Лусын эрхт хаан

Өргөөт хэмээн алдаршсан орон газар, ус мөрөн тэргүүтэнд оршигч лус шивдагт ариусгал тахил өргөхүй ёс, рашаан дуслын эрхи хэмээгч оршвой

Чинсүжигт номун хан шавийн нутагт одоогийн Мандал 5 дугаар багийн нутагт Ёл Өргөөтийн рашаан хэмээх халуун рашаан байдаг бөгөөд энэхүү рашааны сан тахилгын судрыг Чинсүжигт номунханы 3 дугаар дүр Лувсанжигмэддамбийжалцан [1829-1882 он] зохион найруулжээ.

Намо гүрү ваяа. Энд сан тахил өргөхүйг хүсвээс агар, зандан, арц тэргүүтэн анхилам үнэртний утааг басгаж, сүүнд лусын эм хольж, олон аяганд идээ ундааг өвөрмөцөөр бэлтгэ. Эхэнд аврал одуулж, сэтгэл үүсгэ.

Өвөр ямагт нэгэн агшинд хутагт Жанрайсэг эрх баялгийн лагшинд боссонд сана. Тахилын эд бүгдийг Амрида-аар ариусга. Сувава-аар судал.

Ашид хоосны агаараас гүн тодорхой хоёр үгүйн

Ариун билэг билгүүн дээдийн цэнгэлээс гарсан

Агуу тахилын эдийг тэнгэрийн мөрт дүүргэснээр

Ариусгалын зочин бүхнийг баясган үйлдэх болтугай.

Ум Аа Хум ба огторгуй зохиогч тарни, мутарлага, зургаан тарни, зургаан чагжаар адистидлах бөгөөд үнэн хүчийг өгүүл.

Аяа. Эгээрлийг хангах, санааг арвитгах эрхэт хаан мэт

Аугаа суртгаал зохиолоор шавийг удирдан зохиогч

Авралт лам, ядам, хандо номун сахиусны чуулган

Ачилж энэ хойт бүхнээ буяны өлзийгөөр сахигтун

Умар ягчис зүгийн эд баригч уужим хувь

Арван буяны идэр дэлгэрсэн орон шилтгээнд

Алдаршсан Өргөөт хэмээхүй орон газар үүний

Асга хад, ус мөрөн, уул, шороо тэргүүтнээ оршигч

Хүчир язгуурын шивдаг нийт хийгээд ялангуяа

Хүчин ихтэй түүний ерөөхүй хүчээс мэндэлсэн

Хамаг эмт рашаан үүнээ оршигч цогноймолын эрхэт

Хүмүүн бусын хүчир их чуулган энэ орноо залрахтун.

Гүн тодорхой хоёр үгүй билиг Зня-ийн сайн суурьт

Гайхамшигт самади, тарни, мутарлагаар сайтар бичсэн

Гэгээн сансрын уудамд элдэв олон тахилыг

Хүчин төгс тан дор бялхаан дүүргэж өргөе.

Сайн билгийн бадарсан галаар арцны үнэр анхилж

Сайтар шатаасан элдэв мод тэргүүтний ариун утаа

Хүслийн таван эрдэм төгсөөр зуун зүгт хөвхөлзөн

Хамаг төөрөгдөл гэмийн чуулганыг ариусгах болтугай.

Орон үүнээ мод хугачин тасалж, ус булингартуулсан

Онгилж газар догшруулан чулуу ховхолсон хийгээд

Өтгөн, шингэн мөрөөр бохирлож, хиншүү тавьсан

Өтөл явдал үйлээр гутаасан бүхнийг ариусгамой

Төгс хүчит шивдаг, хүчир лус та нугууд

Тахилын эд ба ариусгал аугаа ихийг болгоож

Та бид нугуудын гэм юун үйлдсэн бүхүйг

Таалан болгоож авир ёсонд үзэн хүлцэж зохио.

Хүлцэн соёрхох боловч өсөрхөн хорсвоос там түүнд

Хөвөө хязгааргүй галавт оршмуй, аяа машид эмгэнэлтэй

Ямагт чанар хоосны тулд уг, үр хуурмаг үгүй хэмээн

Ялгуусан бурхан номлосон болой таалан айлдаж зохио

Халуун хижиг, хүмүүн малын үхэл, ган зуд хийгээд

Хамаг сав шим ертөнцийн доройтол бүхнийг сэлбэрүүлж

Аугаа хүчин, яруу алдар, нас буян, цог учрал дэлгэрээд

Арван буяны бэлгэ арвидахуй дор анхааран зохио.

Тахилын гурван нөхөр мөн чанарын туурвилаас ангижирсан

Томьёо төдийн арганд мэргэжсэн оньс үүнд шамдаад

Тийн цагаан буяны хүчээр би тэргүүтэн амьтан бүхэн

Түдэл үгүй айлдагч ялгуусны хутгийг түргэнээ олтугай.

Хэмээн унших ба санаад, зочид ас асын орондоо залрахуйг соёрхоод, өлзий хутгаар эцэст чимэглэн үйлд.

Өргөөт хэмээн алдаршсан орон газар, ус мөрөн тэргүүтэнд оршигч лус шивдагт ариусгал тахил өргөхүй ёс, рашаан дуслын эрхи хэмээгч оршвой хэмээсэн үүнийг Сумади авхяшасана саяадуаза хэмээн хөлбөрөгч нэрт бээр өдөрт өргөх арганд бусдад тус хүргэхийн тухайд, ус мөрөн тэр ямагтын эрэг хөвөөнд эмт усны учралд шүтэн биеэ сувилахын үесэд зохион найруулвай. Заяндү.

Өргөөт хэмээн алдаршсан орон газар ус мөрөн тэргүүтэнд оршигч лус шивдагт ариусгал тахил өргөхүй ёс, рашаан дуслын эрхи хэмээгч оршвой 1
Өргөөт хэмээн алдаршсан орон газар ус мөрөн тэргүүтэнд оршигч лус шивдагт ариусгал тахил өргөхүй ёс, рашаан дуслын эрхи хэмээгч оршвой 2
Өргөөт хэмээн алдаршсан орон газар ус мөрөн тэргүүтэнд оршигч лус шивдагт ариусгал тахил өргөхүй ёс, рашаан дуслын эрхи хэмээгч оршвой 3
Өргөөт хэмээн алдаршсан орон газар ус мөрөн тэргүүтэнд оршигч лус шивдагт ариусгал тахил өргөхүй ёс, рашаан дуслын эрхи хэмээгч оршвой 4