Ловон Бадамжунай Бурхан багш Ногоон дарь эх зэрэг бурхдын хамт

Ловон Бадамжунай – Хөгшин эмэгтэй үрүү зааж байгаад айлдсан сургааль захиас

… Их хувилгаан Ловон Бадамжунайг Түвдээс Энэтхэг буцахаар мордохын цагт Тон авхай холоос зам дээр мөргөн хүндэтгэл үзүүлж алгаа зүрхэн тушаагаа хавсраад ийн өгүүлэв:
– Их багш минь та энэ газрыг орхин одох гэж байна харин хөгшин эм миний үхэх цаг болжээ.
Юуны өмнө хэлэхэд би маш ядуу зүдүү амьдралтай доод язгуурт нэгэн айлд охин болон төрсөн. Элдэв ажил үйлсэд сатаарсаар байгаад үзсэн дээдийн номоо мартсан. Мөн юмсыг ухаж ойлгохдоо муу мулгуу тэнэг нэгэн бөлгөө. Насан өндөр болсон тул ухаан санаа минь бүүдгэрч түйтгэр ихтэй болсон.
Их багш минь хөгшин эм намайг таалалдаа болгоож ухаж ойлгоход төвөгтэй биш, анхаарч авахад хялбар, амьдралдаа өдөр тутам хэрэглэхэд амар гарах үр боловсрол адистид ихтэй тийм нэгэн сургаалийг айлдаж хайрлана уу. Удахгүй үхэх болсон хөгшин эмд зориулан амин зүрхний захиас заавраа хэлж өгнө үү.
Их багш түүнд хандаж хариу өгүүлрүүн: “Хөгшин авхай минь та чинь хэнсэн билээ?”
Хөгшин эм хариу өгүүлрүүн: “Би бараа бологч бүсгүйгээрээ дамжуулан танд аягатай аарц хүргүүлсэн тэр хүн байна.”
Үүнийг сонсоод багш ихэд баярлан мишээгээд: “Та Трисон Децэн хаанаас ч илүү их итгэл, сүсэг бишрэлтэй нэгэн яахын аргагүй мөн.”
Тэгээд хөгшин эм болон түүний бараа бологч бүсгүйд хандан дараах сургааль, зааврыг айлдав:
“Хөгшин эмэгтэй минь хөлөөн завилж суугаад нуруугаа цэх болгогтун. Энэхэн хэсэг зуур хугацаанд сэтгэлээ тайвшруулж зүгээр л нэг ердийн байдлаар анхаарлаа хандуулагтун.”
Их багш баруун гарынхаа нэг хурууг хөгшин эмэгтэйн зүрхэн тушаа нь чиглүүлж байгаад дараах сургаалийг айлджээ:
“Хөгшин эмэгтэй минь миний хэлэхийг сонсогтун. Төгс гэгээрсэн бурхан болон доод гурван оронд оршигч зургаан зүйл төрөлхтөний сэтгэлийн хооронд ямар ялгаа
байна гэж хэрэв та асуух аваас сэтгэлийнхээ мөн чанарыг ухаж ойлгосон хийгээд ойлгоогүйгээс өөр ямар ч ялгаа байхгүй гэж хариулна.
Зургаан зүйлийн амьтад энэ мөн чанараа ухаж ойлгоогүйн улмаас төөрөгдөлд автаж улмаар тэрхүү мунхагаас нь түм буман төрлийн зовлон зүдгүүр гардаг. Тиймээс тэд сансрын хүрдэнд ахин дахин эргэлдэж тэнүүчилдэг. Тэдэнд бурхны үндсэн мөн чанар нь байгаа боловч үүнийгээ ойлгож таниж чаддаггүй. Юуны өмнө өгүүлэхэд бурхны үндсэн мөн чанар таны дотор чинь бий. Ялангуяа найман чөлөө, арван учрал бүрдсэн хүний төрөлд бүр ч бий. Мөн бурхны үндсэн мөн чанар нь эрэгтэй хүнд арвин байгаад эмэгтэй хүнд хомс дутмаг байна гэсэн тийм зүйл огт байдаггүй. Тиймээс хэдийгээр чи хойд насандаа эмэгтэй хүн болж төрсөн байлаа ч бурхны хутгийг олох боломж хэзээд байсаар байх болно. Хамаг бурхдын билиг билгүүнт сэтгэлийн мөн чанарыг ойлгож таниж мэдэхийн тулд дээдийн 84,000 номын үүд хаалгыг нээж өгсөн боловч энэ бүхний тухай ойлголт нь багшийн өгүүлж байгаа сургааль зааврын гуравхан үг дотор багтсан байж болно. Тиймээс хэдийгээр юмсыг ойлгож ухаарах оюун ухаан тань муу байлаа гээд танд боломж байхгүй гэсэн үг биш. Дээдийн номын утга, бурхны сэтгэлийг багшийн өгүүлсэн гурван үг бүхий сургаальд агуулагдах талаар өгүүлэхэд:
Гадна талын үзэгдэл бүхнийг ариун болгосноор та өөрийн хүртэхүй мэдрэхүйгээ чөлөөлнө.
Хүртэж мэдэрч байгаа сэтгэлийг үүн дотор нь ариусгаснаар юуг ч үл баримтлах ухамсар өөрөө ая зөндөө чөлөөлөгдөх болно.
Бодлын хооронд мэдрэгдэх сэтгэлийн сэрүүн тунгалаг ухамсар нь бахдам сайхан тул та өөрийнхөө мөн чанарыг олж таних болно.
Гэвч хүртэж мэдэрч буй гадна талын үзэгдэл бүхнийг хэрхэн ариусгах билээ? Одоогийн ухамсар буюу сэрүүн тунгалаг сэтгэл нь бодлоор буртаглагдаагүй бөгөөд угийн сэрүүн тунгалаг байдлаараа хүртэгдэж мэдрэгддэг. Сэтгэлээ зүгээр л энэ байгаагаар нь байлга үүнд тусч буй үзэгдэл юмстай бүү зууралд. Ийм байдлаар хэчнээн ч үзэгдэл ямар ч байдлаар тусч харагдаж байлаа ч гэсэн тэд бүгд нь үнэндээ бодитой мөн чанараараа оршдоггүй тул бодитой гэж баримтлах зүйлс биш билээ.
Газар чулуу, уул хавцал, ургамал мод, байшин шилтгээн, бараа таваар, гал тогооны хэрэгсэл, найз нөхөд, дайсан, гэр бүлийн гишүүд, хамт амьдарч ажиллаж буй хүмүүс, нөхөр эхнэр, хүү охин болон өөр бусад ямар ч зүйлс юу ч үзэж харж мэдэрч байлаа ч тэд бүгдийг эзэмшдэг надад хамаатай гэсэн хуран мэдэлгүй тийм хандлагатай байвал зохино.
Хэдийгээр тэд бүгд бодитой үзэгдэж харагдаж мэдрэгдэж байгаа боловч бодитой гэж үзэж хатуу баримтлалаар хандахгүй байвал зохино. Үзэгдэж харагдаж буй ямар нэгэн юманд зууралдаж баримтлахгүй байх аваас гадна талын үзэгдэл бүхэн аяндаа ариусах болно.
Үзэгдэж байгаа бүхэн ариусна гэдэг нь та ямар нэгэн зүйлийг хүртэж мэдрэхээ болино гэсэн үг биш. Юмс бүхэн туйлын мөн чанартаа тунгалаг, тод атал тэдгээрийг бодитой гэж баримтлан зууралдах учиргүй юм. Аливаа юмсын дүрс толинд тусч ургахтай адил тэд бүгд хоосон тул зууралдах зүйл юу ч үгүй, таны үзэж хүртэж буй зүйлсийг үзэж хүртэхүй өөрт чинь учирч байна гэж нэрлэдэг.
Сэтгэлийнхээ дотоод хүртэхүйг ариусгаснаар юунд ч зууралдахгүйгээр ухамсараа өөрөөр нь гэтлүүлэхийн тухайд: Сэтгэлд элдэв бодол, санамж дурсамж, хорт таван сэтгэл хөдлөл гэх мэт юу ч бий болж байлаа ч тэдгээрийг хайхарч анхааралгүй зөнд нь орхивол тэр даруйдаа өөрсдөө замхарна. Тиймээс та бодлын гэмд автахгүй байх болно. Дотроо гэмгүй болно гэдэг нь идэвхгүй чулуу мэт болно гэсэн үг биш.
Чухамдаа алтан эрдэнэсийн аралд очиход тэндхийн бүх зүйлс нь алт тул “чулуу” гэдэг нэр тэнд огт байдаггүйтэй адил ухамсар тань бодлын гэмээс ангид чөлөөтэй хэвээр байх болно. Үүнтэй адилаар элдэв бодол сэтгэлийн угийн сэрүүн төлөвт уусах үед тэнд “бодол” гэсэн нэр байхгүй болно.
Бодлын хооронд тодорч ирэх тод ухамсар нь үнэхээр таатай тул өөрийн сэтгэлийн уг мөн чанарыг нь таниж мэдэх зааврын хувьд: ухамсараа таниж мэдэхээр оролдон хичээж дадуулж буй үедээ мунхагаас ангид байгтун, өөрийн тань ухамсар тод тунгалаг, цэвэр ариун бөгөөд сэрүүн сэргэг. Номыг дадуулах үедээ та төрөлхийн, өөрөө-оршдог сэрүүн ухамсар нь атгаг бодолд сууриласан хандлагаас ангид боловч амгалан жаргалан, тод цэвэр, бодолгүй төлөвт шунаж зууралддаггүй гэдгийг онож ухаарах болно. Энэ л өөрөө бурхан-сэтгэл мөн тул та өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг таниж мэдэх болно.
Үүнийг жишээлэн өгүүлвэл та төрүүлсэн ээжийгээ сайн мэдэх учир миний ээж биш гэх вий гэсэн бодлоос айх ямар ч айдас хүйдэсгүй тул та өөрийнхөө ээжийг миний ээж гэж төсөөлөх хэрэггүй байдагтай адил бөлгөө. Мөн үүнтэй адилаар ухамсар тань өөрийнхөө төрөлхийн үнэмлэхүй мөн чанараа таниж мэдэх аваас сансрын хүрдний үзэгдлийг жинхэнэ мөн чанартай хэмээн алдаатайгаар төсөөлөн бодохгүй байх болно. Энэхүү төрөлхийн ийм мөн чанараасаа та хэзээ ч салж хагацаж байгаагүй билээ.
Үүнийг зохиогоогүй сургалт гэдэг бөгөөд үзэгдэл бүхэн өөрийн мөн чанараар оршихоос хоосон тул уг эх чанартай байдаг, үзэгдэл бүхний өөрийн мөн чанаргүй хоосон гэдгийг нь танин мэдсэнээр үнэмлэхүй орон гэрт орно, өөрийн тань ухамсар бол төрөлхийн үнэмлэхүй номын орон зай гэдгийг олж мэдсэн тул өөрийнхөө мөн чанарыг өөрөө олж таниж мэдэх гэж нэрлэдэг.
Үүнийг л таниж мэдсэн бол дээд язгуурт төрөх гэж үгүй, доод язгуурт төрөх гэж үгүй, дээд, доод үйл явдал гэж үгүй, оюуны сайн муу чадавхи гэж үгүй, их бага мэдлэг гэж үгүй, их бага зүйл сурах гэж үгүй, урт богино нас гэж үгүй, тод цэвэр хийгээд мунхаг сэтгэл гэж үгүй.
Энэ сургааль бол ухаж ойлгоход төвөгтэй биш, анхаарч авахад хялбар, хэрэглэхэд хялбар, үлэмж их үр дүнтэй тул үхэх цаг ирэхэд та айдасгүй байх болно. Хөгшин эмэгтэй минь энэ сургаалийг дадуулагтун! Амьдрал чамайг огт хүлээхгүй тул ойлгож ухаарахыг хичээнгүйлэн оролд! Нөхөр, хүүхэддээ зарагдсанаар чи ямар ч шан харамж авахгүй тул гар хоосон бүү буц, багшийнхаа айлдсан сургаалийг авч одогтун! Энэ насны үүрэг хариуцлага, ажил үйлс дуусашгүй, барагдашгүй тул бясалгалыг төгс төгөлдөр хийж сур!
Хөгшин эмэгтэй минь үхэх цаг дор айдас хүйдэсгүй байхын тулд энэ сургаалийг өөрийнхөө хуяг харуул болгогтун!”
Их багш ийн өгүүлэв. Хөгшин эмэгтэйн зүрх үрүү хуруугаа зааж байгаад айлдсан сургааль тул үүнийг “Хөгшин эмэгтэй рүү зааж байгаад айлдсан сургааль захиас” гэж нэрлэгтүн. Уг сургаалийг сонсоод хөгшин эмэгтэй, түүний бараа бологч хоѐр гэтлэж гэгээрчээ.
Ирээдүй хойч үеийнхний тусын тулд Харчины бүсгүй Цожал үүнийг бичиж буулгасан болой. Туулай жилийн зуны дунд сарын арван долооны өдөр Самие хийдийн өмнөх хэвгий дээр сууж байгаад бичсэн бөлгөө.
Ирээдүй цагийн хойч үеийнхний сайн сайхны төлөө энэхүү сургаалийг нууцлан тамгалж эрдэнийн санд нуув. Хувьтай хүн бүхэн үүнтэй учирч ойлгож ухаарах болтугай! Ойлгож ухсан тэд бүхэн энэхүү сургаалийг хүмүүст зөв зүйтэй арга замаар тайлбарлаж өгч ойлгуулах болтугай! Энэхүү номын хүчээр тэд бүхэнд эргэж үл буцах урсгалд орж гэтлэх болтугай!
(Англи хэлнээс орчуулсан Тамирын Хишигт
2014 оны 10-р сарын 10, намрын дунд сарын шинийн 17-ны балжинням, дашнямтай билэгт сайн өдөр)