Үлэмж саналын ерөөлийн шат оршвой

Хутагт Нагаржунай гэгээнтний зохиосон ерөөл

Энэхүү ерөөлийг Жазандамба Хутагт Төвийн Түвд хэлний нэр орчуулгын хичээлээр П.Баасанжаргал багш орчуулсан болно.

 

Чухаг дээд гурав дор мөргөмүй

Нигүүлсэхүйн мөн чанарт багш ба чухаг дээд гурав хийгээд ядам бурхан, тэнгэрийн арш зөн мэдэлтэн үлэмжийн ерөөлийг бүтээх болтугай.
Хүн болсон, орны төвд төрсөн ба эрхтэн бүтэн, оронд сүжигтэй, түүнчлэн үйлийн хязгаараас эс буцсан өөрийн учрал тав лугаа төгөлдөр болтугай.
Бурхан заларсан хйигээд дээдийн ном зарлигласан, шашин оршсон ба түүнд даган орсон, бусдын тулд үргэлж зүрхнээсээ энэрэхийн бусдын учрал тав лугаа төгөлдөр болтугай.
Там, бирд, адгуус ба урт наст тэнгэр, тэрсүүд, буруу үзэлт хийгээд бурханаар хоосорсон, хэлгүй бөгөөд чөлөөгүй наймаас гэтлэх болтугай. Сүжиг хийгээд өглөг ба сонсох хийгээд шагшаабад, дээр үгүй \ханьцашгүй\, сонжуур ичгүүр, билгүүн бөгөөд хутагтын долоон эд лугаа төгөлдөр болтугай.
Урт настай, өвчин үгүй, амгалан жаргалантай, дүрс хийгээд хувь сайт язгуур, эд таваар ба билэг нугууд долоон эрдэм лугаа төгөлдөр болтугай.
Аймаг сав гурав ба дандарын аймаг дөрвийг, номлох хэлэлцэхэд алгасрахыг үл эрхшээсэн, нигүүлсэхүйн үргэлжлэл тасрах үгүй ба багш нугууд лугаа уулзах болтугай. Түүний \бурхан багшийн\ зарлигласан ангид тохилгох, бодь сэтгэл ба ухааны баригч тарнийн суртгаал нугууд ямар мэт авсанчлан сахих ба дээш дээшээ арвижих болтугай.
Тодорхой хоосон ялгалгүй онох ба үзэгдэл хоосон хослон орох хийгээд амгалан хоосон ханьцашгүй ба хоёр түйтгэрийн авъяас арилах болтугай. Хүсэл бага бөгөөд ханан мэдэл ба бодь сэтгэл лугаа төгөлдөрөөр буруу амьжиргаа бүхнийг тэвчээд номын амьжиргаагаар амьдрах болтугай.
Алин нэгэн дайснаа дарагч, эцэг эхийг алсан, зохилдсон хуврагыг салгаж үйлдсэн бөгөөд түүнчлэн ирсний лагшингаас цус гаргасан завсаргүй таваас гэтлэх болтугай.
Суврага эвдэх ба бодьсадва хөнөөх, гэлэнмаа нугуудыг залхаах ба суралцагчийг хөнөөх бөгөөд номын эдийг хулгайлах ойр таваас гэтлэх болтугай. Алах, эс өгснийг авах, худал хэлэх ба буруу хүслийн явдал, хов зөөх, ширүүн үг, чалчаа яриа, хомхой сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзэл тэргүүтэн арван нүглээс гэтлэх болтугай.
Нэрвэлтгүй машид халуун халуун хийгээд их уухилан дуудах ба бага уухилан дуудах, хураан дарагч, хар шугамт, дахин сэргээгч, найман халуун тамаас гэтлэх болтугай. Цэврүүт ба цэврүү хагарах, шүд таших, ачу халаг хоохой ба удвал бадам мэт хагарах хүйтэн найман тамаас гэтлэх болтугай. Хэсэг бусаг, хүүрийн балчиг, ариун бусын балчиг ба галын нурамт гуу, хөлгүй мөрөн, мэсэн навчит ой тэдгээр орноос гэтлэх болтугай.
Гадаад түйтгэртэн ба дотоод түйтгэртэн, идээ ундаа хоёрын түйтгэртэн, галын очит хүрдэт тэргүүтэн бирдийн орноос гэтлэх болтугай. Тархан сарнимал хийгээд хэлгүй, нэг нь нэгнээ идэх ба алагдах, ачлага уналаганд эдлүүлэх, цохигдон зодуулах лугаа адгуусны орноос гэтлэх болтугай. Тэнгэрт егүтгэх ба унах хийгээд асурт хэрүүл тэмцэл ба хүмүүнд төрөх, өтлөх, өвдөх, үхэх тэргүүтэн зовлон бүхнээс гэтлэх болтугай.
Зөөлөн эгшигтийн билгүүн ба Жанрайсигийн нигүүлсэхүй ба Очирвааний хүч чадлаар диваажинд төрөх болтугай. Шаарийбуугийн суртгаал ба Могалбуугийн рид хувилгаан хийгээд Гунгаабуу шиг сонсохуйгаар диваажинд төрөх болтугай. Нагаржунайн зүрхний айлдал хийгээд Сарахагийн онол ба Шаварэгийн чадал хүчээр диваажинд төрөх болтугай.
Чухаг дээд гурвын үнэн хийгээд бурхан бодьсадвын адистэд ба хоёр чуулган огоот төгссөний хүч лугаа номын үнэнээр бүтэх болтугай.
Буяны морийг сайтар унаад ерөөлийн хазаараар жолоодож, хичээл шамдлын ташуураар түргэн сануулснаар нирвааны тивд зорчих болтугай. Тэвчил онолын эцэст хүрсэн бурхан ба эш хийгээд онолын дээдийн ном арван газрын бодьсадва хуврага бөгөөд гурван эрдэнийн өлзий хутаг орших болтугай.
Хэмээх энэ нь цог итгэлт хутагт Нагаржунайгийн зохиол “Үлэмжийн ерөөл шат” үүнийг өдөр бүр тасралтгүй уншваас мянган галавын хилэнц авъяас бүгд арилах бөгөөд ариуссанаар түргэн илтэд туулсан бурханы газарт байгуулахад эргэлзээ үгүй болой.

Энэхүү буянаар эх болсон хамаг амьтан
Эрхэм дээд бурханы хутгийг олж
Төрөх, үхэх, өтлөх, өвдөхийн далайгаас
Түргэн гэтэлж нирваанд хүрэх болтугай.

Эх сурвалж: “Диваажингийн оронд төрөхийн ерөөл оршвой” ном
Орчуулсан: П.Баасанжаргал, хянан тохиолдуулсан Ж.Ерөөлт