Судрын модон хавтас

Судрын модон хавтас

Монголчуудын олон зууны туршид шүтэж, үр хойчдоо өвлүүлж ирсэн дээдийн номыг үнгэгдэж муудахаас хамгаалах нэгэн чухал арга бол модон хавтас хийх юм.

Бурхан багшийн айлдсан судар номын энэхүү хавтас хамгийн багадаа зуун жил болсон ба цаашдаа ч зуун зууныг дамнан оршиж, хийж өргөсөн хүний буян нь дэлгэрсээр байх далай их буяны үндэс билээ.

Дээдийн номонд баринтаг, чимэг зүүлт, шогол сав өргөхийн тус эрдэм цаглашгүй, дээдийн номонд хэсэгхэн гөрөөсний арьс, жаахан сур өргөсөн насаараа амьтны амь хороосон нүгэлт хар гөрөөчин тамын аймшигт зовлонгоос гэтэлсэн гэдэг.

Модон хавтас хийх хялбархан арга:

1. Цайз, Хангай г.м модны захаас нарс балк авч нар үзүүлэхгүй, сүүдэр газар тэгш тавьж 1-3 сар хатаана

2. Уг хатаасан модоо судрын урт, өргөнд тааруулан мужаанаар зүсүүлнэ (Орчин цагт хэвлэгдэж сүм хийдүүдэд тарсан Ганжуур, Данжуурууд ихэвчлэн нэг хэмжээтэй байдаг)

3. Хавтсыг бүрэх шар торго, дотор талд нь амыг нь дарах улаан торгыг зүсэж бэлдэнэ

4. Торгоо модонд наахаас өмнө дунд зэргийн ширүүн зүлгүүрээр зүлгэж бага зэрэг арзгар болгоно

5. Гурилаар жонхуу буцалган наах юмуу үнэргүй цавуугаар торгоор хавтасны модоо бүрж, дотор талын амыг нь улаан торгоор нааж бэлдэнэ.

Ингээд л таны дээдийн номонд өргөх жаран жарныг элээн оршиж буяныг тань арвитгах модон хавтас бэлэн болно.

Буян номыг дээдлэгч та бүхэн ийм хавтас урлаж өргөвөөс арвин их буяныг хураах нь дамжиггүй билээ…

Номын буян дэлгэрэх болтугай.