Эрдэнэ Зуу хийд суваргуудтайгаа

Эрдэнэ Зуу хийд

Монгол орноо бурхны шашин гурвантаа дэлгэрсний анхдугаар, дунд, хожуу дэлгэрэлтийн дурсгал бол Эрдэнэзуу хийд юм.

Нийтэд түгсэн ойлголтоор Эрдэнэ зуу хийдийг XVI зуунд байгуулсан гэдэг ойлголт нэн түгээмэл байдаг.

V зууны үест Монгол нутагт мандаж байсан Уйгурын хаан Богочур анх байгуулсан ба түүнтэй он цаг чацуу Сэлэнгэ мөрний хөвөөнд Бивлэг нэгэн хийд байгуулсан нь хожим сунжран Бий булагийн хийд гэх болжээ.

Мандал бууралтын жамаар доройтож ач холбогдол нь буураад байсан Хархорумыг улсын нийслэл болгон, Өгөөдэй хааны зарлигаар Түмэн амгалант ордонг байгуулж, Их Монгол улсын төрийн бодлогоор арилжаа наймааг дэлгэрүүлж, газар газрын уран барилгачдыг авч ирж барьж байгуулсан түүхтэй.

Их Монгол улсын задралын дараа бага хаадын хямрал тэмцлийн дунд эвдэрч сүйдсэн Эрдэнэзуу хийдийг эзэн богд Чингис хааны алтан ургийн хүн болох Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын элэнц эцэг, Автай сайн хан сэргээжээ.

Автай хан 1581-1583 онд элч зарж, Түвдийн шашны тэргүүн ламыг залж, Хөх нуурын газар 1586 онд биечлэн уулзаж, Очирай сайн хан цол, тамгаар шагнагдаж, бурхны шашныг Халхад дэлгэрүүлэхээр ярилцан Эрдэнэ Зуу хийдийг сэргээх ажлаа эхлүүлжээ.

Тэгэхдээ урьд нь 1585 онд эхлээд байсан сүмийн гол нурууг (одоогийн гол Зуу сүм) гал нохой жилийн зуны дунд сарын 15 буюу нийтийн тооллын 1586 онд тавьснаар Эрдэнэ Зуу хийд сэргэн байгуулагдах үндэс суурь болжээ.

Эрдэнэ Зууг анх үүсгэн байгуулахдаа огт цоо шинэ газарт байгуулаагүй, харин эртний Хархорум хотын туурин дээр сэргээн байгуулсан нь машид гайхамшигтай бөгөөд монголчуудын уламжлалт хот төлөвлөлт, барилга архитектур, урлаг соёл, шашин мөргөлийн нандин өвийг нэгэн зэрэг агуулж байгаа юм.

Эрдэнэ Зуу хийд нь хааш хаашаа 400 гаруй метр хэмжээтэй Соёмбот 108 суваргат дөрвөлжин хэрмийн дунд байрлах ба хэрмийн хойд хоёр өнцгөөс Хархорум хотын их шороон хэрэм умар зүг үргэлжилнэ.

1999 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол-Германы хамтарсан экспедицийн судалгаа хэмжилтээр Хархорум хотын хэрмээр хүрээлэгдсэн талбайн хэмжээ 1500х1000м гэж тодорхойлсон.

Гэхдээ 1995-1996 онд ЮНЕСКО-оос зохион байгуулсан Хархорум хотын туурийг авран хамгаалах экспедицийн судалгааны үр дүнд Монголын эзэнт гүрний хот байгуулалттай холбоо бүхий олон тооны барилга байгууламжийн туурь болон археологийн олдвор хэрэглэгдэхүүн, уртаараа 3.2 км, өргөнөөрөө 2.5 км талбайд тархсан нь тодорхой болсон билээ.

Монголын эртний түүхэн сурвалж бичиг болох “Асрагч нэртийн түүх”, “Эрдэнийн эрхи”, “Эрдэнэ Зуу ба Өндөр гэгээний намтар” зэрэгт Эрдэнэ Зуугийн үүслийн тухай “…урьд Өгөөдэй хаан суусан ба хойно Тогоон төмөр хаан сэлбэн барьж суусан Шарга Азарга хэмээх Шанхат уулын ар дахь Тахай нэрт хуучин балгасанд индэр дэлдэж Эрдэнэ Зуу хэмээх шүтээн бүтээж…” хэмээн газар орон, он цаг, эзэн хаадыг маш тодорхой дурьдсан байна.

1252-1254 онд Хархорум хотод ирж байсан Персийн түшмэл Ала-ад-Дин Ата-Малик Жувейний “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх”, Франц санваартан Гийом де Рубрукын “Монголын Эзэнт гүрэнд зорчсон нь” зохиол болон 1272-1289 онд Хубилай хааны дэргэд алба хашиж байсан Италийн худалдаачин Марко Пологийн аян замын тэмдэглэлд “…Хархорум хотын дэргэд хаанд зориулсан дөрвөн үүдтэй том цэцэрлэг байгуулагдлаа… Хаан энэ сайхан ордондоо жилд 2 удаа морилон ирдэг…” хэмээн тэмдэглэжээ.

Түүнчлэн 1891 онд ирсэн “Орхон шинжилгээний анги”-ийн ахлагч, академич В.В. Радлов <<Уг хийд нь тал бүрдээ 250 сажень /1 сажень – 2.13 м / орчим урттай, тэгш дөрвөлжин хэрмээр хүрээлэгджээ. Тал бүрд нь 22 суварга, ханын голд тоосгоор барьсан хаалгатай.

Шинэ барьсан хана нь зузаан бус. Хар балгасынхтай ижил шавар үелүүлэн дэлдэж хийсэн хуучин ханаас ялгарах ажээ. Хуучин хэрмийн хана 3 сажень гаруй өргөнтэй бөгөөд одоо дээгүүр нь өвс ургасан далан байдалтай байгаагийн дээр шинэ ханыг барьсан байна.

Үүнээс үзэхэд уг хийд нь эртний барилгын дээр, лам нарын ярьдагаар ямар нэг бэхлэлт цайзын дээр баригдсан нь тодорхой юм.>> гэж тэмдэглэсэн бол 2005 оноос Монгол-Германы Хархорум Экспедици Эрдэнэ Зуугийн ханан хэрэмний доороос удаа дараагийн сорилтын малтлага хийхэд шургааг модоор бэхэлгээ хийж нүүрэн талыг нь тоосгоор өнгөлсөн, шавар дэлдэн дагтаршуулж үйлдсэн 8-9 м гаруй зузаантай хүчирхэг хэрмэн дээр баригдсан нь нотлогдсон юм.

Эдгээр бичгийн сурвалж болон археологийн судалгаануудаар Эрдэнэ Зууг эртний Хархорум хотын хааны ордны хэсэг байсан хэрэмт цайзын дотор барьсан нь тодорхой болж байгаа билээ.

Эрдэнэ Зуугийн гутгаар ширээт лам, цорж Лувсан-Осор 1701 онд хуучин хэрмийн үлдэгдэл суурь дээр түшиглэн дөрвөн өнцөг тус бүр нижгээд суварга босгосноор 108 суварга баригдах эхлэл болсон байна.

Суварга бүтээх ажил цааш уламжилсаар XVIII зууны хоёр дугаар хагасаас энэ ажил хүчтэй өрнөж, Халх дөрвөн аймаг, Их шавь, Ховдын хязгаар, Дөрвөд, Баяд, Өөлд, Урианхай хошууд нийтийн буяны өргөл дэмжлэгтэйгээр уг ажил XIX зууны эхэн гэхэд ерөнхийдөө дууссан байна.

Эрдэнэ Зуу нь түүх, соёлын гурван соёлт давхрагатай бөгөөд тухай бүрт холбогдох гэрэлт хөшөө, барилгын чимэглэл, чулуун арслан зэрэг дурсгалууд одоог хүртэл Эрдэнэ Зуугийн гадна болон дотор талд хадгалагдсаар байна.

Эдгээрийн ихэнх нь XIII-XIV зуун буюу Хархорум хоттой холбоотой бөгөөд хар бараан өнгийн хоёр арсланг Уйгурын үед холбогдоно гэж үздэг.

Мөн цагаан саарал боржин чулуугаар урласан нэг арсланг Эрдэнэ Зуу хийд байгуулагдсанаас хойш, магадгүй XIX зууны үед хийгдсэн болов уу гэж одоогоор үзэж байна.

Эрдэнэ Зуу хийд байгуулагдсанаас хойш эдгээр дурсгалыг туг сүлдний суурь, маанийн үсэг бичих, тахилын ширээ зэрэг төрөл бүрийн зориулалтаар хэрэглэж байсан байна.

Өнөөдрийн байдлаар хэрэмт хашаанд нийт 18 барилга байгууламж байгаа бөгөөд ихэнх барилгын архитектур Монгол-Хятад холимог хийц маягтай байгаа бол Лаврин дуган нь Монгол орон дахь Монгол-Төвд маягийн барилгын дурсгалаас өнөөг хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн цор ганц дурсгал болж байна.

Түүнчлэн Гурван Зуугийн сүмийн яс модыг цэвэр углуургын аргаар буюу хадаас оруулалгүй зангидаж барьсан нь Монголын төдийгүй дэлхийн уран барилга, архитектурт чаминд тооцогддог юм.

Чухамдаа Эрдэнэ Зуу нь Монголын уламжлалт хот байгуулалтын дагуу төлөвлөж баригдсан цорын ганц бөгөөд хамгийн эртний хийд болж байна.

Эрдэнэ Зуу хийд нь бурхны шашны улааны урсгалын нөлөөн дор анх байгуулагдсан бол XVIII зууны сүүлч XIX зууны эхэн үед шашны томоохон шинэчлэлт хийх замаар шарын шашны бурхан шүтээн, сургууль мөргөлийг гол болгосон сүм дуган, сургууль дацангуудыг байгуулж байжээ.

1872 оны байдлаар Эрдэнэ Зуу хийд нийт 62 сүм дуган, 500 гаруй барилга байгууламж 1500 орчим ламтай болоод байжээ. Эрдэнэ Зуугийн сүм, дуган, лам нар Монголын бусад хийдүүдийн адил 1930-аад оны улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн юм.

1944 оны 5 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс “Монголын ард түмний түүх дурсгалын зүйл болох Хархорум, Эрдэнэ Зуугийн хамтаар хамгаалах ба засварлах” тухай тогтоол гаргаж улсын хамгалалтад авч I, II, III ээлжийн засварын ажлыг 1944-1946 оны хооронд Шинжлэх Ухааны Хүрээлэнгээр эрхлэн гүйцэтгүүлсэн ба түүнээс хойш одоог хүртэл засварын ажлыг үе шаттайгаар хийлгүүлсээр байна.

Эрдэнэ Зууг БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1965 оны 6 сарын 1-ний өдрийн 441-р тогтоолоор улсын зэрэглэлтэй шашны түүхийн сүм музей болгосон юм.

Эрдэнэ Зуу музейн сан хөмрөгт нийт 7500 шахам үзмэр хадгалагдаж байгаагаас 120 үзмэр Монгол улсын хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад орсон.

ХVI-ХIХ зууны үед холбогдох шашин урлагийн үнэ цэнэтэй бүтээлүүд болох хөөмөл, цутгамал, модон сийлбэр, баримал, шуумал, шүтээн зураг, зээгт наамал зэрэг үзмэрийг нийт 9 сүмд дэглэн үзүүлж байна.