Янжинлхам Манзушир Очирваань Намсрай Лхам зэрэг бурхдуудын хамт

Янжинлхамын магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Янжинлхамын магтаал.

Хоцроолгүй Ялгуусаны бэлгэ билгийн рид хувилгаанаар
Хутагт Мутартаа лянхуатын цагаан шүдний туурцагнаас
Хамгийн сэтгэлийг булаагч үзэсгэлэнт охин тэнгэрийн лагшинд үзүүлэгч
Хэлний эрхэт охин тэнгэрийн өлмий дор мөргөмүй.
Цаст уул мэт үзэсгэлэнт цагаан лагшинтай
Цармын сарнаас зуунтаа тунгалаг царайтай
Цэцгийн шугуйг чухал орхисон мэлмийтэй
Цогт идрийн арван зургаан настад сөгдмүй.
Амнаас али гали хэлхсэний яруу эгшгээр дуулаад
Аялгуут гинарийн ятга барин дэлдэгч хоёр мутраар
Амьтны чихний шим авуулахыг дэлгэрүүлэн зохиогч
Асар жавхлант, хоёр өлмийг цомцойн сууснаа сөгдмүй.
Хри үсэг, эгшиг гийгүүлэгч эрихсийн гэрэлтээр
Хурц билгийн хүрд зүрхний хөрөнгө хийснээр
Хоромхноо номлох, тэмцэх, туурвихуй дор түрвэлгүйн оюуныг
Хайрлан зохиогч Хэлний эрхэт охин тэнгэр тан дор сөгдмүй.
Номлохоор тодорхой оюутын чуулгадыг бахдуулаад
Нотлон тэмцэлдэхээр чандын эсэргүүцлийг сүрээр дарагч
Найруулан туурвихаар мэргэдийг баясган үйлдэгч
Номлох, тэмцэх, туурвихын билгийг надад хайрлагтун.

Янжинлхамын бүтээлийн арга.

“Ертөнцийн өвөг” Эсүраан нигуурын лянхуагаас
Сайтар мэндэлсэн “галууны охин”
Эгшигт охин тэнгэр
Миний сэтгэлийн нуурнаа насад шумбан цэнгэгтүн,
Түүний бүтээлийн аргыг би номлосугай.
Тэр ч Эгшигт охин тэнгэрийг бүтээхийг хүсэгч бээр аврал одуулан, сэтгэл үүсгэхийг урьдаар үйлд. Өөрөө агшинд Эгшигт охин тэнгэр дор тодорсны зүрхний Хри-гээс гэрэл сацран Лам лугаа хоёргүй Эгшигт охин тэнгэр дор бурхан бодисатвагийн чуулгадаар хүрээлснийг зал.
Өмнийн огторгуйд оршсонд санаад “Ум Сарасвади Аргам Брадица Хум Суу Хаа”. Түүнчлэнгээр “Аргам”-ын оронд “…Шабда” хүртэлхээр тахь.
“Чухаг дээд гурав дор би…” тэргүүтнээр бодийн санваар ав. Дөрвөн цаглашгүй бясалгах
тэргүүтнээр буяны чуулган хураахыг урьдаар одуулсны хойно бэлгэ билгийн чуулганыг хураах нь: “Ум Шунъяада Занаа Базар Сувава Адма Гоо Хам” хэмээх тарнийн утгыг дурдахын үүднээс өгүүлснээр орчлон нирвааны хамаг ном өвөрчлөнгөөр бүтсэнээр хоосон лугаа өөрийн сэтгэл нэгэн амтат боллоо хэмээн сана. Хоосны агаараас Бам-аас найман дэлбээт цагаан лянхуан хүйснээ А-гаас дүүрэн цагаан сарны мандал дээр өөрийн сэтгэл цагаан Хрим. Түүнээс гэрэл сацран хутагтныг тахилаа. Хамаг амьтны үл мэдэх харанхуйг арилган билгийн үзэгдэл дор байгууллаа. Янагш хураагдах огоот болсноос, өөрөө Эгшигт охин тэнгэр лагшингийн өнгө цагаан, нэгэн нүүрт. Хоёр мутрын зүүнээр гинарийн мянган чавхдаст ятга (бийбаа) хөгжмийг зүүн ташаанд шүтүүлэн бариад баруун мутрын хуруугаар дэлдэн дуугаргасан. Хоёр өлмийг цомцойн сууснаа элдэв торгон хормогч, цээживчтэй. Эрдэнийн титэм, хоолойвч, сондор, бугуйвч, бүсээр чимсэн. Үс нь хөхөмдөг хар, хагасыг задлан унжуулснаар дээд биеэ бүтээгээд хагас үсээ товойлгон шууж, цэцгийн эрихсээр зангидсан. Эрдэнийн оройвч, тал саран чимэгт.
Түүний оройд цагаан Ум, хоолойд улаан Аа, зүрхэнд хөх Хум. Өөрийн зүрх дээш боссоны дотор амины мөн чанар цагаан Ам үсэгний надаанаас гох мэт цагаан гэрэл амьсгалтай хамт баруун хамрын нүхээр гараад өмнөд их далайн хөвөөний “Гинарийн баясгалант цэцэрлэг” хэмээх дор Эгшигт охин тэнгэр оршсоны зүүн хамрын нүхээр орж, бэлгэ билгийн хүрднээс дэгээдээд баруун хамрын нүхээр гарч од харвахчлангаар өмнийн огторгуйд заллаа. “Ум Бриди Дэви Хрим Бүсбээ Аа Хум”. Түүнчлэн “…Шабда Аа Хум” хүртэлхээр тахиж, “Заа Хум Бам Хоо” хэмээн өгүүлээд амьсгал авах лугаа хамт хүрд гэрлийн байдлаар өөрийн зүүн хамрын нүхээр орон зүрхний Ам дор шингэлээ. Тэр огоот хувирснаас өөрийн зүрхэнд Эгшигт охин тэнгэрийн билгийн хүрд найман дэлбээт улаан лянхуан хүйснээ саран мандлын дээр сэтгэлийн мөн чанар цагаан Хрим үсэг, надаа сэлт дээш боссон байдалтай, өмнөөс эхлээд найман дэлбээн дээр баруунаа тойрсон дарааллаар А Аа, И Ий, У Уу, Ри Рий, Ли Лий, Э Ээ, О Оо, Ам Аа нугууд дэлбээ нэжгээд нэжгээд дор хоёр хоёр үсэг зулын эрихэс мэт цагаан гэгээн гэрлээр биеийн доторх бүгдийг хумханд зул асаасан мэтээр дүүргэлээ. Үл мэдэх харанхуйг арилгалаа. Хамаг мэдэгдэхүүн хийгээд ялангуяа номлох, тэмцэх, туурвих гурав дор оюуны гэгээ түрвэл үгүй дэлгэрэх боллоо. Бие, хэл, сэтгэл их амгалангаар түглээ хэмээн бясалга.
Тэр мэт бясалгасны эцэст урилга нь, Хрим хэмээн өгүүлснээр зүрхний Хрим-ийн надаанаас зулнаас зул тасрах мэтээр Хрим үсгийн эрихэс өөрийн амнаас гарч хүйсээр орон, зүрхний Хрим дор шингэлээ хэмээн санаад, Хрим өгүүлсэн нэжгээд нэжгээдүүд ч галын цуцлын хүрд болон түргэнээ эргэлдсэний гэрлээр тэргүүлшгүйгээс хураасан хамаг хилэнц түйтгэр хийгээд ялангуяа үл мэдэхийн харанхуй бүхэн ариллаа. Оюуны гэгээ түрвэл үгүй дэлгэрлээ хэмээн санаж урь.
Бас хүрдний хүйсний Хрим-ээс гэрэл цаглашгүй гараад арван зүгийн хамаг бурхан бодисатва нар, шравага, братигабуд бүгдийн Айлдалын бэлгэ билэг, Эсрүн, Хурмаст, бандид тэргүүтний номлох, тэмцэх, туурвихын билэг, нар сар, гариг одод, үр тариа хийгээд эмийн шим, амьтны нас буян, сүр жавхланг гэрлийн байдалтай хураан Хрим дор шингээснээр бие гэрлээр дүүрэн, орчлон нирвааны хамаг эрдмүүд өөрт гарсанд санаад бусад үгсээр завсар таслалгүй, хэтэрхий түргэн хийгээд удааны гэмээс хагацсанаар зуун хорин таван мянга тэргүүтэн урихыг зарлигласан боловч таван бум буюу тэмдэг гартал уриад тэр цагт хамаг амьтан ч өөртэй адил Эгшигт охин тэнгэр, нөхөд сэлт болоод өөртэй хамт тарнийн дууг түрхрэн дуурсгасан дор нь тэдгээрийн хилэнц түйтгэр бүхэн арилж, хамаг мэдэгдэхүүн дор оюуны гэгээ түрвэлгүй дэлгэрсэнд санаваас түргэнээ бүтэх болмуйяа.
Хувийн сүүлд тарнийн эрихэс хийгээд зүрхний Хрим-ийн гэрлээр урьд мэт хамаг эрдмийг
хураахуй дор санах хийгээд ялангуяа номлох, тэмцэх, туурвихын билгээс алиныг илүү хүсэхийг гурав дахин хурааснаар биеийн доторх бүхэн цагаан гэрлээр дүүрсэн дор зоригдлыг талбин хөдлөлгүй бясалга. Ерөөл үйлд.
Тэр мэт бүтээснээр бодтоор гарах тэмдэг нь: дурдал оюун нь илүү тодорхой болоод шулуун үгтэй болох, олон голуудыг тогтоон (цээжлэн) чадах, сонссон алиныг туурвихыг хүсэх тэргүүтэн. Зүүдээр гарах тэмдэг нь: элдэв чимгээр чимсэн сэтгэлд зохистой охин гурван цагааны идээ, арцны мод, цэцгэн эрих, эрдэнэ тэргүүтнийг өгөх хийгээд шимт үр жимс тэргүүтнийг өгснийг идэх, нар сар ургах, цэцэг түүх, угаал үйлдэх тэргүүтэн гармуй.
Тэр мэт бүтээвч тэмдэг үл гараад зоригдол нь тодрохгүй болвоос зүрхний эгшиг үсгүүдийн толгойг дотогш харуулах ба Хрим үсгийн толгойг уруугаа харуулж, хүйснээс гаран амаар ороод Хрим дор шингэх тэргүүтнээр бясалгах буюу эс бөгөөс үр үсэг нугуудыг бүжиглэхүй дор зоригдон бясалгах бөгөөд энэ нь нэмэрлэгийн зан үйл болой. Бүтээл үйлдэх үед тотгорын садаанаас сахихын тулд Хаянхирваа тэргүүтэн хилэнтэн аль нэгний урилга бясалгалыг өчүүхэн үйлдээд ахуй үе дор үгээгүйн зовлонг арилгахын тулд эдийн тэнгэр аль нэгний балин өргөлгө тэргүүтнийг үйлдээрэй.
Хувийн завсар дор балин өргөх нь, цэвэр саванд гурван цагааны (сүү, тараг, тос) балин хийж, усаар цавдаад “Сувава…”-гаар хоосонд судла. “Ум Аа Хум”-аар рашааны их далай дор адистидлаад өмнөө өөртэй адил Эгшигт охин тэнгэрийг залж: “Ум Сарасвади Хрим Агаро Мухам Сарва Дарма Нам. Адъяа Нудбан Надада Ум Аа Хум Пад Суу Хаа” хэмээн тав буюу долоогоор өргөснөөр хэлэнд нь гэрлийн нүх гараад балингийн хамаг шимийг сорон зооглосноор баяссанд сана. Урьдахчлан “Аргам…” тэргүүтнээр тахь. Магтаад хүссэн хэрэг дор өчирлөгийг талби. Амьсгалаа авах лугаа хамтаар өмнө үүсгэсэн Охин тэнгэр өөрт хураагдсанд сана. Өлзий хутаг оршуулан үйлдэгтүн.
Хэлний эрхэт Эгшигт охин тэнгэрийн бүтээлийн аргыг аман гэгээний увдис сэлттэй огоот
төгсгөн зохиосон “Билгийн үзэгдлийг дэлгэрүүлэгч” хэмээгдэх үүнийг ухааны орон бүхнээ түрвэлгүй Тийн айлдлын эрх баялагт, номын хаан Ринчэнгунгаачойжиндагванамжилбалсамбуугаас чухалчлан сануулсан дор шүтэж тойн
Гэндэнжамцбал бээр, Ганданповринд найруулсны бичээч нь гавж Ёндончог болой.

Тотгорыг арилгах ялангуяат увдис.

Ум Сусди Сидди.
Увдис үүний бясалгалын гурван эш гурвуулаа билгийг арвитгахуй дор ялгаагүй боловч
бясалгалын гурван гэм нь:
1. Амарлингуй тэнгэр аль нэгний ёсоор үгээгүйд одохын гэм ч ирж болох тул түүний увдис нь, Гинарийн хаан Дамбура дор Янжинмаа хийгээд Бамуу хэмээх хоёр охин байсан
бөгөөд Янжинмаа нь Хүрд бясалгасанд Бамуу нь атаархаж, эд хогшил үгүй болгов.
Тэндээс Бамууд балин өргөөд эдийг буцаан авсан. Тиймээс үүнийг “эд бүтээгч” дор одохыг ч зарлигласан. Балин нь, саванд гурван цагаан хольсон гурилаар үрэл хийж тавь.
Тарни нь: “Ум Шри ДуваранаЗа Суу Хаа” долоо буюу хорин нэгээр адистидлаад Эгшигт охин тэнгэр дор бүтээлийн үеэр өргөх бөгөөд “Би … хэмээх дор эд хогшлыг хайрлан соёрх” хэмээгээд өргөөрэй.
2. Эглийн ёсоор бясалгахад мэдэл эндүүрэн одохын гэм ч ирж болох тул түүний увдис нь,
Хүрд хийгээд найман дэлбээт лянхуаг янагш хураагаад оройд “Ум Мани Бадмэ Хум” тэргүүтэн амарлингуйн тарниар хүрдний хоолойноос цааш амыг боосончлонгоор бясалгахыг зарлигласан.
3. Эгшигт охин тэнгэрийг бясалгах нь ариун явдал дор хорлолтой хэмээвээс, Тийм бус буюу Аръяабалын соёоноос гарахыг соёрхсон мөн бөгөөд амьтныг гадаадтаны дүр байдлаар номхотгохын тулд түүнд хувилсан хэмээн зарлигласан болой. Гэвч тэр мэтийг ч хорлолтой хэмээвээс охин тэнгэрийн ёсоор бясалгахын цагт түүн дор “эх”-ийн хуран мэдлийг агуулан бясалга. Түүгээр түүний гэм арилан одохыг зарлигласан.
Тотгорыг арилгах ялангуяат увдис болой.
Алины нэрийн төдийг тогтоогоод дурдмагц
Аюул бүхнээс сайтар авран үйлдээд
Хир үгүй их амгаланг чухлаар соёрхогч
Гэрэлт Нарны охин тэнгэр дор мөргөмүй.
Ургалаа, ургалаа. Цог ургалаа. Жаргалын наран ургалаа.
Нарны охин тэнгэр ургалаа.
“Ум Марзи Мам Суу Хаа”
Ялгуусан бүгдийн үйлс охин тэнгэрийн биеэр ургасан
Ялж төгс нөгчсөн Осоржамаан чадал хүчээр
Хэл ам, хэрүүл тэмцэл, хямрал буцагтун
Хижиг тахал, дайсан, дээрэм, хулгай буцагтун
Товчилбоос үл зохилдох муу нөхцөл тотгор буцагтун
Хүссэн хэрэг бүхэн бүтэхийн үйлсийг зохиогтун.
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf