Бурхан багш 4 Махаранз болон бурхдын хамт

Тэгчэн сожин буюу Тэтгэн ариусахуйн сахил

MNB – Билгийн мэлмий нэвтрүүлэг – Сожин буюу нэг өдрийн сахил.

Бурхны шашны Сумадигирди төвөөс 2020 онд гаргасан “Тэгчин сожин” номыг татан авахыг хүсвэл энд дарна уу. 

Аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожин буюу нэг өдрийн тэтгэн ариусахуйн сахил авах ёс юм.

Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай түвд үг юм. Энэхүү сожин сахилыг сар бүрийн билгийн тооллын шинийн найман, арван таван, битүүний өдрүүдэд авч сахиваас тус эрдэм үлэмж болохын дээр Бурхан багшийн их дүйчэн өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй билээ.

Сожин сахил авахдаа өглөө эрт гарын алганы зураас харагдах цагт босож бурхан шүтээн, лам багшийнхаа өмнө гурав мөргөөд сожингийн судраа уншин сүүлд нь гурвантаа мөргөж, уншлага уншин, ам аван сахидаг зан үйл юм.

Сожин сахил авах энэ ёс нь эртнээс нааш лам хуварга, болон манай ард түмний дунд өргөн дэлгэрсэн билээ.

Нэг өдрийн сожин сахилын сахих найман зүйл нь:
1. Аливаа амьтны амийг үл таслах
2. Бусдын эдийг үл авах
3. Эр, эмийн үйлийг үл үйлдэх
4. Худал үгсийг үл өгүүлэх
5. Элдэв гэмт архийг үл уух
6. Өндөр ширээ дэвсгэрт үл суух
7. Цаг бусын идээ унд үл идэх буюу үдээс хойш хоол үл идэх (үдээс өмнө цагаан хоол идэх, үдээс хойш идэж болохгүй, аль эсвэл зөвхөн ус ууж тус өдрийг өнгөрүүлэх)
8. Чимэг зүүлт үл хэрэглэх, бүжиг дууг үл сонсох зэрэг эдгээр найм болой.

Нэг өдрийн сахил сахисны тус эрдэм нь:

Ёс суртахуунгүй явсны сэтгэлийн зовлон арилах ба ариун сэтгэлээр ном сонсох, яруу сайхан алдар зүг зүгт түгэх, амгалангаар унтах, мөн унтахын цагт тэнгэрсүүд сахих, хилэнц нүглийн хир арилах, дайсан ба хүмүүн бусууд үл хорлох, харин нааш тус хүргэх, хувцас идээ тэргүүтэн төвөггүй олдох, аль тавьсан ерөөл өөрөө бүтэх тэргүүтнийг сударт номлосон болой.

Бас чухал хэрэгтэй эд эдлэл, өргөл хүндлэл аяндаа гарах, таньж мэдэхгүй амьтан бүгд ч үзсэн төдийгөөр бишрэх, хөлөөр гишгэсэн шороог тэнгэр нар мөргөн тахиж шүтэх тэргүүтэн тус эрдэм хязгаарлашгүй хэмээн сударт номлосон болой.

Энэхүү сахилыг сахих хугацаа нь сахилаа авах өглөөний гарын алганы хээ харагдах төдийгөөс маргааш өглөөний нар мандах хүртэл сахих учиртай билээ.

MNB – Билгийн мэлмий нэвтрүүлэг – Тэгчин сожин сахилын тус эрдэм.

༼ ࿂ Тэгчэн сожин авахын ач тус ༽

(Ламримба Агваапунцог.)

Намо гүрү (Багшид мөргөмүй)
Тэгчэн сожин буюу Их хөлгөний буяныг сэлбэн дэгжээж гэм алдлыг ариутгах сахил санваар /samvara/-г авч сахихын ач тусыг сударт гарсан дагуу тайлбарлахад
1. Сахигдахуун бүгдийн ерөнхий ач тус.
2. Тус бүрийн ач тус
3. Тэдгээрт эргэлзээ сэжгийг шинжлэн таслах гэсэн үндсэн гурван хэсэгт авч үзнэ.
Эхнийхийг мөн гурав хуваана.

1. Цаг үе нөхцлийн үүднээс авч үзэхэд ач тус ихтэй.
2. Төрлийн орны үүднээс ач тус ихтэй.
3. Мөн чанарын хувьд ач тус ихтэй.

1. Цаг үе, нөхцлийн үүднээс авч үзэхэд ач тус ихтэй байгаа нь:
“Самадийн хаан” хэмээх сударт
“Хэн нэгэн сүсгийн сэтгэлээр ганга мөрний
Хамаг элсний ширхэгтэй тэнцэх идээ унд
Халхлагч шүхэр дарцаг болон зулын эрихээр
Хязгааргүй олон бурхдыг тахин хүндлэх ба
Бас нэгэн дээдийн ном их эрдэнэ доройтож
Бурхны шашин бүдгэрэх болсон энэ цагт
Бүтэн өдөр сахил санваар ганц нэгийг л сахихад
Буян хураах нь өмнөхтэйгөө харьцуулашгүй үлэмж”
хэмээн шашин сургаал эд дэлгэрэн мандаж байх үед зуу зуун сая живаа бурхдад ганга мөрний элсний тоо ширхэгтэй тэнцэхүйц идээ унд тэргүүтэн элдэв зүйлсээр ёсын дагуу тахил өргөснөөс ч илүүтэй шашин ном доройтон буурч байгаа энэ муу цаг үед адаглаад сахилын нэг зүйлийг л өглөөний үүр цайхаас эхлэн маргаашийн үүр цайх хүртэл бүтэн нэг хоног хичээн сахиж чадвал ач тус нь хэд дахин их болохыг айлдсан байна. Тэгэхээр сожингийн сахилыг ганц нэг удаа сахисан ч огторгуй адил хязгааргүй буян хураах нь гарцаагүй ба хэдий чинээ буян хураана төдий хэрээр үр дүнд нь аз жаргал сайн сайхан бүхэнтэй учирна. Тийм болохоор харьцуулж үзвэл энэ цөвүүн цагт сожингийн санваарыг ганцхан хоног үнэхээр хичээн сахиж чадвал их хэмжээний чандмань эрдэнэ олсноос ч илүү хэрэгтэй, хувь тохиол, аз завшаантай зүйл болдог.

2. Төрлийн орны үүднээс ач тус ихтэй байгаа нь:

Ариуссан орнуудад асар ариун буяны үйл галвыг хүртэл хугацаанд хийснээс эглийн оронд нэгэн буяны үйлийг хуруу инчдэх төдийд хийх нь хамаагүй их буянтай гэж бурхны сургаал болон тааллын тайлбарууд зэрэгт нэг бус удаа айлдсан байдаг. Тэр дундаа эглийн орнуудаас бидний энэ хүмүүний ертөнцөд энэ мэт найман гишүүнт сожингийн санваарыг аваад адаглаад ядаж хуруу инчдэх төдийхөн хугацаанд сахихад л хязгааргүй их буян хураадаг ба хураасан буянг нь хэрэв дүрсэлж хэмжвэл их мянган ертөнцийн оронд ч багтахааргүй болох юм.

🙏🏼 Нэмэлт тайлбар

👉🏼 1. Ариуссан орон нь:
Дүрст ертөнцийн 4-р даяаны оронд хамаарагдах хутагтын ариун 5 орон (Five pure lands).
Avrha god (མི་ཆེ་བ།)
Atapa god ( མི་གདུང་བ།)
Sudrsa god (གྱ་ནོམ་སྣང་།)
Sudarsana god (ཤིན་ཏུ་མཐོང་།)
17th Akanistha dimension (བཅུ་བདུན་པ་འོག་མིན།)

👉🏼 2. Найман гишүүн нь:
Амь таслах, эс өгснийг авах, буруу хурьцал хийх, худал ярих, архи согтууруулах ундаа хэрэглэх, цаг бусын идээ идэх, эрих гоёл болон дуу бүжиг тэргүүтэнг үл тэвчих, өндөр дэвсгэр суудал хэрэглэх зэрэг ба эдгээр наймыг тэвчих.

👉🏼 3. Их мянган ертөнц нь:
Бурхны шашны Абидарма (Abhidarmakosa)-н номлолд сансар огторгуйд 1.000.000 галактик, 1.000.000.000 нарны аймаг байгаа гэж үздэг.
Бүхэл бүтэн нэг галактик буюу мянган нарны аймгийг нэг мянган ертөнц гэх ба үүнийг бага мянган ертөнц гэнэ.
Тийм мянган галактикыг нийлүүлээд дунд буюу завсрын мянган ертөнц гэнэ.
Харин мянган ширхэг завсрын мянган ертөнцийг нийлүүлээд их мянган ертөнц гэдэг байна. Энэ нь 1.000 × 1.000 ×1.000 буюу 1.000.000.000 нарны аймаг гэсэн үг.

3. Мөн чанарын хувьд ач тус ихтэй байдаг нь:
Үүнийг ес хуваана.

1. “Хүмүүн бусын хорлолоор үл чадагдах ач тус”
Урьд нэгэн эмгэн нэг өдрийн сожингийн санваар авжээ. Гэтэл тэр шөнө ид шөнө дундын үед Прасенжит (Prasenajit) хааны зараалаар хоригдолд хоол хүргэж өгөх шаардлагтай болж, хоол хүргэхээр явах замдаа гурванч удаа хүмүүнийг хорлодог нүдэнд үл үзэгдэгч шөнийн амьтадтай таарсан боловч хорлогдоогүй гэх домог номхотгол (Vinaya)-ын эшлэлээс айлдсан байдаг мэт сахил санваар сахиваас хүмүүн бусын юугаар ч үл дийлдэх нь шүтэн барилдлагын мөн чанар юм.
“Үнэн шагшааваад төгс” хэмээс сударт
“Ямар мэт хорт могой хар зүгийн лус савдаг ч
Шагшаабад төгст хор хүргэхгүй тул бусдыг хэлэх юун”
хэмээн хүмүүн бусын дотроос хамгийн хор хөнөөлтэй нь гэгдэх хар зүгийн лусын ад ч сахил санваар сахиж буй хүнийг хорлож чаддаггүй болохоор бусдыг нь бол ярих хэрэг алга гэж айлджээ. Тэгэхээр гадны хорлолоос өөрийгөө хамгаалах хамгийн дээд зөв арга бол өөрөө сахил санваарыг ягштал сахих юм.

👉🏼 Нэмэлт тайлбар 👈🏼
1. Прасенжит (Prasenajit) хаан нь:
Хан хүү Сиддхарттай нэг өдөр нэг цагт мэндэлсэн дөрвөн их хааны нэг ба эртний Энэтхэгийн Сравасти (Sravasti) хэмээх хотын хаан Брахмадатт (Brahmadatta)-ийн хүү.

2. Шагшаабад (ethics) нь:
Буруу үйлүүдийг цээрлэж, сэтгэлээ барих санаа, сахил, ёс бусыг тэвчих, цаазын болоод угийн гэм алдлуудыг тэвчих, ямагт бусдын тусад орох тэргүүтэн сахих сахилга буюу ёс зүй, ёс суртахуун юм.

3. Номхотгол (vinaya):
Бурхны гурван аймаг сав сургаалын нэг болох номхотголын аймаг сав юм. Гэм уналын таван зүйл аймаг, унал гарахын уг шалтгаан, гэм унал гаргахаас хэрхэн зайлсхийх, яаж огт унал гэм алдал гаргадаггүй болох, санваарт бодгаль юунд түшиглэн сахил санваараа сахих, тэдгээрийн ангилал төрөл зүйл, унал гарсан болон гараагүйг хэрхэн магдалж шинжих гэх мэт найман зүйл утгыг заан гаргадаг тул “номхотгол” гэсэн.

4. Сахил санваар (Samvara) :
Үгчлэн орчуулвал “Боомтлол” гэнэ. Зөв зүйлээс халирамтгай, буруу зүйлд дадал их, хувирамтгай залжин сэтгэлийг буруу үйлд орохоос сэргийлж хүчээр зөв зүгт чиглүүлж өгдөг ба ийм тийм буруу үйлийг хийж болохгүй гэж тодорхой тусгаж өгдгөөрөө ийш тийш замбараагүй тарж унаад байгаа олон нарийн модыг эмх цэгцэд оруулаад боож баглахтай зүйрлэн тэгж нэрлэдэг.

3-2. Тэнгэрүүд сахин хамгаалах ач тус

Сахина хэмээн амлалт өгч нэгэнт авсан сахил санваараа ёсын дагуу сахих аваас буяны зүгт баясагч тэнгэрүүд өдөр ч шөнө ч сахин хамгаална хэмээн олон ном сударт айлдсан байдаг тул сожин сахил аваад доройтуулчихгүй л бол тэнгэрүүд сахин хамгаалах нь эргэлзээгүй.

3-3. Үйлдсэн буян бүгд арвидах ач тус

Сахил санвааргүй хэн нэгэн далайн чинээ тосонд сүмбэр уулын чинээ гол хийгээд чухаг дээд гуравт өргөснөөс сахил санваартай хүн дуслын төдий тосонд зүүний үзүүр шиг өчүүхэн гол хийгээд өргөх нь илүү буянтай гэж айлдсан байдаг. Тэгэхээр сожин авалгүй маш удаан хугацаагаар буянд шамдснаас сожин аваад багахан хугацаанд буянд хичээх нь илүү үр дүнтэй байж илүү их буян хураах нь тодорхой байна.

👉🏼 Нэмэлт тайлбар 👈🏼
1. Тэнгэр (deva /god/):
Ертөнцийн 6 төрлийн хамгийн дээд төрөл. Асар их буянаар төрдөг болохоор тэнгэрийн төрөлд төрөхөд л зөн билиг, ид шид зэрэг эрдмүүд аяндаа хамт төрдөг ба тэр нь хүний төрөлд хар цагааныг ялгах шиг энгийн л нэг зүйл байдаг байна. Тэнгэрийн төрлийг хүсэлт, дүрст, дүрсгүй орны тэнгэр гэж гурав хуваах ба тус бүр нь мөн олон төрөлд хуваагддаг.

2. Чухаг дээд гурав (Triratna /three jewels):
1. Зам мөрийг заагч Бурхан (buddha) чухаг дээд.
2. Зөв арга зам ном (dharma) чухаг дээд.
3. Зам мөрд нөхөр бологч хувраг (sangha) чухаг дээд.

1.3.4. Ерөөсөн бүгд биелэх ач тус

Асар ариун шагшаабадаар зөв ерөөл юу тавина тэр дагуу заавал бүтнэ хэмээн зарлигласан тул найман гишүүнт сожин аваад сахилаа доройтуулалгүйгээр тависан ерөөл бүгд биелэх нь дамжиггүй.

1.3.5. Тэнгэр хүмүүний сайн төрлийг олох ач тус

Найман гишүүнт неннай (upavasatha) буюу бацаг барих нэгэн өдрийн сахилыг ганц нэгхэн удаа сахиснаар тэнгэр болоод чөлөө учралт хүмүүний төрлийг олох үйл хураана хэмээн зарлигласан бөгөөд үүнтэй холбогдолтой олон түүх домог байдаг ч энд бичсэнгүй.

👉🏼 Нэмэлт тайлбар 👈🏼
Найман гишүүнт неннай (upavasatha) нь:
Ангид тонилохуйн найман санваарын нэг бөгөөд зөвхөн гэргийтэн хүн л сахидаг нэг өдрийн санваар юм. Гэлон (bhiksu), гэцүл (sramanera), гэцүлма (sramanerika) гэх мэт хуврагийн сахилтай хүн сожин авч болдогч неннай сахил авч болдоггүй ба хэрэв авбал сахилаа алддаг байна.

1.3.6. Майдар бурхны шашин номтой учрах ач тус

Үүнийг
“Шагжаан чадагч (Shakyamuni)-н шашин номд сүсэглэн
Шамдан хэн бээр ч ном сургаал сонссон ба
Найман гишүүнт бацаг санваар (upavasatha) сахисан тэр
Надад ойр нөхөр болон төрнө”
хэмээн сожингийн санваарыг сахиваас Майдар бурхны ойрын нөхөр шавь болж төрнө хэмээн Майдар бурхан (buddha Maitreya) өөрөө айлдсан байдаг тул ирээдүйд Майдарын шашин номтой учирч орчлонгийн төрлийг эцэс болгохыг хүсэж байгаа бол их хөлгөний сожинг аваад хичээн сахих хэрэгтэй байна.

Хэрэв “Неннай болон сожин хоёр хоорондоо ялгаатай байдаг болохоор неннай сахихын ач тусыг сожинтой холбож тайлбарлах нь зохисгүй юм биш үү ?” гэвэл тэр тийм биш. Сахих зүйлийн тоо болоод төрөл зүйлийн хувьд ялгаа байхгүй. Тэгэхээр неннай сахихын ач тус нь сожин авснаар ч ирэх ба тэгээд ч зогсохгүй амьтны тусад зорих зорихгүй гэх мэт мөн чанарын хувьд ялгаатай зүйл их байдаг тул сожин нь неннайгаасаа ч илүү үлэмж ач тустай гэж айлдсан байдаг. Бодоод үзсэн ч тийм гэдэг нь ойлгомжтой байна.

1.3.7. Тэнгэр хүмүүний тахивал зохилтой тахигдахуун болох ач тус

Шинийн арван таван болон битүүнд неннай сахисан хүн хурмаст (sakra) тэнгэртэй адилхан уу гэж айлтгасанд Бурхан багш “Чи тэгэж хэлж болохгүй. Тэр надтай адил” хэмээн айлдсан байдаг.
Түүн шиг сахил авахын өмнө золбин нохой шиг байсан нэгэн ч сахил аваад алдаа эндэлгүй сахилаа сахих үед бурхан багшаас өөрцгүйгээр тэнгэр хүмүүний тахих бөгөөд хүндэлвэл зохилтой орон болдог. Тийм болохоор сахил санваар байгаа байхгүй хоёрын хооронд дээд доодын ялгаа асар их байдгийг мэдэх хэрэгтэй юм.

1.3.8. Сахихад хялбар

“Тогтоол өгүүлэх ба хатуужил” хэмээн айлдсан мэт тарни тогтоол тоолох ба хатуужил хийх зэрэг бусад буяны үйлүүдэд эхэн дунд адаг гурав бүгдэд нь сэтгэлээ алгасралгүй барих нь чухал байдаг бөгөөд бусадтай ярих төдийхөнд л ач тус нь гарахааргүй болж хичээл зүтгэл талаар болдог. Харин сожин авч сахих нь тийм ч хэцүү биш. Анх авах үед сэтгэлээ сайн төвлөрүүлж хандуулах хэрэгтэй байдаг ч дараа нь өөр зүйлд сатаарлаа гэхэд ач тус нь гарахгүй болно гэх юм байхгүй.
Тиймээс бусад буяны үйлтэй харьцуулвал хийхэд хялбар. Сахихад төвөг бага. Сахиж мөрдөх зүйл цөөн. Сахих хугацаа богино. Уншлага зан үйл энэ тэрийн хувьд ч төвөгшөөгөөд байхаар юм байхгүй гэх мэт товчхондоо миний болоод над адил хэний ч анхааран хэрэгжүүлэх хэрэгтэй зүйлд үүнээс өөр хийхэд амархнаар барахгүй хэрэгтэй ач тустай зүйл байхгүй билээ.

1.3.9. “Тонилохуй болон хамгийг болгоогч бурхны хутгийг олох ач тус”

Үүнийг “Тэнгэрийн эрхэт хурмаст (sakra) айлтгасан” хэмээх сударт
“Шинийн найман арван таван болон
Шид хувилгаан үзүүлсэн саруудад
Тийн найман гишүүнт неннайг сахивал
Тэр бурхны хутгийг олох болно”
хэмээн айлдсан ба мөн өөр ингэж айлдсан олон байдаг ч бичилгүй орхилоо.

👉🏼 Нэмэлт тайлбар 👈🏼

1. Тонилохуй (nirvana) :
Гаслант зовлонг бий болгогч буруу үйлийн эх үндэс болсон муу дур хүсэл, тачаал, уур хилэн, мунхаг харанхуй зэрэг ниваанис бүгдээс эгнэгт хагацан орчлонгийн хүлгээс ангижирч оюун ухааны үнэмлэхүй түвшинд хүрэх юм. Бурхны хутгийг олох ба тонилохуй буюу нирвааныг олох хоёр нь хамрах хүрээний хувьд ялгаатай.

2. Судар (sutra) :
Бурхан багш тэргүүтэн бурхдын айлдсан ном сургаалыг судар гэнэ. Жишээ нь Ганжуурын 110 боть /108, 104 ботитой ч байдаг/ (110 or 108 volumes of Buddha’s teaching) гэх мэт.

3. Шастир (shastra) :
Бодьсадва (boddhisattva), шарбаак (sravaka), брадигабуд (pratyekabuddha) тэргүүтэн хутагт ихэс дээдсүүдийн бурхны ном сургаалыг тайлбарлан, түгээн дэлгэрүүлж айлдсан сургаал номуудыг шастир гэдэг. Жишээ нь Данжуурын 225 боть (Commentaries on words of buddha in 225 volumes of tripitaka) гэх мэт.

4. Судар шастир хоёр хоорондоо ялгаатай байдагч хоёланг нь “увдис (upadesha)” гэх ба үгчлэн орчуулвал “зөвлөгөө үг” гэсэн үг болдог.
Увидас гэдэг үг ер нь олон утгыг илэрхийлдэг. Гэхдээ энд “Зовлонгоос ашид тонилж нирвааныг олох арга замыг эндүүрэлгүй үнэн зөвөөр зааж сургасан сургаал ба буддын гүн ухааны хувьсангуй арга” гэсэн утгаар хэрэглэгдэнэ.

Гэвч монголчууд бид хүндэлж дээдэлвэл зохих ном бичвэр бүгдийг судар хэмээдэг нь нэг талаараа тухайн үгийн үндсэн утгыг алдагдуулдаг ч нөгөө талаараа тэр бүгдийг бурхны сургаал зарлигтай эн тэнцүүлэн үзэж судар хэмээн хүндлэн дээдэлсээр ирсэн нь ном болоод эрдэм мэдлэгийг дээдлэх агуу уламжлалын илрэл билээ.

2. Сахигдахуун тус бүрийн ач тус

Сахигдахуун тус бүрийн ач тус гэсэн 2 дугаар хэсгийг хоёр хуваана. Үүнд:

2.1. Цаг үеийн буюу зуурдад түр зуурын ач тус
2.2. Алс хэтийн буюу эцсийн ач тус

2.1. Цаг үеийн буюу түр зуурын ач тус гэдэг нь найман тэвчигдэхүүнийг сахиснаар найман ач тус гарна. Үүнд

2.1.1. Амь таслахыг тэвчсэнээр төрөл тутамдаа өвчингүй эрүүл энх байж урт удаан наслана.

2.1.2. Эс өгснийг авах үйлийг тэвчсэнээр төрөл бүгддээ эд баялгаар элбэг дэлбэг байж бусдын саад тотгоргүйгээр эд хөрөнгөө өөрийн дураар эдэлнэ.

2.1.3. Ариун бус явдлыг тэвчсэнээр төрөл бүгддээ өнгө үзэмж, зүс царай, бие бялдар сайтай болж төрнө.

2.1.4. Худал ярихыг тэвчсэнээр төрөл тутамдаа бусдад хууртахгүй байж өөрийн үг яриа тунгалаг, цэвэр ариун, үнэн шудрага болно.

2.1.5. Архи согтууруулах ундааг тэвчсэнээр төрөл бүгддээ дурдал сэрэмж баттай болох ба эд эрхтэн оюун ухаан хурц болж билиг оюун хотол чуулна.

2.1.6. Өндөр суудлыг тэвчсэнээр төрөл бүгддээ бусдаар магтуулж, хүндлэгдэж, сайн дэвсгэр суудал унаа уналагаар элбэг хангалуун байх болно

2.1.7. Цаг бусын идээг тэвчсэнээр төрөл бүгдэд идээ ундаар элбэг хангалуун хотол чуулж үр тариа жимс ногоо сайтар боловсорно.

2.1.8. Үнэр болон эрхи, гоёл чимэглэл, нүүрний будаг тэргүүтэнг тэвчсэнээр төрөл тутамдаа биеэс сайхан үнэр ханхалж, өнгө зүс сайтай, бие хаа өв тэгш үзэсгэлэн төгс болно.
Дуу бүжиг тэргүүтэнг тэвчсэнээр төрөл бүгддээ биеэ зөв боловсон авч явдаг, сэтгэл тогтуун, даруу төлөв болох ба үг хэл буян номын дууг үргэлжид дуурсгах болно.

2.2. Алс хэтийн ач тус

2.2.1. Амь таслахыг тэвчсэний үрд очрын лагшинг эрхшээнэ.

2.2.2. Эс өгснийг авахыг тэвчсэний үр гарын алга, хөлийн уланд хүрдэн тэмдэг гарна.

2.2.3. Ариун бус явдлыг тэвчсэний үрд эрхтэн бүрэн гүйцэж эд хав нь дэлгэрэх болно.

2.2.4. Худал хэлэхийг тэвчсэний үрд нигуурын хот мандал, хэл төгс Эсэруа (Brahma) тэнгэрийн эгшиг мэт аялгуут зарлигийг эрхшээнэ.

2.2.5. Архи тэргүүтэнг тэвчсэний үрд хараад ханашгүй эрүүл чийрэг үзэсгэлэн төгс гайхамшигт лагшинг олно.

2.2.6. Цаг бусын идээг тэвчсэний үрд жигд тэгш бүрэн гүйцэд дөчин цахиурыг (шүдний хүндэтгэл нэр) эрхшээнэ.

2.2.7. Үнэр болон эрхи, гоёл тэргүүтэнг тэвчсэний үрд лагшингаас шагшаабадын үнэрийн хотол чуулган анхилан түгнэ.
Дуу бүжиг тэргүүтэнг тэвчсэний үрд лагшингийн сайн бэлгэ бүгдээр чимэгдэх болно.

2.2.8. Өндөр суудлыг тэвчсэний үрд номын гурван суудлыг төгс эдлэх бөгөөд эдгээрийг сударт (Бурхан багшийн сургаал) гарсан дагуу сийрүүлэн бичлээ.

Гурав. Эргэлзээ сэжгийг шинжлэх

Эргэлзээ сэжгийг шинжлэх гэсэн 3 дугаар хэсэг нь дотроо дөрөв. Үүнд

3.1. Хагас хоногоор авч болох үгүйг ажиглах
3.2. Нэг өдрөөс илүү төрөх үгүйг шинжлэх
3.3. Олон өдөр дараалан дахин дахин авах байх уу ? үгүй юу ? гэдгийг ажиглах
3.4. Нэгийг сахиж чадаагүй бол бусдыг нь сахих шаардлага байгаа үгүйг судлах

3.1 Хагас хоногоор авч болох үгүйг шинжлэх

“Авидармакоша (Abhidharmakoso) өөрийн үндсэн тайлбар” хэмээх шастирт “Тэгэхээр яргачин биеэ үнэлэгч гэх мэт нь зөвхөн өдөр юм уу шөнийн цагаар неннай авахад үр дүн нь гарна.” хэмээн нэг хоногийн тал төдийд неннай аваад сахисан ч болохгүй гэх зүйл байхгүй бөгөөд ач тус нь гарна гэж айлдсан байдаг тул болж өгвөл бүтэн өдөр аль чадахаараа хичээж сахих ба хэрэв үнэхээр чадахааргүй байвал хоногийн тал, бүүр чадахааргүй байвал ядаж хагас цагаар авсан ч болно.
Тэгэж авах ёсыг “Батад агчийн сайн бодь” хэмээх номонд “Зөвхөн өдрийн цагаар аваад сахина гэвэл авсан цагаасаа эхлээд нар жаргах хүртэл гэж цагаа товлоорой” гэж айлдсан дагуу авах ба зөвхөн шөнийн цагаар авах бол хэрхэх хэрэгтэй зэргийг ч үүгээр жишээд ойлгож болно.

👉🏼 Нэмэлт тайлбар 👈🏼

“Авидармакоша (Abhidharmakoso) :
Эртний Энэтхэгийн Наландар (Nalendra) хийдийн 17 их бандида (pandita)-ын нэг болох их багш Васубанду (Vasubandhu)-ийн айлдсан, бага хөлгөний (hinayana) ёсны авидармын (abhidharma) үндэс гол номлол болсон найман бүлэг бүхий шастир юм. Васубанду дээдэс өөрийн айлдсан Авидармакошадаа өөрөө дахин тайлбар шастир бичсэн байдаг тул тэрхүү тайлбар шастирыг “Авидармакоша өөрийн үндсэн тайлбар” гэдэг.

3.1. Нэг хоногоос илүүгээр сахил төрөх үгүйг шинжих

Бага хөлгөн (hinayana)-ний ёсонд бол неннай сахил нь заавал бүтэн нэг хоног (24 цаг) байдаг. Нэг бүтэн хоногоос илүүгээр төрөхгүй. Мөн нэг хоног хүрэхгүй бол бас төрдөггүй. Харин их хөлгөн (mahayana)-д үүнтэй адилгүй байдаг. Бурхны хутгийг олох хүртэл авсан ч болдог бөгөөд Жалцав Дармаринчэн (Богд Зонхавагийн манлай шавь нарын нэг) “Гүндүй намшад” хэмээх шастирт “Неннайн санваар нэг өдрөөс илүү төрөхгүй гэж үздэг нь шарвааг (shravaka)-н зарим нэг ёсны үзэл ба тэр яг зөв бол биш шүү мэдэж аваарай” гэж айлдсан байдаг. Мөн “Баясгагч очир (heruka)” хэмээх номонд “Анханд нь сожин аваарай” гэж айлдсан байдаг ба утгыг нь Майдар (Maitreya) бээр “Тойн болоод багш болгоон соёрхо. Увьш тийм нэрт (гэж нэрээ хэлээд) би хэзээ бурхны хутгийг олох хүртэл…..,” гэх тэргүүтэн айлдсан ба бүхнийг болгоогч Жамьяншадба ч “Хэзээ бурхны хутгийг олох, тэр хүртэл авч болдог найман гишүүнт неннайн зан үйлийг судар тарнийн олон номонд айлдсан байдаг…,” гэх мэтээр айлдсан байна. Ингэж неннай сахилыг хэзээ бурхны хутгийг хүртэл авч болж байгаа юм чинь сожинг ч тэгж авч болох ба бодь сэтгэлтэй хослуулан сахих хэрэгтэй байдаг зэргийг нь бодсон ч тэгж болно гэдгийг ойлгож болохоор байна.

🙏🏼 Жамьяншадба:
Энэтхэг дэх Түвдийн Гоман дацангийн одоо мөрдөгдөж буй сургалтын тогтолцоо болон сурах бичгүүдийг зохиож боловсруулсан дээдэс.

3.3. Олон өдөр дараалан дахин дахин авах байх уу ? үгүй юу ? гэдгийг ажиглах

Неннайн санваар нэг хоногоос илүү төрөхгүй гэж үздэг бага хөлгөний ёсонд ч олон өдөр дараалан дахин дахин авч болдог бөгөөд “Чадагчийн шашинг цэвэрлэгч” хэмээх шастирт “Тиймээс неннайг нэг л өдөр сахидаг нь баталгаатай боловч их рид хувилгаан үзүүлсэн сар гэх мэт тусгай үест хагас сарын турш өдөр бүр авч болох ба тэгэж авч байгаа нь ч нэг өдрийн санваарыг арван таван удаа авч байгаа болохоор нэг өдрийн санваар болохгүй гэх гэм байхгүй” хэмээн айлдсан ба “Абидармакоша өөрийн үндсэн тайлбар”-т ч “Хагас сар тэргүүтэн нь нэг нэг хоногоор дахин дахин…, гэх мэтээр мөн айлдсан байна.
Тэгвэл хэрхэн яаж авах вэ ? гэвэл “Шинийн нэгнээс шинийн арван тавныг хүртэл” гэж зан үйлийг нь өөрчлөх ба нэг жилийн тэргэл болон битүүн бүгдэд авъя гэж бодсон ч гэсэн мөн адил “Энэ цагаас эхлээд нэг жилийн тэргэл болон битүүн бүрт …,” гэх мэтээр өөрчлөөд авах хэрэгтэйг анхаараад үүгээр жишин бусдыг нь мэдэж аваарай.
Неннай сахилыг ингэж олон өдөр олон дахин авч болж байгаа юм чинь сожинг ч тэгэж авч болно. Ер нь бол хэдий хүртэл сахимаар байна тэр хүртлээ авсан ч болохгүй юм байхгүй. Гэхдээ өдөр бүр шинээр дахин дахин авах нь дурдал, сэрэмж сэргэж улам баттай болох зэрэг ашиг тус ихтэй байдаг тул илүү үр дүнтэй юм.