Бурхан багш шавь нартайгаа

Бурхан багштай холбогдох үлгэрүүд

1.1. Бодьсадва Чаггубаалын үлгэр
Шраавастын Жээдавана их хүрээнд Чаггубаал архадын үрийг олсон нэгэн бхигку байжээ. Өглөө бүр алхах замд нь өчнөөн төчнөөн өт хорхой гишгэгдэн үхдэг байжээ. Нэг өдөр хэсэг бхигкү сайн явдлыг Бурхан багшид айлтган соёрхуулжээ. Бурхан багш хариу өгүүлрүүн: Бхигкү нар минь сайтар сонсогтун. Чаггубаал ялж төгс нөгчсөн хувраг мөний тул санамсаргүйгээр амьтаныг хороож, буруушаахад нүгэл халдахдаа байсан нэгэн буюу.
Чингэхэд бхигкүүс асууруун: – Бурхан багшаа, Чаггубаал архадын үрийг олох болтлоо урьд насандаа тэгж их буян хийсэн атлаа яагаад мэлмий муутай байдаг билээ?
Бурхан багш өгүүлрүүн: -Чаггубаал урьд нэгэн насандаа нэгэн бүсгүйд муу санаж нүдийг нь сохолсон билээ. Тэр лай ланчиг нь Чаггубаалын араас чаргууцалдсаар яваад цагаа болохоор энэ насанд нь сайх муу үйлийн үр нь боловсорч байгаа нь тэр буюу. Үлгэрлэвээс үхэр шарыг зүтгэн урагшлахад өнхөрөх дугуй ямагт чаргуулддагийн адил буюу.
Ийн өгүүлээд Бурхан багш зарлиг болруун:
Буянт хорвоог үүсгэн хөгжөөдөг нь
Бүхний анхдагч сэтгэл буюу
Тэмүүлэх шарны хойноос
Тэрэгний дугуй чаргуулддагийн адил
Хороор сэтгэж хилэнц үйлдвээс
Хожим яваандаа зовлон эдэлюү.

1.2. Маттагундалийн үлгэр

Шраавастийд Адиннабуувраг гэдэг нэгэн их харамч браахман Маттагундалий гэдэг хүүтэй байжээ. Маттагундалий арван зургаан настай байхдаа нэгэн их хүнд өвчин тусчээ. Адиннабуувраг хөрөнгө хогшлоо хайрлан хүүгээ олигтой эмчлүүлсэнгүй гэнэ. Чингээд удалгүй нас барж Бурхадын оронд төрөл олжээ. Аддинбуувраг түүнийг мэдээд бурхан багшийг гэртээ залж манж бариад ийн асууруун: Хэ, Бурхан Гоудамаа, таньд зэд барьц барилгүйгээр, өөд нь залж тахилгүйгээр, сургаал номыг тань сонсолгүйгээр сэтгэл зүрхээ баясгасан төдийхнөөр Бурхадын оронд төрөх боломж бас байдаг байхнээ? Гэхэд Бурхан багш өгүүлрүүн: -Хэ, Браахман, үйлийг минь хараад сэтгэл санаагаар баясан жаргасан хүнийг нэг хоёр зуугаар тоолохын аргагүй. Буян нүглийг үйлдэхэд бодол сэтгэл түрүүлэх нь буюу. Сэтгэл баясахуйн орон бодь мөрийн оронд ч бай, будант хорвоон хэвлийд ч бай хаа ч төрлөө гэсэн сүүдэр лугаа адил ямагт дагаж явдаг буюу гээд ийн зарлиг болруун:

Буянт хорвоог үүсгэн хөгжөөдөг нь
Бүхний анхдагч сэтгэл буюу
Салшгүй ямагт дагадаг
Сүүдэр лугаа адилаар
Буян үйлдэж зөвийг ухаарваас
Бусад төрөлд амгаланг эдэльюу.

1.3. Тулладиссагийн үлгэр

Бурхан багш Тулладисса гэдэг нэгэн зээтэй байжээ. Тэрээр эрдэм номтой болж нас өндөр болсон хойноо Шраавастын Жээдавана их хүрээнээ суух болжээ. Тэгэхдээ өөрөөсөө ахмад лам хуврагийг хүлээж хүндэлдэггүй байжээ. Нэг өдөр хэсэг бхигкү түүнийг салам зодож хаяад оджээ. Тэрээр уйлж дуулсаар бурхан багшид бараалхахад Бурхан багш түүнээс бүх учир явдлыг асууж лавлаад харин түүнийг бхигкүс дээр очиж уучлалт гуйсугай гэжээ. Гэлээ ч тэрээр уучлалт эс гуйжээ. Чингэхэд Бурхан түүнийг хойд насандаа мөн тэгж явах болно гээд зарлиг болруун:

Намайг тэр зодлоо
Намайг тэр дийллээ
Намайг тэр гутаалаа
Намайг тэр таллаа гэж
Сэтгэлдээ хорсол агуулах аваас
Сэхээ амгаланг хэзээ ч үзэхгүй

харин

Намайг тэр зодсон
Намайг тэр дийлсэн
Намайг тэр гутаасан
Намайг тэр талсан гэлгүйгээр
Хилэнц ярьж хичнээн тэвчвээс
Хилэн намжиж амгаланг эдэлюү.

Өс хонзонгоор өр зүрх үл амармой

1.4 . Эм ягшийн үлгэр

Нэг нөхөртэй хоёр авгай өс хонзонгоос болж хэдэн төрөлдөө хонзон үйлдсээр яваад Буддха Бурханы үед нэг нь эм ягш, нөгөө нь язгууртан айлын охин болж Шраавастийд төржээ. Охин том болж эрд гарчээ. Түүнээс хүүхэд төрмөгц л ягш түүнийг иддэг байжээ. Тэрээр гурав дахь хүүхдээ төрсөн гэртээ очиж гаргаад овоо өсөж торнисон хойно нь эр нөхрийнхөө хамтаар хадмын гэр лүү оджээ. Замдаа Жээдавана их хүрээний ойролцоо амран сууж хүүдээ сүү уулгаж байтал өнөө ягш айсуй гэнэ. Тэрээр айн зугтаж Бурханд очоод бяцхан хүүгээ Бурханы бадман өлмий дор тавьж, ээ Бурхан минь, хүүгий минь өршөөн аврагтун гэж гуйжээ.
Бодьсадва Суман ягшийг Жээдаванын үүдэн дээр зогсоожээ. Бурхан насан төгөлдөр Аанандыг илгээж ягшийг дуудан оруулжээ.
Ягшийг Бурханы өмнө ирэхэд, Чи юуны учир ийм юм хийж явнам бэ? Хэрэв та хоёр миний өмнө ийн ирээгүй бол үеийн үед дайсагналцах байлаа. Та нар яагаад ийн өс хонзон авах гэж байдаг юм бэ? Өс хонзонг өгөөмөр сэтгэлээр номхотгохоос бус өс хорслоор намжаахгүй гээд ийн зарлиг болруун:
Өс хонзонгоор амар заяаг үл эдэлюү
Өгөөмөр сэтгэлээр амгалангийн дээдийг амсмой
Хорвоогийн жам ёс энэ буюу
Хойчийн сахил тань тэр буюу

Бурханы тийнхүү сургаалыг сонсоод ягшийн сэтгэл уяран хайлжээ. Бурханы айлдснаар язгуурт эхнэр ягшийг гэр орондоо залан аваачиж дайлж цайлан сэтгэлийн хирийг ариусгажээ. Тэр цагаас хойш эс ягшийг хүмүүс хүндлэн тахих болсон ажээ.

https://www.facebook.com/groups/narkhajid.sum/permalink/429789090876285/

https://www.facebook.com/groups/narkhajid.sum/permalink/432108133977714/

https://www.facebook.com/groups/narkhajid.sum/permalink/441928732995654/

https://www.facebook.com/groups/narkhajid.sum/permalink/450679468787247/