Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Амарбуянтын хийд

17 дугаар зууны үед монголд шарын шашны сүм хийд 40-50 байсан бол 18 дугаар зуунд 120 орчим болсны нэг нь Амарбуянт хийд юм. Амарбуянтын хийдийг чухам хэдэн онд хэрхэн байгуулсан нь төдий л тодорхой бус аа. Олон хүний ярианаас үзвэл Манжийн хааны тэнгэр тэтгэсний 16 дугаар он буюу цагаан морин жилээс /1750/ байгуулж эхэлжээ.
Тус хошуунд шарын шашныг дэлгэрүүлэхэд их үүрэг гүйцэтгэж олны дотор хүндлэл олж, нэр нь алдаршсан хүний нэг нь Дугар зайсан /Госорбандида/ юм. Дугар зайсангийн талаар домог яриа олон байдаг.
Дугар баруун говьд тэмээчин байжээ. Тэрээр бичиг номтой дүвчин хүн байсан ажээ. Баруун зуугаас бурхны ном залахаар тэмээгээр очиход замын тангадууд «Халхаас аюул ирлээ» хэмээн хардлага сэрдлэгээр угтжээ. Дугар хийдийн янпийнаас тэмээгээ уяад дуганд оржээ. (Уул нь янпийнаас тэмээ уях нь байтугай түүний орчинд унаа малтай очих учиргүй). Дугар «Бурхан, лам залахаар ирлээ» гэсэнд «Өөрөө олж ав гэжээ».
Бурхнуудын дундуур явж сэлэмнийхээ үзүүрээр тогшиход “Тор тор” хэмээн дуугарсан гуулин бурхныг авах болжээ. Бас хурал хурж байсан лам нараас үүдэн хэсэгт сууж байсан бяцхан хувраг ганцаараа сэлмний үзүүрээс өчүүхэн ч дальдраагүй тул тэр ламыг залах болжээ. Зуугийн тэргүүн нь Дугарт «Бурхнаа газарт бүү тавиарай. Ламаа ганцааранг нь битгий орхиорой» гэж захижээ. Дугар, бурхан лам хоёроо авч явсаар хошууныхаа нутагт ортол олон гөрөөс харагдав. Түүнийг шохоорхон бурхан, лам хоёроо газарт түр саатуулаад гөрөөсний араас давхиж гэнэ. Буцаж ирэхэд нь лам нь байдаггүй, харин бурхан нь газарт гүн шигдсэн байв. Бяцхан хувраг нь эргээд нэлээд хол явсныг гүйцэн тогтоож авчээ. Харин газарт шигдсэн бурхныг татаад хүч хүрсэнгүй тул бүсэлхийгээр нь тас цавчаад «Дуртай цээж нь яваг, дургүй бөгс нь сууж байг» гээд цээж бурхнаа аваад ирсэн нь Гомбогүр бурхан байжээ гэсэн домог буй. Залагдсан бяцхан хувраг Тангад нутагтаа сэтгэл хоргодонгуй явааг ажсан Дугар зайсангийн дагалдан нь «Газрын холоос» гэдэг уртын (бэсрэг) дууг зохиож дуулсан юм гэнэ билээ гэсэн яриа байдаг. Дугар зайсан шажин дэлгэрүүлэхээр хошуундаа ирээд 3 жил болсон ч чухам хаана сүмээ байгуулахаа шийдэж чадсангүй. Тэгээд зүүн зүг явж байгаад нэгэн мэргэн төлгөч хүнтэй уулзан мэргэлүүлжээ. Тэр хүн «Таны явдал тань илүүдэж байх шиг. Та хурал номын газраа олчихсон юм шив дээ» гэснээр эргэн ирээд Залаажинстын нурууны ар Гэцийн ус гэдэг газарт сүм байгуулахаар эхэлж газрын нэрийг өөрчлөн «Мөнхийн ус», манзны ус байгаа газраа «Зоогийн ус» гэж нэрлэсэн гэдэг. Дугар зайсангийн том сэлэм нь одоо Амарбуянтын хийдэд буй.
Амарбуянт хийдийн гэгээнтнүүд
1. Агваансодном-Иш
2. Лувсаннамжил / Өвгөн тойн гэж ярьдаг/
3. Дүвчин дүр гэж алдаршсан Лувсандовдонжанцан
4. Мэргэн дүр гэж алдаршсан Лувсанбавуудагва
5. Жаахан дүр гэж алдаршсан Жамбалдамбийжанцан.
Овоо тахилга.
Тус хошуу Байн нуруу /Баян-Овоо/, Гичгэнэ /Бундирын овоо/, Баянцагаан /Тахилгат/, Жинст уул /Залаа жинст/, Бор овоо гэсэн таван уулыг тахидаг. Эдгээрээс Байн нурууны Баян-Овоог таван уулын ахлагч хэмээн машид хүндлэн тахидаг. Чулуу жигдлэн өрж, суварга хэлбэртэй бүтээсэн Баян-Овоо нь Баян-Өндөр сумын төв Булганаас арваад мод хол байдаг. Дээр үед энэ тахилгат овоо нь Байн нурууны Баян-Өндөр ууланд байсныг Дугар зайсан нүүлгэж одоогийн байгаа газар Хунгартын нуруунд бариулж тахиж эхэлсэн гэдэг. Баян-Овоог тахихдаа цагаан тахилга үйлдэж халзан цагаан хонь сэтэрлэдэг.
Урьд Дүвчин дүр Урианхайн нутагт нэлээд удаан хугацаагаар явжээ. Нутаг орноосоо хол явахад нутаг их гандуу, ард олноороо нэлээд ядарч зүдэрсэн байдал мэдэгдсэнд яаран буцсан байна. Хошуу нутгийн зах уруу орж ирмэгц ган гачигтай нь мэдэгдлээ. Бунхантын хойно хэсэг газар бозлогны таанатай байсан тул Бозлогт гэж нэрлэсэн юм гэдэг.
Дүвчин дүр Шарбулагийн уснаас сав дүүрэн хийлгэж аваад бараа бологчдодоо хандан «Та нар түргэн яваад хүрээндээ оч. Би Баян-Овоогоор дайраад очно» гэж айлджээ. Хүмүүс явсаар Үрээ уруудан хүрээнд дөхөж явтал бороо асгарч эхэлжээ. Дүвчин дүр Баян-Овоог тахиж ташуурдан ус цацаж эхэлмэгц бороо орсон нь тэр юм. Ламтан хоёр шадартаа хандан «Арай ч дэндүүлчихэв үү дээ. Энд нэг гэлэн бий. Зүрх муутай юм даг…» гэж айлдсан гэдэг. (Баян-Овооны савдаг нь гэлэн хүн байдаг) Тэр өдрөөс эхлэн хур бууж хошуу даяар ган тайлагджээ гэсэн домог бий.
Овооны орчимд махан шүүс ойртуулдаггүй, ямар ч махны бараа харуулдаггүй уламжлалтай. Баян-Овооны тахилгын эхэнд Байн нурууг “Шатан, Тух, Гал хад, Саадаг хайрхан дөрвөн ноён, найман түшмэлтэй” хэмээн магтан өгүүлдэг. Уул бүхэн нь өвөрмөц онцлогтой тул сан нь өөр өөр юм. Жишээлбэл Бор овооны сан нь Лхачинбалбар юм байна. Иймээс ном чогийн дагуу тус тусын сан сэржмээр тахидаг. Баянцагааны нурууны Бор голын эхний Дэлгэрийн овоог Тахилгатын хамт тахидаг. Жинстийн нурууны ноёлог өндөрлөгийг Богд /Залаа/ хайрхан, Хатан хайрхан, Түшмэд хайрхан гэдэг. Залаа жинст хайрхныг аргаль дуутай, зараа үстэй догшин уул гэлцдэг. Алтан ууланд туссан өглөөний нарны туяа Жинстийн мандалд дамжин тусдаг. Тэгэхээр залаа жинстийн унага нь нарны гэрэл гялсхийх мэт хурдан удамтай гэсэнг домог бий.
Залаа, жинс бүхий энэ уулын овоог тахихдаа тэнгэрийн сэтэр хэмээн хар морь сэтэрлэх ёслол болдог байжээ. Шинээр сэтэрлэх морио арц хүж тэргүүтнээр ариулаад сэтэрлэнэ. Дараа нь хуучин сэтэрт хүлгийнхээ сэтрийг авч овооны заламд уяж шинэ сэтэр зүүдэг.
Гичгэнэ уул нь хараа өндөртэй тул олон зүйлээс харж хамгаалдаг гэж үздэг. Цэнхэртэгч их говийн чимэг болсон цэнхэр уулсын хамгийн өндөр энэ уулын Бундирын овоог нутаг орон, түмэн олноо гал усны аюул, элдэв гай барцдаас хамгаалж аврахыг даатгаж тахиж иржээ. Бундир гэдэг нь хүний нэр юм.
Уулын оройд байсан Бундирын овоог бусдын нутаг уруу хараад байна гэж үзэж, хошуу, хүрээ үрүүгээ харуулан уулынхаа өвөр Худагшандны зүүн хойт оройд байрлуулсан гэдэг билээ. Дээрх овооноос гадна Дөрвөлжин /Дөш/ буюу Тэгшмандал хайрхан, Улаанчулуу, заган овоотой Толь овооно булгийг гол, булаг, нуураас Хутуг нуур, Олон нуурын нэгэн нуурыг тахидаг. Түүнийг «Тахилгат нуур» гэдэг. Уул овооны тахилга үйлдсэний дараа цагаан тал, тэгш газар бууж морь уралдуулж, бөх барилдаж овооны наадмын хурдан морь уяачдын байрладаг байсан газар юм.
Тус хошууны тамгын газар онцгой шаардлагатай гэсэн үедээ Гаанжуур эргэдэг байжээ. Хошуу нутгаа тойрон гаанжуур эргэхдээ лам нар гаанжуурын баринтагтай ботиудыг ширмэл эсгий гэрэнд боть ботиор нь хийж тэмээнд ачаад хошууны хилийн зурхайг баримтлан нутгаа нар зөв тойрон хамгийн захын айлуудаар дамжин гаанжуураа залж уншлага уншдаг байжээ. Үүнийг гадуур эргэлт гэдэг байв.
/Балдандорж. Л. Юн бэйсийн хошуу Амарбуянт хийд. Баянхонгор аймаг. 1996 он/