Будда - Бясалгаж буй

***—Ертөнцийн найман номтон—***

Бидний шуналын эрхээр амьдрах төлвийг “Ертөнцийн 8-н ном” хэмээх ухагдахуунаар илэрхийлдэг. Үүнийг 4-н дурлал ба 4-н дургүйцэл гэсэн 2 талд хуваана.
1. Наргианд дурлах – Эмгэнэлд дургүйцэх,
2. Олзонд дурлах – Гарзанд дургүйцэх,
3. Ялалтанд дурлах – Ялагдалд дургүйцэх,
4. Магтаалд дурлах – Шүүмжлэлд дургүйцэх
Дурлал, дургүйцлийн тойрогт хүмүүний амьдрал хөврөнө. Тойргийн төв нь “шунал”. Энэ орчлын орчих ёс ба түүнээс хэрхэн гэтлэх аргыг Жан-А Лодой жалцан ламын “Номын үүдийг нээгч” хэмээх шастрид ийн айлджээ.
“… Санмова багш, ““Ертөнцийн 8-н ном” нь бид бүхэнд түгмэл үзэгдэл. Тэдгээрийн дотроос “наргианд дурлах” нь бүр онцгой түгмэл. Дэлхийн хүмүүс наргиан таашаалыг хүсэн хөлхөлдөнө. Гэтэл тэр таашаалын үндсэнд зовлон нуугдаж байдаг тул түүнд бүү шунагтун! Эмгэнэл зовлонгоос ч бүү халир! Наргиан цэнгэлд дурлахын хэрээр ирээдүй чинь доройтох нь жам шүү! Тийм болохоор л номын аргаар бай, номын бус аргаар ч бай, алинаар нь ч энэ амьдралын жаргал цэнгэлийг бүтээгч түүнийг “Амьдралын зорилготон” гэдэг. “Ертөнцийн 8-н номтон” ч гэнэ. Олз, ялалт, магтаалд дурлах нь ч үүнтэй ялгаагүйг санагтун!” хэмээн айлджээ.
Наргиан таашаалыг хүсээд бүтээгүй тохиолдолд “Наргисансан бол юутай сайхан” хэмээн “хүсэмжлэх шунал” төрнө. Наргих боломж бүрдэхэд “баясах шунал” төрнө. Наргин цэнгэх цагтаа “Үргэлж ийм байхсан” гэх улам шунах сэтгэл төрнө. Хожим хойно нь “Тэр үед сайхан байжээ” гэх “дурсамжийг нэхэх шунал” төрдөг. Харин эмгэнэл уй гашуу, шүүмжлэл, ялагдал, гарз зэрэг зовлон гарахад “үүнийг үгүй болгохсон” гэх “зугтах шунал төрнө. Эдгээр зовлонг аргаар өнгөрөөх юмуу, азаар тохиолдолгүй өнгөрөх үед “Ашгүй дээ” гэх “хүсэмжгүйн шунал”-д эзлэгдсэн байдаг. Наргиан, уй гашуу тэргүүтэй 8-н ном аль нь ч тохиолдоогүй байх цагт “сэрэмжгүйн шунал”-л хүлэгдэнэ.
Ийнхүү аль ч тохиолдолд шуналын хүлээсэнд орчигчийг “8-н номтон” буюу “Амьдралын зорилготон” гэдэг ажээ.
Тэгвэл энэ хүлээснээс хэрхэн чөлөөлөгдөх вэ?
Их богд Дармакирти,
“Зандан, царилыг адилаар авагчийг
Шуналаас хагацагч хэмээн өгүүлнэ” гэжээ.
Хэн нэгэн зандангийн анхилам үнэртнээр хүндэтгэн тахивч баясан талархахгүй, царил зээтүүгээр далайлган дарамтлавч гомдон өширхөхгүй байж чадахуйц тэгш сэтгэлийн мөн чанарыг олохын цагт сая дурлал, дургүйцэл бүхнээс хагацаж 8-н номыг тэвчнэ. Шуналын хүлээснээс чөлөөлөгдөнө. Гэтэл эхлэн суралцагч бидэнд ийм тэгш сэтгэлийг төрүүлэх үнэхээр бэрх шүү дээ.
/Тэгш сэтгэлийг тэгвэл хэрхэн төрүүлэх вэ?/ Дурлал, дургүйцлийн бодол төсөөллийг засах аргыг бясалгах нь хамгийн чухал. Номын дэмжлэг болгон эдлэх ба тэр эд үгүй байлаа ч үл ажиран хор холбогдлыг нь ухаарах, мөн өмнө өгүүлсэн ба хойшид ч өгүүлэх тэр ёсоор цаг ямагт бясалган шуналаа сайтар буцаагтун! Тэвчлийг аль чадахаар үйлдэгтүн! Гэхдээ номын хамжлага болгон үйлдэх хэрэгтэй “номын хувцас”, өдрийн хүнс зэрэг эдлэхээс аргагүй зүйлс бий. Тэдгээрийг Будда зөвшөөрсний тул “Амьтны тусын тулд эдлэе” хэмээх Цагийн санамж ба Бодь сэтгэлээр эзлүүлэн эдлэвээс гэм үл болно.
Жэрчэнба Шоннү Даг, <<Урьд гэвш Бром донба-ын үйлдсэн тэр ёсоор,
“Одоо би нирваанд зорино.
Олз хүндлэлийн хүлээсийг мултлана” хэмээн бясалгах ба адаглаад үг төдийг уншихын үүднээс мөрийг шүтэн 8-н номыг тэвч!>> хэмээсэн бол Богд Зонхава,
“Өнгөрсөн, одоо, ирээдүйн
Өөр бусдын буяны үндэс
Тэр бүхнийг төрөн төртөл
Дээд Бодид үл зохилдох
Ашгийн хүсэл, алдрын горилол,
Танил нөхөд, таашаал хүндлэлийн
Хуурмаг жаргалыг хорин тэвчээд
Ханьцашгүй Бодийг бүтээх болтугай.
Жаргалаар хуурч зовлонгоор нэрвэгч
Зальхай орчлонг эргэцүүлэхийн төдийд
Дүрэлзэн шатах байшингаас дүрвэх мэт
Дилийн төдийд ч шуналгүй болтугай”,

Будда-ын “Упанишада”-д,
“Төрөлхтөн бүхэн шуналын доор дугаарлаж
Таашаал жаргалд тэмүүлсээр
Төрөн өтлөн одох нь
Торон дотор тэлчлэх туулай мэт ажгуу”,

Хайзүнба Шоннү Дүв,
“Амьдралын таашаалд шуналаа эс тэвчвээс
Амьжиргааны ажил нуурын долгис адил.
Нэг нь бүтэвч нөгөө нь нөмрөх
Бие, хэлний ажлыг багасгаваас сайн бишүү!”,

Сажа бандида,
“Амьдрах бодлого ихэдсэнээр
Алмай самуун дэгдэнэ.
Нэгнээс нэг рүү самуурсаар
Нээнтэг ажилд ороогдоно.
Ийм тийм нь хэрэгтэй гэсээр
Илбийн мэхэнд хууртна.
Хүсэл шуналыг ийн нэхсээр
Хүний насыг барна”,

Жэйчогба Самдан Бал,
“Амьдралын жаргалыг салхинд хийсгэ!
Анхааран авахын зүг зовлонг үүр!
Хатуужлын агаарт амь биеийг золь!”,

Богд Зонхава: <<Орчлонд амгалан үгүй. Бидний амгалан таашаалд тооцдог идэх, уухын жаргал нь өлсөх, цангахын зовлон намжих төдийхөн үзэгдэл юм. Өлсөхийн зовлонг үргэлжлүүлэн шүтэхэд өлсгөлөнгөөр улам нэрвэгдэнэ. Түүнчлэн хоол ундыг үргэлжлүүлэн шүтвээс цатгалдахын зовлон бий болно. Энэ бол угаас амгалан бус, зовлонгийн мөн чанартайн шинж юм. Өлсөөд хоол идэхэд өлсөхийн зовлон хоригдох боловч цатгалдахын зовлонгийн эхлэл тавигдана. Зовлонгийн орчил дундах өлсгөлөнгийн хувь багасах төдийг бид “жаргал” хэмээн хөөрцөглөнө. Үүний адил, орчлонгийн жаргал бүхэн “Жаргал” нэрийг зүүвч зовлонгийн мөн чанартай ажгуу. Энэхүү мөн чанарыг үл ухаарах мунхагийн эрхээр бид жаргалд шунан, зовлонд хилэгнэж үйлийг хураан орчлонд хөлхөлдөнө. Тиймээс одоо ”Орчлон хорвоод шунан дурлах юу байх билээ” хэмээн бясалгагтун!>> хэмээн айлджээ.