Чандмань эрдэнэ

Чандмань эрдэнэ хэмээх энэ үг нь санскрит үг бөгөөд “Чинта мани” хэмээх хоёр үгний нийлэмж юм.
Чинта нь сэтгэл, Мани нь эрдэнэ юм. Нийлүүлвэл “сэтгэлд юу хүссэн бүхнийг энэ насанд биелүүлэгч эрдэнэ” гэсэн утга юм. Машид ховор асар үнэтэй эрдэнэ ажээ. Харин эрдэнэ гэдэг үг нь “Ратна” хэмээх санскрит үг бөгөөд монгол хэлэнд нутагшаад эрдэнэ болж дуудагдан сунжирчээ.
Эрдэнэ гэдэг “олдохуйяа ховор нандин” гэсэн утга юм.
Чухаг дээд гурвыг ховрын дээд хэмээдэг үүнийг эрдэнэ хэмээн буулгадаг. Гурван эрдэнэ хэмээх нэршил ийн бүтжээ.
Эрт цагт их далайд Чандмань эрдэнэ олохоор эрэлд гардаг байжээ. Далайд усгүй харангаддаг байсанд усыг чандмань эрдэнэтэй далайчид зүйрлэдэг байжээ. Үүний улбаагаар ус чандмань эрдэнэ хэмээх үг гарчээ.
Хамгийн хамгийн сайхан зүйлсийг чандмань гэхэд болох юм.
Эцэг эхдээ хэрхэн хандахаас таны энэ насны амьдрал асар их харгалзана. Энэ нь Кармын буюу орчлонгийн хууль юм.
Элбэрэлт ээж ачит ааваа хайрладаг бол та энэ насандаа хайранд умбана.
Ээж ааваа хүндэлдэг бол та энэ насандаа хүндлэлийн манлайд одох болно.
Учир нь эцэг эх номын багш гурав энэ насны хамгийн том ачлалтан бөгөөд эл бие тань эцгээс үүдэж эхээс эснисэн учир төрүүлж өсгөсөн аав ээж гавьяатай билээ.
Номын багш хорвоо нирвааны үнэн чанарыг учирлан таниулдаг ачтан ажгуу.
Энэ насанд тэдгээрийг ачилсан хариу нь заавал танд эргэн ирэх жамтай юм.
Эсрэгээр гомдоож эс хүндэлвээс хорвоо танд яг энэ хариуг өчиггүй барьдаг нь бас л байгалийн хатуу хууль юм.
____________________ ____________________
“Эгэл бидэнд Аав ээж энэ насны чандмань эрдэнэ.
Бодийн баатар сэтгэлтэнд хамаг амьтан чандмань эрдэнэ
Багш гурван эрдэнэ нь бүхний үүрдийн чандмань эрдэнэ”
Чандмань эрдэнүүдээ эрхэмлэн хайрлаж явъя.