Залбирч буй хуврагийн гар

Умзад лам

Умзад нь “төвийг зохиогч буюу эхлэн зохиогч” гэсэн утгатай үг юм. Умзад нь өдөр тутам болон тогтсон их хурлуудын хурдан, удаан болон ая дан эгшиг татлага зэргийг үлгэрлэн тогтсон дэг жаягийн дагуу тэргүүлэн уншиж байх үүргийг хүлээсэн хурлын хэргэмтэн лам юм. Умзадыг сонгохдоо аргил бүдүүн хоолойтой, үг хэллэг тод хурлын дэг жаяг ая дан зан үйлийн журам балин тахилд мэргэшсэн залуу голч лам нараас сонгон тохоон томилдог. Цогчэн их умзад нь Хамба Ловон ламын доор суух ба суудал түшлэггүй дан шар олбог дээр сууна. Цогчэн их умзад цагаан бүчтэй овоодой асаах ба бүчний уг нь ногоон байх учир нь Богдын шар ордон буюу Дэчин галаба дацангийн нийт хуврагууд 50 байх ба бүгд ногоон бүчтэй овоодой соёрхдог тэндээс умзад ламд ногоон бүчний торго шагнаж овоодойн уганд хаддаг аж. Мөн бага умзад улаан бүчтэй овоодой асаах ба цанид дацангийн умзадууд шашэр хэрэглэнэ харин Гунгаачойлин дацанд Богд гэгээн гавжын дамжаа барьснаас хойш Шүнлайв, Умзад, гэсгүйг овоодой соёрхохыг таалсан ба Жүд дацан нийтээр шар бүчтэй овоодойг соёрхдог. Умзад нь аргил бүдүүн хоолойгоор унших ёс нь нийт бусын Гэлүгба шашины ёсон ба луу болон арслан мэт хүрхрэх эрлгийн эзэн мэт нүргэлэн дуугарах зэрэг мөн Жүд дацангийн бүхий л хурлыг аргил бүдүүн хоолойгоор урин унших ёстой хэмээсэн нийт бусын онцлог ч бий. Хуучин Их Хүрээний Цогчэн их хуралд том дуу хоолойтой шилдэг дөрвөн умзад байжээ. Тэргүүн умзадыг Эрдэнэ умзад удаах нь Чандмань умзад нөгөө хоёр нь Тунгалаг, Тунамал умзад гэж тус тус цолоор өргөмжлөн хүндэтгэж байж. Эрдэнэ умзад хормойтой чацуу өргөн урт цагаан торгон бүч ногоон угтай овоодойг хуралд соёрхоно. Чандмань умзад өгзөг давсан том цагаан бүчтэйг нөгөө хоёр умзад том улаан торгон бүчтэй овоодойг хуралд соёрхдог байжээ. Энэ үед Их хүрээний Хүүхэн ноёны аймгийн Гончигдоржийг Цогчэн их умзад “Эрдэнэ умзад” болоход Богд гэгээнээс түүнд 8 дээлийн цагаан торгоор бүч хийж шагнасан ба тэр нь 8 метр орчим урт түүнийгээ Майдар эргэх Цам тэргүүтэй их хурлаар хэргэлэхэд туслах таван лам дамнан явдаг байж. Их хүрээнийхэн түүнийг Богдын “Луу янгуун” гэж хочлон хошигнодог байсан гэдэг. Энэ мэтчилэн түүхэнд домог мэт үлдсэн умзад лам нарын тухай аман яриа ч их бий. Зарим том дуут умзадуудын дуунд мандалын арвай тогтохгүй буцалдаг байсан гэхээс гадна бүдүүн дуугаар хурлыг урих нь адистэд их шашин удаан тогтдог зэрэг яриаг багш нараас олонтаа сонсч байлаа. Мөн Хүрээнд Богд гэгээн нэгэн Хамба лам, Гэсгүй, Умзад ламын хийсэн гавъяг шагнан дархан Хамба, дархан Гэсгүй, дархан Умзадаар шагнаж дархалж байж хожим Гандантэгчэнлин хийдээс тус хийдийн Цогчэн их умзад Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъят их дуут Дагважамцгуайг дархан умзадаар шагнаж байжээ.