Дөрвөн нигууртан хэмээх ариун Эсрүа тэнгэр

Ямбат хайрхан уулын сан тахил оршвой

Одоогийн Галуут, Бөмбөгөр сумын нутгийн заагт байдаг Ямбат хайрхны сангийн судар үүнийг халх Чин сүжигт номунхан, Ялгуусан хутагт, донер Идшиндорж, хүж баригч Зундуй тэргүүтэн шадар туслахууд дуртган сануулсанд зохилдуулж, Шагжийн гэлэн Лувсанбалданданбынямчоглойнамжил сайн цогт бээр зохион найруулжээ. Энэ нь Дөрвөн нигууртан хэмээх ариун Эсрүа тэнгэрийг хатан нөхөр сэлтийн хамтад нь Ямбат хайрхан үүнээ урин залж, ертөнц хийгээд шашин амьтныг тэтгэхийн тухайд тангараг цаазыг нь дурдан сануулж, нутаг орон, зон олноо даатган тахисан ном юм.
Ямбат хайрхан уул нь Бөмбөгөр, Заг сумын хил дээр далайн түвшнээс дээш 2724 м өндөрт, 46.36’30” Х.Ө. 99.21’07” З.У солбицолд оршино.
Судрын орчуулга
Ум сувасди.
Машид ялгуусан бүхний ид хүчийг нэгд хураасан
Мутартаа очирт нууцын эзний жам ёсоор
Гурван мянган ертөнцийг хоцролгүй эдлэгч дээд өвөг
Гайхамшигт Эсрүа тэнгэр бээр сайн буяныг соёрх.
Энд Ямбат хайрхан уулын орны эзэн шивдагт сан тахил өргөхийг хүсэгч бодьгал бээр сайн ариусгалын элдэв эд, эрдэнийн эм, цагаан үр, согтоогч шимийн үр, элдвийг овоолсон тэргүүтэн тахилын эдийг хураан үйлдээд үндэс аймгаас гарсан мэт адислах буюу товчлон хурааваас гурван үрийг өгүүлэн адистидла.
Аврал одуулах сэтгэл үүсгэл, цаглашгүй дөрвийн бясалгалыг урьд нь тавь.
Бодитой суурь нь :
Аяа. Гурван мянган уснаас төрөгч дэлбээлсэн дэвсгэр дээр
Арвис үйлдэн номчлон эрхшээгч дөрвөн нигуурт эзэн
Эгшигт баясгалант эх дор амгалан хоосны цэнгэлийн амтыг
Ихэд амсуулагч их тэнгэр Эсрүа
Чойндун титэм шанх, тэнгэрийн эрдэнэс сэлтээр
Чимэглэн хээмсэглээд цагаан ажнай хүлэглэн
Алтан хуяг, дуулга, тогосын өдөн сүлжээст
Асар үзэсгэлэн дурдмал эрээн мяраан чимэгт
Үлэмж та ану Ямбат хайрхан уул үүний
Үлэшгүй харшид үзэгдэгч гэгээн эзэн мөн.
Орон зүг үүнээ барагдашгүй огторгуйн сангийн
Оньс үүдийг нээгч сангийн дээд эзэн мөн.
Жирийн хийгээд нийт бус ухааны орны
Зуун үүдийг ч нээгч номын хаан мөн.
Даяар ертөнц хийгээд шашин амьтныг тэтгэхүйн тухайд
Таалал үүсгэж, тангараг цааз, зохиол дурдлыг таалаад
Орон үүнээ есөн хүслийн шид бүтээлийн хурыг
Огоот буулгах бөгөөд баясал ихээр батлан орш.
Ямагт баясахуйн ёсоор машид оршсоноор ч
Ямар мэт даатгах үйлс бүхнийг бүтээн зохио.
Түүнчлэн би бээр барьсан эс барьсан хотол сайн
Тахилын үүлс лугаа хамт нэгэн гадаад, дотоод
Тэр ямагт, нууцын тахил бүзаг огторгуйд дүүргэн
Тэнгэрийн дээд Эсрүаг баясгахын тухайд өргөе.
Сайхан үнэрт арц, агь, агар тэргүүтэн
Сангийн ариусгал эдийг шатаасан утаан үүлс
Газар хийгээд завсрын гэгээ, огторгуйн энг бүрхэн
Гайхамшигт Эсрүа тэнгэр, нөхөр сэлтийг баясган өргөмүй,
Баясан таалж, ба бүрний тахил эрдэм дор
Бузар див, өс хонзон, буртаг хир түйтгэр тэргүүтэн
Ариун бус бүхнийг туурвил ангижирсан агаарт ариусгаад
Цувирал үгүй амгаланг дэлгэрүүлэгч баяр хуримыг хайрла.
Асар олон эрдэнэсээр хээлсэн савын дотор
Цагаан гурав, гурван амттан, үрийн эм, согтоогч лугаа
Эрхэм рашаанд найралдуулан адисласан сэржим үүнийг
Эсрүа тэнгэр, эх хөвгүүнийг баясгахуйн тухайд өргөмүй,
Таалан баясаж, хаан, түшмэл, нөхөр харлиг дор
Дайсан хийгээд хорлол, өвчин ад, хижиг тэргүүтэн
Үл зохилдох үндэсийн нэрийг ч үл гаргах бөгөөд
Үнэхээр туулсан амгалан жаргаланг дэлгэрүүлэн зохио.
Тэнгэр хүмүүний амт шим найрсан рашааны идээг
Дээд зуун амтаар баяжуулан адистидлаад
Цувирал үгүй амгаланг өршөөгч бэлгийн далай үүнийг
Цогт гурван мянганы өвөг нөхөр сэлт дор өргөе.
Зооглон баясаж, ба бүрний тахил эрдэм дор
Зохилдох таалал, ариун санваар, номлол сонсголыг судлан арвитгаж
Шашин эрдэнийг дэлгэрүүлэх буяны бэлгэ хийгээд
Сайн амгалан үргэлжид эс тасрахыг соёрхон зохио.
Үргэлжид хүмүүн малын өвчин, ган, зуд тэргүүтэн
Үл зохилдох доройтлын нэрийг ч эс гарган
Арван буяны цааз төгс номын учрал, амар жаргал дэлгэрч
Аливаа санасан хэрэг бүхнийг бүтээх буяны бэлгийг бадраах болтугай
Хэмээн орны эзэн шивдагийн соёрхол тахил үүнийг халх Чин сүжигт номунхан, Ялгуусан хутагт, донер Идшиндорж, хүж баригч Зундуй тэргүүтэн шадар туслахууд дуртган сануулсанд зохилдуулж, Шагжийн гэлэн Лувсанбалданданбынямчоглойнамжилбалсанбу бээр найруулвай.
Орны тэнгэрийн сэржим, буян хишгийн даллага сэлт оршвой
Ямбат хайрхны шивдагийг тахих энэ номыг Банчин эрдэнээс соёрхсон дээрхи номлол лугаа барилдуулан сэржим өргөх, буян хишгийг даллахыг хүсэгч дор зориулан шашныг гийгүүлэгч, хувилгаан лагшинт, ялгуусан Дархан гүшир лам Мижиддоржийн таалалд зохилдуулан, Халхын Чин сүжигт Номунханы 3-р дүр Сумади Авхяшасанасядуаза /1829-1882/ бээр зохиожээ.
Судрын орчуулга
Намо гүрү ваяа.
Энд Ямбат хайрханд алдаршсан газар баригч уулнаа оршигч шивдагийн соёрхол тахил. Банчин эрдэнээс соёрхсон номлол лугаа барилдуулан сэржим өргөх, буян хишгийг даллахыг хүсэгч бээр, соёрхол тахил зан үйлийг ёсчлон үйлдсэний хойно, бэсрэг саванд гарын авлага мэт бэлтгэгдсэн сэржмийг Ум Аа Хум гэж 3 удаа адистидлаад өргөх мэт дор ийм хэмээн:
Хо. Гурван мянган ертөнц мэт уужим эрдэнийн саванд
Согтоогч мянган шим хурсан алтан умдаан далай
Самиди тарниар адистидлан арвитгасан
Хамаг үзэгдлийн эрхтэн дор амгаланг өгөгч үүгээр
Ялгуусан бүхний тусад онох бэлгэ билгийн
Ямар мэт мишээсэн нигуур хийгээд
Түрдэх үгүй үзэгдэл хоосонд омогдогч лагшинт
Даяар ертөнцийн өвөг шашны сахиусан огоотын эзэн
Өрлөг тэнгэр Брахман эцэг эх дор
Өргөмүй, тахимуй, баясан сайтар таалан зооглож
Шашин хийгээд шашныг баригч хуврагийн чуулсан аймаг
Шашны өглөгийн эзэн, албат, нөхөр, элдэв эдлэл бүхнийг
Шамдаж тийн дөрвөн үйлсээр алгасралгүй тэтгэн соёрх.
Хо. Гурван мянган ертөнц мэт уужим эрдэнийн саванд
Согтоогч мянган шим хурсан алтан умдаан далай
Самади тарниар адистидлан арвитгасан
Хамаг үзэгдлийн эрхтэн дор амгаланг өгөгч үүгээр
Яавч барагдашгүй их эзний тааллыг зохиох мэт
Ялгуусны аргыг ёсчлон тэтгэгч гадаад, дотоод түшмэл
Зарлиг сонсогч, үйл үйлдэгч, хурц баатар, нот сахиусан
Зарц боол, их түшмэл, элчсийн чуулган дор
Өргөмүй, тахимуй, баясан сайтар зооглосноор
Шашин хийгээд шашныг баригч хуврагийн чуулсан аймаг
Шашны өглөгийн эзэн, зардас, нөхөр, элдэв эдлэл бүхнийг
Шамдаж тийн дөрвөн үйлсээр алгасралгүй тэтгэн соёрх.
Хо. Гурван мянган ертөнц мэт уужим эрдэнийн саванд
Согтоогч мянган шим хурсан алтан умдаан далай
Самади тарниар адистидлан арвитгасан
Хамаг үзэгдлийн эрхтэн дор амгаланг өгөгч үүгээр
Нутаг орон үүний уул, ус, хад чулуу
Нуур цөөрөм, бүрд, булаг, хүрхрээ хийгээд
Төхөм зүлэг, ой цэцэглэг тэргүүтнээ оршигч
Тэнгэр, лус, хаан ад, газрын эздийн догшин аймагт
Өргөмүй, тахимуй, баясан сайтар зооглосноор
Шашин хийгээд шашныг баригч хуврагийн чуулсан аймаг
Шашны өглөгийн эзэн, зардас, нөхөр, элдэв эдлэл бүхнийг
Шамдаж тийн дөрвөн үйлсээр алгасрал үгүй тэтгэн соёрх.
Хо. Гурван мянган ертөнц мэт уужим эрдэнийн саванд
Согтоогч мянган шим хурсан согтоогч алтан умдаан далай
Самади тарниар адистидлан арвитгасан
Хамаг үзэгдлийн эрхтэн дор амгаланг өгөгч үүгээр
Найман гариг, гүйгч одон, цаг өдөр, эргэх арван хоёр жил
Найман суудал, есөн мэнгэний эзэн, хаан, түшмэл, нөхөд
Наян бортан, гороолон эргэх аймаг савын тэнгэр
Нууц есөн хуурцагт оршигч бүхэн дор
Өргөмүй, тахимуй, баясан сайтар зооглосноор
Шашин хийгээд шашныг баригч хуврагийн чуулсан аймаг
Шашны өглөгийн эзэн, зардас, нөхөр, элдэв эдлэл бүхнийг
Шамдаж тийн дөрвөн үйлсээр алгасрал үгүй тэтгэн соёрх.
Үйлс хэргийг даатгах нь.
Хум. Эрдэнийн олон хувилгааныг үзүүлэн тэтгэгч их Эсрүа
Хатан, хөвгүүн, түшмэл, нөхөр сэлт бүхэн дор
Эрхэм алтан умдааны рашаан тахилыг өргөмүй.
Эгүүнийг зооглож, даатгасан үйлсийг түдэлгүй бүтээ.
Доодос бид явдал үйлд ба бүрэн эс мэрэгжсэнээр
Догшин газрыг улаан мах, баас, шээс, ариун бусаар буртаглан
Хиншүү тавьж, газар ухан, чулуу ховхолж, ус булингартуулснаар
Хор хөнөөл, гэм юу үйлдсэнийг хүлцэн зохио.
Сайхи тус амгалан бүгд гарахуй их орон
Сартваахи Ялгуусны шашин их эрдэнэ арвидан дэлгэрч
Шашныг баригч хурсан аймгийн таалал зохилдон
Шастир номлол, бүтээл төгс дэлгэрч
Аугаа их орон төгс төгөлдөр цаг мэт
Амгалан жаргалан, идэрийн цог дэлгэрэх үйлсийг зохио.
Ямагт ба бүрэн суурин, зам, хээр гурвын хаана оршивч
Яван одохуйд үдэж, нааш ирэхүйд угтах тэргүүтэн
Эцэг, эх, ач хөвгүүн мэт шадарлан нөхөрлөөд
Эгнэгт санасан горилсныг өөсөөн бүтээн зохио.
Сахиусан тэнгэр таны хаана эрхшээсэн орон зүгт
Салхи, мөндөр, ган, хорхой шавьж, хулгана тэргүүтэн
Сайн жилийн үрийг үгүй болгон үйлдэгч тотгорын язгуурыг
Хэзээд эс гарган баялаг жилийг сайтар зохиосноор
Хөдөөх малчны хороо нугуудад мал сүрэг цуглаж
Дэлгэр уужим талд ч араатан чоно хийгээд
Дайсан хулгай, дээрэм, малын өвчин, гарз эс гарч
Дээдлэх буяны хормой арвидаж ашид дэлгэрэх болтугай.
Ахуй орон зүг үүнд хэрүүл тэмцэл, хямрал хөдлөх ба
Алан хядах, хулгайлан булаах, башир хуурмаг амьдрах
Аливаа буян бусын муу явдал хэзээд үгүй болгоод
Арван буяны зарчмаар ашид амьдрах дор зохио.
Хэмээн өгүүл, Тэндээс хишиг буяныг даллан хурайлах дор, даллагын сум, хивэрлэг торго, хишгийн шүтээн тэргүүтэнг бэлтгэн хүмүүн ба уналга тэргүүтний аман хишиг хийгээд сум, хивэрлэг торгоор даллах сэлтээр ийн хэмээн:
Аяа. Эрдэнийн олон хувилгаан улаан нигууртан
Аливааг номхотгогч догшин лагшинд үзэгдэгч
Тэнгэрлэг ариун Эсрүа нөхөд сэлтээр
Тахилын үүлэн далай үүнийг зооглож
Оюун сүжиг гайхамшиг гарсан номын хишгийг
Онцгойлж энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Элбэг урт нас, барилдлага төгс орчлонгийн хишгийг
Энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Сайн дүрс, саруул оюуны язгуур хишгийг
Энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Сайн нөхөр, бат сэцэн номлол хишгийг
Энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Хотлыг тэгшид асрагч жавхлант богдын хишгийг
Энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Хүчин төгс шударгуу зарцсын хишгийг
Энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Хөнөөлөөс ангижирсан энх амар орны хишгийг
Энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Шавхаж барагдашгүй арвидагч эдийн хишгийг
Энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Шим төгс амгаланг өгөгч идээний хишгийг
Энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Сайн ачлалт буяны эцэс хүрсэн үйлийн хишгийг
Энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Сайшаахуй зохист утга зохилдох яруу алдрын хишгийг
Энэ өдөр үүнээ хурайлан дуудмуй.
Товчилбоос сансар гурван ертөнц дор
Товтой сайн чуулганы буян хишиг юун бүхэн
Хоёр ёсны цог учралын баяр хурим дор
Төгс эдлэл, шид бүтээл хур мэт буугтүн.
Номт төрийн гэгээн цог уул мэт сүндэрлэж
Нас буяны хишиг нуур мэт мэлтэлзэж
Яруу алдрын дуаз наран, саран мэт гийж
Есөн хүслийн хишиг буян энэ өдөр иртүгэй.
Хэмээн сүжиг бишрэл хүчтэй хатуугаар өгүүлж, өлзий хутгаар эцэст чимэн үйлд. Хэмээх үүнийг шашныг гийгүүлэгч, хувилгаан лагшинт, ялгуусан Дархан гүшир лам Мижиддоржийн таалал зохиох мэт Номунханы төрөл хувилгаан нэрийг баригч Сумади Авхяшасанасядуаза бээр найруулвай. Заяандү Буян болтугай.