Буддын шашны шинжлэх ухаан ба үзэл онолын хураангуй - Шинжлэх ухааны хэсэг - Боть 5

Түвдэн Намдаг гэвш – Бурхны шашны шинжлэх ухаан ба үзэл онолын хураангуй

Түвдэн Намдаг гэвшийн айлдвараас 2018.04.03.

1-р хэсэг.

Бүх амьтны хүсэл эрмэлзэлд тохирсон төгс аз жаргалд хүргэх, амгалан, нирвааныг олох зам мөр, арга замыг зааж өгсөн ном бол бурхны ном болно. Бурхны шашин шүтдэг нийт хүмүүсийн 60-70 хувь нь мөргөж залбирдаг бол үлдэх цөөн хэсэг нь бурхны номын гайхамшгийг мэдэж судалж, орсон хүмүүс байдаг. Бурхны шашны ном сударт амьтны төгс гэгээрэх замыг зааж өгсөн юм. Дээрхийн Гэгээн XIV Далай лам Бурхан багшийн зарлиг Ганжуур 108 боть судар номыг 3 хэсэгт ерөнхийд нь ангилж болно гэж айлджээ.

1. Бурхны шашны шинжлэх ухаан
2. Бурхны шашны үзэл, онол сургаал буюу гол сургаал, ертөнцийг үзэх үзэл
3. Бурхны шашны анхааран авлага буюу бурхны шашинтан хүний мөрдлөг

Бурхны шашны шинжлэх ухааныг шашин шүтдэг, эс шүтдэг ямар ч хүн судалж үзэх боломжтой. Бурхны шашны шинжлэх ухаан нь хүний сэтгэл рүү өнгийж, сэтгэл талаас нь тайлбарлах бөгөөд судалгааны арга нь оюун ухаанд тулгуурлана. Иймд Бурхны шашны шинжлэх ухааныг судлахад заавал бурхны шашинтан байх албагүй юм. Харин өрнийн шинжлэх ухаан юмсын дүрс, бодит харагдаж байгаа талаас нь судалдаг. Гэхдээ бурхны шашны шинжлэх ухаан энэ талыг орхилгүй, өндөр оюун ухаанаар нарийн судалж тогтоосон байдаг.

Бурхны шашны шинжлэх ухааны бас нэг онцлог нь нийтээр, нийгмээр зөв зүйтэй гэж хүлээн зөвшөөрөгддөг сайхан сэтгэл, хайр, хүндэтгэлийг заавал шашинтай холбох шаардлагагүй гэж үздэг юм. Өөрөө хэлбэл, зөв амьдрах нь нийтлэг хэм хэмжээ гэж үзнэ. Энэ нийтлэг хандлагад сайхан сэтгэл, энэрэл хайр, зөв явдал бүгд багтана. Бурхны шашны шинжлэх ухаанд энэ талаар шинжлэх ухааны талаас авч үзсэн хэдий ч, үүнийг нийтлэг нийтийн зүйл гэж үздэг.

Хүний биед гарах асуудлыг өрнийн шинжлэх ухаан сайтар авч үзэж, одоо ч үргэлжлүүлэн судалсаар байгаа хэдий ч, хүний дотоод сэтгэлийн зовлонг арилгах аргыг гаргаж чадаагүй. Бидэнд эд хөрөнгө, хувцас хунар, гэр бүл, үр хүүхэд бүгд байна. Тэгвэл яагаад зовлонтой байгаад байдаг нь сэтгэлтэй холбоотой

2-р хэсэг.

Хүний хүсдэггүй зовлонг арилгаж, хүсдэг жаргалыг бүтээхийн тулд барууны шинжлэх ухаан хөгжиж ирсэн. Гэхдээ гол асуудал болсон сэтгэлийн орон зайг өрнийн шинжлэх ухаан нөхөж чадаагүй, харин ч бүр зай засвартай болгосон байж мэднэ. Учир нь аз жаргал, амар амгалан, хайр хүндлэлийг олж авах нь дараа хойтод дамждаг гэдгийг анхаарч үзээгүй тул сөрөг үр дагавар гарах болсон юм. Сэтгэл талаас нь авч үзэх, сэтгэл л чухал, үүнийг амгалан болгох нь гадаад хэрэгцээнд сэтгэл ханамжтай байх боломжийг бүрдүүлнэ гэж үзэх үзэл хандлага нь Энэтхэгээс буюу бурхны шашнаас гаралтай. Хойд нас, үйлийн үрийг мэдэж ойлгох нь сэтгэлийн талаас зөв мэдлэгтэй болох суурь болно.

XX зууны эхээр шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шашин шүтлэг үгүй болно гэж олон хүн үзэж байв. Гэтэл XXI зууны дунд үе гэхэд шинжлэх ухааны эрдэмтэд бурханы шашны шинжлэх ухааныг түлхүү анхаарах болов. Ялангуяа, бурхны шашны сэтгэл судлал, оюун судлал, зөв явдал, дотоод оюун ухааныг таниж судлахыг хичээж эхэлсэн. Эхэндээ ийм судалгаа хийж буй эрдэмтдийн тоо цөөн байсан.

Дээрхийн Гэгээн XIV Далай багш 1970-аад онд бурхны шашин ба орчин үеийн шинжлэх ухааныг харьцуулан судлая гэж олон улсын эрдэмтдэд уриалсан юм. Тухайн үед өрнийн шинжлэх ухааны олон эрдэмтэд үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, тэд бурхны шашныг үгүйсгэн няцаахыг оролдож байв. Алтыг шалгаж авдаг шиг, миний шашныг шинжилж үзээрэй гэж Бурхан багш айлдсаны дагуу Далай багш үүнд итгэл төгс шийдвэр гаргасан юм. Анх ийм хэлэлцүүлэг хурлыг зохион байгуулах үед Далай багшийг эрдэмтэд хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, орчин үеийн шинжлэх ухаантай харьцуулан ярих үед тэд маш их сонирхох болжээ. Одоо ийм хурал Энэтхэгийн Дарамсалад байнга зохион байгуулагдаж, дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачид ирж, байнга оролцож, сэтгэл хангалуун буцдаг юм.

Хятадын нэг эрдэмтэн “Өрнийн эрдэмтэд маш удаан судалж, нээлт гаргаж дөнгөж л уулын оргил өөд мацаж эхэлж байхад, манай шинжлэх ухаан (бурхны шашны шинжлэх ухаан) оройд нь гараад өнө удаан хүлээж байна” гэж хэлсэн байдаг. Энд хамгийн гол нь олон зүйлс судалж тогтоохоос илүүтэй, сэтгэлийг судалж таньж ойлгох нь хамгийн чухал юм. Бурхны шашны шинжлэх ухаанд нэг ч амьтанд хорлол үзүүлээгүй, бусдад хорлол хөнөөлгүй орших гэсэн зарчмыг баримталдаг. Иймд бурхны шашны шинжлэх ухаан хамгийн энэрэнгүй юм.

Өрнийн шинжлэх ухаан сэтгэл зүйн талаар анхаарах авч, үүнийг хийсвэр төдий авч үздэг. Энд тархийг оюун санаа гэж үзнэ. Харин бурхны шашны шинжлэх ухаанд оюун санааг тархинаас тусад нь судалдаг. Бурхны шашинд өрнийн шинжлэх ухааныг “өвөрмөц өгүүлэгч” тогтсон тааллын түвшинд тайлбарладаг. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд, судлаачдын нөр их хөдөлмөр зүтгэлийг үгүйсгээгүй билээ.

Өрнийн ба бурхны шашны шинжлэх ухааны судлагдахуун нь ялгаатай. Бурхны шашны шинжлэх ухааанд юмсыг оюун санааагаар өндөр түвшинд, нарийсган хувааж, задалдаг. Өөрөөр хэлбэл, тухайн зүйлийг ухаанаар шинжилж байгаа юм. Ямар ч багаж техник хэрэглэлгүй, амьтан дээр туршилт, тариа хэрэглэлгүй цэвэр оюун ухаанаар шинжилнэ. Иймд бурханы шашны шинжлэх ухаан багаж техникийн хөгжил, нарийвчлалаар хязгаарлагдахгүй, нээлт бүтээл нь хоцрогдож, няцаагдах гэж үгүй юм. Алтыг бурхны номтой зүйрлэхийн аргагүй хэдий ч, бид алтыг авахдаа хэрхэн шинжиж судалдаг билээ дээ.

Бурхны шашны шинжлэх ухаанд зөвхөн оюун санааны түвшинд гарсан ахиц дэвшил, ололт нээлтийг илүү дөвийлгөн, түгээн, дэлгэрүүлдэг юм.

3-р хэсэг.

Мунхагийн харшлагч нь билиг оюун, барилдагч нь уур хилэн, шунал мөн.

Аливаа юмс оюун санаанд баригдана. Орон нь юмс үзэгдэл. Оронтон нь оронг барих оюун ухаан юм. Оронтон заримдаа оюун санаа бүхий бодгаль болно. Оюун санааг ерөнхий онож буй ухаанаар нь ангилна. Харин оюун санааг өөрийг нь ангилах боломжгүй. Бодгаль ба оюун санаа салшгүй холбоотой. Бодгаль нь төгөлдөр бус хуран үйлдэхүй буюу оюун санааг хүлээн авагч тул юмсыг зөв ойлгож мэдэхгүй бол гэгээрэх зам мөрд алдаа гарч, эцсийн үр дүндээ үл хүрнэ. Юмс бүхэн оронтонгийн орон нь болно. Оронг ангилбал гүйцэгдэхгүй, хүний нас ч ингэхэд хүрэхгүй. Оронтон талаас оюун ухаан ба бодгаль байна. Барууны шинжлэх ухаанд оюун санааг тархи гэж үзэх тул оюун санааг дүрсэд тавьдаг. Орчин үед барууны эрдэмтэн судлаачид тархинаас салангид нэг оюун байна гэж эргэлзэх болсон.

Харшлах ба барилдах чанар: Аливаа юмсыг арвижуулдаг бол барилдах чанартай, багасгадаг бол харшлах чанартай гэж хэлдэг. Хоёр харшлагчийн дунд нэг эвсэгч ирж, улам нэгтгэх нь бий. Цөмийн зэвсэг, атомыг харшлагч олон зүйл/зайг нэг дор хүчээр хумисан гэж үзэж болно. Хүчээр хумисан зүйлийг тэслэхэд олон тийш задарч, хүчтэй дэлбэрнэ. Өөр хоорондоо харшлагчдыг бүрдүүлж, хорт үр дагавартай зүйл бүтээдэг. Орчин үед зэр зэвсэг бүтээж, ямар үр дагаварт хүрч байгааг бид харж байна.

Барилдах ба харшлахын бодит байдлыг бид сэтгэл дээр авч үзэх нь чухал юм. Бурхан багш сэтгэлийг ойлгуулахын тухайд гадаад юмсын зүй тогтол, шинж чанарыг үзүүлжээ. Сайхан сэтгэлийн харшлагч нь муу сэтгэл. Сайныг хөгжүүлбэл муу нь бүдгэрч, буурна гэж бодож, өөрийн сэтгэлээ удирдана.
Хүн төрөлхтөний эрт эдүгээгээс ч, одоо ч байсаар, цаашид ч байх зүйл нь аз жаргалыг хүсдэг юм. Орчин үед хүсээд байгаа аз жаргалыг бүтээх нь буруудан хэтэрч, үй олноор устгах зэр зэвсэг, айдас хүйдэст эзлэгдэж байна. Энэ аз жаргал мөн үү? Агуу их бүтээл, нээлт, технологийн дэвшил гарч байгаа хэдий ч, оюун санаа дотоод сэтгэлийн хөгжил үүнээс алд дэлэм зөрөх болсон. Энд тархи, мэдлэг боловсролыг яриагүй. Бурхан багш дотоод сэтгэлийг л онцолсон юм. Бурхан багш зөвхөн бурхны шашинтанд бус хүн төрөлхтөнд зориулж номоо айлдсан тул бодит байдлыг ойлгуулахын тухайтад гадаад байдлыг авч үзжээ. Хүн төрөлхтөнд дутагдаж буй аз жаргалыг нөхөж авахын тулд бид юмсыг судалж байна.

Бурхны шашинд 2700 жилийн өмнө нотлогдсон зүйлс өөрчлөгдөж, няцаагдах гэж үгүй. Ийм учир бурхны шашны гол арга зам нь оюунаа хөгжүүлэх юм. Ингэхийн тулд юмсыг харшлагч ба барилдагч талаас нь авч үздэг. Мод үгүй бол ширээ үгүй, арц ч үгүй. Ийм маягаар юмсын тогтолцоо, үүсч гарч буйг оюун санаагаар нарийвчлан судалж, багаж техникт үл баригдах асар жижиг хэсгээр задалж чадна. Гэхдээ бурханы шашин ийм зорилго тавиагүй. Бурхны шашны зорилго нь аз жаргал, айдаг зүйл нь зовлон болно. Аз жаргалд хүрэх сэтгэлийг энэ мэт задалж, барилдлага ба харшлалыг бодож нотолно. Ийм учраас бурхны шашин бол дотоодын шашин болно. Гол нь уур хилэн үүсэх учир шалтгааныг оюунаар тунгааж, үр дагаврыг бодож, арилгаж үгүй хийхэд чиглэх ёстой. Муу ба сайн барилдлага гэж байна. Мунхагийг (эс мэдэх) дарахгүй бол уур хилэн гарсаар байна. Галыг бүрэн дарж утааг дарах адил, мунхагийг дарж уурыг хорино.

Гэхдээ мунхагийг үндсээр нь дарах бидний гол зорилго юм. Мунхагийн харшлагч нь билиг оюун, барилдагч нь уур хилэн, шунал болно. Сэтгэл өөрөө баригдахгүй, харагдахгүй учир гадна талын юмсын барилдлага, харшлалыг мэдэж, үүгээр жишиж үзэх хэрэгтэй юм. Иймд барилдах ба харшлах чанарыг сайтар судалж ойлгох хэрэгтэй.

4-р хэсэг.

Асрал энэрлийн сэтгэл нь уур хилэнгийн харшлагч мөн.

Саланги бөгөөд өөр хоорондоо хамт нэг зэрэг орших боломжгүй, нийлэмжгүй билиг чанарыг харшлагч гэнэ. Юмсын хувьд халуун ба хүйтэн ус, сэтгэлийн хувьд асрахуй ба өслөхүй нь харшлагч болно. Асралын сэтгэл хэр их байна, өслөх сэтгэл тэр хэмжээгээр бага байна. Харшлагч хамтрах үед нэгийгээ иднэ, тэмцэлдэнэ. Хамаг амьтныг гэсэн асрах сэтгэл төрөхөд өслөх, уурлах сэтгэл үл төрнө. Иймд яаж мууг нь төрүүлэхгүй байх вэ? Асрал энэрэл мунхагийн харшлагч шалтгаан болж чадахгүй. Асрал энэрэл зөвхөн нисванисын гаднах өрвөлзөө, шинж тэмдгийг л дарна. Ертөнцийн бууралт доройтол бүхний суурь нь мунхаг (эс мэдэх) сэтгэлээс үүдэлтэй. Мунхагийн харшлах шалтгаан нь эс мэдсэнийг арилгаж, шүтэн барилдлага, хоосон чанарыг онох юм.

Гэрэл гэгээ харанхуйг хэр их эзэлж булаана, төдий чинээ гэрэлтэх адил, мунхагийн харшлагч билиг оюун хэр их хөгжинө, тэр хэмжээгээр мунхаг багасна. Асрал хайрын сэтгэл төрүүлэх хэмжээгээр уур хилэнгийн хүч буурна. Харшлах чанарыг мэдэж тогтоох зорилго нь сэтгэл дээр үүнийг буулгаж ойлгох юм. Сэтгэл дээрх нисванисын харшлагч ерөндөг нь юу вэ? Сайхан сэтгэл, бодийн сэтгэл юуны ерөндөг вэ? Хоосон чанар ямар сэтгэлийн ерөндөг вэ? гэдгийг ойлгож мэдэж, бид амьдралдаа хэрэгжүүлж амар амгалан аз жаргалыг олоход тэмүүлэх хэрэгтэй.

Нисванисийн сэтгэлүүд нэг ерөнхий шинжтэй. Чанх буруу хандлага нисванис бүрт гарна. Буруу нь байгаа болохоор зөв нь заавал байх ёстой. Бурууг нь арилгаж чадахгүй байгаа бол үүнийгээ нотлох хэрэгтэй. Хүн юунд, хэр зэрэг хордсон вэ гэдгээс хамаарч, эм эмчилгээний тун найрлагыг тогтоодог шүү дээ. Байгаа зүйлийг байхгүй, байхгүй зүйлийг байгаа гэж бодох оюуныг чанх буруу оюун гэж үзнэ. Бурхан багш чанх буруу оюуныг чанх зөв оюун болгохыг зорьсон. Гэхдээ хүн амьтан өөрөө л нисванисын муу сэтгэлээ зөв сэтгэл болгон урвуулж, байрыг нь солих ёстой. 84000 нисванисын ерөндөг 84000 байна. Энэ олон нисванисыг нэг нэгээр нь дарахад хэр хугацаа орох вэ? Эдгээр нисванисын сэтгэлийг үндсээр нь, нийтэд нь арилгах “би” үгүйг оносон билиг билгүүний оюуныг Бурхан багш заасан. Ийм оюуныг хөгжүүлэхийн тулд шүтэн барилдлага, хоосон чанарыг онож мэдэх юм.

Иймд оюун санааг засах арга нь тухайн зүйлийн байрыг солих, харшлалын зөв оюуныг хөгжүүлэх явдал билээ. Ертөнцөд тоо томшгүй олон мэргэд төрсөн нь 84000 нисванисыг эерэг сэтгэл болгон засах шүтэн барилдлага, хоосон чанарыг онож ерөндөглөхийг ойлгож, мэдсэний үр дүн юм. Тэд маш их хичээл зүтгэл, сайн ерөөлийг тавьсан буй заа.

5-р хэсэг.

Бурхан багшийн төгс оюунаар номлосны ачаар бид бэлэн будаа идчихээд өрнийн шинжлэх ухааныг болхи гэж хэлж болохгүй. Өрнийн шинжлэх ухааны хувьд дайн байлдаан, хэцүү хүнд нөхцлөөс ангижирч сайжрахын тулд бодит үнэнийг олох гэж их хүч, нөр их хөдөлмөр гаргасан бөгөөд одоо сайжрах үндэс суурь нь бүрдсэн.

Дэлхийн хэлбэр, гариг эрхсийн хөдөлгөөн, зүй тогтлыг Галилей XVI зуунд нээсэн гэж үздэг билээ. Энэ нээлт тухайн үед ертөнц даяар зарлан тунхаглагдаж, сурталчлан таниулж, тэмдэглэгдэж ирсэн. Харин Ловон Арьяабадраагийн V зуунд бичсэн ном судар дахь тайлбар орчин үеийн дээрх тайлбартай нийцдэг бөгөөд нар хиртэлт, нар, сар гарагийн тогтолцоо бүгдийг нарийн дэлгэр тайлбарлаж үлдээжээ.

Өрнийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр Дорнын соёл доройтно гэж үздэг үе байлаа. Бүр шашныг хар тамхи гэж байв. Харин одоо тэс өөр гэдгийг ойлгож ухаарах хүн олширчээ. Дээрхийн гэгээн XIV Далай багш анх 1960 онд Чойрын ном сургаалыг (учир шалтгаан, логикт тулгуурлан шалгадаг ухаан) түвдийн дунд сургуульд хэрэглэж үзэх гээд дэмжигдээгүй, 10 жил завсарлаж байжээ. Харин энэ нь орчин үед барууны орны хүмүүст дэлгэрч, ихээхэн дэмжигдэх болсон.

Өрнө, дорнын шинжлэх ухаан хоорондын гүүр холбоос нь тодорхой бус байв. Материаллаг байдал дээрх харилцан уялдааг сэтгэл дээр харгалзуулан авч үзээгүйгээс холбоосгүй мэт болсон юм. Аль аль нь аз жаргалд хүрэх гэсэн нэг зүйл үрүү чиглэдэг. Юмсыг судалж үзээд, түүнийг сэтгэл дээрээ хэрхэн холбох вэ? гэдгийг сайтар тунгааж бодох хэрэгтэй. Хүн гэдэг сэтгэл дээрээ жишин үзэж, үр дүнг тодорхойлдог, судлаач, шинжээч байх хэрэгтэй. Сэтгэлийг л бид зорилгоо болгоно. Сэтгэл яавал дүүрэн байх вэ? гэж бодож, зөв чиглүүлэх хэрэгтэй. Бид гадаад зүйлсийг чухалчлаад байгаа учраас л сэтгэлийг шашны зүйл гэж ойлгож, хөндий байгаад байна. Цаашид энэ талыг сайтар судалж, үзэл хандлагаа өөрчилж, дээшлүүлэх нь чухал.

Наландрын хийдийн бандида Нагаржуна, Арьяандэв, Дармагирди нар тэр үеийн квант физикчид гэж болох мэргэд уг үр, учир шалтгаанд үндэслэн юмсыг оюунаараа олж, судалж, тогтоож байжээ. Нагаржуна гэгээнтэн тухайн үеийнхээ агуу их судлаач, инженер, зурхайч, эмч хүн байсан гэж хэлж болно. Тэд сав шим ертөнцийн үүсэл хөгжил, тогтолцоо, цаг хугацааны тоолол, хүний биеийн анатоми бүтэц, хумхийн тоосны бүтэц, жин хэмжүүр, хувирал өөрчлөлт, цагийн хэмжээс, мөнх ба мөнх бус байдал, амьтны төрөл, төрөх үхэх зэрэг олон тогтолцоо, зүй тогтлыг судалж шинжилж, баталсан олон мэргэдийн төлөөлөл юм.

Орчин үед эм тариа зэргийг амьтан, хүн дээр туршиж үзэж, эмчилгээ зааврыг гаргаж байна. Гаргасан эм олон жилийн дараа сөрөг үр дагавар гарах, няцаагдах, зогсоох, өөрчлөх хэрэг гардаг. Дорнын анагаах ухаанд эмийг ургамлаар, биеийн байдалтай нь тохируулан, бусад эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэхгүй түвшинд хийдэг. Үүнийг яаж хийдэг вэ? гэж судалбал, энэ бол Бурхан багшийн Дөрвөн үндэс ном сударт зааж, номлосон байдаг юм. Ингэхдээ хүн амьтанд ямар ч хөнөөлгүй, төгс оюунаар бүтээж, болгоосон бөгөөд сэтгэлтэй нь хамт илаашруулах аргыг зааж өгчээ.

Та бүхэн бурхны шашны шинжлэх ухаан, үзэл онолын хураангуйн номын талаар дэлгэрэнгүй судалж мэдэхийг хүсвэл №1 тайлбарт үзүүлсэн номыг эрдэмтэн лам багш нараар хөтлүүлэн, сонсч судалж, мэдээрэй.

Монголын ард түмний маань сэтгэл нь тунгалаг хурц, хэл нь ариун, явдал нь зөв, үйлс нь үргэлж бүтэх болтугай.