Цогт төгөлдөр Маджүд дацан

Цогт төгөлдөр Маджүд дацан

Шарын шашинтны Нууц тарнийн дацанг Богд Зонховын зарлигийн дагуу Жавзан Шийрав Сэнгээ бээр байгуулсан нь одоогийн Маджүд дацан билээ.

Маджүд дацан байгуулагдсан түүхээс дурдвал, 1419 онд Сэра Чойдин гэдэг газар Богд Зонхов бээр олон мэргэд шавь нартаа Нууц тарнийн олон гайхамшигтай увдис хайрласан байна. Тэр цагт Цогт Сандүйн Жүд тантрын номыг мутартаа барин “Ирээдүй цагт энэ номны эзэн болж чадах хэн байна” хэмээн гурван удаа асуухад олон мэргэд шавь нараас нь хэн ч хариу хэлж зүрхлэхгүй байсанд Жавзан Шийрав Сэнгээ бээр олон мэргэдийн дунд босон “Би энэ номны эзэн болж чадна” хэмээхэд Богд Зонхов бээр сэтгэл нь машид баясч “Дөрөв хавсарсан тайлбар” (Дэлба Шивраг), алтаар бүтээсэн Цогт Сандүй бурхан, тарнийн номны зан үйлд хэрэглэдэг гавал тэргүүтэй ихэд адис жинлав оршсон шүтээн сэлтийг түүнд өгөөд “Нууц тарнийн шашны эзэн” хэмээн сайшааж Нууц тарнийн шашинг ирээдүйд дэлгэрүүлэх дор бошголсон гэдэг.

Тийнхүү бошголсоны дагуу Зан нутагт Сраджүд дацанг байгуулсан бөгөөд 1433 онд Үй нутагт Цогт төгөлдөр Маджүд дацанг байгуулсан түүхтэй.

Жавзан Шийрав Сэнгээ бээр Нууц тарнийн Маджүд дацангаа байгуулж хамбаар сууснаас хойш 100 орчим мэргэд тус дацангийн хамбаар суусан байдаг.

Эхэнд “Дөрөв хавсарсан тайлбар” (Дэлба Шивраг) номын номлол бүтээл ба түүнээсээ “Үүсгэлийн дараалал шид бүтээлийн далай” (Жэдрим ойдүв жамц) “Төгсгөлийн дараалал таван дарааллын тодорхой зул” (Зогрим рим-а салдон) тэргүүтэй Цогт Сандүйн жүд тантрын номлол бүтээлийн суурийг тавьсан байна.

Түүнээсээ “Дэмчиг нууц утга бүхнийг тодорхойлогч” (Дэмчиг байдон гүнсал) тэргүүтэй Дэмчиг, Жигжид сэлтийн Үүсгэл, Төгсгөлийн дарааллын анхааран авал дэлгэрсэн ба хот мандал зурж бүтээх тэргүүтэй асар ариун зан үйлийн ёс ч мөн дэлгэрэв.

Цогт Маджүд дацан нь гадаад Винайн анхааран авал болох суурийн гурван зан үйл, дотоод гүн Нууц тарнийн бясалгал бүтээл сэлт судар, тарнийг хослон барилдуулж анхааран авдаг гайхамшигт уламжлалтай билээ. Тус дацангийн гол Идам нь Сандүй, Дэмчиг, Жигжид гурав бөгөөд сахиус нь Гомбо, Чойжоо сэлт юм.

1959 онд цагийн эрхээр Төвдөд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болж Энэтхэгийн Далхор, 1972 онд Өмнөд Энэтхэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах болсоноор судар, тарни хоёрт суралцдаг тусдаа дацан сургууль болж сэргэсэн билээ.

Тусдаа дацан сургууль болж үйл ажиллагаагаа сэргээснээр судар, тарни, ухааны оронд суралцдаг дацан болтолоо өргөжсөн бөгөөд одоо цагт олон гадаад хэл, шинжлэх ухаан тэргүүтэй орчин цагийн эрдэм мэдлэгийг ч мөн олгож байна.

Урд хуучны ярианд “Энэтхэгийн 500 дайснаа дарсан (нисванис буюу сэтгэлийн гэмээс хагацсан) бодьгалыг билэгдэж 500 лам хуврагтай” гэх яриа байсан ч сүүлийн үед төгсөх зиндааны лам хуврагтайгаа нийлээд нийт 1000 гаруй лам хуврагууд байна.

Төвдийн Үй нутагт Жүдмаддод хэмээх тарнийн хоёр дацан байсан нь газрын байрлалын ялгаагаар Маджүд хэмээн нэрлэгдсэн ба тус дацан нь шарын шашинтаны Нууц тарнийн хамгийн том дацан сургууль байсаар байна. Тус дацангийн нэрийг олон янзаар хэлж ирсэн бөгөөд тэдгээр нь Жүдмад дацан, Энэрэнгүй дацан, Сандүй дацан гэх мэтээр нэрлэж иржээ.