Нэр томьёоны лавлах

Арван цагаан буян

Бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг хангагч хүчин зүйлс буюу аз жаргалыг нөхцөлдүүлэгч эерэг хандлагууд

Арван хар нүгэл

Бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг алдуулагч хүчин зүйлс буюу зовлон зүдгүүрийг нөхцөлдүүлэгч сөрөг хандлагууд

Баясахуй сэтгэл

Атаархал үгүй бөгөөс баясахуй сэтгэл төрнө. Тиймээс атаархалыг сэтгэлдээ төрүүлэхгүй байх арганд хичээх нь чухаг. Анхлан ахан дүүсээ аз жаргалтай амар амгалан байгаад баясах нь энэхүү сэтгэлийг өөрийн сэтгэлдээ төрүүлэх хялбар арга юм. Дараа нь тус, хорлол аль аль нь үгүй завсарын хүмүүст эцэст нь өөрийн зүгээс дайсанд баригчдад зоригдон баясахуй сэтгэлийг төрүүлэхэд хичээх нь зүйтэй. Хэнд атаархал буй аваас Бурхан бодитой залравч, түүнийг сайн мөрт оруулж чадахгүй. Учир нь түүний сэтгэл нь атаархалын хоронд үжирч, бусдын эрдмийг үзэхгүй. Эрдмийг эс үзвээс сүсэг өчүүхэн төдий ч төрөхгүй. Сүсэг үгүй тул нигүүлсэхүй болон адистэдийн сав болж чадахгүй.Тэгш үзэхүй, асрахуй, нигүүлсэхүй, баясахуй хэмээх дөрвөн цаглашгүйг утгын хувьд хурааваас гагц сайн санаанд хурааж болно. Тиймээс аливаа тохиолдол бүрээс сайн санаанд суралцах хэрэгтэй. Санаа сайн аваас бие, хэлээр үйлдсэн аливаа үйл бүхэн буян болно.

Бодь сэтгэл

Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэхийн тухайд төгс гэгээрлийн хутгийг олохыг хүссэн сэтгэлийг хэлдэг. Бусдын эрх ашгийг өөрийн эрх ашгийн дээгүүр тавьж чадах баатар сэтгэл.

Бурхан

Будда буюу Бурхан гэдэг нь туйлын өгөөмөр сэтгэл, эгэлгүй төгс гэгээрсэн сэтгэл, оюун санаа, ухамсрын нэгдэл юм.

Буян

Бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг хангагч хүчин зүйл буюу аз жаргалыг нөхцөлдүүлэгч

Гэгээрэл

Төгс төгөлдөр бодь сэтгэл дээр суурилсан төгс төгөлдөр мэдлэг

Дурлах сүсэг

Нүгэл буяны мөн чанарыг сайтар танин буяныг бүтээх, нүглийг тэвчих хүсэл төрж, сайн эрдэм олохыг мөрөөдөн тэмүүлж, сэтгэл уяран бишрэхийг

Дээдлэхүйн сүсэг

Буяны багш, садан дээдсийн намтар цадигийг уншиж сэтгэл амарлин бишрэхийг

Нүгэл

Бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг алдагдуулагч хүчин зүйл буюу зовлонг нөхцөлдүүгч

Үйлийн үр

Нөхцөл шалтгаан ба үр дагавар (мөн хувь хүн бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөгөө хамгаалж чадсан ба эс чадсантай холбоотой хариуцлагын асуудал. Үр дүнд нь хамгаалж чадсан нь аз жаргалыг бий болгох бол эс чадсан нь зовлонг бий болгоно)

Үхэл мөнх бус

Зогсолтгүй хувьсан өөрчлөгдөх шинж чанар

Хийморь

Хүмүүний биед амин хий, дээш гүйгч, доош гүйгч гэх мэт таван хий байдгаас амь баригч хийг эртний дээдсүүд морин дүрсээр илэрхийлжээ. Учир нь бидний сэтгэл бээр амь баригч хийг хөлөглөн бие махбодийн тэргүүтэй олон үйл хөдөлгөөнийг удирдан явуулж байдаг. Хэрэв амь баригч хий хямрах аваас үүн дээр тогтдог сэтгэл хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болно. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг “хийморь” хэмээмүй.

Хоосон чанар

Юмс үзэгдлийн мөн чанар нь шүтэлцэж байхаас шүтэлцэлгүй нэг ч зүйл байхгүй юм. Шүтэлцэлгүй юм байх аваас үйлийн үр тэргүүтэй бидэнд илтэд мэдрэгдэх шалтгаан үрийн зүйлс байхгүй болох ба цэцэг өөрийн үрээс харгалзахгүй гэсэн үг. Цэцэгний үр суулганаас цэцэг ургаж байгаа болохоор цэцэг нь өөрийн үрээс хараат юм.

Агшнаар эвдрэх бүх зүйл өөр өөрийн гэсэн шалтгаанаас бүтэх бөгөөд тэдгээр нь шалтгаанаас бүтэхгүй бол агшнаар эвдрэхгүй юм.

Шалтгаанаас бүтсэн байдаг нь шүтэлцэн оршиж байгаагийн шинж юм. Шүтэлцэн орших учир харгалзахгүй биеэ даасан биш бөгөөд харгалзахгүй биеэ даасан биш болохоор мөн чанар нь хоосон буюу шүтэн барилдлагын мөн чанартай гэдэг.

Хоосон чанартай

Бодитой орших боловч “тэр” гэж тодорхойлогдох туйлын шинж чанаргүй байх

Цөвүүн цаг

Муу цагийг цөвүүн цаг гэдэг. Цөвүүн цагийг дотор нь тав хуваана.

1. Нисваанисын цөв энэ нь амьтдын сэтгэл хар муу сэтгэл арвижих муу бүхэн дэлгэр болно.

2. Насны цөв амьтдын нас нь богино болох цаг бусаар үхэх гэх мэт болно.

3. Цагийн цөв улирал солигдох буюу цагийн юм цагтаа үл гарах өвөл нь өвөл үл болох цас бороо цагтаа орохгүй байхыг хэлнэ.

4. Амьтдын цөв. хүний буян доройтож хүсээгүй өвчин зовлон ихэд дэлгэрнэ.

5. Үзлийн цөв. Бурхад байхгүй нүгэл буян үйлийн үрийг үл хүлээн зөвшөөрөх үгүйсгэх хүмүүс олон болох буруу үзэл ихэд дэлгэрч түүнийг дагахчид олон болох. эдгээр тав зүйл бүрдсэн цагийг цөвүүн цаг ирсэн гэж үздэг.

Шүтэн барилдлага

Харилцан хамааралтай орших үзэгдэл