Непал дахь Түвд суварга - Dingboche, Nepal

Суварга

Сувраганы тухай товч.

Нэг. Бадбүн чоддин (Цэцгэн овоолгот суврага)
Бурхан багшийн эх Майяа хүүхэд төрүүлэх болмогц нийслэл Капилавасту хотоос эцгийнхээ гэрт очихоор явах замдаа Балбын нутаг дахь Лүмбүний цэцэрлэгт хүү төрүүлжээ. Хүү мэндэлсэн газрын зургаан зүгт долоо, долоон алхам газар цэцэг дэлгэрсэн домогтой. Тэр газар нь энэхүү суврагыг босгожээ.

Хоёр. Жанчив чоддин (Бодь мөрийн суврага)
Бурхан болохынхоо өмнө Будда арван төрөл үе дарааллыг нэгэн биеэр үйлдсэний учир нийт олонд бурхан болох нь төгс мэдрэгджээ. Тиймээс зуны эхэн сарын 15-ны өдрийг зургаа хуваасны сүүлчийн нэг дор ‘’Ялж төгс нөгчигсөн бурхны хутгыг олсон’’ гайхамшигт үйл явдалд зориулан нийслэл хотноо суварга босгожээ.

Гурав: Чойнхор чоддин буюу Дашичойман чоддин (Номын авшиг буюу өлзийт оршихын үүдэт суварга)
Зуны адаг сарын шинийн дөрвөнд их хот Баранасид өөрийн шавь нарын дотор эх болсон зургаан зүйл хамаг амьтанд бурхны хутгийг олуулахын тулд номын хүрд эргүүлэх ёслолыг үзүүлсэн газар. Одоо Энэтхэгийн Магадхад очирт суудалд сууж олон түмэнд ном сонсгосон их ёслолд зориулан босгосон суварга.

Дөрөв: Лхавав чоддин (Тэнгэрээс буусан хэмээх суварга)
Бурхан багшийн эх Майяа хүүгээ төрүүлээд долоо хоногийн дараа насан өөд болж 33 тэнгэрийн орноо төржээ. Будда эхээ гээд тэнгэрийн орноо одуулахын тулд тэнд очиж ном хурсан гэдэг. Энэ нь зун намрын сард хурдаг 45 хоногийн хайлан (гэлэн санваартанны хурдаг хурал) юм. Ном айлдаад бурхан багш намрын адаг сарын 22-нд тэнгэрийн орноос бууж ирсэнд зориулсан суварга.

Тав: Дүддүл чоддин (Тэрсүүдийг дарагч буюу номын чадлыг үзүүлсэн зориулсан суварга)
Энэтхэгийн Няннёнд гэдэг их хотод бурхан багш номын рид (шид) хувилгааныг өөрийг нь хорлох гэж элдэв арга хэрэглэсэн тэрсүүдийн зургаан аймгийнханд үзүүлжээ. Тэд бурхны рид хувилгааныг ихэд бишрэн буцсанд зориулан босгосон суварга.

Зургаа: Гэндүн ендүн чоддин (Хуврагыг зохицуулсан суварга)
Хааны нийслэлд байсан хуврагуудын дунд хагарал гарчээ. Үүнийг бурхны садангийн Лайжин гэгч зохион байгуулж ‘’Би бол бурхнаас хүчтэй, миний сургаалыг дага, би рид хувилгааныг ч үзүүлж чадна’’ гэж онгирсон хоосон омог бардамналыг ойлгуулж чадсанд зориулсан суварга.

Долоо: Жиндэв чоддин буюу намжил чоддин (Ариун адист буюу төгс ялахын суврага)
Бурхан багш насан өөд болох цаг нэгэнт болсон үед шавь нар нь өнө удаан залбирч байхыг гуйжээ. “Би гурван сараар хойшлуулъя” гээд өөрийн биеийг адислаж насаа уртасгасанд зориулсан суврага.

Найм: Нирваан буюу Няндай чоддин
Гүши өвс ихтэй Гүша нянрэж дончир хэмээх их хотноо Будда 80 насандаа орчлонд үл үзэгдэх нирваан дүрийг үзүүлэн тэнгэрийн орноо оджээ. Энэ хот бөх олонтой хот бөгөөд суврагыг бөхчүүд босгосон гэдэг домогтой аж. Бурхан багш нирваан дүрийг үзүүлсэнд зориулж босгосон суврага.

Агваанлувсанжамц – “Сувраганы мөргөл” судар…

Суварга гэж юу вэ ?

Суварга бол бурхны лагшин бие болон зарлиг номлолын барилдлагаа юм. Суварганд хамаг бурхад хуран чуулдаг бөгөөд газрын сүлд юм. Суварга нь эрхэс тэнгэрийн эрчим хүчийг эх газарт татаж, арга билгийн барилдлагыг зохилдуулах эрдэм билигтэй.

Суварга бүтээх үйл:

Суваргыг бүтээх хэмжээний зөв харьцаа, шүншигт хийх эд зүйлсийн хэмжээ, өнгө будаг чимэглэх ёс, хэлбэр дүрс зэрэг дотоод оршуулгыг “шүншиг” гэх агаад түүнийг амилуулан аравнайлснаар авралын амьд хүчийг цогцлуулсан дээд шүтээн болно. Суваргыг ном ёсоор бүтээх аваас үр өгөөж арвин байх бөгөөд суваргыг бүтээгч ба өглөгийн эздийн хоорондын харьцаа эерэг зөв байх увидас бүрдэнэ. Ямар ч хүн суварга бүтээж болох арга ухааныг бурхан багш бидэнд хайрлажээ. Хэзээ ч төөрөхгүй төгс амгаланд хүрэх зам бол суварга босгон шүтэх гэгээн үйлс хэмээн сургажээ.

Суварга бүтээхийн ач тус:

Суварга бүтээснээр буян үйлдэж буй ач тус агаад гэгээрэлд дөтлөн хүрэх замд өнөөг хүртэл төөрч ирсэн төөрөгдлөөс аварч байгаа хэрэг юм. Суварга бүтээснээр хүмүүн бид өөрсдийнхөө бурханлаг чанарыг нээж, түүнийг сэвтүүлж буй гэмийг ариусган, мууг сайнд урвуулан, эрдэм болгоныг гүйцээж, хоосон чанар хийгээд билиг оюуныг олох гэгээн үйлсийг бүтээж буй хэмээн ойлгох нь зөв ажээ.

• Суварга бүтээхийн өмнө газраа зөв шинжин сонгож, бэлгэдэл төгс өдөр эхэлбэл зохино.
• Буруу хэмжээсээр үйлдвээс тухайн газар нутгийн хүн ард зовлонд учрах үүдийг нээж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
• Аливаа суварга нь суурь баригч арслан ширээ, угийн суварга, үрийн суварга гэсэн бүрдэлтэй.
• Голд нь амин мод суулган заасан ёсоор шүншиг эд өргөж, ганжуур судрыг залах учиртай бөгөөд энэ нь аврал буяны хур бууж шүтээн чанар цогцолдог байна.
• Суварганы чулуу шороог үүрэн тусалсан хэн бүхэн амин насны хамаг зэтгэр арилж, урт настай удаан жаргалтай, өвчин зовлонгүй болно.
• Суварганы аливаа зүйлийг урлан үйлдэгч хэн бүхэн энэ болон хойд насандаа ухааны таван орноо мэргэн болно.
• Суварганы зүгт чиглэн долоон алхам явбал төрөлдөө асар ариун хүний биеийг олж, өөрийн төрлөө дурдан мэднэ.
• Амаар туслан үйлдэгч хэн бүхэн мэргэдийн эрдмээр чимэгдэх болно.
• Аливаа хорлолоос суварга бүтээх үйлийг сахин хамгаалагч хэн бүхэн цаг бусын үхлийн хамаг аюулаас гэтлэх болно.
• Суваргыг бүтээх үйлийг даган баяссан хэн бүхэнд бурхны эрдэм ухаан хоцролгүй хүрч сэтгэлийн угт байнга учрах болно.
• Суварга бүтээх үйлсийг бие, хэл, сэтгэлээрээ дэмжин ивээн тэтгэж, хандив өргөл өргөж, хамаг ажилд оролцож, сүжиглэн тахих аваас дээдийн буян болно.
Бүтээсэн суваргыг эргэж мөргөн, тахил өргөснөөр гурван цагийн хамаг бурхан, бодь сэтгэлтэн нарын таалал шүтээнд бодитойгоор шингэн оршиж, аливаа үйлс сэтгэлчлэн бүтэх зам мөр бий болно.
• Усан тахил өргөснөөр хэн бүхэн ундаасах өвчингүй төрнө.
• Хүж өргөснөөр хэн бүхэн ариун чанарыг олно.
• Зул өргөснөөр хэн бүхэн мунхаг харанхуйгаас гэтэлнэ.
• Идээ зоог өргөснөөр бүгд самадийн идээгээр амьдрах болно.
• Хөг дуу өргөснөөр номын эгшиг дууг арван зүгтээ дуурсгана.
• Мандал өргөвөөс хоёр чуулганыг огоот төгсөх болно.
• Суварганы бохир хир буртагийг арчин үйлдвээс хэн бүхний хамаг хилэнц түйтгэр бүрэн арилах болно.
• Суварганы эвдрэл гэмтлийг засан үйлдвээс энэ насандаа үйлдсэн дөрвөн нүгэл өршөөгдөж, юу хүссэн сэтгэл бүтнэ.
• Суварганы шаврыг илэн үйлдвээс тэрхүү шорооны тоосон лугаа адил мянган хүрдэнг оршоогч хаантан болно.

Гороо хийх ёсон

Эргэл хийхдээ эргэлийн эхэнд тоог арвижуулдаг тарни:

“Намо вага вадэ радна гэдү разаяа дата гадая архадэ сам яа гасам бүддаяа дадяата ом раднэ раднэ маха раднэ визая суха”

гэж уншаад мэгзэм, маани, итгэл, ерөөл, магтаал, залбирлаа унших хэрэгтэй.

Эргэл хийх үе нь бурхны дүйчэн, багш, аав ээжийн мэндэлсэн, таалал барьсан сайн өдөр цагт болон бурхан шүтээн, сүм хийд, сувраганд очих үедээ хийвэл сайн. Түүгээр ч барахгүй эргэлийг Бурхан багш, Богд лам зэрэг дээдсийн төрсөн мэндэлсэн газар орон Гүнбүм, Баруун зуу, Эрдэнэ зуу, Их хүрээ зэрэг адистэд оршсон алдартай сүм дуган, хүрээ хийдүүд болон тахилга шүтлэгтэй уул хайрхдыг эргэх ёс ч байдаг.

Гороо хийх үед гурван эрдэнэд үл сүсэглэн, үл биширсэн тэргүүнтэн хилэнц ариусч буян агуу ихийг хурааж санасан ажил үйлс сэтгэлчилэн бүтэх учиртай байдаг. Мөн гороо их хийвэл хий, бадганы төрлийн болон бусад олон өвчинд тустайн дээр хүний эрүүл мэнд төдийгүй урт наслахад чухал зүйлийн нэг болдог.