Данбадаржайлин буюу Шажныг бадруулагч хийд 1930 оноос өмнөх үе

Дамбадаржаа хийд

Данбадаржайлин буюу Шажныг бадруулагч хийдийг эзэн богд Чингис хааны алтан ургаас тодорсон хоёр богдын нэг Халхын шашны тэргүүн II Богд Лувсандамбийдонмэгийн дурсгалд зориулан байгуулжээ.

II Богд Халхын Түшээт хан Дондовдоржийн хатан, Хотгойдын Даш тавнангийн охин Баяртаас 1724 онд лагшин мэндэлжээ.

Богдыг таван нас хүрмэгц Саадаг толгой хэмээх газар Халхын шашны тэргүүнд өргөмжлөх их ёслол үйлдсэн бөгөөд Манжийн хаанаас урьд Өндөр гэгээн Занабазарт олгосон эрх ямбыг уг хэвээр нь шилжүүлэн шагнажээ.

II Богд Өндөр гэгээн Занабазарын нэгэн адил Халхын ихэс дээдэс, ард иргэдийн дунд нэр нөлөө ихтэй байсан бөгөөд 1758 онд Манжийг эсэргүүцсэн хөдөлгөөний толгойлсон Хотгойдын шадар ван Чингүнжав, Өөлдийн Амарсанаа нарыг дэмжсэн хэмээн толгойлсон гэх хэрэгт сэжиглэгдэн хортой эм хүртэж таалал төгсжээ.

Хамгаас эрхэмлэн шүтдэг асан цэл залуухан 34-н настай богд гэгээн гэнэтхэн таалал барьсанд Халхын хар, шар олон гайхаж эргэлзэн, лавтайяа богд гэгээнийг маань Манжийн төр хорлов хэмээн сэм ярилцаж байсан гэдэг.

1759 онд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан “Чимээ аниргүй нойрсож буй II Богдын шарилыг хүндэтгэн тахихын тулд хааны их сангаас хөрөнгө гаргаж тусгаар хийд байгуулан үйлдье” хэмээн Халхын Зоригт ван Санзайдоржид “Дуган сүмийг байгуулах газрыг шинжин товлож мэдүүлсүгэй” хэмээн зарлиг болжээ.

Тийнхүү 1761 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Сэлбэ голын зүүн салаа Цэлхийн голын цутгал Зонхов хайрхны энгэрт байгуулахаар шийдэж, 1765 онд байгуулан аравнайлжээ.

Барилгын ажлыг хариуцагч Зоригт ван Санзайдорж хаанд айлтгаснаар Данбадаржайлин буюу Шажныг бадруулагч хийд хэмээх номын нэрийг олгож Туул гол хүртэлх Сэлбийн голын хөндий буюу одоогийн Улаанбаатар хотын төв хэсгийг хийдийн газар нутагт харьяалуулсан байна.

1937-1938 оны үед хийдийг хааж, бурхан тахил, ном судруудыг устгаж, модон барилгуудыг буулган зөөж, ямпай хана, хэрмэн хашаанд орох хаалган байшин, Махаранзийн сүм, хашааны гадна дотно байсан дөрвөн суваргыг нурааж, хөх тоосгон хэрмэн хашааны заримыг буулгажээ.

Тус хийдийн 107 ламд цаазлан хороох ял оноож, 103 ламын эд хөрөнгө, нас, албан тушаал, нутаг ус, нийгмийн байдал зэргийг тэмдэглэн тухайн үеийн Дотоод яамны архивт хадгалжээ.

Харин цогчин дуганы барилгыг сувиллын ба эмчилгээний өрөө тасалгаа бүхий амралт сувилал болгон өөрчилсөнтэй холбогдуулж уурын зуух, бохир усны цооног, хойт энгэрт нь усан сан, хүнсний зоорь барьсан байна.

1938-1939 онд Аж үйлдвэрийн комбинатын ажилчдын амралт сувиллын газар, 1947 онд Япон цэргийн олзлогсдын хэрэг эрхлэх газрын эмнэлэг, 1950 онд сүрьеэ өвчний эмнэлэг, 1980 оноос өндөр настныг сувилах эмнэлгийн зориулалтаар ашиглаж байжээ.

1990 оны цагаан морин жил Дашрэнчин Очиржав тэргүүтэй өтгөс хуврагууд богд гэгээний Лаврин сүмд сан тавьж, анхны цогчин хурал хурж байнгын үйл ажиллагааг нь сэргээсэн бөгөөд өдгөө нийт 30 гаруй лам хуврагтайгаар өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байна.