Далай лам Бурхан багшийн урд

Хутагт хувилгаад

Хувилгаан
Монголд хутагт, хувилгаад, гэгээнтнүүдийн хойд дүр төрөлгүй зуу шахам жил болжээ. Цөвүүн цагт хутагт, хувилгаан гэсэн үгийг монгол үгсийн сангаас хасаад олон арван жил болжээ. Хутагт хувилгаадын гайхамшигт буяны үйлсийн талаар ярихад хэн ч үнэмшихгүй цөвүүн цаг саяхан нүүрлэж байлаа. Одоо хутагт хувилгаадын тухай ярих цаг болсон юм биш үү.
Түвдийн судар ном, ёс жаяганд хойд дүр, хувилгаадын талаар дараах байдлаар авч үздэг.
Үхлийн дараа хүн хоёр байдлаар дахин төрдөг. Нэг нь үйлийн үрийн үр дагавраар төрдөг, нөгөө нь энэрэл, залбирал, ерөөлийн хүчээр төрдөг. Үйлийн үрээр төрдөг гэдэг нь мунхгийн шалтгаанаар сөрөг болон эерэг үйлийн үр тухайн хүний ухамсарт нь тод үлдэж, ахуй ертөнцөд шунасан шунал, сэтгэл хоргодолт хүмүүсийг дараагийн төрөл үрүү шиддэг. Үүний дүнд хүмүүс дээд болон доод гурван заяанд дахин төрөл авдаг. Ингэж л хамаг амьтан ахуй ертөнц сансарт дахин дахин төрөл авсаар тасралгүй эргэлддэг.
Хүн өдөр тутмынхаа амьдралд буян үйлдэхийг хичээж буянт санаа бодолтой амьдарч ялангуяа үхэх цагтаа энэрэхүй боди сэтгэлд эзлэгдсэн бол дээд заяанд төрдөг. Дээд бодисадва нар буян номыг хурааж, илт үзлийг онож, хамаг амьтныг энэрэх боди сэтгэл болон бусдад сайн сайхныг ерөөсөн залбирлын үр дүнд дахин төрдөг. Бодисадва нар энэ Замбуутивд хэзээ, хаана, хэнийд төрөхөө өөрийн эрхшээлээр сонгож дахин төрж чаддаг.
Тулку гэдэг Түвд үг нь хувилгаан, нирмакая, бурхны бие гэсэн утгатай үг. Нирмакая гурван төрөл байдаг. Үүнд: 1. Дээд лагшин – энэ нь Будда юм. 2. Бүтээлч лагшин- энэ нь Бурхан бүтээгч зураач, дархан зэрэг дүрээр илэрнэ. 3. Хувилгаан лагшин- энэ нь бурхан, хүн, гол мөрөн, булаг рашаан, гүүр, эмийн ургамал, мод мэтээр бусдад туслахын тулд төрөл бүрийн дүр байдлаар илэрнэ.
Тулку буюу хувилгаан нь гуравдугаар төрөлд багтана. Хойд дүр гэдэг нь өмнөх дүр нь таалал төгссөний дараа дахин төрснийг хэлнэ. Мөн амьддаа өөрийн дүрийг дахин тодруулсан явдал ч байдаг. Түвдэд хойд дүрийг тодруулах ёс XIII зуунаас эхлэн Гармагаржидын хойд дүрийг тодруулах үеэс эхэлдэг. Бараг есөн зууны турш арван долоон Гармагаржидын дүрийг тодруулж иржээ. Нийтдээ шашин, хамаг амьтны тусын тулд Замбуутивд Гармагаржидын 21 дүр тодрох ёстой ажээ. Мөн Сажа, Гарма, Нимва, Гэлүгвагийн ёсонд хутагт хувилгаадыг тодруулах ёс өнөөг хүртэл үргэлжилж байна.
Зарим тохиолдолд хойд дүр тодруулах шаардлагагүй байдаг. Зонхаба богдын шавь Гэндэндарам Түвдийн Цанга нутагт Дашлхүмбэ хийдийг үүсгэн байгуулж 1474 онд 84 насандаа таалал төгссөн ажээ. Тэр үед хүмүүс түүний хойд дүрийг эрж тодруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Яагаад гэвэл тэр үед 1476 онд Түвдийн Цанга нутагт Санги Чопэл хэмээх хүүхэд мэндэлж, өмнөх амьдралаа ямар ч алдаагүй ярьж байсан тул хүмүүс түүнийг Гэндэндарам ламын хойд дүр гэдэгт бүгд итгэж байсан ажээ. Хойд дүрийг тодруулахдаа Түвдэд дараах аргыг ашигладаг. Өмнө дүр нь дараа төрөхдөө хаана хэзээ хэнийд төрөхөө урьдчилан таамаглаж шавь нартаа захидал хэлбэрээр бичиж үлдээдэг. Энэ захидалдаа гэрээслэл захиа даалгавраа бичдэг. Мөн өмнөх дүрийнхээ эдэлж хэрэглэж байсан эрхи, хонх, дамар, модон аяга зэрэг эд зүйлсийг таньж байгаа эсэх, өмнөх дүрийн ойр дотны хүмүүсийг таньж байгаа эсэхийг нь шалгаж үздэг. Мөн ариун нуурын усны мандал дээр тодорсон номын үсэг, дүрээр тодруулдаг. Түвдэд Лхас хотоос өмнө зүгт оршдог Лхам Лацо хэмээх ариун нуурын усны мандал дээр үүссэн үсэг, дүрээр тодруулдаг. Мөн хойд дүрд шалгарсан хэд хэдэн хүүхдүүдийн нэрийг бичсэн сугалааг сугалж тодруулдаг арга ч байдаг. Жирийн хүн бол үхэхээсээ өмнө дүрээ хувилж дахин дүрээ тодруулж чадахгүй. Дээд Бодисадва нар дүрээ олон арав, олон мянга дахин хувилж чаддаг, амьд байхдаа дүрээ дахин тодруулж чаддаг. Хойд дүрийн гол зорилго бол өмнөх дүрийнхээ бүтээж чадаагүй буян номын ажлыг гүйцээх, ном судар сүм хийд суварга бүтээх , шашин амьтны тусын тулд дахин төрдөг бөлгөө. Мөн өндөр мэдлэгтэй лам нар хойд дүрийг урьдчилан таамаглах аргаар хэлж тодруулж болдог. XIII Далай лам болон XIV Далай ламыг ийм аргаар тодруулсан. XIV Далай ламыг өндөр мэдлэгтэй лам нар урьдчилан айлдаж ариун Лхам Лацо нуурын усны мандал дээр тодорсон үсгээр сонгож байсан.
Хутагт хувилгаад бол зөвхөн бурхны номын оронд мэндэлдэг юм. Хоёр мянганы тэртээ Энэтхэг, Бенгалид бурхны шашин хүчтэй дэлгэрч тэр үед олон гайхамшигт хутагт хувилгаад мэндэлж байлаа. Дундад зууны үеэс Энэтхэг оронд хиндү, исламын шашин ихэд дэлгэрч Энэтхэг номын орон байхаа больсон юм. Энэтхэг зөвхөн бурхны шашны ариун дагшин газар оршдог орон болсон. Дараа нь VIII зуунаас эхлэн Түвд орноо бурхны шашны Цогт Наландрын Их хөлгөний сургаал дэлгэрч Түвд орон хорьдугаар зуун хүртэл бурхны номын орон болсон юм.
Монгол орноо XVI зуунаас эхлэн бурхны шашин хүчтэй дэлгэрч Монгол орон XX зуун хүртэл бурхны номын орон байсан. Хорьдугаар зуунд төв азийн Их Хөлгөний орон Монголыг улаан оросууд, Түвд орныг хятадын улаантнууд зэр зэвсэг хангинуулан уулгалан эзэлж төр, шашныг нь үндэсний соёлтой нь хамт устгаж оронд нь улаантны харгис засаг тогтоож ард түмнийг нь олон арван жил дарлан зовоожээ. Эдүгээ Түвд үндэстэн тусгаар тогтнолоо алдаж мөхлийн ирмэг дээр байна.
Монгол улс хорин жилийн өмнө ардчилсан улс болж эдүгээ бурхны шашин дөнгөж сэргэх үедээ байна. Гэхдээ одоо Монгол орон бурхны номын орон биш хэвээрээ байгаа.
Бурхны номын орон эдүгээ энэ дэлхийд Их Хөлгөний Бутан орон, Бага Хөлгөний Тайланд орноос өөр алга. Харин Нималайн нурууны орчим Энэтхэгийн хойд хэсгийн Дармасала, Ладак, Непалын өмнөдийн хэсэг газар, Сикхим, Бирмийн хэсэгхэн газар бурхны шашин оршиж байна. Эдгээр газруудад эдүгээ хутагт хувилгаад мэндэлж байна.
Хэдийгээр эдүгээ Өрнөдөд бурхны шашин хүчтэй дэлгэрч байгаа ч гэсэн Өрнөд бол бурхны номын орон биш.
“Бурхад, хутагт хувилгаад Замбуутивд мэндлэхэд тэнгэрээс цэцгийн хур бууж, тэнгэрт давхар солонго татаж, мэндэлсэн газар нь шар гэрэл цацран гэрэлтэж, газраас булгийн рашаан ус оргилон гардаг” хэмээн зарим сударт бичсэн байдаг
Будда мэндлэхэд тэнгэрээс цэцгийн хур бууж, бяцхан хүүгийн гишгэсэн газар бүрт нь лянхуа цэцэг дэлгэрч байжээ.
Адишаа богд мэндлээд хаан аав нь түүнийг нэг ой, зургаан сартай байхад нь ард түмэндээ үзүүлэхэд бяцхан хөвгүүн хүний хэлээр “Та бүхэн над мэт хаан язгуурт мэндэлж дутагдаж гачигдах зүйлгүй элбэг хангалуун жаргалтай байх болтугай” хэмээн ерөөл хэлж байжээ.
Богд Зонхаба мэндлэх үед эхийн дусал унасан газарт нь навч бүр дээрээ Сэнгэ Аро бурхны дүртэй, модны холтос бүр дээрээ бурхны үсэгтэй зандан цагаан мод ургаж байжээ. Богд Зонхабаг гурван настай байхад нь үсийг нь авч сахил хүртээхэд үс унасан газар бүрт нь хүж ургаж байсан ажээ.
Монголд бурхны шажин дэлгэрсэн XVI зуунаас хойш XX зууны эхэн хүртэл олон арван хутагт, хувилгаад, гэгээнтэн, эрдэмт лам нар төрж Замбуутивийн чимэг болж байсан билээ.
Дарнатын хувилгаан, алтан ургийн хөвгүүн Өндөр гэгээн Занабазар, Далай ламын IV хойд дүр, алтан ургийн хөвгүүн Ёндонжамц, Заяа Бандид Намхайжамц, Ламын гэгээн, Агваандандар лхаарамба, Дилов хутагт Жамсранжав, Говийн ноён хутагт Данзанравжаа , Жавзандамба хутагтууд, Нэйж тойн, Зава Дамдин, номч мэргэн сүмбэ хамба Ишбалжир, Наровбанчин гэгээн Пүрэвжав, ялгуусан гэгээн Чимэдцэрэн, Зая Бандид Жамбацэрэн, Егүзэр хутагт Галсандаш, Манзушир хутагт Цэрэндорж, Жалханц хутагт Дамдинбазар … гээд олон гайхамшигт хутагт хувилгаад эх оронд минь төрсөн дөө.
Хутагт хувилгаад олноороо мэндэлж, ард түмнээрээ бурхны шашинтай байсан цаг монголын хамгийн гайхамшигтай үе байж дээ.
Хувилгаан мэндлэх нь төрөхөөсөө эхлээд мэдэгддэг.
Дилов хутагт Жамсранжав одооны Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон нуурын хөвөө, Баян Айраг уулын өвөрт 1884 оны хөх бичин жилийн 10 дугаар сарын 8-ны үүрээр мэндлэх цагт гэрт нь цагаан шар гэрэл татаж тэр шөнө уулын өвөрт адуу манасан адуучин эр “энэ айлын гэрт гал гарсан юм болов уу” хэмээн маргааш нь асууж байсан гэдэг. Жалханц хутагт Дамдинбазар мөн энэ нутагт “Баян Айраг” уулын ард мэндэлж байсан гэдэг.
Энэхүү хоёр хутагт төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байжээ. Жамсранжав хутагт XIV Далай багшийн гэрийн багш байсан байна. “Замбуутивийн 84 шидтэний нэг” хэмээн алдаршсан Дилов хутагтын хойд дүр Халхад ийнхүү мэндэлж байсан нь гайхамшиг буюу.
Дилов хутагтын өмнөх эртний анхдагч дүр нь манай эриний 988 онд Энэтхэгийн Бенгальд мэндэлсэн агуу их багш Тилопа юм. Тилопа / 988-1069 / нь эртний Энэтхэгийн ард түмний дунд “Тарний ёсны их багш”, “ Агуу их шидтэн” хэмээн алдаршиж, бурхны шашны дөрвөн их ёсны нэг Гармавагийн ёсыг үндэслэсэн агуу их гэгээнтэн багш байлаа. Тилопын шавь нь Наропа, Наропагийн шавь нь Марва, Марвагийн шавь нь Мила богд хэмээх алдартай гэгээнтнүүд байлаа. Ийнхүү Очир хөлгөний агуу их багш нар манай Дилов хутагтын өмнөх дүрүүд байсан гэдэг нь бахархмаар үйл явдал шүү.
Эрдэнэ мэргэн бандид Жамьянгарав мэндлэхэд шөнө дунд гэр дүүрэн шар гэгээ татаж байсан ажээ.
Монголын хаад мэргэд хэн гэдэг хувилгаан хаана, хэзээ, хэнийд төрөхийг хүртэл зөн совингоороо мэддэг байжээ.  XVII зуунд монголын Сэцэн хан нэгэн удаа Түшээт ханыд айлчилж: ”Тэнгэр язгуурт эзэн богд Чингис хааны алтан ургийн хөвгүүн, монголчууд бидний эзэн болсон нэгэн сайн хөвгүүн танайд мэндлэх юм байна хэмээн миний санаанд буух боллоо” гэж байжээ. Тун удалгүй Сэцэн ханы хэлсэн зөн билгийн үг биелэгдэж 1635 онд Халхын Өндөр гэгээн Занабазар мэндэлжээ. Занабазар хөвгүүн гуравхан настайдаа тарний судар уншиж, азарын хэлийг аяндаа сурч, тоглохдоо хүртэл сүм хийдийн дэргэд лам болж адис хүртээж тоглодог байжээ. Занабазар 1649 онд Түвд орноо морилж Банчин богдоос гэцэл сахил хүртэж V Далай ламтай уулзахад Далай лам Занабазарыг Дарнад-Жэвзүндамбын хувилгаан дүр мөн болохыг тодруулж байжээ.
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа /1803-1856 / Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд, одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт ядуу ард Дулдуйтын хүү болон төржээ.
Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ.
Нэгэн өдөр Данзанравжаа аавынхаа хамт баян айлын найранд орж, үүдэнд нь зогсож байлаа. Тэр үед Равжаа зургаахан настай жаахан хүүхэд байжээ.
Энэ үед бороо ихээр орж байсан гэдэг. Баян айлын гэрийн хойморт борооны дусал дусахад өрхийн тэргүүн, тарган ноён ихэд хилэгнэн уурлаж, гэрээ тойруулж хараад үүдэнд зогссон ноорхой хүүгийн дээр дусаал дусаагүй байхыг харж: “Энэ муу нусгай хүүхэд дээр яагаад бороо ганц ч дусаагүй байдаг билээ. Гэрийн хойморт суугаа миний дээрээс ингэтлээ дусдагийн учир юу вэ?” гэжээ. Үүний хариуд жаал хүү Равжаа:
“Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн болоод хойморын ялгаа юу байх вэ?
Өвчин болоод үхэхийн цагт
Хөгшин болоод залуу юуны ялгаа байх вэ?”
хэмээн зургаан настайдаа зохиосон “Хурмаст тэнгэр” шүлгээ уншиж өгчээ.
Найранд уригдан ирсэн зочид түүний шүлгийг сонсоод бяцхан хүүгийн хурц мэргэн ухааныг ихэд гайхан бахархаж, хүүг өхөөрдөн хүндэлсэн гэдэг.
Хамгийн сүүлчийн хувилгаан Монголд 1940–өөд онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн бөгөөд түүнийг Ламаадан хувилгаан хүү хэмээдэг байсан. Нутгийн ахмадууд ярихдаа “Хүмүүс зуны цагт морь тэргээ хөллөж, майхан савтайгаа Өмнөдэлгэрт очиж Ламаадан хүүгээс асуух зүйлээ асууж сэтгэл хангалуун буцдаг байсан. Ламаадан хүүтэй уулзах гэсэн ардууд нэгэн том хөндийг дүүртэл цугларч байсан даа. Хар үс нь намирсан, арваад орчим насны сайхан хүү байсан даа. Нэгэн удаа 1945 оны дайны үед Өмнөдэлгэр сумаас цэрэгт явсан хүү нь сураг алдарсан тул тэр цэргийн ээж нь Ламаадан хүүд очиж хүүгээ асуужээ. Ламаадан хүү үзээд “Танай хүү уух усгүй цөл газар харангадаж үхэх аюулын дунд байна. Би тус больё” гэжээ. Удалгүй Ламаадан хүү тэр эхэд нь “Одоо танай хүү аюулгүй болсон” гэсэн гэнэ. Дайны дараа тэр хүү цэргээс буцаж нутагтаа ирэхэд нь ээж нь “Миний хүүг уух усгүй харангадаж үхэх гэж байхад нь Ламаадан хүү тус болсон уу?” гэхэд цэргээс ирсэн хүү нь “Яг тийм. Манай хэдэн цэргүүд морьтойгоо их цөлд төөрч харангадаж үхдэгийн даваан дээр гэнэт Ламаадан хүү үзэгдэж, холоос даллаж “Энд худаг байна, хүрээд ир” гэж дуудсан. Очоод үзэхэд Ламаадан хүү алга болоод зөвхөн устай худаг байсан тул бид аврагдсан” гэжээ.
Ламаадан хүү ийнхүү олон удаа хүмүүст тус болж зовлонг нь нимгэлж байжээ. Миний сонссон Ламаадан хувилгаан хүүгийн ганц түүх энэ.
Харин улаантнууд аравхан настай хувилгаан Ламаадан хүү болон түүний аав, ээжийг нууцаар баривчилж зэрлэгээр хөнөөсөн байдаг.
Ламаадан хүүгийн аав, ээж нь хөдөөний жирийн малчин ардууд байжээ. Нутгийн ард иргэдүүд Ламаадан хүүг шүтээд байхлаар нь тэр үеийн Дотоодын хамгаалахынхан яаралтай арга хэмжээ авсан байгаа юм.
Хүн алахдаа мэргэшсэн ногоон малгайтнууд тэр үед хүнийг нууцаар баривчилж хөнөөх, хүн хулгайлж хөнөөгөөд алга болсон тухай элдэв цуу үг тараах зэрэг янз бүрийн арга бодож олдог байж.
Би хэдхэн жилийн өмнө өндөр насны тэтгэвэртээ гарсан НАХ яамны нэгэн хурандаагаас энэ түүхийг сонссон юм.
Өвгөн хурандаа надад: “Танай Хэнтий нутгийн хувилгаан хүүхдийн тухай би НАХ яамны архиваас энэ түүхийг судалж мэдсэн юм. Эхлээд тэр хувилгаан хүүгийн аавыг нь хөдөө мал дээрээ ганцаараа явж байхад нь нууцаар баривчилж эмээлтэй морийг нь сул тавьж мориноос унасан байдалтай орхисон. Нутгийн хүмүүсийн дунд түүнийг мориноосоо унаж үхсэн гэсэн цуу тараасан. Дараа нь хүүг нь нууцаар баривчилж хорооосон. Ламаадан хүү тэр үед Өмнөдэлгэр сумын бага сургуульд сурч байсан юм билээ. Аавыг нь Ганц худагт шоронд хорьсон. Гэтэл тэр шоронгийн нэг харгалзагч нь Хэнтийн Өмнөдэлгэр нутгийн хүн байсан тул эхнэрт нь “Танай нөхөр энд хоригдож байна” гэсэн сураг дуулгажээ. Ламаадангийн ээж нь нөхөр, хүүхэдтэйгээ уулзах гэж нийслэл хотод ирээд Гандан хийд дээр мөргөл хийгээд явж байхад нь Дотоодыг хамгаалахын ажилтнууд баривчилж машинд суулгаад Түргэний голын дэргэд аваачиж буудан хороосон. Нөхрийг нь мөн буудан хороосон юм даа” гэсэн юм.
Ингэж улаантнууд өөрийгөө хувилж, хаана ч хамаагүй очиж, ядарсан зовсон хүмүүст тусалж чаддаг, гайхамшигтай хувилгаан хүүг хөнөөсөн ажээ. Ийнхүү Монголд хутагт хувилгаад дахин төрсөнгүй.
Хамгийн сүүлийн жишээ. Наяад оны үед Банчин богд Түвдээс явж Энэтхэг улсад айлчилж байхдаа Бурхан багшийн гэгээрсэн ариун Бодхигаяа модны дэргэд сүмийн хананы дэргэд ирж хананд мөргөхөд хананаас нь гэнэт булгийн ус оргилон гарсныг хамт томилолтоор явсан Гүнбум хийдийн өвөр монгол хамба лам Ажаа гэгээн фото зургийг нь авч “Хөх нуураас төрсөн гэгээнтэн” хэмээх номондоо нийтэлсэн байсныг би хүртэл харсан билээ.
Монголд 2010 оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн нутагт Амарбаясгалан хийдийн орчим газарт Богд Зонхабагийн сэрэг дүр бүхий цогцолбор байгуулахаар газрыг нь тэмдэглээд өглөө ирэхэд уг газрыг тойроод ганц шөнийн дотор олон шар цэцгүүд ургасан байсныг бид телевизийн баримтат киногоор харсан билээ.
Халх Монголын үе үеийн бүх есөн Богдын гайхамшигт намтрыг дурдвал урт түүх болно. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар, V Богд Лувсанцүлтэм, VIII Богд Агваанлувсан хамаг амьтан, шашны тусын тулд, монголын ард түмний тусын тулд ямар их буян, ямар их гайхамшгийг үзүүлж байсныг түүх гэрчилнэ.
Эдүгээ монголчууд бид IX Богд Жамбалнамдолыгоо эх орондоо залсан байсан нь их ерөөл, их хувь заяа. Их л оройтуулж залсан гэж хэлж болно.
Далай лам Энэтхэгийн Дармасалд 1991 онд IX Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижалцанг Халхын есдүгээр Богд мөн болохыг баталсан бөлгөө. “X Богд Монголд төрөх үү?” гэсэн сурвалжлагчийн асуултад эдүгээ наян нас дөхсөн IX Богд маань: “Далай лам намайг Халх Богд мөн хэмээн баталж байхдаа “Монголчууд таныг залсан ч, залаагүй ч тэдний сэтгэл зүрхэнд та байгаа шүү” хэмээн айлдаж байсан. Монголчууд найман үеийн Богдтойгоо гүн сүжгийн нандин холбоогоо огт таслаагүйн адил би ч цаг мөч бүр монголчуудтайгаа сэтгэлийн холбоотой байгаа. Миний хийх буяны ажил Монголд байжээ. Та нарынхаа төлөө, Монголынхоо төлөө би сэтгэл зүрхээрээ яваа. Би өндөр настай болсон болохоор Монголдоо буяны олон сайн үйлс хийж чадсангүй. Тэгэхлээр та бүхэн дор бүрнээ хичээж буян номоо сайн хураагаад, ерөөлөө сайтар өргөх хэрэгтэй. Тэгсэн цагт дараагийн X Богдын дүр Монгол орноо мэндэлж, монгол хүн бүр шашныхаа үйл хэргийг сайхан туурвих болно” хэмээн айлджээ. Энэ бол үнэхээр гайхамшиг.
Өнгөрсөн цөвүүн цагийн жаранд монголчууд шуламсын эрхшээлд орж, бурхан шашин, үндэсний ёс заншлаа уландаа гишгэж арван хар нүглийг уул овоо мэт үйлджээ. Одоо болтол Богд гэгээн болон лам хуврагуудаа доромжилж, бурхны шашнаа муу хэлж байгаа олон монгол хүн байна. Энэ бүгдийг хараад ”Би ямар ийм нүгэл үйлдсэн биш, энэ надад ямар хамаатай юм” хэмээн бодож болохгүй.
Би монгол хүн учраас монголчуудын үйлдсэн нүгэл надад хамаатай. Иймийн учир би ч гэсэн сүсэгтэн хүний хувьд монголчуудын нүглийг нимгэлж, буяныг арвижуулахын тухайтад, эх оронд минь хутагт хувилгаад мэндлэхийн тухайтад, бурхны шашин эх оронд минь улам дэлгэрэхийн тухайтад буян номыг үйлдэх хэрэгтэй болж байгаа юм.
Орчин үеийн өрнөдийн ихэнхи хүмүүс буддын хутагт хувилгаад, бодьсадва, буддын лам нар хамаг амьтны тусын тулд энэ ертөнц дээр дахин төрдөг гэдэгт огт итгэдэггүй байсан бол саяхнаас итгэдэг болж байна.
Германий киночдын ерээд оны эхээр бүтээсэн “Living Buddha – Амьд Бурхан” хэмээх баримтат кино өрнөдөд ихээхэн шуугиан тарьсан юм. Энэ киног би интернетээр үзэж үнэхээр гайхаж шагссан даа. Энэхүү кинонд наяад оны эхэнд Буддын их гэгээнтэн, XVI Гарма таалал төгсч, шавь нартаа “арван жилийн дараа задалж үзээрэй” гэсэн албан захидлыг үлдээсэн айдаг. Арван жилийн дараа шавь нар нь уг захидлыг задлан үзэж түүний дараагийн хойд дүрийг энэхүү захидалд бичсэн сургаар Түвдэд эрж хайж байгаа тухай үлэмж сонирхолтой баримтат кино юм. Уг захидалд миний дараагийн хойд дүрийг Түвдийн өндөр уулсын хормойд гол мөрөн урссан сайхан газар сарлаг хариулан амьдардаг нэгэн олон хүүхэдтэй Түвд малчин айлынд хайгаарай. Эцгийн минь нэрэнд Түвдээр Дондов буюу Нар гэсэн утгатай үг орсон байх болно, эхийн минь нэрэнд Лалага буюу Саран гэсэн үг орсон байх болно. Үхэр жил төрсөн хүүхдийн дунд миний хойд дүрийг эрээрэй” хэмээсэн байдаг. Германий эдгээр киночид Түвд явахын өмнө Энэтхэгт Дармасалд очиж Далай багштай уулзаж “XVII Гарма хаана төрсөн бол? Та ямар нэг зүүд зөн билиг үзэв үү?” гэхэд Далай лам: “Би ийм зүүд үзсэн. Түвдэд өндөр уулстай, тэрхүү уулаас эх авсан гол мөрөнтэй, сарлаг үхэр олноор бэлчсэн Mүвдийн жирийн нэгэн малчин айлд XVII Гарма төрсөн хэмээн зүүдэлсэн” гэж байсан. Ингээд нөгөө хэдэн киночид маань олон хоног Түвдээр явж эрсний эцэст жип машин ч явж болохгүй бартаатай, цахилгаан гэрэл ч хүрээгүй, алс хол орших өндөр уултай, гол мөрөн урссан, олон сарлагтай, эцэг нь Дондов, эх нь Лалага нэртэй айлыг эрж сурвалжилж байж олдог. Түвдийн Цурупа хийдээс нилээд зайтай, хамгийн өндөр уулс сүндэрлэсэн, хүн очиход бэрх газар, нэгэн малчин Түвд айлын майханд очиход найман хүүхэдтэй амьдардаг жирийн малчин айл байлаа. Тэр айл таван охин, гурван хүүтэй. Гурван хүүхдийн дундах хөвгүүн нь 1985 онд төрсөн, үхэр жилтэй хөвгүүн байв. Энэ арваад настай хүүхэд бол XVII Гармагаржид байлаа. Дараа нь Түвдэд XVII Гармагаржидыг хэрхэн тодруулж ширээнд нь залж байгаа тухай энэ бүгдийг үзүүлсэн гайхалтай кино байлаа. Ийнхүү энэ замбуутивд Гармагаржидын 21 дүр хамаг амьтан, шашны тусын тулд залрах ёстой ажээ. Хожим нь шинээр тодорсон Гармагаржидын сургийг сонсоход эх эцэг, ах дүү нарын хамт 2003 онд Түвдийг орхин бэрх хэцүү замыг туулан Энэтхэгт амжилттай дүрвэн гарч Далай ламын дэргэд очсон ажээ. Эдүгээ XVII Оргиен Гармагаржид Далай ламын дэргэдэх хамгийн ирээдүйтэй, хамгийн их найдвар хүлээсэн залуу гэгээнтэн болжээ.
Нөгөө нэг гайхалтай баримтат кино бол өрнөдийн кино найруулагч Ната Барацагийн бүтээсэн “Umistaken child – Хувилгаан хүүхэд”. Энэ баримтат кинонд Балбын Копан хийдийн гэвш, агуу их Махасиддхи Гончиг ламын хойд дүрийг хэрхэн тодруулж байгаа тухай өгүүлсэн байдаг. Гончиг лам нас өндөр болж өөрийн залуу шавь Данзан Зопаг дуудаж гэрээслэл сургаалиа айлддаг. Таалал төгсөхийн өмнө Гончиг лам нутгийн тариачин залуу Апейтай уулзаж ярилцсан байдаг. Лам багшийг таалал төгссөний дараа түүний шарилыг чандарлахад чандарнаас нь цагаан сувд эрдэнүүд олноор олддог. Зөвхөн гэгээрсэн хүний чандарнаас ринсэл хэмээх энэхүү сувд эрдэнэ олддог ажээ. Дараа нь чандарыг шинжихэд хүний мөр зүүн хойшоо Цумын хөндий рүү чиглэсэн байжээ. Тэнд Копан хийд байдаг. Түвд лам нар Тайваньд амьдардаг хамгийн сайн зурхайч ламаар үзүүлэхэд Гончиг ламын хойд дүр Копан хийдээсээ холгүй орших Цумын хөндийд “А” гэсэн үсгээр эхэлсэн нэртэй гэрийн эзний гэрт мэндэлсэн байна гэж гардаг. Хувилгаан хөвгүүнийг эрэх хэсгийг Гончиг ламын залуу шавь Данзан Зопа лам ахалж эрж эхэлдэг. Цумын хөндийд байдаг буддын шашинт айлуудын дунд 1-2 насны эрэгтэй хүүхэдтэй айлуудыг судалж тэдэнтэй уулзаж хүүхдийг нь үзэж баахан эрэл болдог.
Эцсийн эцэст Апей хэмээх айлыг олж тэднийхээс хоёр настай нэгэн хөөрхөн бяцхан хүүг олдог. Апей бол Цумын хөндийд тариа тарьж амьдралаа залгуулдаг жирийн нэгэн хөдөөний даруухан тариачин залуу. Эрлийн ахлагч Зопа лам залуу гэр бүлд хандаж: ”Танай хүү Копан хийдийн гэвш Гончиг ламын хойд дүр тул шашин, хамаг амьтны тусын тулд хүүг чинь хийд үрүү авч явж ринбүүчий болгон хамба ламын ширээнд зална” гэхэд залуу гэр бүлд хүүгээсээ хагацах хэдий хэцүү байсан ч хүүгийн аав, ээж хоёр: “Шашин, хамаг амьтны тусын тулд бол хүүгээ хийдэд лам болгохоор явуулья даа” гэж байгаа нь үнэхээр бахархмаар.
Бяцхан хүүг гурван нас хүрмэгц Копан хийдэд залах бэлтгэл ажлыг хийдэг. Дараа нь Зопа ринбүүчий тэргүүтэй олон эрдэмт лам нар цугларч хүүг “Гончиг ламын өмнөх дүр нь мөн үү?” гэсэн шалгах ажилд ордог. Өмнөх дүрийн ламын хэрэглэж байсан эрхи, дамрыг үзүүлэхэд олон эрхиний дундаас өмнөх дүрийнхээ хэрэглэж байсан хуучин зандан эрхийг алдалгүй олж “Энэ миний эрхи” гэж хэлж байгаа дөнгөж хэлд орсон бяцхан хүүгийн дүрийг хараад би ч гэсэн ихэд гайхаж бахархаж баярлаж байлаа. Өөр хүүхэд байсан бол хамгийн гялгар, гоё, шинэ эрхийг сонгож “Энэ миний эрхи” гэх байсан биз. Ингэж Гончиг ламын хойд дүр Данзанпунцаг ринбүүчий хэмээх шинэ нэр авсан бяцхан хөөрхөн хөвгүүн шашин, хамаг амьтны тусын тулд Копан хийддээ заларч билээ. Энэ бүхнийг Замбуутивийн гайхамшиг гэхээс өөр юу гэж хэлэхэв дээ.
Саяхан өрнөдийн нэгэн суравалжлагч Непалын Копан хийд дээр очиж тус хийдийн гэгээнтэн, нэртэй диян бясалгагч Гончиг ламын хойд дүр зургаан настай Данзанпунцаг ринбүүчий, мөн Лувсанжамьян гэвшийн хойд дүр долоон настай Кундрол ринбүүчий нартай уулзаж дараах асуултыг тавьжээ.
”Ринбүүчий та бусад сүсэгтэн олон, үе тэнгийн хүүхдүүдэд юу гэж зөвлөхсөн бол?” гэхэд зургаан настай Данзанпунцаг ринбүүчий: “Бүх хүн өвчин зовлонтой хүмүүс, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах ёстой. Аав, ээжээ хүндэл, ах, дүү, лам хувраг, ринбүүчий, багш нараа хүндэлцгээ. Найз нартайгаа зодолдож болохгүй, тэдэндээ уурлаж болохгүй. Тэднийгээ энэрч хайрла. Тэд чамайг зодож, чамд уурлаж, чамд хорсож байвч тэдэнд хариу хорлол бүү хүргэ” гэжээ.
Долоон настай Кундрол ринбүүчий: “Амьтныг бүү хөнөө. Шоргоолжийг хүртэл бүү хөнөө. Хэрэв та шоргоолжийг гишгэж хөнөөвөл та дараа төрөлдөө шоргоолж болон төрж, бусад хүмүүс шоргоолжны төрөл авсан таныг гишгэж хөнөөх болно. Шоргоолж тарни уншиж чадахгүй, хэрэв тэд тарни номыг сонсвоос дараа төрөлдөө хүн болж төрөөд буян номыг үйлдэх болно. Хамгийн чухал нь бусдад тусалж, бусдыг өрөвдөж хайрла. Сүсэгтэн байна гэдэг нь бурхны ном сургаалыг судална гэсэн үг” хэмээжээ. Үнэхээр гайхамшиг.
Жирийн зургаан настай хүүхэд “Чихэр авч өг, тоглоом авч өг” гээд эрхэлж тоглож байдаг болохоос бурхны ном сургаал айлдана гэж байдаггүй биз дээ.
Хутагт хувилгаадын үйлс нь буян, үг нь сургаал, бүтээл нь гүн байдаг юм.
Замбуутивд хутагт хувилгаад олноор мэндэлж, шашин, хамаг амьтны тусыг бүтээх болтугай.