Буяны сав

Зава Дамдин ринбүүчи:
/2021-11-24/
Сав савны дотроос “Буяны сав” хэмээх айхтар нарийн зүйл буй. Их буяны савтай нугууд нь болбаас энэ нас болоод урд насны хураасан буяны үйл, шүтэн барилдлагаас шалтгаалж орчлон хийгээд номын амьдралд олон сайн сайхан тохиол учрал, аз хийморь, эрдэм үйлс сүндэрлэн бүтэж байдаг. Тэдэнд аюул занал, муу шалтгаан учирсан ч тэр нь сайжран дэвжихийн шалтгаан болдог тухай олон нарийн номлол сургааль болон түүх шастир буй.
Буяны сав муу байх нь мөн л энэ нас хийгээд урд насны муу үйл, нүгэл хилэнцийн үр, буруу шүтэн барилдлагаас хамаарч орчлонд олон олон муу шалтгаан нөхцөл бүрдэж, санасан хэрэг үйлс сэтгэлчлэн үл бүтэх хийгээд сайн сайхантай учирсан ч доройтохын шалтгаан нь болж байдаг.
Буяны сав хэмээх нь насны хэмжил, эрүүл мэнд, эрдэм үйлс, гэр бүл, хамт олон, хувийн амьдрал, орон газар, цаг үе тэргүүтэй маш олон зүйлд шалтгаан нөхцөл болж байдаг дотоод сэтгэлд хураагдсан сайн, муу авъяас ба сайн, муу үйлийн үрийн үр хөврөл болон сайн, муу шүтэн барилдлагаас үүдэж бүрэлдсэн болоод гэнэтийн шалтгаан нөхцөл амьдрал дээр урган байдаг далд хэмээмээр хүчин зүйл юм.
Үүнийг орчин үеийн шинжлэх ухаан болоод ялангуяа тархи судлалын шинжлэх ухаан эд эсээс дуран авиагаар хайгаад олохгүй байгаа юм. Энэхүү хүчин зүйлс нь хийн махбодод шүтэлцэн байдаг учраас дуран авиа буюу микроскоп тэргүүтэнд үл үзэгдэх аж.
Шинжлэх ухаан агаар мандлын хийн молекул буюу бүтцийг шинжилж буйгаас сэтгэлийн агаар хийн молекул бүтцийг шинжлэх түвшинд хүрээгүй аж.
Дэлхийн улс орнууд дэд бүтэц, хөгжил дэвшил, эдийн засаг, зэр зэвсэг тэргүүтнээ тэргүүн зэрэгт тавьж яваа учраас гадаад атом цөмийн шинжлэх ухаанд хамаг хүчээ зориулахаас дотоод сэтгэлийн атом цөмийг судлахуйг бараг хэн ч зорихгүй байгаа учир дэлхий дахины хүн төрөлхийтний үзэл санааны хямрал, сэтгэцийн зовлон улам ихсэж буй ажиглагдана.
Басхүү дотоод сэтгэлийн виртуал орчлонг судлаагүй атлаа сэтгэлээс гадаад виртуал ертөнцөд бүрэн анхаарлаа төвлөрүүлсэн хэмээлтэй.
Харин Буддын гүн ухаан, тэр дотроос ялангуяа Их хөлгөн болоод Тантрийн хөлгөнд бол сэтгэлийн агаар мандал, сэтгэлийн атом цөм, дотоод виртуалын нарийн шинжлэхүйн ухаан нугууд буй. Тэгэхээр ямар хэрэгцээ хүмүүн төрөлхийтэнд байгаа вэ? хэмээх өргөн хэлэлцүүлэг болоод асуултууд ундарч гарч ирнэ.
Ямартаа ч үндсэн сэдэвтээ анхаарлаа хандуулбаас энэхүү “буяны сав” хэмээх ухагдахуунаас эдүгээ бидний нийгэмд ойлгох чухал хэрэгтэй талаас ухваас энгийнээр хэлбэл “хоолны сав” хэмээн ухаж болно.
Хүн бүрт өөр өөрсдийн дотоод буяны савны хэмжээгээр энэ насанд хоолны хэмжээ буй. Гэтэл олон төрөлхийтэнд ганц биед тэрбум хүний хоол идэх хэмжээний шунал буй. Энэ шуналдаа хүрэхийн тулд зарим хүн улс орны эрх ашиг, ард олны татвар төлөөс, байгалийн баялаг, ард түмний аливаа үнэт зүйлс тэргүүтэй хошуу гараа дүрж болох бүх зүйлд хууль бусаар, бүр заримдаа өөрсдийн дураар хууль мэтийг зохиож байгаад хувьдаа завшиж буй төрөлхийтэн цөөнгүй байгаа нь илт. Энэ нь өнөө маргаашдаа баян цатгалан, нэр алдар, эрх мэдлийг авч ирэх боловч эрт орой хэмжээлшгүй их зовлон зүдгүүр, харуусал гутралын шалтгаан нөхцөл болмуй. Мөн тэрхүү бодгалиуд нэгэн насандаа улайран идэж буй хэтийдсэн их “хоол” нь ард олны болоод ирээдүй үеийнхээ болон ирээдүйн тэрбум амьдралынхаа хоолыг түрүүлж, булааж идсэн учраас энэ насандаа хүний мөрд багтахгүйгээр үл барам дахиад хүн төрлийг ч олохуйяа нэн бэрх.
Ер аливаа төрөлхийтэн өөр өөрсдийн савны хэмжээнээс хэтэрч ёс бусаар “буяныг” эдэлбээс доройтохын уг мөн.
Тэгвэл савны хэмжээ хэтэрч байгааг яаж олж мэдэх вэ? хэмээх нэгэн чухал асуулт гарч ирнэ. Тэр нь бөгөөс аливаа бодгаль буяны сав нь халиад ирэхээр мунхаг сэтгэл, шунал тачаал, уур уцаар, омог бардам, харамч хахир зангууд нь үлэмж их болж, жолоогоо алдсан адгуусан мэт авиртай болж, өөрийн хүсэл шуналаа гүйцээхийн тулд харгис хэрцгий, худал хуурмаг зүйлийг ч дараагийн үр дагаврыг бодож шинжлэлгүй хийдэг болдог. Иймд бид өдөр тутам хоолоо тааруулж идэхийг хичээдэг шиг энэ амьдралын хэрэгцээндээ “болилоон мэддэг байх” буюу хэмжээ хязгаараа ухамсарлан мэддэг оюуны савтай байх нь нэн тэргүүнд бөлгөө.
Бас буяны сав томорч агуу уужим болох уу, хэрэв томордог бол яаж томруулах вэ? хэмээх асуултууд гарч ирнэ. Чингэвээс агуу уужим буяны сав болгох боломжтой агаад яаж тийм болгох вэ? хэмээвээс зургаан алтан дүрэм буй нь
Нэгдүгээрт “өглөг өгөх”, хоёрдугаарт “ёс цаазыг сахих”, гуравдугаарт “хүлцэнгүй даруухан байх”, дөрөвдүгээрт “хичээнгүй зүтгэл”, тавдугаарт “диян бясалгалд суралцах буюу шинжлэн бодох, сэтгэлээ төвлөрүүлэх”, зургадугаарт “билиг оюунаа хурцлах” тэргүүтэй зургаан билиг барамид буй агаад тэдгээр эрдмийг эрхшээсэн төрөлхийтэн усанд сэрсэн загас мэт өөрийн чөлөө учралаар буяны саваа зөв зүйтэй хэргийг нь гаргаж орчлонд утга төгөлдөр амьдрах агаад хойд төрлүүд болон хойч үедээ жинхэнэ баялаг бүтээгчид мөн.