Бяцхан хуврагаас адис авч буй эмэгтэй

Богино сургаалиуд

1. Нэг шавь нь багшаасаа “Багшаа та яагаад үргэлж тайван, амгалан инээмсэглэж байдаг юм бэ? Яагаад уурламаар зүйл болсон ч уурлахгүй тайван амгалан, эерэгээр хандаж чаддаг юм бэ? Таны нууц юунд байна вэ? Та хэлж өгөөч” гэжээ. Багш нь: “Чи яагаад миний нууцыг мэдэхийг хүсч байна? Харин би чиний нууцуудаас нэгийг хэлж өгье” гэж. Шавь нь: Миний нууц юу вэ? хэлж өгөөч гэхэд “Чи долоо хоногийн дараа нас эцэслэнэ” гэж багш нь хэлжээ. Үүнийг сонсоод шавь нь маш ихээр балмагдан цочирдсоор буцжээ. Энэ долоо хоногт тэр маш тайван, их өөр хүн болон хувирсан байна. Би энэ долоо хоногийн сүүлчээр нас эцэслэх учир яах гэж муу юм хийх вэ гэж тэрээр боджээ. Тэр байнга сайн сайхны тухай ярьж, таагүй хариулт сонссон ч инээж байлаа.

Долоо хоногийн дараа тэрээр багш дээрээ ирж “Багшаа, миний амьд байх сүүлчийн өдөр. Та намайг адислаж өгнө үү?” гэхэд багш нь “Би чамайг аль хэдийнэ адисласан” гэжээ. “Та намайг хэзээ, яаж адисласан вэ?” гэхэд “Долоо хоногийн өмнө чамд долоо хоногийн дараа чи нас эцэслэнэ гэдэг нь миний адислал байсан юм. Ингэсний үрээр энэ долоо хоногт чи ямар хүн болсон вэ?” гэжээ. Шавь нь “Тиймээ энэ долоо хоногт би маш тайван, сэтгэл хангалуун, хэнд ч уурлахгүй, бүх зүйлд эерэг сайхнаар хандсан”. Багш нь “Энэ миний адислал байлаа. Яагаад чи өөрийгөө тэгж авч явснаа ойлгож байна уу? Яагаад гэвэл чи өөрийгөө түр зочилж буй зочин гэдгээ ойлгосны үрээр бүх зүйлд сайн сайхнаар ханддаг болсон. Үүнд л миний нууц оршиж байна. Би үргэлж эдгээр хүмүүстэй би хэсэгхэн хугацаанд л хамт байгаа шүү дээ гэж боддог. Надад ямар ч асуудлууд тулгарсан ч энэ асуудлууд түр зуурын шинжтэй гэдгийг би мэднэ. Юу ч тохиолдож байсан тэр зүйл нь түр зуурын шинжтэй гэдгийг мэддэг учраас надад ямар ч бардамнах, онгирох зан байхгүй. Үүнийг л билиг ухаан гэж хэлж байгаа юм.

2. Ер хүн сайн сайхан үнэн үг
Шударга явдлыг хичээн сурагтун.
Өндөр их заяатныг үзэн ядвал
Өөрийн амны хишиг зайлах
Өнчин хүний жаргалыг хөнөөвөл
Өөрийн хишиг эвдрэх.

* Оюуныг нээгч Оюунтүлхүүр* сургаалиас…

3. Гэгээн нарыг
Хязгааргүй харанхуй халхлан хааж үл чадах адил
Сэтгэлийн туйлын мөн чанарыг ухаж ойлгосныг
Хязгааргүй сансрын хүрд халхлан хааж үл чадна.

* Мажиг Ловданма эх*-ийн сургаалиас…

4. Зөв сүсэглэхүй

Ээж нь үхсэн нохойны шүдийг бурхны цахиур гэж үнэмшээд ихэд сүсэглэн цаг үргэлж мөргөн, тахил тавиг өргөсөөр явтал түүнээс нь бурхны нандин үрэл, рашаан гардаг болж, сүүлдээ насан өөд болсон хойно нь солонгын гэрэлт хүрээтэй болсон юм гэдэг. Нохойн шүдэнд адис, рашаан аль нь ч байхгүй гэдэг бол мэдээж хэрэг. Гэлээ ч тэр эхийн их сүсгийн хүчээр бурхны сүсгээр бурхны адис өлзий уул шүдэнд оршин, бурхнаас ялгаагүй болсон нь тэр буюу. Сүсгийн тухай энэ мэт үлгэр олныг өгүүлж болно.

5. “БУРХАНЫ АВРАЛ,ТҮҮНИЙ ТУСЫН МУТАР”

Гэгээрлийн эрэг дээр зогсч буй Бурхан багшийн дуу хоолой төөрөгдлийн далайд живж байгаа хүмүүсийн сонорт хүрдэггүй.
Тиймээс Бурхан багш өөрийн биеэр төөрөгдлийн далайд орж,хүмүүст туслахын тулд мутраа сунгасан юм.

Нэгэн сургамжит домогт өгүүлснээр ,эрт урьд цагт нэгэн баян хүн амьдарч байжээ.Нэг удаа гэрт нь гал гарчээ.Тэр бээр ажил хэргээр яваад эзгүй байсан тул буцаж ирээд галд автсан гэрээ үзжээ.Баян хүн галд автсан байшин дотор тоглож байсан хүүхдүүдээ дуудхад цаадуул нь гал гарсныг анзааралгүй тоглосоор байлаа.

Эцэг нь хүүхдүүддээ хандаж хашгирсан нь: Хүүхдүүдээ, амиа аварцгаа!.Наад байшингаасаа шалавхан гацгаа!” гэхэд хүүхдүүд нь сонссонгүй.
-Айж сандарсан эцэг дахин хашгирсан нь: Хүүхдүүдээ би хөөрхөн тоглоом авчирлаа.Май гарч ирээд авцгаа.
Тоглоомын тухай сонссон хүүхдүүд шатаж буй байшингаас гүйн гарч аврагджээ.

Бидний амьдрал шатаж буй байшин лугаа адил билээ.Гэвч хүмүүс байшин нь галд автсаныг эс анзааран, амь насаа алдах гэж буйгаа мэдэлгүй шатаж буй байшиндаа амьдарч байдаг.

Иймээс Бурхан багш дээд зэргийн нигүүлсэнгүй сэтгэлийг үзүүлж,хүмүүсийг аврахын тулд бололцоотой бүхнийг байнга хийдэг.

6. **Буддизмд арын хаалга бий юу?**

Уучлаарай, байдаггүй юм байна. Тиймээ, та бидний саяны уншаад өнгөрдөг үг хөдлөшгүй үнэн гэнээ. Бид Буддаг үнэн зүрхнээсээ шүтсэн төдийгөөр ивээлд нь багтаж, буртагт үйлдлийнхээ хариуцлагаас зугтаж, хэн ч халдаж зүрхлэхгүй бат цайзанд хэдэн галваар ч хамаагүй хамгаалуулах боломжгүй юм байна.

Гэхдээ бид өөрсдийн бие, хэл, сэтгэлийн бүхий л сөрөг хандлагууд болон тэдгээрээс үүдэн гарах тааламжгүй үр дагаварыг сайтар ухаарч мэдээд/таслан зогсоогоод, өөрийн болон бусдын аз жаргалын төлөө эерэгээр сэтгэж, эерэгээр ярьж, эерэгээр биеэ авч явахын бол хэн нэгний “татаас”-гүйгээр харшлах шалтгаан, үхэх айдас болон мунхагийн харанхуйн хавцгайгаас ангид оршихын зэрэгцээ бодь сэтгэлтний үлэмж өргөн замаар замнан юмсын мөн чанарыг гүн нарийн таниж мэдсэнээр л гэгээрлийн мөрд баттай орж чадах юм байна шүү.

Ийм сайхан боломжийг элдэв янзын “арын хаалга” хэрэглэлгүй тэгш хуваарьлан авах “чөлөө учрал” бид бүгдэд байсаар л байдаг юм байна шүү дээ. Ерөөсөө хэн үүнийг хүснэ түүнд л гайхамшигт боломж үүд хаалгаа нээдэг бололтой, энэ Буддизмд.

Ахин нэг сонордуулъя. Энд арын хаалга ердөө хэрэггүй юм байна шүү. Сониноос 2006 онд Дээрхийн гэгээн Далай багш Монголд айлчлахдаа “Зовлонгийн чанараар бүтсэн энэ биенд мөргөөд тус гарах уу? Тэрний оронд Гэгээрлийн мөрийг үзүүлэгч Бурханы сургаал номын утгыг л өөрийн сэтгэлдээ шингээ. Үүнээс илүү адис жинлав байхгүй” хэмээн бидэнд айлдсан нь дээрхийг улам баталж байгаа юм шиг ээ.

Бид бас дээрхийн гэгээн багшийн лагшингийн алжаалыг огоорон мутраас нь адис авах гэж зүтгэдэг. Үүгээр ханалгүй хамт зураг даруулах гэж дахин зүтгэдэг. Бас сэтгэл үл ханан ганцаараа авахуулах гэж дайрдаг. Үүнийг гэгээрлийн мөр гэж гэнэхэн боддог нэгэн байхад, зураг авахуулах нь бүү хэл уулзаагүй нь, уулзах нь бүү хэл бараа дүрийг нь харж чадаагүй зарим нь өөрсдийгөө гэгээрлийн мөрөөс хол яваа мэтээр эндүүрэн боддог тал анзаарагдаад л байх юм, энэ цахим ертөнцөд. Үнэндээ эдгээрийн аль нэг нь илүү эсвэл дутуу гэсэн үг биш ээ. Харин хэн нь урьтаж бие, хэл, сэтгэлээ төгс төгөлдөр эерэг болгож чадна тэр түрүүлж гэгээрлийн “бариа”-нд орох нь дамжиггүй.

Бурхан Будда “Миний дэргэд байж, номт хувцасны минь үзүүрээс атгаж зогcох хэдий ч сэтгэл нь орчлонгийн хүлээснээс ангижраагүй бол надтай уулзаагүйгээс ялгаагүй. Харин миний дэргэд байхгүй ч миний номлосон Дхарма-г нэгэн үзүүрт сэтгэлээр анхааран авлага болгох аваас сая тэр хүн миний дэргэд байж, миний номт хувцасний үзүүрээс атгаад зогсож буйгаас ялгаагүй” хэмээн айлдсаны утгыг бүгд дахин дахин бодож бясалгацгаая.

Think POSITIVE
Speak POSITIVE
Conduct POSITIVE
It is the ideal foundation of creating the happiness.

7. Багшдаа итгэх итгэл их байвал адистид их оршино, итгэл үгүй бол бурхнаас өөрөөс нь ном сонссон ч адистид оршихгүй.

Үндэсний багш бурхан юм бол *Би юунд түүний гэмийг олж харна вэ* гэж та асууж болох юм.
Ламримд үүнийг тайлбарлахдаа:
*Бидний нүдэнд үзэгдэх бүхнийг яг байгаагаар нь хүлээж авч болохгүй* гэжээ.
Жишээлбэл: Чалчаа хүнд дуугүй хүн муу хүн мэт санагдана. Харин чалчих дургүй хүнд чалчаа хүн муу хүн гэж тооцогдоно.

Бидний нүдэнд үзэгдэх юм болгон байгаа эсэхэд итгэл үгүй тул бидний нүдэнд харагдах багшийн дутагдал үнэхээр байгаа эсэхэд итгэхэд мөн бэрх ээ.

Багш минь бурхан биш гэдгийг бид сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг, гэвч бурхан биш гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх ач холбогдол бүхий шалтаг байхгүй тул багшийгаа бурхан биш гэх сэтгэлийнхээ эргэлзээнээс салах хэрэгтэй.
Ингэж багш тань бурхан биш гэсэн итгэлээс эргэлзэх нь дэвшил болно.

Мөн түүнчлэн Ламримд “Багшийг шүтэх дадал нь бүх бүтээлүүдийн үндэс, сайн сайхан бүхний үндэс” хэмээжээ…

8. Бусдыг өвтгөн шаналгах, уур хилэн,шунал хүсэл мунхгийн сэдэлтэй нүглийн үйлийг тэвчсэнээр бид өөртөө болон бусдад гэм учруулахаа болино. Буяныг хурааснаар нигүүлсэнгүй сэтгэлийн чанарыг хөгжүүлнэ. Сэтгэлээ номхруулж бодит байдлыг зөв ойлгож, ухамсарласнаар сэтгэлийн төвлөрөл, амар амгаланд хүрнэ.

Зовлон гэдэг бол “Сэтгэл ханахгүйн оршихуй” гэж Бурхан багш нэгэнтээ айлджээ…

Буддизмын сургаалийн мөн чанар сэдвээс…

9. Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг голчилж үзүүлсэн “винайн сав аймаг”, самади болон дияаны (бясалгалын) эрдмийг голчилж үзүүлсэн “абхидармын сав аймаг” гэж хуваадаг. Бурхан багшаас хойшхи мэргэдийн буддын гүн ухааны чиглэлээр зохиосон ном бүгд энэ гуравт багтах тул гурван сав аймгийн ном асар их бий.

10. Араншин

Хоёр лам голын эрэг дээр аяга угааж суухад нэг хилэнц хорхой усанд живэхийг харжээ. Тэр даруй нэг лам нь аягаараа хутган авч эрэг дээр гаргав. Ингэх зуураа хилэнц хорхойнд хатгуулчихав. Буцаж яваад аягаа угааж байтал нөгөө хорхой ахиад гол руу уначихав. Лам хорхойг аврахдаа дахин хатгуулав. Цус шүүрэх гарыг нь харсан нөгөө лам:

-Анд минь, ачийг мэдэхгүй бачлах ийм амьтныг ахин дахин аврах хэрэг байна уу? гэсэнд
-Хатгах нь хилэнц хорхойн араншин, хайрлах нь миний араншин шүү дээ гэжээ.

Агнистийн гэгээ “Зам мөр жам ёс”

11. Карагба гэвш өгүүлрүүн: “Сүжиггүй хүнд ямар ч эрдэм төрөхгүй. Сайн багшийг шүтэж шастрын утгыг судал! Хичээнгүй үгүй хүнд ямар ч эрдэм төрөхгүй. Хожмын үхлийг санаж хойргошиж залхуурахаа боль! Бардам дээрэнгүй хүнд ямар ч эрдэм төрөхгүй. Сэхүүн омгийг орхиж хүлцэнгүй дарууг сахь! Энэ 3 номыг бясалгаваас Ширвакын ч, Бодисатвын ч, Нууц тарнийн ч суурь болно. Товчхондоо, эрдэм бүхний суурь болно.”

12. Ном уншиж, засал хийж Бурхан, хүн хоёрын дунд зуучилдаг бизнес хавтгайрч дээ өнөө үед.

“Өөрөө өөртөө зул бол” гэж захисан Буддагийн шашин яаж яваад ийм хар захын наймаа болчихов оо? Шашныг мэргэ төлөг, зурхай, засал төдийхнөөр олонхи хүн ойлгодог. Тэр талын нэг ч үг үсгийг та Бодичаръяаватара-гаас олж харахгүй. Өглөгийн эзэн, номын садан хоёрын барилдлага дээр шашин оршин тогтнодог нь үнэн. Будда болон түүний шавь нар бадар аягаа бариад л гуйлга гуйж явдаг байсан. Хааны хүү гуйлга гуйж явсан нь арчаагаа алдсандаа ч биш, адал явдал эрсэндээ ч биш. Аж төрөл, ашиг завшаан хөөсөн амьдралаас сэтгэл ангижирч, үнэний замд сэтгэл шулуудсан хуврагийн амьдралын дэг жаягийг үлгэрлэсэн хэрэг.
Гэгээрсэн хүн ч идэж, ууж эдэлж хэрэглэнэ. Гэгээрэл сүнслэг мөн чанарт хамаатай болохоос махан биед хамаагүй үзэгдэл. Бодь мөн чанар үхэшгүй мөнх боловч, та бидний дунд үзэгдэж, харагдаж, үнэний өглөгөө түгээхийн тулд эгэл бие цогцыг ашигладаг. Дэлхийн тасархай болсон тэр бие нь дэлхийнхээ жамаар л явна. Гэгээрсэн хийгээд гэгээрэлд замнаж яваа тийм хүмүүст өргөл өргөх нь ариун буянд даган баясч, адис ерөөлийг тогтоож байгаа хэрэг. Тийм хүмүүсээс үнэн номын өглөг хүртэх нь эрхэм дээд завшаан. Үнэн номын төлөө эд хөрөнгө байтугай, бие сэтгэлээ ч өргөх нь зүй. Энэ бол арилжаа наймаа, хууран мэхлэлт биш, элбэрэл хайрын нандин харилцаа.

УХААРАЛ БЯСАЛГАЛ ГЭГЭЭРЭЛ
/Их хөлгөний алдарт сургаал Бодичаръяаватарагийн тайлбар/

13. Алтыг арчвал улам сайхан өнгө гарах
Нүүрсийг угаавал улам харлах
Мэргэдийг хорсговол улам эрдэм гарах
Мунхгуудыг хорсговол баас гарах
Муу хүн нэг ч эрдэмгүй бол
Дээрээ шүдтэйгээс бус үхэртэй адил
Сургааль үл сонсох хүн бөгөөд гагцхүү цаадхийг санагч хүн
Үсгүйгээс бус гахайтай адил
Аван идэхэд өнгөц зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил.

Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаалиас…

14. Муу хүнд хүргэсэн тус
Хужиртай газар тарьсан тариа
Доргоны нууж тавьсан хүнс
Тэр гурав алинд ч тусгүй.
Ер бусад юмыг засаж болмуй
Гагцхүү муу хүнийг засаж үл болмуй.

15. Сонсохуйн дээд олондоо өргөгдөх
Жаргалангийн дээд сэтгэл амар
Нөхрийн дээд үл аргадагч
Үйлийн дээд бодь мөрийн зэрэг
Хортой бөгөөс хөвгүүнийг ч тэвч
Тустай бөгөөс дайсныг ч асар
Үлэмж олон нүд бий боловч
Өчүүхэн зулын гэрэл шөнөд хэрэгтэй.

Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаалиас…

16. Хоосон чанарыг олсон ламыг тахь
Хоёр заяаг явгаж мэдэх эздийг хүндэл
Үхэх хүн сайн ламаас айх
Үгүйрэх хүн сайн хоточ нохойноос уйдах
Доройтох ноён сайн түшмэдээс уйдах
Маш зөв явбал сайн нэр алдаршиж
Мөн энэ биеийн чихэнд чимэг болох.

Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаалиас…

17. Шакяамүний Буддагийн сургаальд бурханы тухай нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Түүний сургаал нь үнэний туйлыг ухаарах, гэгээрэлд хүрэх арга замыг л чиглүүлж өгсөн байдаг.
Бурханы тухай ойлголт нь Шакяамүний Буддагаас ч өмнө байсан одоо ч байсаар л байна. Буддагийн бие 80 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараа түүний сургаалийг бурханжуулах их аян эхэлжээ. Энэ процесс нь Түвдэд оргилдоо хүрсэн байна.

18. Үгээгүй ядууд өглөг өгөх нь баялгийн дээд
Үнэхээр санаа амар нь жаргалангийн дээд
Үнэн эрдэм сурсан нь чимгийн дээд
Үргэлж хуурмаггүй хүн нөхрийн дээд

/Эрдэнийн Сан Субашидаас/

19. Өөрийн хүчинд найдагч нар ч
Үлэмж ариусалд хүрэх болтугай
Үргэлж бусдаас сонсогч нар ч
Өнийн гэгээрэлд хүрэх болтугай.

Амаа арагтал тарни уншиж
Амиа тасартал хатуужил эдэлсэн ч
Сэтгэл санаа нь алдуул бол
Шимгүй хэмээн бурхад сургажээ.

Хурмастын энтэй баялаг байвч
Хумсын чинээг аваад явахгүй
Үлгэрийн дайтай алдар байвч
Үхсэн хойноо сонсоод хэвтэхгүй.

/Бодьсадвын Явдалд Орохуй/

20. Цөөхөн эмэгтэй хүн Зэн оргилд хүрсэн. Тэдний нэг нь Рэнгэцү юм. Тэрээр бадарчлан явж байгаад нэгэн тосгонд нар шингэх үеэр иржээ. Хоног төөрүүлэх боломж хүсэхэд нь тосгоны айлууд түүнд нүүр өгсөнгүй. Тэд Зэн бясалгагчийг буруу номтон гэж ад үздэг байж. Хуучинсаг, ягшмал хүмүүс шашны зүрх болсон үнэнийг үргэлж эсэргүүцдэг…

Эмэгтэй өлсөж, ядарч, даарч байлаа. Тэрээр хээр гадаа интоорын модны нөмөрт хоргодов. Жихүүн шөнө, бас зэрлэг амьтан хааяагүй байх тул олигтой амарч чадсангүй. Шөнө дунд даарсандаа сэрээд хаврын шөнө интоорын цэцэгс цоморлигоо дэлгэж, саран зүг мишээж байхыг харжээ. Тэр сайхан үзэгдэлд уяран хайлсан бүсгүй босоод, тосгон зүг залбиран мөргөв.
Татхата (түүнчлэн чанар) гэж үүнийг л хэлнэ.

Тэрээр тосгоны хүмүүст үнэн зүрхнээсээ баярлаж талархжээ: Та нарын ачаар би ийм сайхан учрал амслаа гэж. Хэрэв түүнийг хөөж туугаагүй бол энгийн нэгэн дээвэр дор унтаад, ийм сайхан – интоорын мод цэцэглэж, саран лугаа шөнийн намгүмд шивнэлдэх ер бусын тохиолыг алдах байж шүү дээ. Тэр эмэгтэй тулгарсан нөхцөлд уурлаж бухимдалгүй, хүлээцтэй хандаж. Хүлээн зөвшөөрөөд зогсохгүй үнэн зүрхнээсээ урин угтжээ.
Амьдралын авчирч буй бүхнийг баяр талархалтай хүлээн авах агшиндаа хүн Будда болдог.

Ошо Агнистын Гэгээ

21. Утгыг бодолгүй үгэнд уягдвал төөрөгдөл их

Нэгэн удаа лам нар мах идэх нүглийн талаар муушаан хэлэлцэж байгаад тэр тусмаа загас, гахайн мах идэх нь нэн хүнд хэмээн ярихад Брүгба Гүнлэг ингэж хэлжээ:
Бурханы хөлгөн бүхэнд мах идэхийг алдас гэж номлосон. Түүний утга нь: нигүүлсэнгүй ёсонд харшилж, маханд шунамхайрч амь хорооход амтших вий гэсэндээ л тэр. Хамаг амьтныг эцэг, эх хэмээн сургадаг шүү дээ. Төрөл тутамд эцэг болсон амьтдын ясыг овоолбол сав ертөнц багадна. Эх болсон амьтдын хөхний сүүг цутгавал түүнтэй эгнэх далай тэнгис үгүй. Тэр үүднээс санавал хэн эцэг, эх, үрийнхээ махыг идэх гэж дурлах вэ. Гэвч утгыг бодолгүй үгэнд уягдвал төөрөгдөл их. Хүн болж төрсөн хойно амь амьжиргааг тэтгэх зайлшгүй шаардлага гарвал харин ч гахайн мах зүгээр биз. Хонины ноос, үнээний сүүг бид ашигладаг. Шар үхэр, сарлаг хайнагаар ачаа тээж, анжис чирдэг. Гахай харин ноос өгөхгүй, ачаа зөөхгүй, газар хагалахгүй. Юуны тулд гахайг тэжээх билээ. Гагцхүү хүнсэнд зориулах бус уу. Өөр өөр орон төрөлд үйл үйлийн хуваарь бий.

Гурил зооглоход нүгэлгүй гээд аягаа цоортол арвай зууран үмхэлж буй номч нар бодож болгоодог уу? Тариа тарихад хөрс эргүүлж, ус татахаас эхлээд тэр хооронд хэчнээн хорхой шавьж үрэгддэг вэ? Үхэр төхөөрөх, шоргоолж алах хоёрыг цэгнэвээс маханд нь их, багын ялгаа байвч аминд нь их, багын ялгаа үгүй. Тийм хойно ил аллагыг буруушааж, эчнээ аллагыг зөвшөөх буюу өрөөл бусдыг цусан гартнаар нь дуудаж шүүмжлэх мөртлөө өөх, мах алаглуулаад цав барихад нь өглөгийн эздийн өргөлийг нигүүлсэхүйгээр болгооё доо гэж хоёр нүүрлээд яах вэ.

22. Хүн бүхэн өөрийнхөө тухай ярихыг хүсдэг. Булган хүрмээ, ач зээгээ, үнэт эдлэлээ, сексээ. Тийм мөртлөө хүн бүхэн бусдын ярианаас залхдаг. Хэрэв чи бусдын залхаг яриаг хүлцье гэвэл тэд чиний залхаалтыг мөн тэвчих ёстой. Тоглоомын дүрэм нь энэ. Нөгөө хүнийхээ үзүүлэнг зогсохыг тэсэн ядан хүлээж байгаад өөрийнхийгөө эхэлнэ. Бүх амьдрал чинь ийм тоглоом болдог. Тэглээ гээд та нар юу хождог юм бэ? Ердөө л өөрийгөө чухал нэгэн гэх хуурмаг мэдрэмж. Булган хүрэм, үнэт эдлэлтэй байхлаар, эсвэл ийм тийм юм хийчихлээр чухал хүн болчих уу? Чухаг чанар бол чиний юу хийхтэй биш, чи өөрөө хэн бэ гэдэгт хамаатай.
Уул нь чи хэзээний онцгой чухал заяатан. Дахин давтагдашгүй утгаараа хүн бүхэн тийм. Өөрийгөө онцгой чухал гэж батлах гэвэл чи эсрэг утгыг л батална. ЗАЯАМАЛ ЗҮЙЛД баталгаа юуны хэрэг. Баталж нотлох гэснээрээ чи хэдийн заяасан мөн чанараа ухаарч амжаагүй яваагаа л харуулна. Тухайн зүйлд эргэлзэж байгаа учраас баталгаа эрдэг. Бусдын санал, бусдын нүдээр эргэлзээгээ таслах гэсэн хэрэг. << Намайг хүмүүс магтаасай, сайхан гэж хэлээсэй>> гэсэн хүслийн цаана өөрийн сайханд эргэлзэх сэтгэл нуугдаастай.

23. Будда зуны халуун өдөр нэг тосгоноос нөгөө тосгон уруу аялж явжээ. Тэрээр дэргэдийн шавь Анандад хандаж:
– Ананд минь уучлаарай. Миний ам цангаад байна. Түрүүн бид нэг голоор гарсан даа. Эргэж яваад тэндээс ус аваад ир гэжээ.
– Танд хүчин зүтгэх нь миний баяр бахдал шүү дээ гээд Ананд эргэн явлаа.
Тэр гол уулнаас эх авдаг цэвэр цэнгэг устай гол байж. Харин Анандыг эргэн очиход булингартай, бохир харагджээ. Ийм бохир ус Буддад өгч болохгүй гэж бодоод эргэн ирж.

– Би ус авчирч чадсангүй. Гэхдээ санаа зоволтгүй. Өөр нэг том гол холгүй бий. Тэндээс ус аваад ирье гэж хэлэв.
– Чи юу ч ойлгохгүй байна. Би тэр голын уснаас л уух гэсэн юм. Цаг зав, эрч хүчээ дэмий үрж дээ.
– Тэр ус их муухай бохир, элдэв хог саг хөвж байсан шүү дээ гэхэд нь
– Буцаад яв гэж Будда хэлэв.

Багшийн зарлиг тул Ананд дуртай, дургүй эргэж явлаа. Түүнийг очиход хог буртаг арилж, ус тунгалаг болсон байв. Голын эрэг дээр суугаад багшийн хэлэх гэсэн санааг сая ойлгожээ. Түрүүн жаахан тэвчээртэй хүлээсэн бол урсгал аяндаа цэвэршихийг харах байж. Ананд цэвэр ус аван эргэн ирэхэд Будда:
– Чи миний юу хэлэх гэснийг ойлгов уу? гэв.
Ананд нулимсаа арчин:
– Тийм ээ, ойлголоо. Өмнө нь очихдоо би голын усанд хөвөх хог сагийг арилгах гэж оролдоод улам булингартуулж орхисон. Тэгэхийн оронд зүгээр л эрэг дээр суугаад, ус өөрөө цэвэршихийг харах ёстой байжээ. Урсгалд хог саг аяндаа туугдаж, булингар зөнгөөрөө намждаг юмсанж.

Сая би голын эрэг дээр урсгал ширтэн сууж байхдаа сэтгэлийн урсгалаа ойлголоо. Өнгөрсөн үетэйгээ зууралдсан, үхэл зовлонгийн айдас, элдэв хог саг, буртаг булингарт автсан миний сэтгэл яг л тэр голын урсгал шиг. Би сэтгэлээ хүчээр намжаах гэж зогсоо завгүй оролддогоос болж улам булингартуулж, “Хэзээ ч би Буддагийн төвшинд хүрэхгүй нь” гэсэн дорд үзэлд автдаг байж. Өнөөдөр голын урсгал ширтэн суугаад өөртөө итгэх итгэл минь сэргэлээ. Тайван хүлээцтэй ажиглах юм бол сэтгэлийн гол аяндаа цэвэрших болов уу гэж өчжээ.

– Тийм ээ, энийг л чамд ойлгуулах гэсийм. Хоёр үхэр тэрэг уул даван ирэхийг хараад, гол гатлах цагийг нь тааруулж чамайг усанд явуулсан. Үнэн хэрэгтээ миний ам цангаагүй, чиний зүрх цангасан байлаа гэж Будда хэлжээ.

24. Бүх зүйл сэтгэлээс үүддэг. Сэтгэл нь үйл бүхний залуур. Бохир сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас тэргэнд хөллүүлсэн шар шиг тээр зовлонд хүлэгдэнэ. Ариун сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас аз жаргал чамайг сүүдэр мэт дагана.

Сэхээ сэрэмжгүй зугаа цэнгэл хөөцөлдөж, хэмжээ цаггүй идэш уушинд хомхойрч, дэмий алгасарлаар цагийг нөгчөөдөг хүн шулмын хорлолд автах нь өмхөрсөн мод салхинд унах шиг хялбар.

Үзэгдлийн хуурмаг чанарыг ойлгож, сэргэг ухамсраар мэдрэхүйгээ хянаж, идэш уушаа тааруулж чаддаг, чин сүсэгт хичээнгүй хүн шулмын хорлолд автахгүй нь байц хад салхинд үл ганхах мэт.

Замын дэргэдэх хог сагийн дундаас анхилам цэцэг мишээх шиг мөнх бусын түйтгэрт энэ ертөнцөд Төгс гэгээрсэн багшийн шавь билиг ухаанаар гэрэлтдэг.

Үнэний эрэлчин чамд өөрөөс чинь илүү буюу тэнцэх хань олдохгүй бол ганцаар явсан нь дээр. Тэнэг мунхаг хүмүүстэй нөхцөх хэрэггүй.

Тэнэгээ мэддэг хүнийг тэнэг биш, ухаантан гэлтэй. Тэнэг мөртлөө өөрийгөө ухаантан гэж боддог хүнийг л жинхэнэ тэнэг гэнэ. Тэрээр насан турш мэргэдийн дэргэд байвч үнэнийг үл мэднэ. Шөлний амтыг халбага мэдэхгүйтэй адил. Гэгээн мэргэдтэй учирсан сэхээлэг хүн тэр даруйд үнэнийг ухаарна. Шөлний амтыг хэлээр хүртэх шиг.

Самуун задгай зуун жилийн амьдралаас бясалгалд оршиж, буян үйлдсэн нэг өдрийн амьдал үнэтэй. Мунхаг харанхуй зуун жилийг элээснээс үнэнийг сэхээрч нэг өдөр амьдарсан нь дээр.

Эзэн хааны гоёмсог сүйх ч хуучрах мэт энэ бие элэгдэж мууддаг. Гэвч дээдийн ном (гэгээрэл) хэзээ ч хуучрахгүй. Тийм учраас түүнийг эрхэм дээд хэмээмүй.

25. Hэгэн бүсгүй гэрээсээ гартал урт цагаан сахалтай гурван өвгөн 👴🏻👴🏻👴🏻байшингийнх нь өмнө сууж байна гэнэ.

Бүсгүй тэднийг хараад таниагүй боловч нутгийн сайхан заншлын дагуу “Би та нарыг огт танихгүй юм байна🤷‍♀️. Гэхдээ та нар өлсөж ядраа байлгүй дээ. Манайд ороод идээ, ☕️🍛ундаа зооглоно уу?” хэмээн урьжээ. Тэгтэл өвгөд “Танай 👨гэрийн эзэн чинь гэртээ байгаа юу?” гэж сайхан зантай эмэгтэйгээс лавлав.

“Үгүй ээ, нөхөр маань ирээгүй байна” гэж бүсгүй хэлэхэд
“За тэгвэл танайд орж чадахгүй юм байна” хэмээн өвгөд хариулжээ. Орой болж нөхөр 👱🏼гэртээ ирэхэд эхнэр өнөөдрийн болсон явдлынхаа тухай ярьж хэлж гэнэ. Нөхөр “Алив, эхнэр минь яваад азай буурлуудыг уриад ир!” гэж хэлжээ. Бүсгүй гэрээсээ гарч, өвгөдийг орон гэртээ айлчлахыг дахин гуйлаа.

Харин урт цагаан сахалт өвгөд: “Бид бүгдээрээ нэг айлд зэрэг орж чаддаггүй юм” хэмээн хариулжээ. Эхнэр ямар учиртай болохыг гайхан лавлаж гэнэ. Харин нэг өвгөн нөгөө үрүүгээ зааснаа “Түүний нэрийг Эд баялаг 🚘🕌📱⌚️🖥гэдэг. Дараагийнх нь Амжилт. 🗽Харин намайг бол Хайр гэдэг юм. Та одоо гэртээ ороод бид гурвын хэнийг нь сонгож уримаар байна гэдгээ нөхөртэйгөө ярилцаад ир!” гэж хэлэв.

Ингээд эхнэр гэртээ орж нөхөртөө энэ тухай хэлэхэд гэрийн эзэн: “Ямар сайн юм бэ? Нэгэнт энэ бүхэн үнэн юм бол гэртээ Эд баялагийг урья! Түүнийг гэртээ оруулж орон гэрээ эд баялагаар дүүргэе!” гэлээ.

Гэтэл эхнэр зөвшөөрсөнгүй. ”Хонгор минь! Бид яагаад Амжилтыг гэртээ урьж болдоггүй юм бэ?” гэхэд охин үүнийг сонсоод “Хайрыг уривал яасан юм бэ? Гэр орон минь хайраар дүүрнэ шүү дээ” гэлээ.

Нөхөр эхнэртээ, “Бэр охиныхоо зөвлөгөөг дагацгаая! Явж очоод Хайрыг гэртээ урь!” гэлээ. Эхнэр гэрээс гарч, гурван хөгшнөөс “Та нарын хэн нь Хайр билээ? Манайд зочлоорой!” гэжээ.

Хайр босоод байшин уруу алхав. Харин нөгөө хоёр нь ч гэсэн түүнийг даган алхаж гэнэ. Гайхсан хатагтай Баялаг, Амжилт хоёроос, “Би зөвхөн Хайрыг урьсан шүү дээ. Яагаад та хоёр түүнийг дагаж байна вэ?” гэж асуулаа.

Харин өвгөд ”Хэрэв та нар Баялаг юм уу Амжилтын аль нэгийг урьсан бол бусад нь гадаа байх байсан юм. Нэгэнт

Хайрыг урьсан тул түүнийг дагаж бид байнга явдаг юм. Хайр хаана байна тэнд баялаг, амжилт байдаг юм” гэж хариулжээ.

26. “Хамуугаа маажих нь таашаал гэж үү? Хамуугүй байх нь түүнээс ч таатай. Эмгэг шуналын өчүүхэн ханамж эрүүл сэтгэлийн амар амгалантай тэнцэхгүй. Явцуу шуналын хүлээсэнд оролгүй ялгуусан үнэний сургаалаар та төрийг жолоодвол шимийг хүртэнэ. Түүнээс өөрөөр тусыг үзэхгүй” хэмээн Нагажуна багш эзэн хаанд сургасан нь ариун номын ёсыг дагавал өөртөө ч буян, өрөөлд ч ивээл болохыг өгүүлжээ. Үнэний замаас гажиж, зүрхний гадсаа шуналд хадвал төрийн жолоо атгавч гай болохоос гавъяа болохгүй гэсэн үг…

“Амьдралын хүлээснээс ангижрахуй” номноос

27. Зураг зурлаа ч бүтээлч бишээр зурж болно. Дуу дууллаа ч бүтээлч бишээр дуулж болно. Шал угааж, хоол хийхдээ ч бүтээлч байдлаар хийж болно.

Тийм болохоор эхний санах зүйл: Бүтээлч чанарыг тусгай үйлэнд хаших хэрэггүй. Хүн өөрөө бүтээлч байх юм бол юу ч хийсэн уран бүтээл болно. Зүгээр алхаж, эсвэл нам жимхэн сууж байгаа нь хүртэл. Бодь модны дор зүгээр л сууж байгаа Будда энэ ертөнцөд хэнтэй ч зүйрлэшгүй бүтээлч юм. Юу хийхээс биш, өөрөө хэн байхаас бүх зүйл хамаардгийг ойлговол ээдрээ тайлагдана.

Ошо “Ай даа энэ шүү дээ”

28. Нандигнан хадгалсан үнэт эдлэл

Нартаас буцахын цагт хэрэг болох уу даа
Хоолоо олж идэхийн тулд сурсан бүхэн
Хорвоогоос буцахын цагт хэрэг болох уу даа
С.Төмөрбаатар
29. Аар саархан зүйл чамайг эзэн биш, боол гэдгийг баталдаг. Хэн нэгэн доромж үг шидмэгц уур чинь дүрсхийнэ. Дурын үед чамайг шатаах эрх тэр хүнд байна. Хэн нэгэн ирээд магтах юм бол хөөрөн баясна. Чиний ямар байхыг бусад хүн шийдэж байна. “Өөртөө эзэн болох маш хэцүү, гэхдээ хичээ…” гэж Бурхан багш сургажээ.
30. Энэ өнгөц амьдрал гоо үзэсгэлэн алдар нэр гээд энэ бүхэн амьдралд хэрэгтэй юу? Нэг л өдөр байхгүй болчихвол яах вэ? гэж асуухад Будда:

Нар хүртэл жаргадаг.
Сайхан зүс царай гундана.
Бүх юмс хувьсан өөрчлөгддөг.
Энэ амьдралд юу ч баттай биш.
Үүнээс болж бидний сэтгэл үргэлжид зовж шанална.
Эд баялагт шунахгүй бол сайн ч, гоо үзэсгэлэндээ шунах сэтгэлд бид бүрэн эзэмдүүлсэн.
Энэ нь “би” хэмээхийг төрүүлж тэтгэн баяжуулна.
Гэтэл энэ “би” гэгч түрхэн зуурын шинжтэй.
Бясалган шинжвээс утга учиргүй хэврэгхэн зүйлд шунан хүлэгдээд буйгаа ухаарах болно.
Улмаар гаслан зовлон гээчийг аажимдаа мартаж үхэхүй өтлөхүйд ч үл булаалгах баттай их баяр баясгаланг олох болно.

Эх сурвалж

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/47

https://www.facebook.com/groups/557180555220592/posts/81