер нь зуун настай аав, ээж нь наян настай хүүхдээ нялх хүүхэд мэт хайрлан санаж явдаг. Аав ээжийн өршөөл хайрын ач гавьяаг үнэхээр хэлээд баршгүй энэрэл хайрын дээд болой.
Бурхан бодьсадва айлдсан нь: Эцэг эхийн өршөөл хайрыг айлдаж дуусаад цаашид олон түмэндээ зааварлан хэлэхдээ: Аяа бэрх юм. Миний үзэхэд хар тэргүүтэй олон амьтны зарим нь төрөлх зан авир нь эелдэг даруу сайхан байвч зарим хүний сэтгэл санаа мангуу тэнэг, догшин хэрцгий байдаг. Тэд хожим эцэг эхийн өршөөл хайр ачлалыг огтхон ч бодохгүй бөгөөд эцэг эхдээ яаж хандаж яваагаа мэдэхгүй тэнэг муу хүмүүс мөн.
Эцэг эхийн арчилж өсгөсөн ариун гэгээн ачит сэтгэлийг мартаж ачийг бачаар хариулж яваа хүний үр хүүхэд бологсдын элбэрэл, журам, ачлалгүй нь үнэхээр сэтгэл эмрүүлдэг болохыг та нар цөм мэдэж байна. Эх хүн 10 сар жирэмсэн явж гэдсэндээ хүнд юм тээсэн мэт сууж босохдоо амаргүй бөгөөд идэж, унтаж хэвтэж чадахгүй хүнд өвчинд нэрвэгдсэн юм шиг ямар ч цог жавхаагүйгээр явж хүүхдээ төрүүлдэг. Эх хүн хүнд зовлонг амсаж байгаад төрүүлсэн үрээ өсгөх гэж хичнээн их сэтгэлийн зовлонг эдэлж бэрхшээлтэй байлаа ч гэсэн үрээ биеэсээ салгалгүй элгэндээ тэврэн гар нь өвдөж, хөл нь чилж байсан ч үүнийг зовлон гэж бодолгүй хүүхдээ хараад л сэтгэл амарч тааламжтай болдог. Тэрчлэн хүүхдийн хиртэй хувцас зэргийг угааж, шөнө орон дээрээ шээхэд нь нойтон газарт нь өөрөө хэвтэж биеийн халуун элчээрээ хатааж, хүүхдээ хуурайд нь тавьж унтуулдаг боловч ер бэрхшээх сэтгэл төрдөггүй. Хүүхэд нь хөхөө хөхөж байгаа нь нэг ёсондоо эхийн цус шүүсийг сорж байгаа тул удаандаа эх нь турж эцдэг байна.
Сая төрсөн нялх үрээ торниж том болох бүр том залуу болгодог. Эцэг эх хэдий чинээ хүч хөдөлмөр гарган хөлсөө урсгаж хүүхдээ бүх талаар анхааран хүмүүжүүлж ажил үйлс, гэр оронтой болтол туйлын ихээр сэтгэл зовниж байдаг. Харин хүүхэд өвчилвөл эцэг эхийн сэтгэл нь маш ихээр зовж түүний төлөө өөрөө өвддөг юм. Хүүхдийн бие нь сайн болвол эхийн сэтгэл амарч, аажмаар өөрийн ядаргаа шаналгаа арилж бие нь сайжирдаг байна. Эцэг эх бологсод хэдийчинээ зовлон зүдгүүр амсаж байлаа ч хүүхдээ өсгөж торниулан том хүн болгохыг байнга хүсдэг. Зарим хүүхэд том болмогцоо ах эгч ихсийг хүндлэхийг мэдэхгүйгээр барахгүй эцэг эхээ асарч хамгаалахыг мэдэхгүй, эцэг эхийн сургаалыг үл хайхран, тэднийг эсэргүүцэж, өгүүлэл тавьж хэрэлдэн, бүр дайсагнах ба гэр дотроо настай хүнийг хөгшин зөнөг гэж доромжлон, ах эгч, дүү төрөл садан гэж тоохгүй харилцан зодолдож, хүний ёс журам алдан их нүгэл үйлдэж, үнэхээр сэтгэл санааны өвчтэй болгодог байна. Хэдийгээр эрт сургуульд орж ном уншивч ахмад настай ба эцэг эхийн сургаалыг тоохгүй ихээр эсэргүүцэн зөрчиж, өөрийн дураар гэрээс холдон тэнүүчилж, бусдын зөвлөгөөнийг үл ойшоож омогшин, бардамнаж, бүхнийг өөрөө мэдэж байна хэмээн бие тоодог.
Энэ дутагдал цааш гүнзгийрч муу хүнтэй нөхөрлөн, аав ээж гэр орноо бүүр хаяж орон нутгаасаа салан алс хол явж худалдаа наймаа хийж, янз бүрийн хэрэг үйлдэж, өдөр хоног өнгөрөөн насаа хөгшрөөдөг. Бас зарим нь хүний газар эхнэр авч, эцэг эхийн ачлал хайрыг өчүүхэн ч бодохгүй, хар амиа бодож, нас бартлаа төрсөн газар угаасан усандаа буцаж очдоггүй, хэрхэн өсч бойжиж хүн болсноо ер эргэн ухаардаггүй явна.
Зарим хүмүүн ажил хөдөлмөр эрхлэхгүй, харь газар тэнүүчилж, муу хүнтэй нөхөрлөж өөрийн биеэ хичээхгүй, гэмт хэрэг үйлдэж, шоронд орж, хүндээр шийтгэгдэж, тэндээ үхдэг ч буй. Бас зарим нь хүнд өвчинд нэрвэгдэж, өвчний мөр хөөж, ганцаардан гудамж захаар тэнүүлчилэн явж нар салхинд гандаж ядраад, сүлд хийморь нь зайлж, эцэг эхийн ачийг хариулах сэтгэл зүрхгүй болж амиа хорлодог ч хүүхэд байдаг. Эцэг эх нь хол явсан хүүхдийнхээ араас өдөр шөнөгүй санан шаналж, ирэхийг нь хүлээж, зай завсаргүй сэтгэлээ зовоож, сураг чимээ хүлээн нүдээ хөхөртөл ширтэн гашуун нулимсаа асгаруулж явсаар нүд нь юм үзэхгүй болж, амьсгал нь давхцаж, өвчин эмгэг тусч, ажил хөдөлмөрийн чадамжаа алдаж, хүүхдээ мөрөөдөн шаналсаар насан эцэслэтэл бодсоор байгаад ертөнцөөс хальдаг байна.
Зарим нь сурлага чадвар сайтай хүүхэд ч гэсэн өөрийн гэсэн бат бодолгүй муу хүнтэй нөхөрлөж, түүний хорон санаа нөлөөнд автагдаж буруу замаар орж, элдэв муу хэрэг үйлдэж, өдөр шөнөгүй архидан согтуурч, ах дүү элгэн садандаа хор хохирол учруулж, яахын аргагүй хүн болдог байна.
Эцэг эхийн ачийг ойлгоогүй хүн өглөө гэрээс гарч, шөнө дөлөөр ирэвч, эцэг эхийн эрүүл мэндийг үл асуун, өрөвдөх сэтгэлгүй тул өтөлж ядарсан эцэг эх нь харж харгалзах сувилах хүнгүй хоцорч муу хүүхдийн харгайгаар сэтгэл амар тайван байж чадахгүй болж, бас бусад хүмүүсээс муу хүүхдийнхээ төлөө зэмлэл доромжлол хүлээдэг юм.
Бас зарим хүүхэд хөгшин эцэг эхтэйгээ тоож дуугарахгүйгээр барахгүй нас барсан байхад нь эмгэнэн гашуудан хайрлан хүндэтгэх ёслолыг ч гүйцэтгэх дургүй байдаг байна. Ийм хүүхдийг эцэг эх нь элбэрэл журам ачлалгүй хүн заяажээ хэмээн шаналан гомдож дээш хэлэх тэнгэр хол, доош хэлэх газар хатуу болж яах ч аргагүй болдог юм. Иймд хүүхэд нь хөгшин эцэг эхээ асран хөтөлж байх нь хүн төрлөхтний тогтсон жам ёс билээ.
Гэвч зарим хүүхэд энэхүү ёс журмыг хүндэтгэхгүй атлаа эцэг эх нь бусдын өмнө зэмлэгдэн шоологдож хэлэгдэхээс туйлын их ичингүйрдэг байна.
Зарим хүүхэд бол эхнэр хүүхдээ тэжээнэ гээд ажилдаа чармайж эцэг эхээ мартаж ерөөс хайхрахгүй болчихдог. Тэгээд эхнэрийнхээ үгэнд орж эцэг эхийн үгийг огт ойшоохгүй болж, бас ахмад хүмүүсийг хүндлэх сэтгэлгүйг нь эцэг эх нь харж сэтгэл санаа нь зовж яс нь хавтайж суудаг. Бас зарим охид нөхөрт гарсны дараа эхээ хүндэтгэн үг зааврыг дагахгүй болохоор эцэг эх хатуу зөөлөн арга бүхнийг хослуулан хүмүүжүүлэх гэж оролддог байна. Тэрчлэн эр нөхөр нь бас аашилж зодох явдал ч цөөнгүй гардаг юм. Гэвч засарч зөв замд орохгүй аажмаар холдож байсан ч эцэг эх мөн л түүний төлөө үүрд зовниж байдаг юм шүү. Зарим охид эцэг эхээ хүндлэхгүй, нөхрөө дагаж харийн газар очиж, өөрийн эцэг эх, эх нутгаа санахгүй, чимээгүй болж, харилцаагаа тасалсан ч эцэг эх нь түүний хойноос үргэлж санаа зовж бараа харж, чимээ сонсож сэтгэл өвдөн унтаж амрахаа ч мартдаг байна. Эцэг эх бологсод хүүхдийнхээ төлөө үүрд сэтгэл зовниж санах явдал бол мах цусанд нь шингээсэн хэзээ ч хувиршгүй зүйл мөн.
Ер нь эцэг эхийн ачлал хайр, энэрэнгүй сэтгэл хэмжээ хязгааргүй болохыг үзэг, харандаагаар илэрхийлэн бичиж хэзээ ч дуусахгүй их билээ. Үр хүүхэд нь ахас дээдсээ хүндлэхгүй бол түүний нүгэлт их хүнд ял нь энэ болоод хойт насанд нь хэзээ ч уучлагдан өршөөгдөхгүй.
Бурхан бодисадва ийн эцэг эхийн гүн зузаан өгүүлж барахгүй өршөөл хайрыг айлдсанд, түүнийг сонссон хүн бүр ихээр гэмшин зовж, зарим хүн газар сөгдөн сууж, тэнгэрт мөргөн өвчүүгээ дэлдэж, өөрийн биеэ буруушаан гомдон шаналснаас болж бүх биеийн үсний сүв бүхнээс цус нэвчин урсах ба цаг зуурын бачимдлаас болж ухаан алдаж үзэхэд ч хүрч гэнэ. Төдий удалгүй ухаан орж сэргээд том дуугаар бахиран уйлж, би яасан их нүгэлтэй хүн бэ? Аав ээж минь үр миний төлөө ямар их хүнд зовлон эдэлж байсныг тооцоолохын аргагүй болой.
Энэ бүхнийг бодоход бид уучлашгүй их ялтай билээ. Өнгөрсөн үеэ бодоход харанхуй шөнийн турш сохор дүлийгээр мунгинан тэмтчиж явсан болой. Бас согтуу хүн амаараа газар үмхэж галзуу мэтээр агсран өдөр өнгөрүүлж байгаа мэт өөрийн үйлдсэн гэмт хэргээ ер ойлгосон бодолгүй явж иржээ.
Одоо Бурхан багшийн сургаалаар зүүд нойрноос сэрсэн мэт өөрийн түмэн буруугаа ойлгож мэдэж өөрийн төрөл садан, ахмад үеээ хүндэтгээгүй явж ирсэнээ бодоход хамаг биеэс минь хөлс гарч, элэг зүрх минь эмтрэн шимширч энэрэлт эцэг эх минь бидний юу ч мэдэхгүй явж ирснийг минь уучилж нэг удаа буруугаа гэмшин хүлээх тохиол олгоно уу хэмээн гуймой. Аав ээжийн ачлал хариулах аргыг хэлж өгөх соёрхлыг хайрлана уу хэмээн буруугаа наминчилж гуйв.
Бурхан бодисадва дор дурдсан 8 зүйлийн аргыг олон дүү нартаа үлгэрлэн тайлбарлаж айлдсан нь: Та нар эцэг эхийн өршөөл хайрыг мэдэж байгаа болохоор би та нарт тодорхойлон тайлбарлаж өгье!
– Нэгэн зүйл: Хүн зүүн мөрөн дээрээ эцгээ дамнаж баруун мөрөн дээрээ эхээ дамнаад сүмбэр уул өөд авирч явахад мөрийг чинь дамнуурга нь цоолон өвчүүлж, цус нэвчин урсаж ясанд чинь хүрч янгинасан ч үүнийг зовлон гэж хэлэхгүй. Мөн цус нь урсаад хөлийг чинь будаж байсан ч үүнийг мянга түмэн удаа энэ мэтээр явсан ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
– Нэгэн зүйл: Хүн элдэв юм, ховор цаг үед төрөөд идэх уух зүйлийг олж, эцэг эхээ тэжээхийн төлөө зүдэрч зовж, хоол унд олж өгөх, ахмад ихсээ хүндэтгэн дээдэлсэн ч эцэг эхийн ачлалыг хариулж чадахгүй хэмээн айлдвой.
– Нэгэн зүйл: Хүн эцэг эхээ эсэн мэнд байхын төлөө залбирч өөрийнхөө 2 нүдийг ухаж бурханд өргөсөн ч энэ мэт үйлдлийг мянга түмэн удаа давтаад ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдваа.
– Нэгэн зүйл: Хүн өөрийн эцэг эхийн төлөө зүрхээ сугалж гаргасан ч их өвчилж зовсон ч энэ мэтээр мянга түмэн удаа зовсон ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
– Нэгэн зүйл: Хүн эцэг эхийн ачлалыг хариулахын төлөө галд орж шатахаас буцахгүй бөгөөд ясаа хугалж чөмгөө гаргахаас ч няцахгүй явж, энэ мэтээр олон мянган удаа давтсан ч эцэг эхийн ачлалыг хариулж чадахгүй болой.
– Нэгэн зүйл: Хүн эцэг эхийнхээ ачлалыг хариулахын төлөө халуун төмөр бөмбөгийг зальгиж бүх биеэ түлж, мянган удаа давтан үйлдсэн ч ачлалыг хариулахгүй болвой.
Ингэж олон хүн бурхан бодьсадвагаас эцэг эхийнхээ ачлал хайрыг хариулах амаргүй болохыг дуулаад ийн асуусан нь:
Эрхэм дээд багш минь ээ бид одоо өөрийн биеийн ачлалгүй ялтай нүгэлтэй хүн болохоо ойлгож мэдлээ. Гэвч яавал эцэг эхийн ачлалыг хариулж болох бэ? Мэдэхгүй байна гэжээ.
Бурхан багш олон хүмүүс өөрийн буруугаа мэдэж ичингүйрэн гэмшиж байгааг үзээд ихэд баярлан олны зүг хандан айлдсан нь:
Хэрэв та нар эцэг эхийн өршөөл хайрыг хариулья гэвэл дор 6 зүйлийн ажлыг гүйцэтгэх ёстой.
1 дүгээрт: Энэ аймгийн номыг бич /эцэг эхийн ачлалын тухай ном/
2 дугаарт: Мөн энэ аймгийн номыг байнга унш
3 дугаарт: Бүхий л үйлдсэн нүгэл хилэнцээ наминчлан, буян үйлдэж, маань уншиж яв.
4 дүгээрт: Лам гурван эрдэнийг үнэн сэтгэлээсээ хичээнгүйлэн шүтэж яв.
5 дугаарт: Эрхбиш журам ёсыг сахиж, нүгэлтэй бүхнийг цээрлэж яв.
6 дугаарт: Буян үйлдэх мэргэн аргыг дэлгэрүүлэн явуулж, буяны үндсийг тавих.
Энэ 6 зүйлийн үйлсийг сайн хийж чадвал даруй эцэг эхээ хүндэлсэн ачлалт хүүхэд болно. Эс чадвал тамын оронд төрнө гэж айлдваа.
Бурхан багш: Аяа бэрх эрхмүүдээ хэмээн өгүүлсэн нь: Эцэг эхдээ элбэрэлгүй хүн бол нас барсны дараа заавал тамын оронд очдог. Энэ тамын орон бол хөндлөн гулдаар найман бээрийн хээтэй болой. Дөрвөн талаараа төмөр хэрэм хашаатай, эргэн тойрондоо цөм тортой.
Hүгэл хилэнцтэй амьтад үүнээс зугатан гарч чадахгүй. Газар нь цөм гөлмөн төмөр, түүнийг доороос нь галаар төөнөж газар бүхэнд цахилгаан гүйдлийн галаар зэс ба төмөр хайлуулж, хүний бие дээр цутгадаг юм. Мөн амаар нь гал бадраан бөөлжүүлдэг бөгөөд зэс нохой, төмөр могой нүгэлт хүмүүсийг хазан зовоон тарчилдаг болой. Тамын оронд ийм олон зүйлийн зовлон амсаж, үүрд тайван сууж чадахгүй бөгөөд энэ мэтээр хичнээн удаан зовоон тарчлаах нь хязгааргүй. Хэдийгээр энэ тамын оронд үйл зовлонг эдэлсэн боловч дахин дахин өөр тамын оронд очиж толгойдоо халуун сав углуулж биеийг нь төмөр тэргээр хэмх дайруулан зовооно. Тэрчлэн хутга мэсээр гэдэс дотор яс шөрмөсийг таслан сүйтгэж, арьс махыг язалж, нэг өдрийн дотор мянган удаа төрж, мянган удаа үхэж, хязгааргүй их зовлонг амсаж буй хүн бол амьд байхдаа эцэг эх, ахмад хүмүүсийг хүндэтгэн үзэхгүй арван хар, таван завсаргүй нүгэл ба буянг ялгаагүй, ачлалгүй нүгэлт хүмүүс мөн.
Энэ үед бүгдээр Бурхан багшийн айлтгалыг сонсож дуусаад бүгдээр сэтгэл зовнин гэмшин, гэмшин ичингүйрч нулимс унагаан Бурхан багшаас гуйн хүссэн нь: Бид нар яавал сая эцэг эхийн ачлалыг хариулж чадах вэ? Хэмээн асуусанд Бурхан багш: Хэрэв эцэг эхийн ачлалыг хариулъя гэвэл хамгийн сайн арга бол энэ зохиосон номыг өргөн ихээр тараах явдал мөн. Нэг дэвтрийг ч хүн ардад хүргэвээс эрхэм дээд бурхны ач тусыг хүртэнэ. Хэрэв арван дэвтэр номыг тараан дэлгэрүүлбээс даруй арван эрхэм дээд Бурханы ач тустай учирна.
Энэхүү номыг зуун ширхэг, мянган ширхэгээр дэлгэрүүлэн тарааваас даруй түмэн эрхэм дээд бурхантай учирна. Аливаа номыг олон түмэнд дэлгэрүүлэн тарааж чадваас төчнөөн олон бурхан түүний биеийг үүрд сахин хамгаалж явна. Хэрэв бурхны хүчээр сугавадын /диваажин/ оронд төрвөл диваажингийн хүний баяр цэнгэлийг эдэлж хүртэнэ. Харин тамын орны аюул зовлонг хэзээ ч эдлэхгүй. Аяа бэрх. Эрхэм дээдэс болон олон түмэн минь тэнгэрийн найман бадаг, жич сансрын хүрдний богд нар, бурхан бодьсадвагийн гэгээн сургаалыг сонсоод тэсгэлгүй гэмшин зовж, бүх бие нь маш ихээр дагжин, толгойн үс нь өрвийн босч бүгдээр цөм гэмших сэтгэлээр бурхны өмнө чин сэтгэлээсээ буруугаа мэдэн наманчилж, хаа ч явсан, мянган бэрх, түмэн бартаа, хутга шөвөгний үзүүрт өлгөгдөж шидэгдэн бидний бие няцарч, яс минь хэмхрэвч Арьяабал бурхны гэгээн сургаалыг чанга мөрдөн сахиж явна.
Бидний толгойг жад сэлмээр цавчиж байсан ч мэст уулын галт хүрдээр биеийг минь дайруулан цусан гол урсгавч бурхны сургаалыг өчүүхэн ч зөрчихгүй.
Бид мянга түм, живаа сумын өөдөөс сөрж, үхэх сэхэхийн үүдэнд хүрэвч бурхны сургаалаас няцахгүй. Төмөр дээсээр оосорлуулан хүлэгдэж чирүүлж тарчлавч Арьяабал бурхны сургаалаас ухрахгүй гэж тангараглав.
Дараа нь эрхэм дээд багшдаа залбиран: Энэ номыг чухам ямар ном гэх бэ? хэмээн асуувал бурхан бодьсадва: Энэ бол эцэг эхийн ачлалыг хариулахад бэрх гэдэг ном. Та нар сайн сахиж, журамлан мөрдөж явтугай гэв ээ.
Аяа бэрх олон дүү нар болон тэнгэрийн найман аймаг зэрэг бүгдээр хичээнгүйлэн сонсож багшийн зааварлан айлдсан энэрэнгүй сэтгэлд баярлан бүгдээр эрс шийдэмгий сэтгэл зоригоор төрөл бүхэндээ бурхны гэгээн сургаалыг үүрд сахин эрхэмлэж ачлал зүтгэлийг бишрэн мөрдөж, бурхан бодьсадвад даатган мөргөж, ухрашгүйгээр залбиран буян үйлдэцгээе хэмээмой.
Дадияата ум мүни мүни
Маха мүни, шагжа мүни еэ суха
Дүүрэв. 🤍