Нагаржуна Нагаржунай - Цогт Наландрын 17 их бандида

Наландра хийд

Дэлхийн хамгийн анхны Их сургууль хэмээн алдаршсан Наландра хийд нь Бурхан багшаас хойш 200 жилийн дараа гарсан түүхтэй бөгөөд энэхүү их хийдийг анх Миейванбу хаан үндэслэсэн гэдэг. Наландра хийдээс Бурханы шашны их, бага хоёр хөлгөн байдгийн их хөлгөний ном түгэн дэлгэрсэн юм. Нагаржунай, Асанга тэргүүтэй Энэтхэгийн 17 их бандида энэхүү их хийдэд суун ном зохиолоо туурвиж байжээ. Түүнчлэн нэгэн дор 500 бандида, түмэн гэлэн энэхүү хийдэд шавилж бурхны шашны их хөлгөнийг Энэтхэгийн өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлж байжээ. Түвдийн бурхны шашныг ариутган шүүж, наран мэт мандуулсан Жовужи Балдан Адиша гэгээн ч гэсэн энэхүү хийдэд шавилан сууж байжээ. Наландра хийдэд бурхны шашны их хөлгөний судар тарнийн ёсыг хослон барьсан олон хутагтан бандида нар сууж номын их хэлцээнийг үүсгэдэг байсан бөгөөд бурхны шашны номын их мэтгэлцээн энэхүү их хийдээс үүсэлтэй билээ. Наландра хийдийн адис жинлав ихт шүтээн суврагууд болон эрдэм номд боловсорсон бандида хутагтуудын түүхт намтрыг нийт бурхны шашинтнуудын дунд өнөөг хүртэл ам дамжин ярьсаар байдаг. Наландра хийдийн их хөлгөний уламжлал Түвдээр дамжин Монголд орж ирсэн билээ.
Бурхан багшийн зарлигт тайлбарыг хийсэн Энэтхэгийн 17 их бандидагийн ном сургаал нь Их хөлгөний шашинтнуудын үзэж судалдаг гол ном билээ. \/||| зууны үед Хятадын Шянзун буюу Тансан лам Наландра хийдэд ирж бурханы номд суралцан өөрийн орондоо судар номыг залж байсан түүхтэй. Тансан ламыг ирэх үед энд арван мянга гаруй гэлэн байжээ хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
Одоо үед Энэтхэгийн засгийн газраас их хийдийн туурийн аравны нэгийг малтан гаргаад байгаа бөгөөд олон мянган бандида нарын сууж гэгээрлийн хутгийг олж байсан энэхүү дагшин орон нь сүсэгтэн олны эргэл мөргөлийн гол газруудын нэг болоод байна.