Данзанравжаа

Говийн ноён хутагт Данзанравжаа – Шавь нартаа зориулсан сургаал

Ер урьдаас үйлдсэн буян, хилэнцийн ач үр нэхэгддэг
Ихэрхүү сэтгэлийн буян эвдэрдэг
Егүүтгэл үгүй сайн сэтгэл барьвал түүний буян өсдөг
Ерөнхий лүгээ дасвал түүний үг цовоо болдог
Харам сэтгэлээр эд малыг их болгодоггүй
Хааж хадгалахаар явбал их болдог
Хатуу ширүүн үгээр амьтныг үл айлгадаг
Ханх (санаа ханах) мэт аашаар айлгадаг
Олон үг хэлснээр үл гардаг
Онож ганц хоёр хэлбэл дуу үл гардаг
Ухамсаргүй үгээ олтговол хойно гэмшил болдог
Улам сэрж хэлбэл цэцэн болдог
Гайхагдъя гэж хүнд зөв буруу хэлж явсаар хүнд мэдэгддэг
Ганц нэг хэлж суувал оновчтой болдог
Хай эс мэдэв хэмээн хүн үгийг явуулбал өгүүлдэг
Хамгийг мэдэх хэмээн урьд өгүүлбэл гэнэддэг
Хүний гар дахийг авъя гэж явтлаа
Харин өөрийн гар дахь эд малаа алддаг
Хүчирхэж амьтныг алъя гэж явтал
Харин өөрийн амь нь тасардаг
Хөнөөн хорлох сэтгэлийг эс тавьбал
Өөрт хол болдог
Хүндэрхэж ихэрхэн явбал
Хөнгөн болдог
Олон эрдмийн нэрийг мэдсэнээр
Хамагт үл өргөгддөг
Онож ганц бодь сэтгэлийн залгамж эс тасалбал
Ертөнцөд тахигддаг
Онц бусдын хэлснээр хүнийг үл эзэлдэг
Улам өөрийн явдлаа зөв явбал хамгийг эзэлдэг
Мэднэ хэмээн өөрийн биеэ ганцаар магтвал
Олны дэргэд гутдаг
Мэргэдийн зарлигийг олонтоо сонсвол
Газар бүхэнд гайхагддаг
Мэдлэггүй хүнээр төрийг бариулбал олон иргэд гутдаг
Мэдэгч сайн хүн төрийн үг хэлбэл олноо зохирдог
Сэтгэлийн хороор олон эм авсан хүн
Эм муу жидүгээр болбол санаа удалгүй зовдог
Шинжилж ганцтай ханилсан хүний сэтгэл амардаг
Шалгаж ийнхүү хэлэгч мэргэдийн зарлигийг эс сонсвол тэнэг болдог
Энэ үгийг эс орхивол ядам сахиусан баясдаг
Урьд хэлсэн үгээ мартагч хүн олонд итгэлгүй болдог
Онц үгээ буцаан мэлзэгч хүн хамагт жигшигддэг.
Олонтоо муу хийсэн хүнийг хойно үл мартдаг
Үлэмж тус хийсэн хүнийг үргэлж санадаг
Зовохын цагт тус эс хийсэн хүнийг хойно үл мартдаг
Зохиж сайтар ханилсан хүн хүндлэгддэг
Залуу, сайн хийсэн хүнд янагладаг
Зөв буруу хоёрыг эс мэдсэн хүн дэмий хэлдэг.
Өлсөхүй, умдаашихуйд тусалсан хүнийг үл мартдаг.
Үнэхээр сайн хийсэн хүнтэй харин атаархдаг
Үлэмж мэдэх мэргэд нь урьдынхаа үгээ үл мартдаг
Үл мэдэх хүн нь хойт үгээ эрдэм болгодог.
Гэнэн хүн урьдаар хэлж, үгээр ороогддог.
Гэмт хүн арга үүсгэж, үнэн худал өгүүлдэг
Хэдэр хүн сайн, мууг ялгалгүй дайрч дорддог
Хэлэлцэх үгэнд дуртай хүн түргэн үл салдаг
Олон үгт хүнийг яаралтай үйлэнд зарвал хожимддог
Омогт ихсийн дэргэд суувал зэмлэгддэг
Худал хэлж цэцэн үл болдог
Хулгай хийж баатар үл болдог
Хуурмаг хэлж мэргэн үл болдог.
Отыг өдөөх идшээр ооныг үл барьдаг
Огт үгүй хэмээн ам алдаж идсэн үл таргалдаг
Онц барахын урьд үгүй хэмээн худлаар гуйж үл арвиддаг
Олох эер оршиж, хүнээс гуйж, заахаар хүнийг айлгадаггүй.
Гэрт үгүй цагт өгөх билээ хэмээн сайхан үг хэлдэг
Хэрэв бий бол дуу үл гардаг
Гэнэтэд түүнээн барвал муу юм хийснээн үл мэддэг
Гэмтэй тэр явдлыг нь санаж, эс өгвөл харин муу хэлдэг
Ганцаар нууж аваачсан идээгээ
Хүн ирвэл нууж орхидог
Харж үзээд мэдвэл харин ичдэг
Харьж очсон хойно их хараадаг.
Сайн идээгээ ёроолд хийж
Зүрхэндээ санадаг
Сайтар хянаж, гадны хүнд үл үзүүлдэг
Санасан хүндээ өчүүхэн барав хэмээн хэлж өгдөг.