Бурхан багш 4 Махаранз болон бурхдын хамт

— Оршил —

Орчлонгийн эцэс хүртэл зовлон биднийг сүүдэр мэт дагадаг нь туйлын үнэн юм. Бид эд зүйлсийг мөнх бус гэдгийг мэдсээр байж зууралддаг нь хамаг зовлон бүгдийн шалтгаан. Үеэс үед бид өөрийн зовлонд бусдыг буруутгасаар ирсэн. Одоо хангалттай. Таны зовлонгийн шалтгаан бол та өөрөө. Тэгэхээр та өөрөө л өөрийнхөө авралын эзэн болно. Зовлон шаналал мэдрэх бүртээ үргэлж өөрийнхөө дотогшоо хараарай. Нэг л өдөр бид бусдыг биш өөрийгөө хардаг болно. <<Хэзээ нэг өдөр үхнэ гэдгээ олонх хүн мартдаг. Хэзээ ч нөгчиж мэдэхээ ухаарсан хүн хэрүүл тэмцэлгүй тайван амьдардаг.>> хэмээн “Өөрөө өөртөө гэрэл” бол номонд өгүүлжээ. Хүмүүс өглөө босоод “Өнөөдөр үхэхгүй юм чинь.” гэж бодоод амьдралтай сэтгэл нь зууралдсаар байгаад өдөр хоногийг өнгөрүүлсээр нэг л мэдэхэд хөгширч үхэл тулаад ирсэн байдаг. Хүний амьдрал бол цахилгаан цахихтай адил богинохон хэмээн бурхны сургаалд сургасан байдаг. Иймд өнөөдөр л боломж олдсон дээр нь бурхны номыг судлан хэрэгжүүлж гэгээрлийн замд орох хэрэгтэй.
Жадо Ринбүүчи “Өөрийгөө хөгширсөн гэх зэргээр голох болон алгуурлах хэрэггүй маргааш үхэх байсан ч өнөөдөр номонд суралцах хэрэгтэй хэмээн дээдэс лам нар сургадаг юм. Хэрвээ энэ насандаа аль чадах чинээгээрээ ном үзэж судлах аваас түүний авьяасын хүчээр дараа төрөлдөө улам их ном үздэг ойлгодог болох нь дамжиггүй болой.” хэмээн айлдсан юм.

Бурхны шашинд эх болсон 6 зүйлийн хамаг амьтан гэж ярьдаг. Гэхдээ хүн бүр эдгээр нь ямар учиртай болохыг ойлгож мэддэггүй. Буддын шашин шүтдэг хүмүүс Гандан дээр очоод цагаан сарын заслаа хийлгэснээрээ өөрийгөө бурхны шашинтан гэж боддог. Угтаа лам нарын уншдаг уншлага гүрэм дором болбоос буддын шашны өнгөн хэсэг нь. Гэгээрсэн оюун ухаант багш бурхан Будда ном номлохдоо дээрх байдлаар амжиргаа залгуулах, амьдралын асуудлыг шийдэх аргыг номлоогүй юм. Харин энэ амьдрал, орчлон дахь сансрын хүрдэнд зовж зүдэрч буй хамаг амьтныг бүгдийг нь огтоос зовлонгүй амгаланд хүрэх аргыг, өөрийн олсон туршлага арга замыг номлосон юм.

Эх болсон 6 зүйлийн хамаг амьтан гэдэг нь доод муу заяа болох там, бирд, адгуус болон дээд 3 төрөл болох хүн, асур, тэнгэр гэсэн төрлүүдийн амьтдыг хэлсэн юм. Эдгээр 6 зүйлийн төрөлд хамаг багтана. Эд бүгд өөр өөрсдийн гэсэн зовлонтой юм. Жишээ нь: Хүн болж төрсөн л бол төрнө, өвдөнө, өтлөнө, үхэхийн зовлон үздэг. Эдгээр 6 төрлөөс алийг нь ч авсан зовдог. 6 зүйлийн хамаг амьтан бүгд өөр өөрсдийн үйлийн үрээр эдгээр 6 зүйлийн төрлийг ээлжлэн авч бие биенийхээ эх үр болон сансрын хүрдэнд эргэлдсээр байна. Харин Бурхан багш Шагжамүни сансрын хүрднээс гэтлэн гарч дахиж эдгээр 6 зүйлийн төрлөөс алийг нь ч авахгүй болон зовлонгүй амгаланд хүрсэн юм. Яаж сансрын хүрднээс гэтлэх вэ ? Энэ бол Бурхан багшийн заасан ном юм. Бурхан багш “Би өөрийн эрдэм мэдлэгээ шавьдаа юүлээд хийчихэж чадахгүй. Харин өөрийн гэгээрсэн, сансрын хүрднээс буюу энэ ертөнцөөс гэтэлсэн арга туршлагаа танд зааж өгч чадна. Үүнийг сурч хэрэгжүүлэх эсэх нь хүн танаас өөрөөс чинь л хамаарна.” хэмээн хэлсэн байдаг. Бурхан Буддагийн номлолыг сураад зогсохгүй хэрэгжүүлэхийг чухаг дээд гурван эрдэнийн нэг буюу бурхны ном хэмээдэг.

Ошо “Агнистын гэгээ” номондоо <<Там, диваажин бол газарзүйн бус, сэтгэлзүйн төлөв. Өөртөө там бүтээж чаддаг бол диваажинг бас бүтээж чадна. Өөрөөс чинь өөр хэн ч үүнд хариуцлага хүлээхгүй.>> гэжээ.

Хэрхэн сансрын хүрднээс гэтлэн гарч 6 зүйлийн төрлөөс алийг нь ч авахгүй болон зовлонгүй амгаланд хүрэх вэ ? Зөвхөн гэгээрснээр л ингэж чадах юм. Бурхны номлосноор 84000 нисванис буюу хорт сэтгэлийг дараад хоосон чанарыг онож, хамаг амьтныг тэгш сэтгэлээр хайрлан бодийн сэтгэлийг үүсгэснээр ингэх боломжтой. Энэ хэцүү юу ? Бурхны номоор гэгээрэх нь амжиргаагаа залгуулах гэж явахаас харин ч хялбар хэмээн номлосон байна.

Бодь сэтгэл, хоосон чанарыг бясалгаж байж рид хувилгааныг хийх чадвартай болдог. Хоосон чанарыг онохгүй бол рид хувилгаан байхгүй, бодь сэтгэл төрөөгүй бол тухайн амьтныг тамд унагана гэж үздэг. Иймд энэрэх сэтгэлтэй, ухаалаг байгаарай.

Бидний амьдарч буй энэ эх дэлхийн цаг хугацааг судар дандраас ”Галба” хэмээн томьёолох ба энэхүү Галбыг “Сайн галба” хэмээн нэрлэмүй. Яагаад “Сайн галба” хэмээн нэрлэсэн бэ ? гэвэл энэ галбад мянган бурхан залрах учир ийн нэрийджээ.

Бурхны шашны Их хөлгөний ёсонд энэ ертөнцөд заларч шашнаа дэлгэрүүлэх учиртай мянган бурхан байх бөгөөд тэдгээрийг таван бүлэг болгон үзүүлэх буюу язгуурын таван бурхан хувилаад мянга болсон хэмээн үздэг ёс ч бий ажээ. Өнөө үеийг хүртэл ертөнцөд дөрвөн бурхан заларсныг бурхны шашин номлосон, тэдгээрийг нэрлэвээс:
1. Хорвоонжиг (Орчлонг эвдэгч). Энэ бурхан ес дэхь бага галав гэгчийн үед хүний нас дөчин мянга байхад иржээ.
2. Сэртэв (Алтан чадагч). Энэ нь хүний нас гучин мянга байх үед заларсан.
3. Одсүрэн (Гэрэл сахигч). Энэ нь хүний нас хорин мянга байх үед заларсан.
4. Шагжамүни (Шагжаагийн мэргэн чадагч) буюу Будда нь хүний нас зуу болж таван их доройтолд орсон буюу цөвүүн цаг эхлэхэд ойртсон үед тус тус заларчээ. Бүр эрт галвын үед эдгээрээс өөр гурван бурхан заларсан ба нийт долоон бурхан байсныг шашин номын ёс түүхэнд байжээ.
Ирээдүйд Майдар (Асралт) бурхан ирж номоо номлох юм байна. Энэ үед хүний нас маш бага болсон цөвүүн цагийн сүүлээр залрах буюу хүн амьтны нас эргээд урт болох тавилантай гэдэг.

Хүн төрөлхтөнд энэ галвын үед залрах мянган бурхнаас одоогоор Хорвоонжиг, Сэртүв, Одсүрэн, Шагжамүни дөрвөн бурхан заларсан бөгөөд хэрэг зоригдол нь зургаан зүйл хамаг амьтныг гэгээрлийн хутагт хөтлөх арга замыг үзүүлэх байсан.

Тэр нь хүн өөрийн дотоод сэтгэлд ажиглалт хийж нисваанист сэтгэлийг тэвчиж, гэгээрлийн замд хүрэх явдал юм. Түүнд хүрэх арга замын нэгэнд “ариус тарнийн санваар” багтдаг. Хүн бол бие, сэтгэлийн нэгдэл. Бурхан гэдэг анхнаасаа бурхан байдаггүй, олон мянган галвын өмнө бидний адил эгэл жирийн хүмүүн байсан. Гэвч хичээл мэрийлтээр нисваанист муу сэтгэлээсээ салж төгс гэгээрэлд хүрсэн.

Одоогоор дөрөвдэх буюу бидний Бурхан багш Шагжамүни залраад, түүний шашин таван мянган жил оршихуйн бурхны шашны тооллоор хоёр мянга есөн зуугаад он болсон үед бид амьдарч байна.

Бурхан багш найман шадар шавьтай ба түүний нэг нь их бодьсадын дүрээр морилсон Манзушир юм. Манзушир тэргүүтэй тэдгээр найман шадар шавь нь Бурхан багшийн шашныг арвитган дэлгэрүүлэх, сахин хамгаалах үүрэгтэй бөгөөд, чингэхдээ тэр их бодьсадва нар Лам багш, Ядам бурхан, баатар, багаатудчид, номын сахиулсан, эгэл хүмүн, элдэв амьтан, сохор доголон, галзуу, гуйлгачин, зам харгуй, гэрэл гэгээ, орд байшин тэргүүтэй амьтай, амьгүй нугууд лугаа хувилан шашин, амьтны тусыг бүтээдэг буй.

Бурхан багш ирээдүйн лүндэн үзүүлэхдээ “Миний шашин умраас умар зүг дор дэлгэрмүй” хэмээн айлдсан ба тэр нь болбоос Энэтхэг хутагтын орноос Түвд цастын орон, тэндээс Их Монгол орноо дэлгэрсэн лүгээ дээд богд нар айлддаг.

Бурхны шашин дэлгэрсэн газар бүрнээ тухай тухайн газар орон, цаг агаар, хүн зоны соёл уламжлалаа дагаад өөр өөрийн урсгалаар дэлгэрэхдээ зарим газар Бага хөлгөн, зарим газар Их хөлгөн, зарим газар зөвхөн Судрын ёс, зарим газар зөвхөн Тарнийн буюу Дандарын ном дэлгэрсэн бөгөөд Түвд оронд бурхны шашин олон урсгалаар дэлгэрч, тэдгээрийг зарим нэгэн харшилдуулахын цагт Богд Зонхова бээр (1357-1419) Бурхан багшийн Найман түм дөрвөн мянган номын цогцос дор нэвтрэн мэргэшээд хүмүүний нэгэн насан, нэгэн биен дор судар, дандарыг хослуулж их таван ухаан, бага таван ухааныг суралцаж боловсрон туулах сургуулийг нээснээрээ Гэлүгба буюу Шарын шашныг үүсгэгч нь болсон ажгуу.

Нэрний тухайд Гэлүгбааг орчуулбаас Буяны ёст хэмээх ба, бас Риво Ганданба ч хэмээдэг бөгөөд орчуулбаас Уулын Төгс баясгалант хэмээнэ. Ерөнхий утга нь аглаг уул, хээр талд байгуулсан хүрээ хийд, бясалгал бүтээлийн оронд сонсох, санах, бясалгах гурваар судар, дандарт суралцаж, төгс баясгалант боловсролыг олох буюу төгс гэгээрлийг олох утгыг илэрхийлэх бөгөөд өвөрмөц утгатаа, Гандан ууланд анхныхаа хийдийг байгуулсан учир ийн нэрлэсэн болой.
Шарын шашин хэмээсэн нь гаднаа судрын явдлаар яваад, дотроо тарнийг бясалгаж ал шар номт гурван дээлийг өмсөж гурван суртгаалаар мөрд суралцан явах учир ийн нэрийдсэн.

Буддизмд 84000 муу оюун байна гэж үздэг. Шунал, уур, мунхаг гуравт харъяалагдах 21, 21 мянга. Энэ гурвын нийлсэн 21000 оюун гээд нийтдээ 84000. Эдгээр бүх муу оюуныг нийтэд нь
Санскритаар: Клесха
Түвдээр: Нёнмон гэдэг.
Санскрит хэлний Клесха гэдэг үгийг олон улсын Буддын судлаачид “сэтгэцийн эмгэг”, “сэтгэлийн бохирдол”, “зөрчилдөх сэтгэл хөдлөл”, “донтолт”, “хор хөнөөлтэй сэтгэл хөдлөл” гэх мэтээр янз янзаар утгачлан орчуулсан байдаг. Харин Түвд хэлэн дэх “нёнмон” хэмээх үгийг “Төрсөн даруйдаа сэтгэлийг амарлин бус болгодог сэтгэлийн төлөв” гэж тайлбарласан байдаг. Мөн “нёнмон” гэдэг нь зүдрэл зовлон гэх утгыг ч бас агуулдаг.
Монголчууд энэ үгийг авахдаа “нисванис” гэх үгээр авсан байдаг.

Нирвана /орчин үед гэгээрэл гээд байгаа/ нь гаслангаас ангижирсан гэсэн утгатай. Гаслан гэдгийг зөвхөн зовлонгоор ойлгож болохгүй, гол нь сэтгэлийн сөрөг чанар юм. Сэтгэлийн сөрөг чанарыг товчхондоо нисванисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэр гэж хоёр ангилдаг. Нисванисын түйтгэрт уур, шунал тэргүүтэй үндсэн 6 нисванис, салбар 20 нисванисууд багтдаг бол, мэдэгдэхүүний түйтгэр гэдэг нь орчлонгийн оршихуйн зүй тогтол, үйлийн үрийн маш нарийн барилдлага тэргүүтэн оршин буй бүхнийг алган дээр тавьсан мэт илтэд мэдэхэд саад болдог “үл мэдэх” юм. Нисванисаа дарсан хүнийг “архад” гэх бөгөөд, нисванис, үл мэдэх хоёрыг бүрэн арилгаваас бурхны хутгийг олох буюу “будда” болж байгаа нь тэр юм. Хоёр түйтгэрийн аль нэгээс, эсвэл хоёулангаас нь ангижирсан мөн чанарыг нирвана гэдэг. Нирваанд хүрэх зам мөрийг хураангуйлвал арга билиг хоёрт багтана. Аргын талд: Магад гарахуйн санаа буюу орчлонгоос уйссан сэтгэл, асрахуй сэтгэл, нигүүлсэхүй сэтгэл, бодийн сэтгэл зэрэг орно. Билгийн талд: мөнх бусыг оносон сэтгэл, хоосон чанарыг оносон сэтгэл зэрэг багтана. Тэгэхээр гэгээрэлд хүрэхийн тулд арга билиг хоёрыг хослуулах хэрэгтэй. Билгийн талаас хамгийн чухал нь хоосон чанарыг оносон сэтгэл юм. Тэр байхгүй бол төгс гэгээрсэн бурхны хутаг байтугай архдын хутгийг олох боломжгүй. Тиймээс хоосон чанарыг оносон билгүүнийг, аргын талын аль сэтгэлтэй хослуулах вэ ? гэдгээс их бага хөлгөн ялгагдаж байгаа юм. Бодийн сэтгэл үгүйгээр, зөвхөн “магад гарахын санаа”-ны үүднээс хоосон чанарыг бясалгаваас нисванисаа дарж, үйлийн үрийн хүлээснээс ангижирсан архад болж чадах боловч, “үл мэдэх”-ийг арилгаж чадахгүй юм. Үүний нэг жишээ бол Бурхан багшийн гол хоёр шавийн нэг Модгалъяана, архдын хутгийг олсон ч өөрийнхөө ээжийг өөр ертөнцийн оронд төрснийг мэдээгүй Бурхан багшаас асуусан байдаг. Энэ тухай “Бурхан багш” кинон дээр цухас гарсан.

Тэгэхээр орчлонгийн зовлонгоос айж, уйсаж, зөвхөн өөрөө түүнээс гэтлэхийн тулд хоосон чанарыг бясалгаж, үйл, нисванисын хүлээснээс гэтэлсэн төдийгийн амгаланд хүрэх арга замыг бага хөлгөн гэдэг. Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан үйл, нисванисын эрхээр орчлонд эргэлдэж буй зүй тогтлыг танин мэдээд, зөвхөн өөрийн төлөө биш, хамаг амьтныг орчлонгийн хүлээснээс гэтэлгэх хэрэгтэй. Тэр нь ч зөв арга замыг нь хуурмаггүй зааж өгөхөөс өөрөөр гэтэлгэх аргагүй бөгөөд, бурхны хутгийг олохоос нааш бусдын тусыг бүрэн гүйцэд хийж чадахгүй гэдгийг мэдээд бусдын тусын тулд бурхны хутагт зорисон сэтгэлийг бодийн сэтгэл гэдэг. Ийм сэтгэлийн үүднээс хоосон чанарыг бясалгаж бурхны хутагт хүрэх арга замыг их хөлгөн гэдэг. Хөлгөн гэдэг хөлөг онгоц эсвэл хүлэг морины нэр. Сайн хөлгөөр хол замыг туулдаг шиг, бурхны хутагт хүрэхийн тулд их хөлгөнд орох хэрэгтэй. Амьтан бүхэн бурхны хутгийг олох боломжтой ч хүн хүний эхлэх цэг өөр юм. Агуу их энэрэн нигүүлсэхүй сэтгэл, чин зоригийг төрүүлж чадах заримыг нь шууд их хөлгөнөөр оруулдаг бол, хамаг амьтны тусад зорьж зүрхлэхгүй заримыг нь эхлэж бага хөлгөнөөр оруулж архад болгоод үүний дараа их хөлгөнд оруулдаг. Харин нирваанд ч зорьж чадахааргүй, өөрөөр хэлбэл хараахан бэлэн болоогүй хүмүүст энэ хойд насандаа аль болох амгалантай байх арга буюу үйлийн үр, муу заяаны зовлон зэргээс илүүтэйг номлоогүй юм. Энэ мэтчилэн олон янзын арга замыг Бурхан багш номложээ.

Бурхан багш анх номоо номнохдоо шавь нарын ухааны хир хэмжээнд тааруулж “Их хөлгөн”, ”Бага хөлгөн”-ий хоёр ёсыг айлдсан байна. “Их хөлгөний”-ий ёсыг хамгийн ухаантай хувь сайтай шавь нартаа айлдсан бөгөөд “Их хөлгөн”-ий ёс нь дотроо “Судрын ёс”, “Тарнийн ёс” гэж хоёр байна.

Хамгийн ухаантай сайн шавь нартаа номлосон “Нууц тарнийн ёс” нь дотроо “ Үйлийн нууц тарнийн үндэс” , “Явдлын нууц тарнийн үндэс” , “Бясалгах нууц тарнийн үндэс , “ Ханьцашгүй бясалгах нууц тарнийн үндэс” гэж дөрөв байдаг.

Гадна талын үйл, дотор талын бясалгал хоёроос гадна талын үйлийг голлон хийхийг нь “Жажэд” буюу “Үйлийн нууц тарнийн ёс” буюу гадна талын үйл, дотор талын бясалгал хоёрыг адил тэгш хийх нь “Жожэд” буюу “Явдлын нууц тарнийн ёс” юм.

Гадна талын үйл, дотор талын бясалгал хоёроос дотор талын бясалгалыг голлож байгаа нь “Налжаржүд” буюу “Бясалгах нууц тарнийн ёс” бөлгөө. Тэрнээс дээш бясалгал байхгүй учраас “Налжорлана мэдвийн жүд” буюу “Ханьцашгүй бясалгалын нууц тарнийн ёс” гэжээ. “Ханьцашгүй бясалгалын нууц тарнийн ёс” нь дотроо “Эцгийн үндэс”, “Эхийн үндэс” гэж хоёр байна.

Бурхны лагшин таалал хоёроос лагшинг бүтээх бясалгалыг гол дэлгэр үзүүлсэн нууц тарнийн ёсыг “Палжүд” буюу“ Эцгийн үндэс” гэх ба Тааллыг бүтээх бясалгалыг гол дэлгэр үзүүлсэн нууц тарнийн ёсыг “Мажүд” буюу “Эхийн үндэс” гэнэ.
Ханьцашгүй иогийн тантра.

Тантрын ёсны хамгийн дээд оргил болсон ханьцашгүй иогийн тантраар хамаг амьтанд тус үйлдэхэд бясалгагчийн хувьд амар хялбар байдаг.
Ханьцашгүй иогийн тантра нь дотроо эх тантра, эцэг тантра, нийлмэл тантра хэмээн гурав ангилагдана.
Эх тантрын үзэл санаа нь зүрхний төвөөс хайр энэрэл, бурханлаг ухамсрыг цацраах бөгөөд тэрхүү ухамсар нь эхийн дүрээр хамаг амьтанд тус үйлдэх явдал юм. Асрал нигүүсэлт эх тантрын бурхад нь Бурхан багшаас эхлээд Ханд, Хажид, дагинасын дүрт бурхад байна. Тухайлбал Важраварахи, Нарохажид гэх мэт.
Эцэг тантрын үзэл санаа нь тархины сэтгэхүйгээс үүсэх учир шалтгааны ухааныг догшин дүрт бурханд урвуулах бөгөөд хамаг амьтны хэвшмэл дадал зуршлыг асар их хүчээр эвдэн өөрийн зүрхнээс тодорсон эх бурхны хэвлийг ашиглан шинээр төрүүлж ариусгах явдал юм. Асар догшин эцэг тантрын бурхад нь хоосон чанарын билиг билгүүнийг үзүүлсэн догшин дүртэй, өмнөө өөрийн зүрхнээс тодрох эх бурхнаа эр эмийн явдлаар тэвэрсэн бурхад байдаг. Үүнд Дүйнхор, Сандуй, Дэмчог, Жидар гэх мэт бурхад багтдаг.
Нэгдмэл тантрын үзэл санаа нь зүрхны ухамсар, тархины ухамсарт сэтгэхүйг хослон хоосон чанарыг таниулж хамаг амьтанд туслах явдал юм. Нэгдмэл тантрын бурхад нь их догшин бус, их амгалант бус дүрийг агуулсан байдаг. Гол төлөөлөгч нь Ямандаг бурхан болно.
Ханьцашгүй иогийн тантраг эзэмшихийн тулд хамгийн түрүүнд эх тантрыг сурах хэрэгтэй. Эх тантрын бурхдаас хамгийн түгээмэл, хүч ихтэй бурхан нь Нарова богдын боловсруулсан Нарохажид бурхан юм. Бясалгагч Нарохажид бурхны дүрд өөрийгөө оруулмагц Нарохажидын программ нь маш их хүчтэй боловч хэрэглэхэд хялбар бүтэцтэй болох нь мэдрэгдэнэ.
Түүхийн явцад эх тантрын бурхдын программыг өөрт суулгах олон оролтуудыг бясалгагч нар зохиож эмхтгэсэн байдаг. Харин орчин үеийн хүн төрөлхтний хурдацтай нийгмийн алхаанд тохируулж нэгэн хялбаршуулсан оролт Ж. Доржготов зохиосныг энд дарж үзээрэй. Бурхны шашинд их таван ухаан, бага таван ухаан гээд нийтдээ 10 ухаан бий. Ухааны арван орон гэж юу вэ?

Таван их ухааны орон

1. Дуун ухаан
2. Шалгадаг ухаан
3. Урлах ухаан
4. Тэжээх ухаан /анагаах ухаан/
5. Дотоод ухаан

Таван бага ухааны орон

1. Зохист аялгуу
2. Илт өгүүлэх
3. Эвсүүлэн найруулах
4. Дууриал бүжиг
5. Одон зурхай

Дуун ухаан

Үсгийн өгүүлэгдэхүүний утгыг тодорхой мэдүүлэх ухааны орныг хэлнэ.

Шалгадаг ухаан

Үг хийгээд утгын эндүүрлийг арилгаад, уг мөн ёсыг нь чухам үнэнээр нотлон буулгадаг ухааны орон мөн.

Урлах ухаан

Биеийн ур, хэлний ур, санааны ур гурвын урлах үйлийг нь зонхилж үзүүлсэн ухааны орон мөн.

Тэжээх ухаан

Өвчний мөн чанарыг танин барих, өвчин ямар шалтгаанаас үүсэх, нэгэнт үүссэн өвчнийг хэрхэн арилгах, хойшид тэрхүү өвчнийг яаж засах арга замыг заасан ухааны орон мөн.

Дотоод ухаан

Судрын аймаг сав, номхотголын аймаг, илтийн аймаг сав гэдэг бурхны шашны номлол сургаалыг данд нь багтааж гаргадаг гурван аймаг савын ухааны орон мөн.

Зохист аялгуу

Хүний чихэнд яруу бөгөөд сэтгэлийн эрхийг булаах үгсийг зохист аялгуу гэнэ. Зохиолын бие, чимэг, амь гурав хийгээд утгын чимэг, дууны чимэг, далдлах үгийн чимгийг дараалал ёсоор үзүүлсэн ухааны орон мөн. Зохист аялгууг мэдвээс үгийн чимэгт үл мунхарна.

Илт өгүүлэх

Өгүүлэгдэхүүний нэг утгыг өгүүлэгчийн олон нэрийн зүйлээр илтгэх ухааны орон мөн. Үүнийг дотор нь салаалуулж ялгавал тооны илт өгүүлэх, нэрийн илт өгүүлэх хоёр болно. Илт өгүүлэхийг мэдвээс нэрийн зүйлд үл мунхарна.

Эвсүүлэн найруулах

Энэтхэгийн үсэг, Түвдийн үсэг хоёрын утгыг эвсүүлэн найруулж, өгүүлэгчийн үг, өгүүлэгдэхүүний утга хоёрыг нийлүүлэн холбох ухааны орон мөн. Эвсүүлэн найруулахыг мэдвээс шүлэгт үл мунхарна.

Дууриал бүжиг

Цам харайх, Охин тэнгэрийн бүжиг тэргүүтнийг олон зүйл чимэг зүүлт, баг өмсгөл сэлтийг өмсөж бүжиглэх, урих өгүүлэх, харайх бүжиглэхийн арга мөрийг үзүүлсэн ухааны орон мөн. Дуулан бүжиглэх, дуун эгшгийн зүйл багтдаг.

Одон зурхай

Нас титэм заяаны тоо, одон гариг, нар сарны хөдөлгөөн байрлал, сайн муугийн үрийг тооцон зурах ухааны орон мөн. Одон зурхайг мэдвээс авах огоороход үл мунхарна.

Эд бүгд нь бурхны шашны 10 ухаан юм.

Гэгээрэлд хүрэхэд ер нь бол хийгээд байх юм байхгүй. Юу ч хийхгүй зүгээр сууж байхад өөрөө тохиолддог зүйл. Харин олон хэрэггүй юмаа хаяж ачаагаа хөнгөлж хоосон болох хэрэгтэй. Чи хоосроогүй бол юу ч хүртэхгүй. Бүрэн хоосорч байж л бурханлигаар дүүрнэ. Хоосон чанарыг дүүрэн чанар гэж нэрлэдэг нь ийм учиртай. Хаяж болох бүх л юмаа хаясны дараа үлдэж байгаа юм нь чи юм. Юу юугаа хаях хэрэгтэй вэ ? гэвэл
1-т өөрөө амсаж таниж мэдрээгүй бусдаас хуулсан гаднаас авсан бүх мэдлэгээ хаях. Учир нь ийм мэдлэг хүнийг өөрчилдөггүй. Харин ч их юм мэддэг бүхнийг таньж ойлгосон мэт хуурмаг сэтгэгдэл төрүүлж би үзэл эгогоо тэтгэж жинхэнэ үнэнтэй нүүр тулахад маш том саад хана хэрэм болдог байна. Харин өөрийн бодит туршлагаараа онож мэдсэн таньсан жинхэнэ туршлага л чамайг өөрчлөнө хувьсгана. Жишээ нь: Чамаас хэн нэгэн “Бурхан байдаг уу” гэж асуухад “Байдаг.” гэж шууд хариулахаасаа өмнө “Би бурхныг үнэхээр мэдэх билүү. Бурхныг үнэхээр харсан билүү.” гэж бодох хэрэгтэй
2-т би үзэл эгогоо хаях. Би үзэл эго гэдэг нь өөрийгөө бусдаас тусгаар биеэ даасан бодгаль гэж бодсон хуурмаг үзэл юм. Бид бүгдээрээ бие биенээсээ шалтгаалан оршиж байдаг. Үүнийг бурхны шашинд шүтэн барилдлага гэдэг. Шүтэн барилдлагын нөгөө тал нь хоосон чанар юм. Биеэ дааж оршсон нэг ч юм хорвоод байхгүйг таних нь хоосон чанар юм. Бурхны номоор би гэдэг үгнээс хамаг барцад саад гардаг. Би гэж байдаггүй байхгүй юу. Миний гар би биш, хөл би биш, толгой би биш. Толгой, гар, хөл, эд эрхтэн бүгд шүтэн барилдаж “би” бүтэж байна. Үүнтэй адил ширээ ч гэж байхгүй. Ширээний тавцан нь ширээ юу ? Ширээ биш. Хөл нь ширээ юу ? Ширээ биш. Тавцан хөл хоёр шүтэн барилдаж ширээ бүтэж байна. Тавцан хөл хоёр шүтэн барилдаж бүтсэнийг ширээ хэмээн нэр томьёогоор томьёолон нэрлээд байна. Энэ бол хоосон чанар юм. Үнэхээрийн бүтсэн юм гэж үгүй.
3-т өөрийгөө бие махбод оюун ухаан биш гэдгээ мэдэх. Учир нь бие махбод оюун ухаан бодол үзэл санаа бол тогтмол юм биш байнга өөрчлөгдөж хувьсаж алга болж байдаг зүйл. Харин өөрт тохиолдоод байгаа зовлон жаргал бодол хүсэл уур омог баяр гуниг гэх мэт зүйлсийг мэдээд гэрчлээд байгаа ухамсарлаад байгаа өөрчлөгддөгүй нэг юм байна аа тэр зүйл бол чи юм. Түүн дээрээ яваандаа төвлөрч бясалгаснаар бурханлиг нирваанд орох буюу гэгээрэлд хүрэх буюу гэгээн мөн чанараа таних болно. Гэгээрэлд хүрнэ гэдэг нь хичээж зүтгэснээр ямар нэг юманд хүрэх тухай биш мөн чанар гэгээн чанараа танихыг хэлээд байсан юм байна гэдгийг ойлгоно.
4-т амьдралыг таниж ойлгох өөрөөсөө суралцах. Жишээ нь: Шуналтай бол шуналаа ажиглаж тань. Ууртай бол уураа ажиглаж тань. Тэгснээр сөрөг бүхнээсээ сална. Миний биелж болох бүх хүсэл биелчихлээ гэж бод. Тэгээд миний бүх хүсэл биелсний дараа би яах вэ ? гэж бод. Би үүрдийн аз жаргалтай амар амгалан байж чадах уу ? гэх мэтээр бодож тунгаах нь шинжих бясалгал юм. Төвлөрч сурах нь оюун ухаанаа тогтоох бясалгал. Бодлоо ажиглах нь бодол үгүй амирласан төлөвт орох бясалгал юм.

Дилго Ченже ринбүүчи “Будда чулуу шидэж буй мэт бурхны хутгийг танд юүлэхгүй. Тэр бохир хувцсаа угааж буй мэт таныг ариусгахгүй мөн идэвхгүй өвчтөнг эмчилж буй эмч мэт эм тан авчирч уулгах байдлаар таны мунхагийг эмчлэхгүй. Төгс гэгээрлийн хутгийг олсон тул танд хэрхэн төгс гэгээрэх арга замыг үзүүлэх агаад тэр зам мөрийг дагах эсэхийг та л өөрөө шийднэ. Тэдгээр сургааль номыг дадуулж үр шимийг нь үзэх эсэх нь чухамдаа танаас л шалтгаална.” хэмээжээ.

Ошогийн “Агнистын гэгээ” номонд:

Обьект нь юу ч байж болно, гагцхүү өөрөө ухамсарлаг байх юм бол бясалгал болно. Ижилслийг ухамсартайгаар үйлдэхэд бясалгалд урвадаг. Ухамсаргүй ижилсэл гэм болдог. “Энэ минийх, тэр манайх” гээд л олон зүйлтэй чи сэхээ сэвгүй ижилсэж явдаг. “Энэ миний эх орон, энэ миний үндэс угсаа, энэ манай туг далбаа …” Хэн нэгэн танай улсын далбааг хөсөр хаях юм бол уур чинь дүрсхийнэ. Үнэндээ чиний мөн чанар ямар ч улс үндсэнд хамаарахгүй шүү дээ. Туг далбаа бүгд зохиомол тэмдэг, эрээн даавуу, хүүхдийн тоглоом шиг зүйлс. Гэтэл чи түүний төлөө хүн алж, эсвэл өөрөө үхэж мэдэх. Тэр мэтчилэн элдэв өнгийн юмстай ижилсэж, мөн чанараа умартдаг. Энэ ижилсэл бол ухамсаргүй мунхаглал. Ухамсаргүй нь нүгэл юм. Жишээ нь чиний нэр Рам байг. Хэн нэгэн “Рам” – ыг доромжилмогц өөрийгөө доромжилсон мэтээр мэдэрнэ. Учир нь, чи Рам нэртэй ижилссэн явдаг. Энэ бол ухамсаргүй төлөв. “Рам бол зүүмэл нэр төдий. Би ертөнцөд нэргүй төрсөн. Энэ хүн хийсвэр нэрийг л доромжилж байна. Миний мөн чанарт хавьтахгүй шүү дээ. Тийм атал юунд уурлах вэ ?” гэж оюун ухаан чинь ажилладаггүй. Хэрэв тэгж ажиглаж шинждэг бол юунд ч уурлахгүй сэн.

Эх орон гэдэг ойлголтын талаар энд онцлон дурдъя гэж саналаа. Эх орны талаар ямар үзэл бодолтой явдаг тухай энэ эсээнээс олж уншаарай.

***—Эх орны тусгаар тогтнолын өдөрт зориулав—*** эсээг уншихыг хүсвэл энд дарна уу.

Монгол лам нар дотор Монгол хэмээгч эх оронч үзэлтэй лам нар байгаа нь харагддаг. Бурхны номыг судлах тусам хоосон чанарын үүднээс эх орон байдаггүй юм байна гэдгийг ухаарлаа. Монгол бол шүтэн барилдаж бүтсэн зүйл. Монгол гэж байдаггүй. Монгол бол үзэгдэл. Өмнө нь Хүннү байсан. Мөн Сянби, Нирун, Их монгол улс, Монголын эзэнт гүрэн, Юан улс, тэгээд Халх ба Ойрад, Ар Монгол, Олноо өргөгдсөн Монгол улс, 70 орчим жилийн турш БНМАУ, одоо Монгол улс болоод 18 жил орчим болж байна. Ирээдүйд ямар ч нэртэй юу гэдэг ч улс болж хувирахын хэн мэдэхэв ? Цаашдаа Монгол гэж үндэстэн байх уу ? Үгүй юу ? Нэршил өөрчлөгдөөд явах ч юм бил үү ? Ямартаа ч энэ галав өнгөрөхөд Монгол гэдэг улс үндэстэн байсан гэдэг ор мөр ч үлдэхгүй нь тодорхой юм. Үхэх төрөхийн сансрын хүрдний энэ циклд хорвоог жигшиж үзэгдлийг үнэт зүйл болголгүй амьдрах нь зүйтэй санагдана. Үзэгдлийг үнэт зүйл болговол амьтан өөрөө эргээд зовно. Үзэгдэл л бол үзэгдэл тул хэзээ нэгэн өдөр үнэт зүйл чинь үгүй болох болно. Тэр үед зовж шаналах зовлонгийн шалтгаан л болж хувирах болно.

Бидний үнэт зүйл юу вэ? Бидэнд эд таваараас авахуулаад олон үнэт зүйлс бий. Гэвч тэдгээр нь чухам хамгийн дээд үнэт зүйл мөн үү, биш үү гэдгийг сайтар ажиглаж шинжлэх хэрэгтэй. Чөлөө учралт хүний биеийг олоод, лам багштайгаа учирна гэдэг бол бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл бөгөөд аз завшаантай, сайн ерөөл, үйлийн үр юм. Бурхны сургаал, шашин түүнийг хөтлөн заах багштай учирснаар төгс гэгээрэлд хүрэх суурь тавигдана. Түүнчлэн сэтгэл оюунаа судлаад гэгээрлийн зам мөрд орвол юугаар ч хэмжихгүй, юугаар ч үнэлшгүй хамгийн их үнэ цэнэтэй зүйлээ оллоо гэсэн үг ээ.

Даян Хутагт Ванчингийн Бөртэчоно амьдралын талаар ийн өгүүлжээ. <<Зарим хүмүүс амьдралыг 2 янзаар хэлдэг.
1. Амьдрал бол алалцах дайснаас хэцүү гэж. Энэ дайнд хэн хүчтэй нэг нь ялна гэж сургадаг.
2. Амьдрал бол тэмцэл. Энэ тэмцэлд хэн ухаантай, овжин сэргэлэн нь бүгдийг авч дийлэх болно гэж сургадаг.

Харин бодит амьдрал дээр амьдрал бол хувь тавилангийн хүрд юм. Энэ хорвоод мэндэлсэн хүн бүр өөрийн төөргийг дагаж амьдардаг. Энэ хорвоо ертөнцийн бүх амьд амьтан эхээс мэндэлж эх дэлхийдээ шингэдэг. Хүний бүрийн амьдрал адилгүй ч хүн бүр өөрийн амьдралаа бүтээдэг. Бурхад хувь тавиланг зурахдаа хэн нэгэнд өвчин зовлон, ядуу амьдрал зурдаггүй. Харин хүн та өөрийн аливаа үйлдлээр өөртөө үйлийн үрээ зурж маргаашаа бүтээдэг.

1. Та урьд нь одоо хэн байсан нь хамаагүй. Маргааш хэн болохоо бод.
2. Сэтгэлдээ галтай байж бусдад тусалж тэдэнд урам зориг сэтгэлийн тэнхээ хайрлаж бай.
3. Бусдын амьдралыг хүндэлж бай. Хариуд нь тэд таны амьдралыг хүндлэх болно.
4. Өөрөө өөртөө эзэн байж сайн сайхан зүйлд суралц.

  • Өвгөдийн сургаалаас суралц. Хариуд нь амьдралыг харж сурна.
  • Үргэлж суралцаж бай. Хэзээ нэг өдөр хэрэг болно.
  • Алтанд шунах мэт. Номд шамдан суралц.
  • Багшийн сургаалыг загас мэт дуугай сонсож сур. Магадгүй тэр үгэнд таны:
    • Хүсэл мөрөөдөлд хүрэх зам.
    • Ойлгоогүй зүйлийн тайлал.
    • Сэтгэлийн гүн дэх түгжээг ч тайлах түлхүүр байж болно.
    • Зовлонгоос салгах зам ч байж болно шүү.>> хэмээжээ

Хүн төрөлхтөн бүхий л цаг хугацаанд амгалан жаргаланг эрэлхийлж ирсэн. Амар амгаланг олохын тулд түүний эсрэг тал болох зовлонг танин мэдэхийг буддын сургаалд номлодог.
Зовлонг нарийн танин мэдэх нь аз жаргал амар амгалан учир шалтгааны үүднээс олж мэдэх бүтээлч арга зам мөн. Бодь мөрийн зэрэгт дунд төрөлхийтний мөрийн хэсэгт ялангуяа дөрвөн үнэний сургаалийг судлах явцад зовлон түүний шалтгаан гарах арга замын талаар өгүүлнэ. Ерөнхийдөө гурван янз зовлон байна хэмээнэ. Хүнд мэдэгдэх хэлбэрээр нь зовлонгийн зовлон, урвахуйн зовлон, түгээмэл хуран үйлдэхүйн зовлон хэмээн гурав хуваана. Бид ихэвчилэн шууд зовлонгын хэлбэрээр ирж буй зовлонд ач холбогдол өгөх бөгөөд дүрээ нууцалсан эсвэл далд хэлбэрээр байгаа зовлонг төдийлэн мэддэггүй ажээ. Нэг дэх нь болох зовлонгийн зовлондг дийлэнх хүмүүс зовлон гэж үзэн анхаарлаа хандуулдаг. Зовлонгийн зовлонгийн гэдгийг тайлбарлая.

Даарах бол зовлон юм. Даарснаас ханиад хүрдэг, хоолой өвддөг, халуурдаг. Энэ бол зовлонгийн зовлон. Үүнтэй төсөөтэйгээр даарч байхад нь мөсөөр хайрвал улам л их даарч зовно. Эсвэл шархан дээр нь давс асгавал хорсон өвдөж зовно. Энэ мэтийн өвдөх, шарх сорви болох, түлэгдэх, сэтгэлд гуниг гутрал үүсэх зэрэг шууд зовлон ордог. Шууд зовлон нь мэдэгдэж байгаа зовлон юм. Энэ зовлонг хүмүүс зовлон гэж бодоод байгаа мөртлөө дараах цаад 2 зовлонг нь зовлон юм шиг бодохгүй байгаа юм. Одоо хоёр дахь урвахуйн зовлонг тайлбарлая.

Хүн сууж байхад жаргал зовлон аль нь ч мэдэгдэхгүй. Харин удаан суугаад байвал хөл чилээд, нуруу хөшөөд босмоор санагдаад эхэлнэ. Хүчээр бүр удаан суулгах юм бол зовлон болж хувирна. “Яаж нэг босох юмсан?” гэж бодоход хүрнэ. Босмогц хөл гар тэнийгээд, нурууны хөшсөн байдал арилаад жаргалтай мэдрэмж төрнө. Тэгвэл тэгээд л зогсоод л байя. Удаан хугацаагаар зогсвол сүүлдээ хөл чилээд “Яаж нэг хөлөө амрааж сууя даа?” гэж бодоход хүрнэ. Үүнтэй төсөөтэй бас нэг жишээ. Өлсөх бол зовлон. Өлссөн хүн цадталаа хоолловол өлссөн зовлон нь арилж жаргалтай болно. Хэрвээ хэдий гэдэс цадсан ч гэсэн үргэлжлүүлээд идээд л байвал хэчнээн амттай хоол байсан ч хэмжээ нь ихдэхээрээ гэдэс дотор идсэн зүйлийг шингээж чадахгүй бөөлжих, эсвэл ходоод гэдэсний өвчтэй болж хувирна. Явах, суух, идэх, амрах, тоглох эд бүгдээрээ урвахуйн зовлон болж хувирдаг. Нэг зовлонгоос нөгөө зовлонд шилжихийг бид нар жаргал гэж үздэг. Нэг зовлон нөгөө зовлонгоороо өөрчлөгдөж буйг. Тэгэхээр бид нар жаргалыг хайна, амар амгаланг бий болгоно гэхээрээ жинхэнэ амар амгаланг хайх биш нэг зовлонг нөгөө зовлонгоор солих аргыг хайгаад байна. Эсвэл тэрийгээ жаргал гэж яриад байна. Жинхэнэ жаргал гэдэг бол тэр зүйлийг удаан эдлэх тусам улам жаргал үүсч байгаа бол жинхэнэ амгалан жаргалан байдаг. Тэгэхээр нэг зовлонг өөр нэг зовлонгоор солиод амгалан жаргалан хайгаад байгаа нь төөрөгдөл. Хайж буй амар амгалангаа буруу тодорхойлж байна. Нөгөөтэйгүүр тэндээс туйлын амар амгалангаа олно гэдэг нь ч буруу юм. Үүнийг танин мэдэх юм бол хүний хандлага өөр болно. Гурав дахь түгээмэл хуран үйлдэхүйн зовлонг тайлбарлая.

Энэ бол мөн чанарын зовлон юм. Хүн төрөл авсан л бол хөгшрөх үхэхийн зовлон үзнэ. Эргэн тойронд байх хайртай дотны хүмүүс ч цаг хугацааны аясаар алга болно. Өөрөөс хамааралгүйгээр орчин нөхцөл өөрчлөгдөж сэтгэлд чинь хүсээгүй үр дүнг авчирна. 

Жадо ринбүүчи “Мөрийн гурван эрхэм” номын айлдвар дээр:

“Номын би-д барих үзэл”, “бодгалийн би-д барих үзэл”-ийг юу гэж ойлгох ёстой вэ ? гэвэл, бид хүнийг хараад “Энэ Өлзий гэдэг хүн байна”, “Энэ Тунгаа гэдэг хүн байна”, “Энэ Дэмбэрэл гэдэг хүн байна” гэж бие биенээ таньж мэддэг. Энэ үед ч гэсэн эхлээд тухайн бодгалийн бие цогцос, оюун ухаан тэргүүтэн тухайн бодгалыг бүрдүүлэгч зүйлүүд болон түүн дээр тулгуурласан Өлзий, Тунгаа хэмээх бодгаль гэсэн хоёр зүйл байгаа юм. Тухайн бодгалыг бүрдүүлэгч Өлзий гэж нэр өгөхийн суурь болсон нэрийтгэлийн суурь бие, сэтгэл тэргүүтэн тэдгээр хэсгүүдийг үнэхээрийн бүтсэн юм гэж бодож байгаа нь “номын би-д барих үзэл” юм. Үнэхээрийн бүтсэн бие, сэтгэл дээрээ тулгуурласан үнэхээрийн бүтсэн Өлзий ч юмуу, Тунгаа ч юмуу тийм хүн байна гэж бодож байгаа нь “бодгалийн би-д барих үзэл мөн” юм.
Ийнхүү номын “би”-д барих үзлээр суурилаад түүн дээр бодгалийн “би”-д барих үзэл төрөөд, тэгээд бодгалийн “би”-д барих үзлийн эрхээр үйл хураагаад, тэр үйлийнхээ эрхээр орчлонд зовлонтой төрлийг авч байна.
Орчлонгийн зовлонгоор нэрвэгдэхэд баян ядуугийн ялгаа алга, мэдлэг боловсролтой боловсролгүйн ялгаа алга, хүчтэй хүчгүйн ялгаа алга, эрх мэдэлтэй эрх мэдэлгүйн ялгаа алга. Мөн хүн адгуус тэргүүтэн ч гэсэн ялгаагүй, бүгдэд нь орчлонгийн хаана төрсөн ч гэсэн нисваанисын эрхээр үйл хураах, үйлийн эрхээр орчлонгийн зовлонг эдлэх, тэнгэр, хүн, адгуус, бирд гээд орчлонгийн ямар ч төрлийг авсан эдгээр зовлон ив ижилхэн ирж байна. Тиймээс эдгээр нь “түгээмэл хуран үйлдэхүйн зовлон” мөн юм. Тэгэхээр орчлонд хаана ч төрсөн түгээмэл хуран үйлдэхүйн зовлонгоор нэрвэгдэж байдаг учраас орчлонгоос гарах хэрэгтэй. Энэ хүний ертөнц бол зовлонгийн газар юм. “Жаргал, зовлон хоёр хоёулаа зовлонгийн шалтгаан болдог” хэмээн Будда хэлсэн байдаг.

Далай лам нэгэнтээ “Амьдрал бол аж жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш” хэмээн хэлсэн байдаг. Аз жаргал бол хүний дотоод сэтгэлд байдаг зүйл. Гадна ертөнцөд биш. Тиймээс аз жаргалыг гадаад ертөнцийн зүйлсээс бус дотоод сэтгэлээсээ хайх хэрэгтэй.” гэжээ.

Эд баялагийн талаар Даян Хутагт Ванчингийн Бөртэчоно <<10 хар нүглээр буруу баяжих болон 10 цагаан буянаар зөв баяжих 2 баяжих зам мөр байдаг гэжээ.

10 хар нүглээр баяжих гэдэг нь “зуурдын баян” гэдэг ба энэ насандаа ямарваа нэгэн буруу арга байдлаар гэнэт баяжих. Эсвэл энэ насандаа биш хэсэг зуур ч байж болох. Эргээд үр хүүхдүүдээ амьдын там зовлон гаслантай далайд орхиж буйгаа санаарай. Үүнд:

  • Гэмт хэргийн бүх зүйл орно.
  • Шашны хатуу уншлага.
  • Хар хүч шившлэг.

Энэ бүгд эргээд таниас заавал нэг юм авдаг юм шүү. Жишээ нь: Та хэн нэгний хуурч насаараа хураасан хөрөнгийг нь хоромхон зуур залилан мэхэлж аваад юу ч үгүй болгоод та нэг хоёр хоног сайхан байна. Дараа нь та амьдын тамд.

10 цагаан буянаар баяжих гэдэг нь.
1. Та хөдөлмөрч байх. Зөв байх.
2. Шашны сайн сайхан зүгийн ном айлдуулж буянаа хураах.
3. Өвөг дээдэс. Өвөө эмээ аав ээжийн ач буяныг санаж далай мэт арвижуулж явах.

Ер нь хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж бусдад тусалж тэдэнд урам зориг сэтгэлийн тэнхээ хайрлаж, “мөр бүтэн гэдэс цатгалан байх” аз жаргал юм шүү.

Жич:
Хүмүүс та бүгд энэ хахаж цацсан баян гээд харж ойлгоод байгаа хүмүүс чинь бодит амьдрал дээрээ их ядуу хүмүүс байдаг юм шүү.
1. Найз гэж байхгүй хэдэн хөрөнгө дагасан нөхдүүд дагуулсан.
2. Гэр бүлийн аз жаргал гэж байхгүй. Үүнийг та бүгд өөрийн бодлоор ойлгож болно.
3. Дуртай хоол ундаа идэж ууж чадахгүй. /хоол хорьсон өвчинтэй/
4. Хань ижил үр хүүхэд нь эдгэшгүй өвчин туссан.

Өвгөдийн сургаалд

Эрүүл байх дээд баян.
Эрдэм ном дунд баян.
Эд баялаг адаг баян гэж сургадаг байсанд их учир би шүү.

Ер нь та хар хүчээр нэгийг авсан ч эргээд харахад бүгдийг өгдөг юм шүү.>> хэмээн хэлжээ.

VIII Богд Жавзандамба хутагт энэ цаг үед онго тэнгэрүүд олноор бууж ирж бөө олноор төрөн гарах болно. Тэр үед “Онго битгий шүтээрэй” гэж захисан байдаг. Миний бие ч үүнийг үл тоон нэг биш бөөтэй орооцолдож явсан. Эргээд бодоход “Онго битгий шүтээрэй” гэж VIII Богдын захисан нь зүйтэй бөгөөд үнэн байсан юм байна лээ. Бөө бол харын юм. Харын юмтай анхнаасаа орооцолдоод хэрэггүй. Харын гэдэгт ганц бөө ч биш, хар дом, харын талын бүх зүйлс багтана. Эдгээр харын талын зүйлстэй анхнаасаа ороолцолдоод хэрэггүй юм гэдгийг өөрийн туршлага дээрээ үндэслэн заавал хэлэх гэсэн юм. 

VIII Богдын захиаст “Гахай, тахианы мах битгий идээрэй” гэж хүртэл байдаг. Үүнийг ч би үл тоон явсан. “Онго битгий шүтээрэй” гэж хэлсэн нь зүйтэй байсан шиг “Гахай, тахианы мах битгий идээрэй” гэж захиасыг нь дагасан зүйтэй байх гэсэн бодол төрсөн.

VIII Богд Жавзандамбын бошгыг энд дарж үзээрэй.

Ошо “Агнистын гэгээ” цувралын “Ай даа энэ шүү дээ” номондоо:

<<Бүтээлч хүн өөрийгөө л эрхшээдэг юм. Тийм учир дорно дахинд саньяасиныг “свами” гэж нэрлэдэг. “Свами” гэдэг нь эзэн гэсэн утгатай. Хоосон бадарчин ч свами буюу эзэд байдаг. Алдар цуутай хаад ноёд эцсийн дүндээ жинхэнэ гуйлгачид байдаг. Ашиг алдар, эрх мэдлийн төлөө амь тавигчдыг гуйлгачин гэхгүй өөр юу гэх вэ ? Үргэлж гуйранч царайлсан хүн энэ хорвоод юу ч өгч чадахгүй.
Өглөгч байгтун. Өгч чадах бүхнээ түгээ. Өчүүхэн, агуу гэж би ялгаа хийхгүй. Үнэн зүрхнээсээ инээмсэглэх ч агуу бүтээл юм шүү. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ тэвэрч, гарыг нь атгах бол, хайр гэрэлтсэн нүдээр харах юм бол тэр уран бүтээл. Зүгээр л хайрлангуй харц хүний бүхэл ертөнцийг өөрчилж чадна.

Энэ хорвоод хоёр том бэрхшээл бий:

Эд юмст уягдах болоод, хүмүүст хүлэгдэх. Энэ хоёроос болж та нар ухамсаргүй унтаа төлөвт амьдардаг. Тэр эмэгтэй хоёр сорилтыг хоёуланг нь даван гарчээ. Чи ч гэсэн тэдгээрийг даван гарах юм бол… Юуг ч өмчлөх аргагүйг сэхээрэх юм бол хорвоогоос гэтлэх болно.

Бусдыг хайрла, гэхдээ хар хор, өмчирхөлд бүү авт. Аль болох олон янзын хүнтэй харилц. Гэхдээ өөрийн эрхээ хадгал. Бусдыг бүү эзэрхийл, бусдад бүү эзлэгд. Эд юмсыг ашигла, гэхдээ өмчирхөх хэрэггүй. Энэ хорвоод хоосон ирсэн шигээ хоосон буцахаа санаж яв. Ийм билгийн хараа хурц тод байхул юу ч болж байсан ажрахгүй тэгш амгалан байж, бодлын үймээнээс гэтлэх болно. Бодол бүхэн зохиомол, бодол үгүй нь заяамал. >> хэмээжээ.
Мухар сүсэг гэж юу вэ?
Туулсан бурханд сүсэглэж байгааг мухар сүсэг гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл бурхны эрдмийг нь бодон, санан сүсэглэж байгаа юм. Бурхны эрдэм нь сайн үйлийн үрээр бий болсон. Бүгдийг болгоож, хязгаарлашгүй амьтны тусыг гүйцээсэн (хэргийг нь бүтээсэн).
Харин зөвийг заагаад байхад буруу тийшээ явдаг, эсвэл ямар ч эх сурвалж уг гарвалгүй, утга учиргүй юмыг шүтэж байгааг мухар сүсэг гэж хэлэх байх.
– Гайхамшиг эрдмийг олсон гээд “Бурхан багшдаа мөргөх”
– Бурхан багшийн айлдсан дээдийн ном сургаалыг үзэж, дагасан хүний хичээж зүтгэж буй хэрэг нь бүтдэг, мөн гурван муу заяанд төрөхгүй, төгс гэгээрэлд хүрдэг гээд Ганжуур тэргүүтэй “Ном сударт мөргөх”, тэдгээрийн утгыг бясалгах,
– Сэтгэл үндсэнд нь бурхны эрдэм төрсөн хэмээн гэгээрлийн нөхөр “Тойн хуврагт мөргөх” нь мухар сүсэг биш ээ.

Ном судар ангилал дотор байгаа нэрний ард дөрвөн анхаарлын тэмдэгтэй буюу !!!! гэсэн номнууд нь ханьцашгүй дандрын дамжлагатай тул нууц үгээр хамгаалагдсан байгаа. Тэдгээрийг нээж үзэхийг хүсвэл

damjlaga avsan

гэсэн нууц үгийг оруулан нээж үзээрэй.

Үхэхийн цагт номоос өөр тустай зүйл үгүй. Энэ төрөлдөө хураасан алдар нэр, эд баялаг, хань ижил, үр хүүхэд гээд бүгдийг үхэхийн цагт орхиод явна. Эдгээр нь үхэхийн цагт огтоос тус болохгүй. Харин ядаж энэ Бардо тойдол буюу Сонсгоод тонилгогч судар хамгийн их тус болох нь дамжиггүй. Энэ http://www.wordpress.com цахим хуудас лавтай 100 жил болох байх гэж бодож байна. Тэгэхээр энд тавигдсан бурхны номнууд надаас хойш интернэтэд үлдэх юм. Сурч мэдээд төрөх үхэхийн циклээс ангижирч бурхны хутгийг олон хамаг амьтанд тусыг агуу ихээр бүтээхийг хүсэн ерөөе.

Амьдрал гэдэг бол зовлонгийн далай. Хүн болж төрсөн л бол төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн зовлон үздэг. Энэ зовлонгийн далай уруу будда нар өөрийгөө золиослон хамаг амьтанд тус бүтээхээр зовлонт төрлийг аван сансрын хүрд үрүү орж ирдэг. Би бээр их хөлгөний номын ёсоор хамаг амьтанд тус бүтээх гэж сансрын хүрд үрүү орж ирсэн сүнс. Би дахиж хүн болж төрөхгүй байх. Манай өвөөг үхэж байхад үхэг гээд орхисон ийм улсууд уруу би дахиж эргэж ирэхгүй. Миний араас Нюржин солдэв битгий уншаарай. Зуу, мянга, түм, бум, сая, живаа, дүнчүүр гээд хэчнээн ч уншсан би сонсохгүй шүү. Дахиж сансрын хүрд үрүү орж ирэхгүй тул сүүлчийнх байж магадгүй сансрын хүрдэн дэх энэ төрөлдөө номоос өөр тустай зүйл үгүй хэмээн Дарь эх бурхны хувилгаан бурхны номыг хүмүүст өвлүүлэн үлдээв.

Ялгуусны шашин арван зүгтээ дэлгэрч хамаг амьтан бурхны хутгийг түргэнээ олох болтугай.

Ум дари дү дари дүри базар маха бахаеа босом гүрү суха

https://www.facebook.com/groups/557180555220592/

https://www.facebook.com/groups/557180555220592/…

https://www.facebook.com/groups/348142228882379/

https://www.facebook.com/groups/164177320812925/permalink/