Далай лам Бурхан багшийн урд

Зовлонгоос ангижруулах сургаалиуд

1. Амар амгалан бидний дотор байдаг. Түүнийг гаднаас хайгаад хэрэггүй.

Оюун санаа цэвэр үед баяр баясал сүүдэр мэт дагаж, хэзээ ч чамайг орхихгүй.

Бидний бодол биднийг бий болгосон. Бид бол өөрсдийнхөө бодлын үр дүн юм.

Эрүүл бие, эрүүл ухааны нууц нь өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүйдээ санаа зовохгүй, яг одоо ухамсартай амьдрахад оршино.

Уур хилэн гэж улайссан нүүрс гартаа бариад хэн нэгэн рүү шидэх гэж оролдохыг хэлнэ. Гэвч тэр эхлээд чамайг шатаана.

Амьдралын утга учир бол өөрийн зорилгыг тодорхойлж, түүндээ бүх сэтгэл зүрхээ зориулах.

Тэнэгээ мэддэг тэнэг хүнийг ухаантанд тооц, харин өөрийгөө ухаантайд тооцдог тэнэг бол жинхэнэ тэнэг.

Өглөө бүр бид шинээр төрдөг. Харин өнөөдөр яг юу хийх вэ гэдэгт бүх утга учир буй.

Чи хэн болох, чамд юу байгаагаас хамаарч аз жаргал бий болохгүй. Чиний бодож байгаа зүйлээс л зөвхөн бий болно.

Чи уур хилэнгийнхээ төлөө шийтгэл хүлээхгүй ч уур хилэн чамайг өөрөө шийтгэнэ.

Бүгдийг ойлгоно гэдэг нь бүгдийг өршөөнө гэсэн үг.
Үзэн ядалтыг үзэн ядалтаар дийлэхгүй, зөвхөн хайраар ялна.

Өнөөдөр бидэнд байгаа бүх зүйл бидний бодлын үр дүн юм.

Аз жаргалд хүрэх зам гэж байхгүй. Аз жаргал өөрөө зам юм.

Өвчнөөс зайлах аргагүй. Харин зовлон бол хувь хүний сонголт.

Байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй хүнд аз жаргал хэзээ ч ирэхгүй.

Нэг зулаас мянга мянган зул асааж болох тул гэрэл нь удаан үргэлжилдэг. Аз жаргалыг хуваалцлаа гээд багасдаггүйг сана.

Хэрвээ өөрийгөө хөгжүүлэхгүй бол ухаантай хүн ч тэнэг болдог.

Өөрийгөө ялж чадвал мянган тулаанд ялж чадна.

2. Сэрэх, унтах, зүүдлэхдээ өөрийгөө гэрэл хэмээн ухаар.

Энэ тун хэцүү. Зүүдэндээ чи санаж сэхээрдэг бил үү? Хүн тийм сул дорой юмсанж. Зүүд нь хүртэл өөрийн эрхээр биш тавилан болж учирдаг. Гэвч зүүдийг өөрөө бүтээх арга бий. Зүүдийг бүтээж чаддаг бол түүнээс ангижирч бас чадна. Тэгэхийн тулд сэрүүн төлвөөс эхлэх хэрэгтэй. Сэрүүн үед явах суух, үйлдэх бүртээ өөрийгөө гэрэл хэмээн сана. Зүрхэнд чинь гал дөл бадамлаж байгаагаар төсөөл. Бие чинь бие биш, тэрхүү гал дөлийн хүрээ – аура болог. Энэ санамжийг ухамсарынхаа гүний гүнд шингээгтүн. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Өдрийн турш алхам тутамдаа санаад байвал гурван сарын дотор төсөөлөл чинь бодит байдал болж хувирна. Махбодын биеэр биш гэрлэн биеэр амьдарна гэсэн үг. Энэ төсөөллөө бусдад дэлгэх хэрэггүй, өөртөө л хадгал. Гэвч гурван сарын дараа хүмүүс өвөрмөц байдлыг чинь анзаарч эхэлнэ. Чамаас гэрэл цацарч байгаа шигээр тэдэнд санагдана. Чамд ойртох төдийд халуун дулаан илч мэдрэгдэнэ. Энэ бол төсөөлөл бодит байдалд хувирсаны шинж. Угтаа төсөөллөөр бодит ахуйг нээсэн юм. Бүх зүйл гэрлийн мөн чанартай болохоор чи ч бас гэрэл ажгуу. Төсөөлөл чинь бодит болсон хойно зүүдний ертөнцөд гэрлээ оруул. Сэрүүн төлвийг гэрэлд ургуулж байж л зүүдээ чи эрхшээж чадна. Унтан унтталаа өөрийгөө гэрэл хэмээн мэдэрч, гал дөлийн цацрааг санасаар бай. Эхэн үедээ зүүдний гэрэл зурвасхан байвч, аажимдаа сэрүүн үетэйгээ ижил мэдрэх болно. Тэр үед зүүд замхарч эхэлнэ. Зүүд замхарсанаар нойр чинь илүү цэлмэг, амгалан болно. Одоо чи нойрны үүдэнд ирлээ. Зүүднээс гэтэлж гэмээ нь гэгээн гэрлийн мэдрэмжээ нойронд юүлнэ. Амгалан нойрон дунд өөрийгөө гэрэл хэмээн нэгэнтээ сэхээрвэл нойроос гэтлэх болно. Бие унтавч, ухамсар үл унтана. Бясалгалд нэвтэрсэн хүн унтдаггүй гэж Кришна хэлдгийн учир энэ. Бие махбод хуран үүсмэл зүйл учраас түүнд амралт, шим тэжээл хэрэгтэй. Харин ухамсар буюу сүнс үүсэл, усталаас ангид мөнхийн цэвэр эрчим тул амралт, тэжээлээр дутахгүй. Ийнхүү чи сэтгэлийн гурван төлвийг давсанаар, оршихуйн үнэн болсон дөрөвдэхийг нээнэ. Түүнийг үхэшгүй мөнх Бурханы хутаг хэмээн нэрийдэж болно.

Нууцын ном
Тантрын эх сурвалж
Ошо багшийн тайлбар