Данзанравжаа

Данзанравжаа – Гэвш Шаравт хэлсэн сургаал

Аяа, хэрэглэвэл зохих үгсийг өгүүлье, сонсогтун
Хэзээ ямагт чи санал явдлаа энэ мэт зохио
Ачит багшийгаа оройн гавал мэт үүрч яв
Амины үргэлж мэтээр ядам бурхныг шүтэж яв

Хичээл сэрэмжийг хивийн зангилгаанаас илүү чангал
Хилэнц, шунал, нисваанисыг могойн хор мэт бодож алдруул
Өөдгүй үг ярих гэвэл үхсэн хүн мэт дуугаа хорь
Өөрөө тустай үгсийг амны уншлага мэт үглэж яв

Умд хоолыг эм мэт хирийг нь тааруулж хэрэглэ
Ухаан билгээ нарны гэрлээс илүү гийгүүлэн яв
Огторгуй мэт зах, дундаж үгүй нот төгс бай
Орох багтаамжийг далайн оёороос илүү гүн байлга

Балчгаас ургасан лянхуа мэт хир халдаалгүй яв (цэвэр ариун)
Байнгад сэтгэлээ хятад торгоноос илүү зөөлрүүл
Энэ биеэ зээлийн байшин мэт батгүйд санаж яв
Энэ насаа зүүдний үзэгдэл мэт үнэнгүйд санаж яв

Аливаа хүний өмнө боол мэт дорд суурийг барьж бай
Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт босож бай
Даяар бүхэн магтвал үхдэл мэт зориггүй яв
Дайсагнаж хэрэв муулбал уул мэт хөдөлгөөнгүй тэс

Хамаг ёсоо хазайлгалгүй, хаан хүн шиг бай
Харалган сохор мэтээр бусдын мууг харахгүй яв
Дээрэнгүй хэрүүлийг тэвчиж дүлий мэт яв
Дээдэст зусардахыг тэвчиж галзуу хүн шиг бай

Өөрийн эрдмийг уурхайн сан шиг далдлан нууж яв
Өр ширтэй хүн шиг эд таваарын өглөг дандаа өгч яв
Зовж байгаа нөхөрт садан сүлбээтэн мэт туслаж бай
Зоргоор хэрэн хэсэж, орон магадгүй гөрөөс шиг яв

Зожиг хирс мэт ямагт гагцаараа бай
Зориуд хор идсэн мэт хэзээ үхэх магадгүйг бод
Гянданд чангалагдсан мэт энэ орчлонгоос уйдаж яв
Гэмт муу нөхрийг өстөнд үзэж сэмээр холдож зайл

Ариун гүн увидасыг рашаан мэт үргэлж ууж яв
Амьсгалах завгүй мэтээр сайн мөрийг бясалгаж яв
Алин үзэгдсэн бүхнийг хадны цуурай адилд мэдэж зохио
Аялгуу дуу бүхнийг хадны цуурай адилд мэдэж зохио

Чинадтай байлдалцах мэт сэтгэлдээ харуул тавьж
Чандмань эрдэнийн адилаар өвөр, бусдын тусыг бүтээ
Товчилбол би үүнийг хийнэ, түүнийг хийхгүй гэж
Тодорхой урьдаас ажиглаад шийдэж нэг орвол

Цангасан заан ус руу зүтгэх мэт яавч буцалтгүй байж
Цаад эцэст нь хүртэл ажлаа магадтай гүйцээн зохио
Өөрөө юу болон хаашаа одохыг магадлаагүй атлаа
Өгүүлэл сургаалийг чамд ингэж хэлэх нь зохисгүй боловч

Туслах сэтгэлээр эрхгүй сургагдан гарсан зүрхний энэ үгийг
Тун ч бусдад хэлж болохгүй шүү, цаг цөвүүн байна…