Хаан төрийн долоон эрдэнэ

Хаан төрийн долоон эрдэнэ

Буддын шашинд ихэд дэлгэрсэн тахил болох хаан төрийн долоон эрдэнийн талаар танилцуулъя.

Хаан төрийн 7 эрдэнэ хэмээх эдгээр эд зүйлсийг дөрвөн их тивийг захирсан Алтан хүрдэт Загарвардын хаан улс гүрнээ амар хялбар саадгүй захирахын тулд урьд үйлдсэн агуу их буяныхаа хүчээр эзэмшдэг ажээ.

1. Эрдэнийн 1000 хигээстэй алтан хорол Загарвардын хааны хөлөг унаа бөгөөд хаан болон түүний нөхөд сэлтийг гурван мянган ертөнцөд нэгэн өдрийн дотор саадгүй аваачдаг гэдэг. Энэхүү хааны эрх хүчийн билэгдэл болсон алтан хүрдний очсон газар бүр хааны эрх мэдэлд ордогтой адил бурхны номын хүрд эргэх газар бүрт нисваанис бүхэн дарагдах болно хэмээн билэгддэг.

2. Чандмань эрдэнэ нь таван өнгийн гэрэл цацруулан 3000 ертөнцийг гийгүүлдэг. Энэ нь хаанд бүх улсаа харж хянах боломж олгодог төдийгүй гэрэл нь шөнийг өдөр, хүйтнийг дулаан, халууныг сэрүүн болгож хувиргадаг байна. Түүнчлэн өвчин зовлон, зуурдын үхлээс сэргийлэх, хүслийг биелүүлэх увидастай эрдэнэ ажээ.

3. Хатан эрдэнэ нь гайхмаар үзэсгэлэнтэй, бие нь төрөлхийн анхилам үнэртэй аж. Тэрээр өөрийн харъяатуудаа эхийн хайраар асардаг, зовлон бэрхшээлийг нь байнга арилгадаг ажээ.

4. Заан эрдэнэ нь хаан болон түүний албат нарыг нэг өдөрт гурван мянган ертөнцийг гурав тойрон зөөх мянган зааны хүч чадалтай ба зөнгөөрөө хааны дайснуудыг ямар ч хичээлгүйгээр дардаг ажээ.

5. Түшмэл эрдэнэ нь хааны хүслийг зөн совингоороо мэдэж, ажил хэргийг чадварлагаар удирдан биелүүлдэг. Хаандаа үнэнч, дорд амьтныг дээрэлхэхгүй, дээдсийг хуурахгүйгээр ажил үйлсээ номын дагуу бүтээдэг ажээ.

6. Төгс жанжин эрдэнэ нь хааны эрдэнэсийг хамгаалан хадгална. Тэрээр эрдэнэсийн санг алт мөнгө бусад эрдэнэсээр бялхуулж байдаг бөгөөд хэнийг ч зальдаж мэхлэдэггүй ажээ. Хааны албат нарт эд баялгийг авчрахдаа байнга шударга, зоригтой байхын дээр асрал энрэл ихтэй тул бусдад байнга хүндлэгддэг ажээ.

7. Морин эрдэнэ нь цагаан өнгөтэй, эрдэнээр чимэглэгдсэн салхи шиг хурдан, унаж буй эзнээ зөнгөөрөө хор хөнөөлөөс хамгаалж хүссэн газарт нь хүргэдэг.

Эдгээр эрдэнэсийг бурханд өргөсөн хүн хойт төрөлдөө Загарвардын хаан болж төрөх эсвэл бурхны номыг үзэх гадаад, дотоод нөхцөл төгс бүрдсэн газар төрөх үйлийн барилдлагатай болдог гэж үзэх тул хаан төрийн долоон эрдэнийг бурханд өргөх явдал буддын шашинтай орнууд ялангуяа Монголд ихээхэн түгээмэл байжээ.