Замунди тарнитайгаа

Самгарьд үгсийн тайлбар

Анатман – (“Би” бээр байхгүй)

Энэ нь бурхны шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм. Бурхны шашны дагуу гэрэлт ертөнцөд мөнх орших юм байхгүй учир хорвоод аливаа юм өөрийн мөн чанаргүй юм.

Анитья – (аливаа юм хувиран өөрчлөгддөг чанартай)

Энэ нь бурхны шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм. Энэ ухагдахууны дагуу хорвоо ертөнцөд бүх юм хувиран өөрчлөгдөх бөгөөд байнга, тогтмол орших юм байхгүй аж. Аливаа амьд амьтан эрт орой хэзээ нэгэн цагт үхэх ёстой, энэ нь зовлонгийн учир шалтгаан болж байдаг юм. Гэвч хөгжил дэвшил, нөхөн төрөх нь мөн адил байнгын өөрчлөлт хувиралтын үр дагавар мөн учир эл олон үзэлд гутрангуй хандах хэрэггүй.

Бодхисатва – (гэгээрэхийг хүсэн тэмүүлсэн хүн)

Анх Гаутама Сиддарта гэгээрэхээсээ өмнө ийм нэртэй байжээ. Махаяна буюу Их хөлгөний шашин үүссэний дараа гэгээрэхийг хүсэн тэмүүлсэн болгоныг ийнхүү бодхисатва буюу бодьсад гэж нэрлэх болсон аж. Сүүлдээ амьд амьтан бүрт дээд язгуурын нигүүлсэнгүй сэтгэлд хөтлөгдөн хандаж, гэгээрүүлэхийг оролдож буй хүмүүсийг ч ингэж нэрлэдэг болжээ. Хамгийн их алдаршсан бодьсад нарыг дурьдвал: Авалокитешвара буюу Хонсим бодьсад, Кшитигарбха, Манжушри нар юм.

Будда – (Гэгээрч төгс нөгчсөн)

Анх бурхны шашныг үндэслэгч Гаутама Сиддарта (Шагжамуни)-г ингэж нэрлэдэг байжээ. Учир нь тэрбээр 35 насандаа буюу одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэгт гэгээрсэн аж. Өөрсдийн хамаардаг дэг, чиглэлээс үл шалтгаалан бурхны шашинтан бүрийн эцсийн зорилго нь бурхан болоход оршино. Бурхан болох аргууд нь хоорондоо ялгаатай учир бурхны шашин янз янзын дэг, сургуульд хуваагдсан байдаг. Махаяна буюу Их хөлгөний шашинд түүхэн хувь хүн болох Бурхан багшаас гадна Амитабха буюу Аминдава Махавайрочана буюу Махабярзана, Вайсажагуру нарын зэрэг бэлгэдэл бүхий олон Буддаг хүлээн зөвшөөрч, тахин шүтдэг. Амар жаргалтай оронд мэндэлсэн хүн бүр бурхан болдог гэсэн “Зол жаргалтай орны онол”-ын нөлөөн дор Япон улсад талийгаач болгоныг Бурхан буюу японоор “Хотоке хэмээн нэрлэдэг.

Дхарма – (Зөв ном сургаал)

Энэ нь Ялж төгс нөгчсөнийг номлодог сургаал юм. Бурхан багшийн сургаалд гурван аймаг сав буй. Үүнд: Сударын аймаг сав (Бурхан багшийн айлдвар, яриа), Винайн аймаг сав (Бурхан багшийн тогтоосон дэг сахилга), Авидармын аймаг сав (Сударын болон Винайн аймаг савын ном сударт хожмын бурхны шашныг судлагчдын туурвисан тайлбар эргэцүүллүүд) эдгээр багтана. Энэ гурван аймаг савыг нийтэд ньТиптака хэмээнэ. Дхарма буюу Дарма нь бурхны шашны гурван эрдэнийн нэг нь юм.

Карма – (Үйл)

Хэдийгээр анх энэ үг ” үйл ” гэсэн жирийн утгатай байсан боловч учир шалтгааны онолтой холбоотойгоор урьд өмнө үйлдсэн янз бүлийн үйлийн үр дүнд хуран хуримтлагдсан нэг ёсны нөөц хүч хэмээн тооцогдох болсон юм. Тодруулвал, хүний үйл бүр сайн, муугаасаа шалтгаалан ирээдүйд сайн эсвэл муу үр дүнд хүргэнэ. Улмаар хүний ирээдүйд нөлөөлөх энэхүү хүчийг карма (үйлийн үр) хэмээн нэрлэдэг болжээ. Хэрэв сайн үйл бүтээвэл буян хурж, түүний нөөц хүч, тэр үйлийг үйлдсэн хүний ирээдүйд сайнаар нөлөөлдөг гэж үзнэ. Хүний үйлс: бие, хэл болон сэтгэлийн гэж гурав хуваагддаг.

Махаяна – (Их хөлөг)

Бурхны шашны түүхэнд Махаяна Хинаяна хэмээх хоёр том урсгалыг тэмдэглэсэн буй. Махаяна буюу Их хөлгөний сургаал Түвд, Хятад, Солонгос, Япон, Монгол болон бусад хойд зүгийн орнуудад, Хинаяны буюу Бага хөлгөний сургаал Бирм, Шри-Ланка (Цейлон), Тайланд болон урд зүгийн орнуудад түгэн дэлгэрчээ. Махаяна хэмээх нь энэхүү ертөнцөд төрж, үхэж буй бүх амьд амьтны зовлон зүдүүрийг багтааж, тэдгээрийг хооронд нь өчүүхэн бээр ялгалгүй цугааранг гэгээрүүлэхээр тээж чаддаг “Их хөлөг” гэсэн утгатай үг юм.

Нирвана – (Бүрэн амарлингуй байдал, дээд зэргийн баяр цэнгэл)

Махчилвал “Унтраах, бөхөх” гэсэн үг. Энэ нь сэтгэл юүгээ төгс төгөлдөр болгож, зөв оюун ухааны үндсэн дээр дотоод бясалгал үйлдсэний ачаар хүний бүх бузар, шунал тачаал бүрмөсөн замхран арилсны дараах байдал юм. Ийм байдалд хүрсэн болгоныг бурхан гэнэ. Гаутама Сиддарта 35 настай байхдаа ийм нөхцөлд хүрч бурхан багш болжээ. Гэвч одоо Тэрбээр бүрэн амарлингуй байдалд гагцхүү амьсгаа хураасны дараа хүрсэн гэж үзэж байгаа юм. Учир нь хүний бие махбод амьдарч байгаа бол түүний бузар мөн адил оршсон хэвээр байдаг аж.

Пали – (хэл)

Энэ нь Хинаяны буюу Бага хөлгөний сургаалын хэл юм. Бурхны шашны хамгийн эртний ном судрыг энэ хэлээр тэмдэглэн бичсэн гэж үздэг. Энэ бол самгарьд хэлний нэг аялгуу учраас энэ хоёр хэлний хооронд төдийлөн их ялгаа байхгүй. Үлгэрлэвэл, самгарьдаар Дхарма гэдэг бол палигаар Дхамма, самгарьдаар Нирвана бол, палигаар Ниббана юм.

Парамита – (цаад талын эрэгт хүргэдэг Хэрэгсэл)

“Цаад талын эрэгт хүргэдэг хэрэгсэл” нь Бурхан багшийн ертөнцөд хүрэхийн тулд хүний хэрэглэдэг арга хэрэгсэл билээ. Өглөгч зан, ёс суртахуун, тэвчээр хатуужил, зориг, бясалгах чадвар, оюун ухаан зэрэг хүнийг төрөх, үхэхийн ертөнцөөс гэгээрэхийн ертөнцөд авчирдаг 6 парамит буюу барамид буй гэж үздэг. Японы хавар, намрын Хиган хэмээх долоо хоногууд бурхны шашны энэхүү ухагдахуунаас үүдэн гарчээ.

Пражня – (Оюун билиг)

Энэ нь 6 барамидын нэг нь билээ. Энэ бол хүний амьдралд зөв хандах, үнэнийг төөрөгдлөөс ялгах сэтгэлийн чадвар юм. Энэхүү чадварыг олсон хүнийг Бурхан багш хэмээнэ. Тиймээс энэ бол ердийн хүний ухаанаас ялгаатай хамгийн ариун тунгалаг, гэгээрсэн оюун юм.

Сангха – (Бурхны олон шавь хуваргууд)

Бурхны шашны лам хуврагуудад гэлэн, гэлэнмаа тодохой сахил хүртэж тангараг өргөсөн хүмүүс тооцогдоно. Анх тэдгээрийн тоонд гагцхүү бадар барьдаг гэлэн, гэлэнмаа нар ордог байжээ. Хожим нь Махаяна буюу Их хөлгөний сургаал хөгжиж дэлгэрэхэд Сангха буюу Сангагийн тоонд гэлэнгүүдээс гадна бодьсадын зиндаанд хүрэхийг хүссэн бүх хүн тооцогдох болсон аж. Энэ нь бурхны шашны гурван эрдэнийн нэг юм.

Санскрит – (хэл)

Энэ бол Энэтхэг-Европын хэлний аймагт багтдаг эртний Энэтхэгийн сонгодог бичгийн хэл юм. Түүнийг ведийн болон сонгодог санскрит буюу самгарьд гэж хуваадаг. Махаяны буюу Их хөлгөний сургаалын ном судрыг энэ бичгээр тэмдэглэсэн бөгөөд түүний найруулгыг даган бурхны шашны холимог санскрит гэдэг билээ.

Сансара – (Дахин дахин төрөхийн гинжин хэлхээс)

Энэ бол наракийн оршин суугч, бирд, амьтан, хүн, асур, тэнгэр нар зэрэг зургаан ертөнцөд өнгөрснөөс өнөөдрийг дамжин ирээдүйд эцэс төгсгөлгүй үхэх төрөх давтагдахын нэр юм. Хүн гэгээрч эс чадваас энэхүү төрж үхэхийн тойрогт байнга эргэлдэхийн заяатай юм. Энэхүү тойргоос гарч чадсан хүнийг бурхан гэдэг.

Шуньята – (Хоосон чанар)

Энэ нь бурхны шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм. Энэхүү ухагдахууны дагуу гэрэлт ертөнцөд аливаа юм мөн чанаргүй бөгөөд мөнх оршихгүй юм. Эд юмс учир шалтгааны нарийн холбоотой тул өөрийн мөн чанар бүхий байнга тогтмол орших юм байхгүй. Тийм учраас юм бүхэн мөн чанартай эсвэл юу ч мөн чанаргүй хэмээн аль алинд нь хатуу итгэж үл болно. Энэ ертөнцөд аливаа юмны орших нь харьцангуй бөгөөд үнэмлэхүй чанартай юм байхгүй билээ. Энэ бол Махаяны гэх Их хөлгөний сургааль буюу Пражнягийн судрын гол ухагдахуун юм.

Сутра – (Ариун хөлгөн судар)

Бурхан багшийн номлолыг бичиж тэмдэглэснийг ингэж нэрлэдэг. Анх энэ үг эрдэм шинжилгээний ном, мэргэн үгсийн эмхэтгэлийн нэр байжээ. Сутра буюу судар нь Типитакийн нэг аймаг сав билээ.

Тхеравада – (Бага хөлгөний сургаал)

Энэ бол өмнө зүгийн уламжлалын бурхны шашинтан нарын гаргадаг нэгэн ердийн дуу авиа юм. “Тхера” нь ахмад гэсэн үг. Энэ бол түүхийн үүднээс үзэхэд Бурхан багшийн сургаалыг хатуу чанд баримталдаг нэг хэсэг ахмад лам нарыг төлөөлсөн ахмадуудын дэг юм. Тэд нарын эсрэг арай дэвшилттэй сэтгэдэг өөр нэгэн хэсэг лам байсан билээ. Хожим нь тэдний үзэл бодол махаяны хүрээнд хөгжиж дэгжсэн. Энэ бол хойд зүгийн уламжлал билээ. Ийм хагарал бүр бурхны шашны эхний үед, Бурхан багшийн таалалтөгссөнөөс хойш хэдхэн зуун өнгөрсний дараа, тэр үед дэвшилттэй хэмээн тооцогдож байсан. Махадэва лам, Бурхан багшийн сургаалын таван аймгийг урьд өмнөхөөс арай чөлөөтэй номлож болно хэмээн үзэж эхлэхэд тодорсон юм. Эцсийн эцэст энэ зөрчил хоёр дэг болж хуваагдсанаар шийдвэрлэгдсэн юм. Хожим нь Махасангхикийн дэг Махаяны сургаалыг боловсруулсан билээ.

Типитака – (Гурван аймаг сав)

Энэ бол бурхны шашны ариун ном судрын гурван аймаг савын нэр Дармууд юм. Үүнд: Бурхан багшийн айлдвар, мэргэн сургаалыг эмхэтгэсэн Сударын аймаг сав, бурхны шашны лам хуврагуудын баримтлах ёстой эртний дэг сахилыг эмхэтгэсэн винайн аймаг сав, метафизикийн эрэгцүүлэлийг эмхэтгэсэн Авидармын аймаг сав эдгээр болно. Хожим нь Хятад, Японы бурхны шашны суут эрдэмтэн мэргэдийн бүтээлүүд бурхны шашны ном сударт багтан ордог болсон байна.

Tatha gata – Түүнчлэн ирсэн гэж монгол мэргэд хөрвүүлж иржээ. Түүнчлэн одсон ч гэж болох. That, go гэх үгийн язгуур энд бий. Сансар, нирвааны хязгаарт эс оршигч тэрээр бүх оршихуйд түгсэн гэсэн үг. Хэмжээс бүхнийг туучин чанадын чанадад халисан учраас яг тэр гэж оноох тодорхойлолт үгүйг “түүнчлэн” гэсэн тодорхойгүй үгээр илэрхийлжээ. Гэхдээ алсарч одсон биш, эх сурвалждаа эргэн ирснээр амь амьсгал мэт улам ойр, бидний дотор оршин буйг мэдэрч “одсон” биш, “түүнчлэн ирсэн” талаас нь сэрсэн дээдсийн торгон мэдрэмж агуу.