Хадан дээрх Дагвасүндэл

Зүүн жанжин Чойрын хийд

Боржигин нутгийн Зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дугана байсан газраас холгүй арын Цагаан дарь эх хэмээх хадны бурхан бий. XIX зууны эхэн 1820-иод оны үед бүтээгдсэн энэхүү бурхны сийлбэр нь боржин чулуун хадны элгэн биеэс ургуулж өндрөөшөө долоон тохой хагас /нэг тохой нь 32 см/ талбайд товойлгож сийлсэн.
1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хижиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг. Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэдэг.

Говьсүмбэр аймагт орших хийдэд гарсан халуун хижиг өвчнөөр олон банди нар өвдөж, хоногт хэдэн арваараа үхэж “Дөрвөн мааньт” гэдэг газарт ачин оршуулж байх үед Сансарын хадны Дарьмаа бүсгүйн ганц хүү хийдэд шавилан сууж байв. Энэ үед хийдийн гол хаалгыг чиглүүлэн Дарь эх бурхныг бүтээн олон лам нарын амийг хэлтрүүлсэн бурханчид баярласан Дарьмаа хүүхэн ганц хүүгээ шавь оруулан хожим бурханчийг өндөр наслаад өөд болоход нь хуврага хүүгээ дагуулан Оцол богд уулын оргилд авирч хүрээд зүрхэн улаан хадны энгэрт Дарь эх бурхны өөдөөс харуулан Сүндэл бурхныг сийлж бүтээлгэжээ. Дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дундаас догшин дүрт Сүндэл бурхан алс тэртээд цав цагаанаар цайвалзан үзэгдэх Цагаан Дарь эхийг эгцлэн харуулж дүрслэн бүтээсэн байна. Ийнхүү Дагвасүндэл бурхан, Дарь эх хоёр байгаль эхийн барьсан байц хад зүрхэн халил дээр барилдлага болон мөнхөрсөн түүхтэй. Дагвасүндэл бурхан бүтээгчийн уран гар цаасан дээр биш хадан дээр гал амилуулж догшин нүүрний аймшигт харц чөтгөр шулмасыг үлдэн хөөх сайн цагийг бэлэгдэн өгүүлжээ. Эдүгээ энэ бурхныг нутгийн ардууд “Эрэгтэй хүн тахин шүтдэг” хэмээн дээдлэн шүтсээр байгаа билээ.
Дагвасүндэл гэдэг нь нийлмэл бурхан бөгөөд Боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн ба уг бурхны нэр нь Даа чаг сүн сон юм. Энэ нь Дамдин Чагдар Чунт гэсэн бурхдын нийлбэр гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Очирваань бурхны орой дээр Хаянхирваа бурхны титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурхны бэлгэдэл хангарьд шувуу байрладаг юм. Бурхны тарни нь “Ум базар ваани хаянхярваа гаруна хум пад” гэх бөгөөд энэ тарнийг уг бурхны доор бичжээ.
Эрчүүдийн шүтээн, цог хийморийн билэгдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулахыг ерөөлт бурхан Цагаан дарь эх, хүүхдэд ээлтэй хэмээн шүтэгч Хүүхдийн овоо нь аливаад тэгш дүүрэн гэр бүлийг баттай амар амгалан оршоох хийгээд хүүхдийн эрүүл мэндэд үлэмжийн өршөөлтэйн дээр айлын ганц хүүхдийн амь болоод хийморь сүлдийг өргөх тусыг агуулдаг хэмээн шүтсээр иржээ. Энэ гурвалыг сүсэглээд дээрх газруудаар мөргөж хүндэтгээд ирэхэд аравнай шүншиг адис жанлав тэгширч лус аргадах тэнгэрлэг шүтээний авралд багтаад ирдэг гэсэн домог яриа байдаг.